Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00361

 

 

 

 

 

 

 

 

 

А М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03746 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А М ХХК-ийн хариуцагч Л.Э-т холбогдуулан гаргасан 512,385,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Л.Э- нь 2019 оны 05 сарын 13-ны өдрийн орон сууц захиалгын 19/178, 19/179, 19/180 тоот гэрээнүүдийн дагуу А М ХХК-аас Баянзүрх дүүргийн 25-р хорооны Сэлбэ хотхоны 97/4, 97/3 дугаар байрны дараах орон сууцуудыг барилгын материалаар төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан. Үүнд: 97/4-р байрны 35а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөг, 97/4-р байрны 41а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөг, 97/4-р байрны 71а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцыг 157,500,000 төгрөг, 97/3-р байрны 59а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 607,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Төлбөрийг бартераар буюу 1 тонн арматурыг 1,850,000 төгрөгөөр тооцож, нийт 328 тонн арматурыг компанид нийлүүлэх ёстой байсан. Гэрээний дагуу Л.Э- болон түүний заасан этгээд рүү 4 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Л.Э- 2019 оны 06 сарын 13-ны өдрийн дотор 328 тонн арматурыг нийлүүлэх ёстой байсан боловч 143.735 тонн буюу 265,909,750 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлсэн бөгөөд уг төлбөрийг 96/4-р байрны 41а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрт болон 96/4-р байрны 71а тоот 75 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрөөс хасаж тооцож, үлдэгдэл 184.265 тонн арматур буюу 341,590,250 төгрөгийг төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна. Гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацаа 2019 оны 06 сарын 13-ны өдөр юм. Орон сууц захиалгын гэрээний 4.9-д захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө 7 хоногоос дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Иймд А М ХХК болон Л.Э- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 13-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-нүүдийн үлдэгдэл төлбөр 341,590,250 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 170,795,125 төгрөг, нийт 512,385,375 төгрөгийг Л.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А М ХХК нь 2019 оны 05 сард Дулаан чанар ХХК-аас арматур худалдан авахаар уулзсан бөгөөд А М ХХК-ийг н.Номин-Эрдэнэ гэх эмэгтэй төлөөлж аман хэлэлцээр хийсэн бөгөөд бидний үнийн саналыг захирал нь хүлээн зөвшөөрч арматур худалдан авахаар тохиролцсон. "А М ХХК бэлэн мөнгө байхгүй 100 хувь бартераар буюу байраар солих санал тавьсны дагуу байрыг нь үзээд 1 тонн арматурыг 2,000,000 төгрөг, 1 орон сууцыг 45 тонн арматур буюу 90,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Манай компанийн зүгээс орон сууцуудыг нэр дээр шилжүүлсэн тохиолдолд арматурыг шилжүүлнэ гэсэн. Иймд 2019 оны 05 сарын 13-ны өдөр 19/178, 19/179/, 19/180 тоот Орон сууц захиалгын гэрээ тус тус хийсэн. Дулаан чанар ХХК нь Бат-Ирээдүй ХХК-д 2019 оны 05 сарын 08 өдөр 31.037 тонн, 2019 оны 05 сарын 13 өдөр 21.774 тонн, 2019 оны 05 сарын 23 өдөр 7.438 тонн, 2019 оны 05 сарын 26 өдөр 5.200 тонн, А М ХХК-д 2019 оны 05 сарын 13 өдөр 36.894 тонн, 2019 оны 05 сарын 15 өдөр 17.371 тонн, 2019 оны 05 сарын 15 өдөр 31.957 тонн, 2019 оны 05 сарын 16 өдөр 25.500 тонн, 2019 оны 05 сарын 26 өдөр 32.014 тонн, нийт 209.185 тонн арматурыг нийлүүлсэн.

