Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 124/ШШ2025/0003

 

 

                                              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ш Ш” ХХК /РД:......./, ..., ... , ...-р хороонд байрлах,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Ш Ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш Ш “ ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Ш Ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш Ш “ ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

2. Нэхэмжлэгчээс “захиргааны албан тушаалтны замын барилгын ажлыг үргэлжлүүлэхээр зөвшөөрсөн үйлдлийг илт хууль бус болохыг  тогтоолгон, түүний улмаас учирсан хохирлыг гаргуулах” төрлийн нэхэмжлэлийг гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

3. Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ж.Б-аас 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б овогтой Г-д итгэмжлэл олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэлийг гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 тоот тогтоолоор батлагдсан "Гудамж төсөл"-ийн хүрээнд зарласан зам барилгын ажил гүйцэтгэх тендерт оролцож, Гудамж төслийн удирдах хорооны 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Увс аймгийн Улаангом суманд 2014-2015 онд хийгдэх авто зам барилгын нийт 11.64 км бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэхээр шалгарсан.

Энэхүү тогтоолоор зөвшөөрөгдсөн компанитай эхний ээлжид 3.2 км авто замын барилгын ажил эхлүүлэх гуравласан гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв баталгаажсаны дараа ажил гүйцэтгүүлэхээр "Гэрээ байгуулах зөвшөөрөл"-г манай компанид олгосон.

Мөн Гудамж төслийн хэрэгжүүлэх нэгжийн 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1079 тоот албан бичгээр "Ш Ш" ХХК нь эхний ээлжид "Увс аймаг, Улаангом сумын хуучин Усны аж ахуйн уулзвараас шинэ дулааны станц-Төв зам- Улаан уулын пост хүртэлх 3.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад шаардлагатай мэдээллийг бэлтгэж ирүүлнэ үү" гэх мэдэгдлийг хүлээн авч Увс аймгийн Улаангом суманд 3.2 км хатуу хучилттай авто замыг 10.095.628.170.98 төгрөгийн төсвөөр барьж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Гүйцэтгэгч, Санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн Банк, Захиалагч "Гудамж" төсөл хэрэгжүүлэх нэгжийн хооронд гуравласан гэрээг нөхөн байгуулж, уг төслийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл 5.1 км авто зам барилгын ажлын зураг төсөл магадлал баталгаажиж, ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой болсонтой холбогдуулан Увс аймгийн Засаг дарга, Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгж нартай 2015 оны 03 дугаар сард хийсэн ажлын хэрэгжилттэй холбоотой хуралдаанаар "... Увс аймгийн Улаангом сумын 3.2 км авто зам барилгын ажлын үргэлжлэл 5.1 км авто зам баригдах шаардлагатай болсон ба 2015 онд багтаан уг ажлыг бүрэн хийж дуусгах ..." талаар үүрэг чиглэлийг өгсөн. Хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан компани өмнөх ажлын төлбөр олгогдоогүй тохиолдолд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдэг үндэслэлээр цаашид хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан.

Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс уг татгалзсан нөхцөл байдалтай холбоотой шаардлагатай арга хэмжээ болох хяналтын зөвлөх үйлчилгээний төлбөрийг олгох эсвэл өөр гүйцэтгэгч сонгон шалгаруулах зэрэг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж эхлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг аваагүй. Тухайн нөхцөл байдалтай холбогдуулаад Увс аймгийн Засаг дарга нь чиг үүргийн хэмжээнээс илүүтэйгээр өөрийн нэр хүнд болоод орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн түрүүнд тавин бүтээн байгуулалтын ажлаа түргэн шуурхай гүйцэтгүүлэхийн тулд уг ажилд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар “Т Х” ХХК-г шалгаруулж өгсөн, мөн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан авто зам барилгын ажлын зураг төслийг бодит үйлдлээрээ зөвшөөрөөд шилжүүлж өгсөн, зураг төслийн ажлын даалгавар, техникийн нөхцөл зэргийг холбогдох байгууллагуудад хандан үүрэг чиглэл өгч ажлын хэрэгжилтийг зохион байгуулж өгсөн үйл баримтаар ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрлийг үйлдэл, эс үйлдэхүйгээрээ олгож гүйцэтгүүлсэн байдаг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаар тогтоолоор "Гудамж" төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх эрх Эдийн засаг хөгжлийн яаманд олгогдсон. Түүний харьяа Гудамж төслийн хэрэгжүүлэх нэгж нь Төслийн удирдах хорооны шалгаруулсан этгээдтэй гэрээ байгуулах, ажлын хэрэгжилтийг зохион байгуулж, ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох чиг үүрэг олгогдсон байх тул Увс аймгийн Засаг дарга өөрт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Авто замын тухай хууль, холбогдох хууль тогтоомжоор чиг үүргийг хэрэгжүүлж уг актыг гаргаж, төслийг хэрэгжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй байсан.

