Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/708

 

 

 

 

   2023            7              06                                          2023/ДШМ/708

 

 

Э.А, Г.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А, Г.Е нарт холбогдох эрүүгийн 2209 00000 0517 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... овгийн Г.Е, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн           146 дугаар зүйлийн 46.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 3 жилийн хорих ял ологдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосон, улмаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан /РД:.../,

2. ... овгийн Э.А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ... хамт амьдардаг, ... дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100.000 төгрөг хурааж, 10 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 285 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан /РД:.../.

Шүүгдэгч Э.А 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернэшнл” ХХК-иас гар утас лизингийн зээлээр худалдан авах зорилгоор тус компанитай хамтран ажилладаг “Транскапитал” ББСБ-д өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны ... дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус баримтаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,

шүүгдэгч Э.А, Г.Е нар бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернэшнл” ХХК-д Г.Е-ийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны ... дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус хуурамч баримт бичгийг ашиглан Г.Е нь “Самсунг” брэндийн 75 инчийн 4К нягтаршилтай смарт зурагтыг зээлээр худалдан авахаар дээрх баримтуудыг бүрдүүлэн өгч, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.А, Г.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1,3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Е-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Е-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 2; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 660 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.А-аас гаргуулж, хохирогч “Транскапитал” ББСБ-д олгож, хохирогч байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын /хор уршигтай холбоотой/ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Е-ээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаартай ашиглалтын гэрээ, шүүгдэгч Г.Е-ийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай ашиглалтын гэрээ, шүүгдэгч Э.А-ын Хаан банкны ... дугаартай дансны хуулга зэрэг баримтуудыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх цагдаад баригдсанаасаа эхлээд өдийг хүртэл өөрийн үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр нь хүлээж хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшин харамсаж байгаа билээ. Миний хийсэн буруутай үйлдлээс болж хохирсон байгууллагын хохирлын үлдэгдэл болох 1.000.000 төгрөгийг барагдуулж өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж байгаа билээ. Миний бие ... хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод амьдардаг билээ. Эхнэр Д.Г ... настай, Хархорин зах дээр бэлэн хувцасны лангуу дээр худалдагч, биеийн байдал хүндэвтэр 3 удаагийн хийсвэр хагалгаагаар төрсөн, цус багадалттай, 2 дугаар бөөр муу. Том охин А.Н, ... настай ... дугаар ангийн сурагч. Дунд охин А.О ... настай,  ... дугаар ангийн сурагч. Бага хүү А.Т ... сартай. Ээж Э нь охин дүүгийн хамт ... дүүргийн ... амьдардаг. Ээж Э нь ... настай тэтгэврийн хөгшин, хууч өвчтэй. Охин дүү Э.Г ... настай, 2 дугаар дамжааны оюутан тус тус амьдардаг билээ. Миний бие ... настай одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй биеийн байдал эрүүл саруул, хорт муу зуршилгүй, архи дарс огт хэрэглэдэггүй гэр бүлийн харилцаа маш сайн гэр бүлдээ халамжтай нэгэн билээ. Би өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ маш ихээр харамсаж байна. Дахин гэмт үйлдэл хийхгүй өөрийн хүч хөдөлмөрөөр чин шударгаар амьдарна гэдгээ амлаж байна. Иймд миний дээрх байдлуудыг минь хүлээн авч ганц талаас нь биш өөр талаас нь өөр өнцгөөс харж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг биеэр эдлүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Алтангэрэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Г. Е-ийн хамтаар Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернэшнл” ХХК-д Г.Е-ийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, хаан банкны ... тоот дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус хуурамч бичиг баримт ашиглан Г.Е нь “Самсунг” брэндийн 75 инчийн 4к нягтаршилтай смарт зурагтыг зээлээр худалдан авахаар дээрх баримтуудыг бүрдүүлэн өгч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахыг завдсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхлэн, 2022 оны 3 дугаар сарын 04-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг болон 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолтой танилцан өгсөн мэдүүлэгтээ “...Би хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь үнэн. Он сарыг нь сайн санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан. Би өөрийн нэр дээрээ хуурамчаар Хаан банкны дансны хуулга болон түрээсийн гэрээ хийж материал бүрдүүлж “Сайн” ХХК-иас Самсунг эс 21 ультра маркийн гар утсыг зээлээр авсан.” гэж хийсэн үйлдлээ өөрөө илчлэн мэдүүлдэг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хэдийгээр Э.А-ын бусдыг залилан мэхлэх, хуурамч баримт бичиг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох” үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд шалгагдаж эхлэхдээ өөрийн өмнө үйлдсэн гэмт үйлдлийг илчилсэн нь Эрүүгийн хуулийн 6.5-р зүйлийн 1.5-д зааснаар “өөрийгөө илчилсэн, ...” гэх шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зарчимтай бөгөөд шүүхээс гэмт буруутайд тооцсоны дараа хохирол төлбөр төлж барагдуулах асуудлыг шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд нийцнэ хэмээн үзэж байна. Бидний үйлчлүүлэгч Э.А нь гэм буруугийн тухайд маргаагүй бөгөөд хохирол төлбөрийн дийлэнх хэсгийг анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхээс өмнө төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсон. Ийнхүү үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж оролцсоны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. /төлбөрийн баримтыг хавсаргав/