Энэ нь 1 байрыг 45 тонн арматураар солих аман гэрээний дагуу тохирсон арматурыг өгсөн. Иймээс арматур худалдан авсныхаа үнэд 4 байрыг Дулаан чанар ХХК-ийн захирал Л.Э-ын нэр лүү шилжүүлсэн. Харин А М ХХК-ийн захирал н.Ганбаатар байрыг нэр дээр шилжүүлэхэд гэрээ шаардлагатай гэсний дагуу манай компанийн ажилтан Х.Гантулгатай ярилцан Орон сууц захиалгын гэрээ хийсэн гэх бөгөөд гэрээнд Л.Э- гарын үсэг зураагүй.

Харин хэрэгт цугларсан баримтаас харахад уг байр нь А М ХХК-ийн байр биш байна. А М ХХК нь ямар нэгэн байр /орон сууц/ бариулаагүй өөрийн байргүй харин бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг компани байна. А М ХХК нь арматурыг өөрөө хэрэглээгүй бөгөөд манай компаниас авсан арматурыг Сүмт өргөө ХХК-д бартераар худалдаж байсан байна. Иймд А М ХХК нь хуурч мэхлэн Сүмт өргөө ХХК-тай манай компаниас худалдан авсан арматурыг Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний дагуу бартераар авсан байрыг буюу бусдын хөрөнгийг Орон сууц захиалгын гэрээ болгон өөрчилж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас 246,336,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А М ХХК-д олгож, үлдэх 266,048,825 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,719,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-аас 1,389,633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх алданги тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу. Манай компанийн зүгээс гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлсэн үеэс хариуцагч Л.Э- гэрээнд заасан төлбөр /үнэ бүхий арматур/-ийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Иймд орон сууцуудыг шилжүүлснээр Л.Э-т төлбөр төлөх үүрэг үүсэж байгаа тул орон сууцыг шилжүүлсэн үеэс төлбөр төлөх хугацааг тодорхойлно. Нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 180 гаруй хоногийн хугацаа хэтэрсэн байгаа тул алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 123,168,275 төгрөгийн алданги шаардах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талын хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй, аман үгээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Л.Э- байр авахаар гэрээ хийсэн бол Орон сууц захиалгын гэрээ-нд гарын үсэг зурсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Гэрээнд Л.Э- гарын үсэг зураагүй. Энэ талаарх тайлбарт шүүх ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө орон сууц худалдаж байгаа бол захиалгын гэрээ хийлгүй Орон сууц худалдах худалдан авах гэрээ хийх эрх худалдагч талд байсан. Гэтэл өөрөө байр бариагүй байж Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй.

А М ХХК-д худалдах байр байсан эсэх болон түүний өмчлөлийн орон сууц хаана баригдаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй. Харин Л.Э-аас авсан арматурыг Сүмт өргөө ХХК-тай 2019 оны 05 сарын 10-ны өдрийн №АМ-19\13 дугаар Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 5.5-д төлбөрийн нэмэлт нөхцөлд тусгасан 3-н байрыг шилжүүлсэн болох нь харагддаг бөгөөд А М ХХК- нь өөрөө орон сууц бариулаагүй болохыг нотолж байх тул тус "Орон сууц захиалгын гэрээ нь дүр эсгэж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Л.Э- А М ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Гэтэл А М ХХК нь ямар нэгэн орон сууц бариагүй худалдаагүй болох нь захиалгын гэрээнээс тодорхой харагддаг.