Увс аймгийн Засаг даргаас өөрт олгогдоогүй эрх эрхийн асуудлаар тендер зохион байгуулж хяналтын зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулж нэхэмжлэгч компанийг уг ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэх шийдвэрийг гаргасан. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаар тогтоолоор уг ажлыг зохион байгуулах, ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох эрхтэй этгээд нь гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгж байсан.

Гэтэл өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь илт хууль бусад тооцох үндэслэл болж байгаа ба ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэсний улмаас компани хохирч үлдсэн. Хийгдсэн ажлыг нь өнөөдрийн байдлаар Увс аймгийн нийт ард иргэд ашиглаад, нийтийн болон тодорхой бүлгийн эрх ашигт эерэг үр дагавар авч ирсэн. Энэхүү үр дагавар нь нэхэмжлэгч компани хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаагүй гэх нөхцөл байдлыг харуулна. Хууль тогтоомжид заасан эрх олгоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хуульд үндэслэх, хууль ёсны байх зарчмуудыг зөрчиж байгаа. Төрийн байгууллагын алба хаагч илт хууль бус захиргааны акт гаргасны улмаас хохирол учирсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна” гэж зааснаар тухайн үеийн Засаг даргын илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг тухайн төрийн байгууллага нь хариуцаад, дараа нь буруутай албан тушаалтнаас хохирлоо гаргуулах асуудал үүсэж байгаа. Хариуцагч энэ зөвшөөрлийг олгох ёсгүй байсан гэдэг нөхцөл байдлаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь тогтоогдож байгаа.

Мөн хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Ц-ийн өгсөн мэдүүлэг болон хариуцагч нь “манайд гэрээ байгуулах, энэ ажлыг гүйцэтгүүлэх эрх байхгүй” гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин гол ярьж байгаа зүйл нь хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй гэдэг. Аливаа төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас үйл ажиллагаа явуулахдаа эрхлэх үйл ажиллагааны хууль тогтоомжийн зорилго болон тухайн хууль тогтоомжоор олгосон эрхийг үндэслээд шийдвэр гаргах нь хууль ёсны байх байсан.

Нэхэмжлэгч компанийн зүгээс тус авто замын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэхээр шалгарсан байсан тул улсын зам барилгын ажлыг цалгардуулалгүй, өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хүч хөрөнгөө шавхан байж, үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж дуусгасан бөгөөд өнөөдрийн байдлаар манай компанийн бүтээн байгуулалт Улаангом суманд хэвийн ашиглагдаж байгаагаас гадна тус аймгийн хөгжил дэвшил, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг тодорхой хэмжээнд сайжруулан хувь нэмрээ оруулсан. Тус 5.1 км зам барилгын ажлын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ажил гүйцэтгэх хугацаанд Засаг дарга удаа дараа тайлбарлахдаа "санхүүжилтийг холбогдох байгууллагуудад хандан асуудалгүй шийдвэрлэж өгнө" гэсэн хэдий ч ажлыг гүйцэтгэх цаг хугацаанд ямар нэгэн байдлаар санхүүжилтийг шийдвэрлүүлж өгөөгүй. Мөн 2015 оны 8 дугаар сард 5.1 км авто замын 8.431.373.160 /найман тэрбум дөрвөн зуун гучин нэгэн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун жаран/ төгрөгийн өртөг бүхий авто зам барилгын ажлын төсөв хамт санхүүжилтийг шийдвэрлүүлэхийг хүссэн мэдэгдэл, мөн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 128/16 тоот албан бичгээр Увс аймгийн Засаг даргад гудамж төслийн хүрээнд хийгдсэн зам барилгын ажлын 5.1 км авто замын ажлын захиалагч байгууллагыг тодорхой болгон холбогдох гэрээ болон санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл манай байгууллагад гудамж төслийн хүрээнд гэрээ байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх эрх хэмжээ олгогдоогүй үндэслэлээр татгалзаж, ажил гүйцэтгэж эхлэхэд өөрийн чиг үүрэг эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж авто зам барилгын ажил гүйцэтгүүлсний улмаас 8.431.373.160 төгрөгийн гүйцэтгэлийн хөлсөө авах боломжгүй нөхцөл байдал бий болгож нэхэмжлэгчийг санхүү эдийн засгаар хохироосоор байна.

Иймд Нэхэмжлэгч "Ш Ш" ХХК-ийн Увс аймгийн төвд "Гудамж" төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож, Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч "Ш Ш" ХХК-ийн учирсан хохирол 8.431.373.160 /найман тэрбум дөрвөн зуун гучин нэгэн сая гурван зуун далан гурван мянга нэг зуун жаран/ төгрөгийг тус аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгаж нэхэмжлэгч компанийн хууль ёс эрх ашгийг сэргээж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Бүтээн байгуулалтын ажлыг хуулиар нарийвчлан зохицуулсан байхад аймгийн Засаг дарга бодит үйлдлээрээ зөвшөөрөх боломжгүй.Засгийн газрын хэрэгжүүлсэн “Гудамж” төслийн нэгж нь авто зам барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан болохоос биш түүнд аймгийн Засаг дарга шууд оролцох эрх байхгүй.Уг төсөл зогсож хариуцагч нь тодорхойгүй болсон асуудал нь Засгийн газрын тогтворгүй байдлаас хамаарсан.

 “Ш Ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Увс аймгийн Засаг даргыг хариуцагчаар татах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.Учир нь 2014, 2015 оны үеийн Засгийн газрын үед хэрэгжиж байсан гудамж төсөл тухайн үеийн Зам тээвэр хөгжлийн яаманд харьяалагдаж байсан. Дараагийн буюу Ч.С-ийн үеийн Засгийн газар байгуулагдахад тухайн чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн. Тиймээс Сангийн яамыг хариуцагчаар татах ёстой.

Увс аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч боловч тухайн үеийн зарлагдсан 5,1 километр авто замын асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй болох нь Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаас харагдаж байгаа. 2015, 2016 оны улсын төсөвт 5,1 километр авто замын төсөв батлагдаагүй. Нэхэмжлэгч компани төсөв батлагдаагүй ажил дээр “бид замыг бариад өгье” гэж тухайн үеийн Засаг дарга Д.Ц-тэй уулзахад “та нар бариад мөнгөө улсын төсвөөс шийдвэрлүүлээд авна гэвэл бид захиалагчаар хяналтаа тавья” гэдэг байдлаар оролцсон байна. Үүнийг зөвшөөрөл гэж үзэж одоо нэхэмжлэлдээ тайлбарлаж байгаа нь буруу. Тухайн үеийн тендерийн үйл ажиллагаанд оролцож байгаа компани хууль тогтоомжоо судалж, зураг төсөв, магадлал хэрэгжсэн ажил дээр тендер шалгаруулалтын дагуу оролцохыг мэдэж оролцож өмнөх 3,2 километр авто замыг барьсан гэж ойлгож байгаа. Илтэд мэдэгдэхүйц буюу Засаг даргад эрх олгогдоогүй болохыг мэдсээр байж барьсан асуудал нь Увс аймгийн Засаг даргад хамааралгүй юм.

Хаанаас хаана хүртэл барьсан замыг тооцоолж 8,5 тэрбум төгрөг болсныг нарийвчлан тодорхойлсон баримт хэргийн материалд байхгүй. Улсын төсөвт тусгагдаагүй, Засгийн газраас шийдвэр гараагүй байхад ажил гүйцэтгэж болохгүй гэсэн чиглэлийг албан бичгээр Гудамж төслөөс “Ш Ш” ХХК-д хүргүүлж байсан байдаг.

5,1 километр авто замын ажилд Увс аймгийн Засаг дарга оролцсон оролцоо байхгүй гэж үзэж байгаа тул аймаг, орон нутгийн төсөвт 8,5 тэрбум төгрөг тусгаж батлуулах чиг үүрэг хүлээх үндэслэлгүй. Төсвийн тухай хуульд төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасан тул аймгийн төсөвт тодотгол хийх батлуулах зэргээр хууль зөрчих, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдах үндэслэлгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч талаас “Ш Ш” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын “Гудамж” төсвийн хүрээнд зарласан зам барилгын ажил гүйцэтгэх тендерт оролцож, Увс аймгийн Улаангом суманд 20214-2015 онд хийгдэх 11.64 км авто зам барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан.Эхний ээлжид 3.2 км замыг барих, үлдсэн ажлыг зураг тасал, төсөв баталгаажсаны дараа гүйцэтгэхээр болж 3.2 км замыг барьж 2015 онд хүлээлгэн өгсөн. Дараагийн 5.1 км авто замыг барихаар бэлэн болох үед “Гудамж” төслийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болж, хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан.Гудамж төслийн зүгээс уг татгалзсан нөхцөл байдалтай холбоотой арга хэмжээг аваагүй. Гэтэл аймгийн Засаг даргаас “Ш Ш” компанитай замын ажлыг үргэлжлүүлэх, санхүүжилтийн асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцож уг ажилд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр “Т Х” ХХК-ийг шалгаруулж өгсөн. 5.1 км замыг компаниас өөрийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгсөн боловч одоо хүртэл санхүүжилтийг шийдвэрлэж өгөөгүй.Увс аймгийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу замын ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн нь  илт хууль бус шийдвэр бөгөөд зам барилгын ажлыг гүйцэтгэсэн зардлын хохирлыг гаргуулах үндэслэлтэй” тухай нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ Увс аймагт “Гудамж” төсөл хэрэгжиж төслийн нэгж ажлыг хариуцан ажиллаж байсан ба аймгийн Засаг дарга шууд оролцох эрх байхгүй, төслийн нэгж одоо Сангийн яаманд харьяалагдаж байгаа, энэ хэргийн хариуцагч нь Сангийн яам байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй. Хохирлыг аймгийн төсөвт тодотгол хийн батлуулахыг даалгуулах нэхэмжлэл гаргасан байх ба Төсвийн тухай хуульд төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно гэж заасан тул аймгийн төсөвт тодотгол хийх батлуулах зэргээр хууль зөрчих, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдах үндэслэлгүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам зэрэг байгууллагуудад холбогдуулан зам барилгын ажлын хохирол гаргуулах нэхэмжлэл гаргаж, холбогдох хэргийг шийдвэрлүүлж байсан байна.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0407 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0428 дугаар магадлалаар 128/ШШ2023/0407 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШТ2023/0131 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Шүүхээс өмнө нь шийдвэрлэсэн  эсхүл шийдвэрлэж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хэргээс хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ” гэж зохицуулсан зохицуулалтын хүрээнд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Ш Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох 128/2022/0109/з индекстэй 4 хавтас бүхий захиргааны хэргээс нотлох баримтын шаардлага хангасан материалыг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуулбарлан нотлох баримтаар хэрэгт хавсарган, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтаар тооцсон болно.

6. ”Увс аймгийн Засаг даргаас “Ш Ш” ХХК-ийн Увс аймгийн төвд “Гудамж” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн 5.1 км авто зам барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгосон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхээр “Гудамж” төслийг баталсан.

“Гудамж” төслийн удирдах хорооны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор Увс аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын авто замын ажлын гүйцэтгэгчээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс сонгон шалгаруулсан “Ш Ш” ХХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, эхний ээлжид 3.2 км авто зам барилгын ажил эхлүүлэх гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв баталгаажсаны дараа магадалсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэхийг “Гудамж” төслийн нэгжийн захиралд даалгасан байна.

6.2. “Ш Ш” ХХК-иас 3.2 км замын ажлыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ашиглалтад оруулах комиссын актаар хүлээн авсан, комиссын актад замыг 2014 оны 8 сард барьж эхэлсэн талаар тэмдэглэсэн байх ба зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг дараа нь буюу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр захиалагч “Гудамж” төсөл, Хөгжлийн банк, “Ш Ш” ХХК нарын хооронд байгуулж байжээ.Гэрээний дагуу 3.2 км замын санхүүжилт “Ш Ш” ХХК-д олгогдсон ба энэ талаар маргаангүй.

6.3. Анх “Гудамж” төслөөс Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих авто зам, уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын инженерийн нарийвчилсан зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлахад нийт замын уртыг 11150 м буюу 11 км 150 м гэж тодорхойлсон, тус сонгон шалгаруулалтад “А С Э С” ХХК шалгаран 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан, мөн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулж нийт замыг 11 км 640 м гэж тодорхойлж байсан байна.

Захиалагч /“Гудамж” төсөл/,  гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг дүгнэсэн 2015 оны 1-р сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлд “А С Э С” ХХК нь Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих уулзвар, авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг 2015 оны 01 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн талаар дурдагджээ.

6.4. 2015 онд 3.2 км замыг барьж дууссаны дараа “Ш Ш” ХХК нь төлөвлөгдсөн замын ажлыг үргэлжлүүлэн барих эсэх талаар тодорхойгүй байдал үүссэн, өөрөөр хэлбэл замыг үргэлжлүүлэн барих талаарх зөвшөөрлийг “Гудамж” төслөөс өгөөгүй, хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани байхгүй үед  нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-иас 5.1 км замыг “Ш Ш” ХХК өөрийн хөрөнгөөр барьж дуусгах, Увс аймгийн Засаг дарга Д.Ц-ээс замын ажлын санхүүжилтийн асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч талын нэхэмжлэл, хариу тайлбар,

Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цгийн шүүхэд өгсөн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “2012-2016 оны хооронд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. 2013 онд Монгол Улсын Засгийн газраас “Гудамж” төсөл хэрэгжүүлэхээр болж тухайн үед Увс аймагт 27 тэрбум төгрөгийн “Гудамж” төсөл хэрэгжихээр болж төсөвт суугдсан. Тендер зарлагдаад “Ш Ш” ХХК шалгарсан. Эхний ээлжид 3.2 км замын ажлыг хийхээр шийдвэрлэгдэж ажил нь хийгдсэн.Энэ үеэр тус компани 100 гаруй техник оруулж ирэхийн зэрэгцээ 2 үйлдвэр барьсан байсан.”Ш Ш” ХХК 27 тэрбум төгрөгийн ажил хийх ёстой тул үлдэгдэл ажлаа хиймээр байна гэж хүсэлт тавьсан.Тухайн үед Засгийн газар огцроод “Гудамж” төсөл зогсонги байдалд орсон. Тэгээд манай зүгээс болон “Ш Ш” ХХК-ийн зүгээс ч тэр Засгийн газарт хүсэлт тавьж байсан. “Ш Ш” ХХК өөрийн хөрөнгөөр зам тавиад өгье. Концессын гэрээ байгуулъя гэхэд нь “би гэрээ байгуулах эрхтэй хүн биш учраас дараа нь Засгийн газраас авна гэвэл үргэлжлүүлээд хийж болно. Бид захиалагчийн хяналт тавиад явж болно” гэсэн.”Т Х” ХХК-иар захиалагчийн хяналт тавиулсан.Энэ компани өөрийн хөрөнгөөр амжилттай замыг тавьж дуусгасан.Энэ компани ажлаа хийгээд мөнгөө авах болохоор гэрээ байхгүй гээд мөнгө нь өгөгдөөгүй.”Гудамж” төсөл хэрэгжих төрийн шийдвэр гараад УИХ, Засгийн газрын шийдвэртэй гэж бодож дараа мөнгө нь олгогдох байх гэж тооцоолоод замаа бариулсан” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 2015 оны 4 сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд хэрэгжиж буй 5.1 км авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийг зарлаж, тендерт “Т Х” ХХК шалгарсан талаар үнэлгээний хорооны дүгнэлт гарснаар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Д.Ц, “Т Х” ХХК-ийн захирал Ч.Ю нар Увс аймгийн төвд “Гудамж” төслөөр баригдаж буй 5.1 км авто замын байгууламжийн барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан зэргээр тогтоогдсон гэж үзлээ.

6.5. “Т Х” ХХК-тай байгуулсан гэрээний тусгай нөхцөл гэх хэсэгт “Т Х” ХХК-ийн зөвлөх, харилцах хүнээр Н.Ё гэж хүн ажиллахаар тусгагдсан байх бөгөөд нотлох баримтаар хяналтын инженерийн өдөр тутмын тайлан гэх баримт авагдсан ба инженер Н.Ё гэсэн нэртэй, 2015 оны 6 сарын 02-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх өдрийн тайлан байна.

Хяналтын инженерийн өдөр тутмын тайлан нь эх хувиараа байх бөгөөд тайланд хяналтын инженер Н.Ё-ны гарын үсэг зурагдсан байх тул нотлох баримтаар үнэлэв.

6.6. Хяналтын инженерийн өдөр тутмын тайланд дурдсанаар Сургуулийн хорооны гудамж 0.995 км, Галданцэрэн хааны гудамж 0.517 км, 8-р цэцэрлэгийн гудамж 0.170 км, Ану хатны гудамж 0.901 км, махын 60 айлын орон сууцны урд талын 0.349 км, 64 айлын орон сууцны урд талын 0.252 км, 48 айлын орон сууцны урд талын 0.219 км, бөхийн өргөөний урд гудамж 1.189 км , бүгд нийт 4.592 км хатуу хучилттай авто замыг Цагаан хаалганы уулзвар, Хөгжимт драмын театрын урд уулзвар, Тобу төвийн урд уулзварын хамт барьсан байна.

Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Увс аймгийн Улаангом хотын авто зам, уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын барилгын ажлын зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтэд зааснаар Цагаан хаалганы аюулгүйн тойрог 0.4 км , Хөгжимт драмын театрын хойд уулзвар 0.5 км, Тобу худалдааны төвийн урд уулзвар 0.25 км гэж тодорхойлсноос авч үзвэл нийт 5.742 км авто зам барилгын ажлыг “Ш Ш” ХХК гүйцэтгэжээ.

Шүүхээс авто замд хийсэн үзлэгээр 48 айл, 60 айл, 64 айлын урд замууд /үзлэгийн тэмдэглэлийн зураг №1-10/, хөгжимт драмын театрын уулзвар /зураг №11-12/ , Сургуулийн хороо /Зураг №11-15/, Ану хатны гудамж / зураг №18-21/, бөхийн өргөөний урд чиглэлийн замууд /үзлэгийн тэмдэглэлд барилгачны гудамжнаас Цэвээнравдангийн гудамж хүртэлх зам зураг 35-40 гэж тэмдэглэгдсэн/ нь хатуу хучилттай одоо бүрэн ашиглагдаж байгаа замууд болох нь тогтоогдсон.

6.7. Иймд дээр дурдсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгч “Ш Ш” ХХК нь 2015 онд зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээгүйгээр, “Гудамж” төслийн хүрээнд боловсруулагдсан зураг төслийн баримт бичгийг үндэслэн, Увс аймгийн Засаг даргын гэрээ байгуулсан “Т Х” ХХК-иар хяналтын зөвлөх үйлчилгээг авч, Увс аймгийн Засаг даргатай тохиролцсоны үндсэн дээр Увс аймгийн Улаангом суманд зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон гэж дүгнэлээ.

6.8. Нэхэмжлэгчээс хариуцагч талыг зам барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр зөвшөөрсөн нь “ өөрийн эрхэд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан тул илт хууль бус захиргааны акт” гэж үзэн маргасан.

Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах, шийдвэр гаргах үйл ажиллагааг зохицуулсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн тул тухайн авто зам барилгын ажил  баригдах үед буюу 2015 онд  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг энэхүү маргаанд хэрэглэхээр байна.

6.9. Увс аймгийн Засаг даргаас даргаас “Ш Ш” ХХК-тай тохиролцсон “баригдах замын  санхүүжилтийн асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх“ тухай тохиролцоог захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт өгөв.

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "захиргааны акт" гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэж, мөн зүйлийн 3.1.5-д "үйл ажиллагаа" гэж үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д  “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:

9.1.3-д захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан гэж зохицуулжээ.

6.10. Авто замтай байх асуудал нь нийтийн буюу иргэдийн сайн сайхны төлөөх зорилгыг агуулж байх бөгөөд аймгийн Засаг даргаас нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор захиргааны албан тушаалтны хувьд нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах асуудлаар нэхэмжлэгч компанитай тохиролцсон.

Тухайн үед Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Гудамж” төслийн үйл ажиллагаа тодорхойгүй болсон нөхцөлд уг төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд авто замыг барьж байсан хуулийн этгээд дахин замыг үргэлжлүүлэн барих хүсэлтийг гаргасан бөгөөд түүнийг Засаг даргаас хүсэлтийг хүлээн авсан буюу тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, аймгийн Засаг даргаас зам барихыг зөвшөөрч, санхүүжилтийг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх боломжтой талаарх тохиролцоо нь “Ш Ш” ХХК-д замыг барьж дуусгах үүрэг үүсгэсэн байна.

Эдгээрээс дүгнэвэл, нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас хуулийн этгээдтэй тохиролцсон тохиролцоо үүссэн байх бөгөөд захиргааны байгууллагын эрх зүйн хэлбэржээгүй үйл ажиллагаа буюу хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй харилцаа үүссэнийг захиргааны актын илрэх нэг хэлбэр гэж тооцох боломжтой. Захиргааны байгууллагын эрх зүйн хэлбэржээгүй үйл ажиллагаа хууль бус тохиолдолд эрх зөрчигдсөн гэж үзсэн хүн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилттой нийцнэ.

6.11. Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль, журамд нийцсэн байх ёстой бөгөөд хуульд зааснаар захиргааны акт нь  илт хууль бус байх шинжийг агуулж байгаа тохиолдолд шүүхийн хяналт хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэл, гомдлын үндсэн дээр хэрэгждэг.

“Гудамж” төслийн удирдах хорооны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 6.4.5 дахь заалтыг үндэслэн  “Ш Ш” ХХК-тай 3.2 км авто зам барилгын ажлыг эхлүүлэх, гэрээ байгуулахаар шийдвэрлэж байсан, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаартай “Түр журам батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 6.4-д Төслийн удирдах хороо дараах эрхийг эдэлнэ: 6.4.5-д “Төслийн санхүүжилт нь Монгол Улсын Хөгжлийн банкаар хийгдэх тул үнэт цаасны хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу уг хуулиар зохицуулагдахгүй тул гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах асуудлыг төслийн захирлын танилцуулсан саналыг хэлэлцэж шийдвэрлэх”  гэж заасан зэргээс үзэхэд “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжих авто замын барилгын ажлыг эхлүүлэх, гэрээ байгуулах эрх тус төслийн удирдах хороонд хадгалагдаж байсан байна.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжих авто зам барилгын ажлыг эхлүүлэх, гүйцэтгүүлэх, гүйцэтгэлтэй холбоотой аливаа тохиролцоо хийх эрх хэмжээгүй байжээ.

6.12. Увс аймгийн Засаг даргаас 2015 онд “Гудамж” төслийн хүрээнд хийгдэх ёстой авто замын барилгын ажлын санхүүжилт тодорхойгүй, эрх бүхий этгээдээс гэрээ байгуулаагүй, аймгийн Засаг даргад төслийн удирдах хорооноос ямар нэгэн эрх шилжүүлсэн шийдвэргүй байхад “Ш Ш” ХХК-тай авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож шийдвэрлэсэн нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”  гэх шинжийг хангасан, илт хууль бус захиргааны акт байна.

Уг илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч “Ш Ш” ХХК авто зам барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор хохирол үүсэж, эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгджээ.

Иймд 2015 онд Увс аймгийн Засаг даргын “Ш Ш” ХХК-иас  ирүүлсэн “Гудамж” төслийн үргэлжлэл болох авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг хүлээн авч, санхүүжилтийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон,энэ талаарх нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан, нэхэмжлэгч “Ш Ш” ХХК болон Увс аймгийн Засаг даргын нараас авто зам барилгын ажлын талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргааны хариуцагч нь Увс аймгийн Засаг дарга биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

7. “Хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас “Ш Ш “ ХХК-д учирсан хохирол 8,431,373.160 төгрөгийг Увс аймгийн төсөвт тодотгол хийж, батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн талаар:

7.1. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг материаллаг зохицуулалтын хүрээнд зохицуулаагүй, харин процессын хуулийн зохицуулалтад хамаарах дараах заалтууд байсан.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурсан байна.

32.5.3.захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэжээ.

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан процессын шинжтэй зохицуулалтыг маргаанд хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэгчийг захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас хохирол гаргуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан 2015 оны Захиргааны ерөнхий хуульд заасан шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

7.2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн,хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “ Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус зохицуулсан.

Шүүхээс Увс аймгийн Засаг даргын “Ш Ш” ХХК-иас  ирүүлсэн “Гудамж” төслийн үргэлжлэл болох авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг хүлээн авч, санхүүжилтийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй тул шүүхээс хохирлыг тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй.

7.3. Нэхэмжлэгчээс өөрт учирсан хохирлыг тооцоолохдоо мэргэшсэн төсөвчин М.Ггийн 2021 онд боловсруулсан 8,431,373.160 төгрөгийн төсвийг үндэслэн нэхэмжилсэн.Мэргэшсэн төсөвчин М.Г-ийн тооцоолсон тооцоололд хэчнээн км авто замын төсвийн тооцооллыг гаргасан нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хохирлын тооцоог тооцоолоход магадлалын ерөнхий дүгнэлтэд дурдсан төсвийг үндэслэхэд татгалзах зүйлгүй талаар тайлбарласан.

7.4. Хэрэгт Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт нотлох баримтаар авагдсан байна. Магадлалын ерөнхий дүгнэлтэд объектын нэр: Увс аймгийн Улаангом хотын авто зам, уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын барилгын ажлын зураг төсөл, Хүчин чадал: 11.13 км урт хучилттай авто зам /9 гудамж, 9 уулзвар/, Захиалагч:Эдийн засгийн хөгжлийн яам Гудамж төсөл гэж дурдсан ба магадлалын ерөнхий дүгнэлтийн төсөв гэсэн хэсэгт гудамж, уулзварын төсвийг нэг бүрчлэн хянаж баталгаажуулсан байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг магадлалын ерөнхий дүгнэлтээр хянагдаж тусгагдсан холбогдох авто замын барилгын төсвөөр тооцоолох нь илүү бодит, үндэслэл бүхий гэж шүүхээс үзэв.

7.5. Хохирлын тооцооллыг дараах хүснэгтээр үзүүлэв.

Д/д

Авто зам, уулзварын нэр

 

Хяналтын инженерийн өдөр тутмын тайланд тусгагдсан зам, км

Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянагдсан зам, км, түүний төсөв

1

Сургуулийн хорооны гудамж

 

0.995 км

0.89 км авто зам нийт 1,135,358,627 төгрөг

2

Галданцэрэн хааны гудамж

0.517 км /өмнө нь хийгдсэн замын үргэлжлэл хэсэг/

Магадлалын ерөнхий дүгнэлтэд 2.8 км замыг нийт 4,049,022,521 төгрөг гэж төсөвлөсөн тул 0.517 км-т ногдох төсвийг хувь тэнцүүлэн тооцож төсвийг 747,623,086 төгрөгөөр тооцов

.

3

8-р цэцэрлэгийн гудамж

 

0.170 км

0.18 км авто зам нийт 242,515,767 төгрөг

4

Ану хатны гудамж

0.551+0.350=0.901 км

0.85 км авто зам нийт 1,167,991,331 төгрөг

 

5

Цэвээнравдангийн гудамж

0.255+0.534+0.097км+0.303 км=1.18 км /Бөхийн өргөөний урд гудамж гэж бичигдсэн/

1.1 км авто зам нийт 1,680,240,387 төгрөг

6

Цагаан хаалганы уулзвар

 

Км тусгагдаагүй

 

0.4 км, нийт 1,290,433,993 төгрөг

7

Тобу төвийн урд уулзвар

 

Км тусгагдаагүй

0.25 км, нийт 588,369,767 төгрөг

8

Хөгжимт драмын театрын урд уулзвар

 

 

Км тусгагдаагүй

 

0.5 км, нийт 1,264,262,246 төгрөг

9

48 айл, 64 айл, 60 айлын урд авто зам,зогсоол

60 айлын урд зам-0.078 км, 64 айлын урд зам-0.252 км, 48 айлын урд зам-0.219 км, нийт 0.549 км зам

 

Магадлалын ерөнхий дүгнэлтэд тусгагдаагүй тул төсвийг тооцох боломжгүй

110

Нийт

 

Нийт төсөв тооцогдсон авто зам 4.687 км, төсөв буюу хохирол 7,960,690,502 төгрөг

 

 

Хариуцагч, нэхэмжлэгч нараас “Гудамж” төслийн хүрээнд баригдах байсан авто замын үргэлжлэлийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, “Гудамж” төслийн хүрээнд боловсруулагдсан “А С Э С” ХХК-тай байгуулж байсан инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах гэрээнд орон сууцны айлуудын урд зам төлөвлөгдөөгүй, магадлалын ерөнхий дүгнэлтэд энэ талаар төсөв тусгагдаагүй тул 60,64,48 айлын орон сууцны урд баригдсан нийт 0.549 км замыг барьсантай холбогдох хохирлыг хохирлын тооцоололд оруулан хариуцагчаас гаргуулах боломжгүй болно.

7.6. Нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн хувьд хэдийгээр “Гудамж” төслийн хүрээнд 3.2 км авто замыг барьсан боловч, дараагийн төлөвлөгдсөн зам барилгын ажлын төсөв тодорхойгүй, “Гудамж” төслийн удирдах хорооноос зам барилгын ажлыг гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргаагүй,”Гудамж” төслийн нэгжээс “Ш Ш” ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 299 дугаартай албан бичгээр “Гудамж” төслийн удирдах хорооны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор эхний ээлжид 3.2 км авто зам барилгын ажлыг танай компаниар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.Иймд уг тогтоолын хүрээнд зам барилгын ажлыг гүйцэтгэх шаардлагатай бөгөөд тогтоолд заагдаагүй, захиалагчийн зөвшөөрөлгүй илүү ажил гүйцэтгэхгүй байхыг хүсье.Хэрэв илүү ажил гүйцэтгэсэн нөхцөлд санхүүжилт олгогдохгүй, уг асуудалд захиалагч тал хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдье” гэсэн агуулгатай мэдэгдлийг хүргүүлж байсан, холбогдох гэрээг байгуулаагүй эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн байхад Увс аймгийн Засаг даргад өөрийн хөрөнгөөр зам барилгын ажлыг гүйцэтгэх санал тавьж тохиролцсон, өөрөөр хэлбэл, авто замын ажлыг барихаас татгалзан, хохирол учрахаас сэргийлэх бүрэн боломжтой байсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч талын буруутай үйлдэл байгааг харгалзан хохирлын хэмжээг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

7.7. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд иргэн, хуулийн этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдлийн нөлөөллийг хэрхэх талаар нарийвчлан зохицуулаагүй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн төрөлд “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” шийдвэр багтсан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх” нь шүүхийн эрхэм зорилгын нэг байхаар заасан тул шүүхээс энэхүү маргаанд нэхэмжлэгч талын буруутай үйлдлийг харгалзан, хохирлын асуудалд  хариуцагч болон нэхэмжлэгч талууд харилцан тэнцүү хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэн хариуцагчийн хариуцвал зохих хохирлын хэмжээг тал хувиар бууруулан 3,980,345,251 төгрөг байхаар тогтоох үндэслэлтэй.

7.8. Нэхэмжлэгчээс “хохирлыг аймгийн төсөвт тодотгол хийж батлуулж өгөхийг даалгуулах”-ыг хүссэн.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” , 4.1.26-д "төсвийн тодотгол" гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг ойлгохоор тодорхойлсон.Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ:

34.2.1.дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;

34.2.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон;

34.2.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах гэж заасан.

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8.5.2-д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах”-аар тус тус заасан.

Иймд хохирлыг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлахыг Увс аймгийн Засаг даргад даалгах нь Төсвийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалттай нийцэхгүй.

Харин 2025 оноос бусад оны аймгийн төсөвт хохирлын асуудлыг төсөвлөн батлуулахыг даалгах боломжтой.Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлага хангагдана.

7.9. Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу “ хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 3,980,345,251 төгрөгийг аймгийн төсөвт тусган батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсэг буюу хохирол 4,451,027,909 төгрөгийг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлуулж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

7.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заахаар зохицуулсан.

Шүүхийн шийдвэрийн биелэгдэх боломжит байдал, орон нутгийн төсвийн зохистой тэнцвэрт байдлыг хангах зарчмын хүрээнд нийт барагдуулах ёстой хохирлыг 2026,2027,2028 онуудын төсөвт тэнцүү хуваарилан батлахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-д олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-ийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2015 онд “Ш Ш” ХХК-иас  ирүүлсэн “Гудамж” төслийн үргэлжлэл болох авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг хүлээн авч, санхүүжилтийг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлж өгөхөөр тохиролцсон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 3,980,345,251 /гурван тэрбум есөн зуун наян сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг “Ш Ш” ХХК-д олгуулахаар аймгийн төсөвт тусган батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “хохирол 4,451,027,909 /дөрвөн тэрбум дөрвөн зуун тавин нэгэн сая хорин долоон мянга есөн зуун ес/ төгрөгийг аймгийн төсөвт тодотгол хийлгүүлэн батлуулж өгөхийг даалгах”  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийдвэр гүйцэтгүүлэх арга,журам,хугацааг “Увс аймгийн 2026 оны төсөвт 1,326,781,750  /нэг тэрбум гурван зуун хорин зургаан сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг, 2027 оны төсөвт 1,326,781,750 /нэг тэрбум гурван зуун хорин зургаан сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг, 2028 оны төсөвт 1,326,781,750  /нэг тэрбум гурван зуун хорин зургаан сая долоон зуун наян нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг байхаар тооцоолон батлуулахыг Увс аймгийн Засаг даргад даалгах” гэж тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ш” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.АЛТАНЦЭЦЭГ