Э.А нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт үйлдсэн хэдий ч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг.

Мөн Э. А нь гэр бүлийн тогтсон харилцаатай бөгөөд эхнэр Д.Г, охин А.Н ... настай, охин А.О ... настай, хүү А.Т нарын хамт амьдардаг, архи болон согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.

Иймд Э.А-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан, нийгмийн харилцаанаас тусгаарлахгүйгээр, ажил хөдөлмөр эрхэлж, үр хүүхдээ асран хамгаалах боломжит нөхцөлөөр ханган, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Э.А-т ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзээгүй. Миний үйлчлүүлэгч Э.А нь ... настай, ... сартай 3 хүүхэдтэй тул түүний хувийн байдлыг харгалзан эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх боломжоор нь хангаж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Э.А 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернэшнл” ХХК-иас гар утас лизингийн зээлээр худалдан авах зорилгоор тус компанитай хамтран ажилладаг “Транскапитал" ББСБ-д өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны ... дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус баримтаа ашиглан бусдыг хуурч, зохиомол .байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Х.А-ийн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Транскапитал" ББСБ-аас “Сайн” ХХК-ийн бараа бүтээгдэхүүн болох Самсунг Эс-21 ультра загварын 3.999.900 төгрөгийн гар утсыг хуурамч банкны дансны хуулгаар залилан мэхэлж авсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Хаан банкны дансны хуулга хуурамчаар үйлдэж гэрээгээр авсан. ...24 сарын хугацаатай сард 206.000 төгрөг төлөхөөр тохиролцож авсан байна. Уг иргэн нь одоогоор ямар нэгэн буцаан төлөлт хийгээгүй. ...Манай байгууллага алдсан гэх зүйлээ буцаан авмаар байна...

“...Е гэх иргэн манай Сайн Электроникоос бараа материал зээлээр авахаар Хаан банкны дансны хуулгыг аваад ирсэн юм байна лээ. Тэгээд тухайн үед манай Сайн Электрониксын лизингийн салбарын захирал намайг дуудаад “Хаан банкны дансны хуулгыг шалгаад өгөөч” гэхээр нь би зээл эрсдэлийн газрын захирал О.С-ийн хамт очиж Е-ийн Хаан банкны дансны хуулгыг шалгахад өр орлогын харьцаа нь хэт өндөр байсан, үлдэгдлийг нь харахад таслал байхгүй, тоо нь шууд бичигдсэн, харьцсан дансыг нь шалгахад бүртгэлгүй данснууд байсан учраас Е-ийн данс хуурамч гэдгийг нь мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад мэдүүлгийн явцад Ед дансны хуулга хийж өгсөн Э.А-ыг манай байгууллагын хамтын хүрээнд ажилладаг “Транскапитал” ББСБ-аас 2022 оны 01 дүгээр сард Е-ийн Хаан банкны дансны хуулгатай адил хуурамч материал бүрдүүлж Самсунг Эс-21 загварын гар утас авсан байсныг нь мэдсэн” гэсэн /1хх 93, 98,100/,

хохирогч Ч.Ш-ын “...Э.А гэгч нь манай байгууллагаас зээл авахаар өөрийн бүрдүүлж өгсөн материалыг зээлийн эдийн засагчид үзүүлж зээл гаргуулж авсан бөгөөд шаардлагатай урьдчилгаа мөнгийг авч үлдсэн мөнгийг зээлээр гаргаж Сайн электрониксын данс руу 3.599.900 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Э.А зээлийн төлөлт нэг ч удаа хийгээгүй бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барилгүй алга болсон. ...Нийт 3.599.900 төгрөгийн үндсэн зээл, одоог хүртэлх зээлийн хүү 390.000 төгрөгийн зээлийн хүү нийт 3.990.000 төгрөгийн хохирол учраад байна. ...Ер нь шалгаад зээл гаргадаг, дансны хуулгын үнэн эсэхийг бүрэн шалгах боломжгүй...” гэсэн /1хх 212-213/,

гэрч М.Б-ийн “...Э.А гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллага дээр ирж Сайн Электрониксоос Самсунг Эс-21 ултра гар утас зээлээр авах гэж байгаа талаар хэлсэн ба түүний бүрдүүлж ирсэн материал, Хаан банкны хуулгыг үзэхэд үйл ажиллагаа явуулдаг орлого зарлагын гүйлгээ нь харагдаж байсан учир зээлийг судалж олгож, А-аас урьдчилгаа 400.000 төгрөгийг авч, үүн дээр нь 3.599.900 төгрөгийн зээлийг нэмж Сайн Электрониксын данс руу шилжүүлсэн. Гэтэл Сайн Электрониксын эрсдэлийн менежер “А хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан байна” гэж хэлсэн бөгөөд А манай байгууллагаас авсан зээлээ огт төлөөгүй нөхцөл байдалтай байна. ...Дансны хуулганы бодитой эсэхийг тухайн үед шалгах боломжгүй байсан бөгөөд дансны хуулга бодитой мэт харагдаж байсан, мөн Монгол банкны мэдээллийн санд 1 зээлтэй, зээл нь 2021 оны 12 дугаар сард авсан хэвийн гэх горимд байсан тул зээл гаргасан...” гэсэн /1хх 216-217/,

гэрч Б.Л-ы “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н.А гэх хүнээс Самсунг Эс 21 ультра загварын гар утсыг 2.300.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн утсыг Теди худалдааны төв дээр хувиараа гар утас худалдаж авч тодорхой хэмжээний ашиг харж зардаг ажил хийдэг байсан. Тухайн үед А гэх залуу өөрийн биеэр надад тухайн утсыг зарсан. Би А гэх нэрийг сүүлд мэдсэн. А надад гар утас зарахдаа би энэ өөрийнхөө нэр дээр лизингээр зээлээр авсан юм “та авах уу” гэж асуусан. Тэгээд намайг “2.300.000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би уг гар утсыг 2.300.000 төгрөгөөр авсан. Би А-аас авсан гар утасны мөнгө болох 2.300.000 төгрөгийг тэр дор нь өөрийн Хаан банкны ... гэсэн данснаас А-ын өгсөн данс болох Э гэх хүний Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд би уг гар утсыг аваад тэр өдрөө үл таних явуулын хүнд 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан. ...Тухайн гар утас хайрцагтайгаа шинээрээ гар утас байсан” гэсэн мэдүүлгүүд /1хх 224-225/,

хохирогч Х.А-аас гаргаж өгсөн зээл хүсэгчийн өргөдлийн маягт болон анкет, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаартай зээлийн хурлын шийдвэр, бараа хүлээлгэн өгсөн тухай акт, зээлийн гэрээ, хуурамч дансны хуулга, ашиглалтын гэрээ зэрэг холбогдох бусад баримт бичгүүд /1хх 103-136/,

“Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хохирлын тайлан /1хх 139-140/,

шүүгдэгч Э.А-ын Хаан банк дахь ... дугаартай дансны хуулга /1хх 202-204/,

хуурамчаар үйлдсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 205-208/,

Монгол банкны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Н/74 дугаартай албан бичгээр ирүүлсэн зээлийн мэдээллийн лавлагаа /1хх 233-234/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Э.А, Г.Е нар бүлэглэж 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернэшнл” ХХК-д Г.Е-ийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сар бүр тодорхой орлоготой болохыг харуулах зорилгоор ашиглалтын гэрээ, Хаан банкны ... дугаартай дансны хуулга зэрэг хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар тус хуурамч баримт бичгийг ашиглан Г.Е нь “Самсунг” брэндийн 75 инчийн 4К нягтаршилтай смарт зурагтыг зээлээр худалдан авахаар дээрх баримтуудыг бүрдүүлэн өгч, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахыг завдсан болох нь:

хохирогч О.С-ийн “...2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” ХХК-д Е гэх залуу нь Самсунг брэндийн 75 инчийн 4К смарт загварын зурагт авах гэж зээлийн материал бүрдүүлсэн. Уг материалыг шалгах явцад хуурамч дансны хуулга болон бусад зүйлсийг хуурамчаар бүрдүүлсэн байсныг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Уг залуу нь хуурамч гэдэг нь илэрсний дагуу тухайн залуу нь надад хуурамч дансны хуулга хийсэн ах маань тухайн зурагтыг аваад ломбарданд тавиад хөлсөнд нь байрны түрээсийн мөнгө авч өгнө гэж хэлсэн гэж надад хэлсэн..." гэсэн /1хх 23/,

шүүгдэгч Э.А-ын яллагдагчаар өгсөн “...Тиймээ би хуурамч бичиг баримт бүрдүүлж авсан нь үнэн...” гэсэн /1хх 8-10/,

шүүгдэгч Г.Е-ийн “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А гэх танил залуу над руу залгаад “маргааш хоёулаа уулзаад утас лизингээр авъя” гэж хэлээд тасалсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн орчим над руу залгаад “одоо уулзъя” гээд бид хоёр Баянгол дүүрэгт байрлах “Бозоло” дэлгүүрийн гадаа уулзаад А-ын хүүхдийг хүргэж өгчхөөд хамт “Сайн” ХХК орсон. “Сайн” орох замаараа А нь теди орж миний нэр дээр байсан дараа төлбөртийн төлбөр болох 45.700 төгрөгийг төлсөн. Тэгээд бид хоёр “Сайн” ХХК-ийн гадаа ирэхэд А нь надад дансны хуулга болон гэрээ гэх мэт материалыг хэлээд “Чи худалдаачин шүү, өмд цамц зардаг гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би А-ын хэлснээр “Сайн” ХХК руу ороод тухайн бичиг баримтыг үзүүлэхэд түр байж байгаарай гэж хэлсэн. Тэр үед А над руу байнга залгаад юу болж байна гээд байсан, тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...Би А-аас асуудалтай юм уу гэхэд үгүй гэсэн учир би итгэсэн...” гэсэн мэдүүлгүүд /1хх 75-77/,

“Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хохирлын үнэлгээний тайлан /1хх 13-14/,

хохирогч О.С-ээс гаргаж өгсөн хуурамч дансны хуулга ашиглалтын гэрээ зэрэг холбогдох бусад баримт бичгүүд /1хх 26-51/,

шүүгдэгч Э.А, Г.Е нарын зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтууд /1хх 52-62/,

дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 185-200/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.А-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Е-ийг бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилахыг завдсан, “хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4; 3.1 дүгээр зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4; 2.8 дугаар зүйлийн 1; 3.2 дугаар зүйлийн 1; 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.А, Г.Е нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Е-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 660 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Э.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.А-ын давж заалдах гомдолд дурдсан гэр бүлийн гишүүд, эх болон эхнэрийнх нь биеийн байдлыг талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд өмнө нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгч Э.А нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш “Сайн интернэшнл” ХХК-д 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэхэд гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа бүрэн ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэгэн нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Шүүгдэгч Э.А гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өмнө 4 удаа залилан хийсэн талаараа мэдүүлсэн байх боловч уг хэрэг дээр өөрийгөө илчилсэн гэж үзэхгүй бөгөөд энэ хэрэгт хамааралгүй тусдаа хэргүүд юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг түүний гэмт үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол хор уршигт тохирсон, хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ын давж заалдах гомдол, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Б.Алтангэрэл, Ш.Мөнхцацрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

2. Шүүгдэгч Э.А нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ                         

 

                        ШҮҮГЧ                                                                  Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