Харин Орон сууц захиалгын гэрээ-г байгуулахдаа Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож байгуулав гэсэн байх тул талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Орон сууц захиалгын гэрээ-ний 2.3 дахь заалтад орон сууцны нийт төлбөр болох 138,750,000 төгрөгийг 100 хувь бартерын нөхцөлтэйгөөр төлж дуусгасан болно гэсэн байхад шүүх байрны үнэ төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Орон сууц захиалгын гэрээ-г үндэслэл болгож байгаа бол мөн гэрээний 2.3 дахь заалт мөн адил үйлчлэх ёстой. Л.Э- нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул А М ХХК уг байруудыг түүний нэр рүү шилжүүлэх тухай Сүмт өргөө ХХК-д хүсэлт гаргасны дагуу Л.Э-ын нэр лүү шилжсэн.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А М ХХК нь хариуцагч Л.Э-т холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 341,590,250 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 170,795,125 төгрөг, нийт 512,385,375 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан ...орон сууцуудыг барилгын материалаар төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан... гэсэн тайлбар /хх 1/, хариуцагчийн гаргасан ...А М ХХК нь ... санал тавьсаны дагуу байрыг үзээд 1 тонн арматурыг 2,000,000 төгрөгөөр 1 байрыг 45 тонн арматур буюу 90,000,000 төгрөгөөр тооцон арматур авахаар тохиролцсон... гэсэн тайлбар зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч А М ХХК, хариуцагч Л.Э- нар тодорхой хөрөнгө буюу орон сууц, арматурыг харилцан өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, А М ХХК болон Л.Э- нар гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон учир Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, түүнд хавсаргасан баримт /хх 52, 53-105/, зарлагын баримтууд /хх 112, 113, 114, 115, 118/ зэргээс үзэхэд А М ХХК нь Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороололд байршилтай 97/4-р байрны 35а тоот, 41а тоот, 71а тоот, 97/3-р байрны 59а тоот нийт 4 ширхэг орон сууцыг Л.Э-ын өмчлөлд /Л.Э-ын хүсэлтээр М.Борхүүд/ шилжүүлэн өгсөн, харин Л.Э- нь нийт 143 тн 737 кг арматурыг А М ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Харин Бат ирээдүй ХХК-д шилжүүлэн өгсөн гэх арматурыг А М ХХК-д шилжүүлэн өгсөнд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх 110, 111, 116, 117/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А М ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний /хх 13-14, 15-16, 17-18/ тухайд хариуцагч Л.Э- эдгээр гэрээнд гарын үсэг зураагүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон. Тодруулбал, орон сууцуудыг шилжүүлэхэд гэрээ шаардлагатай гэсний дагуу манай компанийн ажилтан н.Гантулгатай ярилцан Орон сууц захиалгын гэрээ хийсэн гэх бөгөөд гэрээнд Л.Э- гарын үсэг зураагүй гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

 

Зохигчид харилцан өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийн үнийн талаар зөрүүтэй тайлбарыг гаргасан боловч хэн аль нь өөрийн тайлбараа баримтаар нотолж чадаагүй учир анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Орон сууцны захиалгын гэрээ-нд дурдагдсан үнийн дүнг үндэслэл болгон маргааныг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Түүнчлэн дээрх гэрээнд дурдагдсан орон сууцны үнийг м.кв-д хуваахад 138,750,000 төгрөг : 75 м.кв = 1,850,000 төгрөг гарч байх тул 1 тонн арматурыг 1,850,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна.

 

А М ХХК-ийн шилжүүлсэн 4 ширхэг орон сууцны үнийн дүн /138,750,000 х 3/ + 96,000,000 = 512,250,000 төгрөг байхад Л.Э-ын шилжүүлэн өгсөн арматурын үнийн дүн 143.737 х 1,850,000 = 265,913,450 төгрөг байна.

 

Иймд нэхэмжлэгч А М ХХК нь Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасны дагуу арилжааны гэрээгээр харилцан солилцсон хөрөнгийн үнийн зөрүүг мөнгөөр тооцож шаардах эрхтэй учир 512,250,000 265,913,450 = 246,336,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээ-ний 4.9-д заасан зохицуулалтыг үндэслэн нийт 170,795,125 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан. Өмнө дурдсанчлан дээрх гэрээнд хариуцагч Л.Э- гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон учир А М ХХК-ийг Л.Э-тай алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй, улмаар алдангийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/03746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн ...243 дугаар зүйлийн 243.1... гэснийг ...274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч тал болон хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 773,792 төгрөг, хариуцагч талаас төлсөн 1,389,933 төгрөгийн тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР