| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0746/З |
| Дугаар | 128/ШШ2024/1065 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/1065
2024 12 20 128/ШШ2024/1065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нарын нэр бүхий 7 иргэн,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Гуравдагч этгээд: Г ХХК
Маргааны төрөл: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр Г ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар.
1. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Г ХХК-д ХV- дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Д аймгийн Б сумын Бын булаг гэх нэртэй газарт 1514.05 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар олгосон.
2. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийн бүртгэлийн ЕХ- дугаарт бүртгэгдсэн Г ХХК-ийн эзэмшлийн Д аймгийн Б сумын Бын булаг нэртэй 1514.06 гектар талбай бүхий ХV- тоот ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцож, 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
3. Нэхэмжлэгч Б.Б нарын нэр бүхий 7 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7385 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
4. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
5. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулснаар энэхүү шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хоёр: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.
2.1. Нэхэмжлэгч Б.Б нарын нэр бүхий 7 иргэний шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Нэхэмжлэгч Б.Б нарын нэр бүхий 7 иргэн Д аймгийн Б сумын түргэн 1 дүгээр багийн Бын булаг гэх газарт уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд тус газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашигладаг. 2024 оны 03 дугаар сард тухайн газарт амьдардаг иргэдэд тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниас Бын булаг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тул тус газрыг малын бэлчээрээр ашиглуулахгүй гэх мэдээлэл ирсэн ба үүний дагуу Д аймгийн Б сумын Засаг даргаас тодруулахад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/91 тоот албан бичгээр Түргэн багийн нутаг дэвсгэрт Б нэртэй газарт XV- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Уг тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой нарийвчилсан мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас авна уу гэж мэдэгдсэн.
Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх нэр бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон эсэх талаар тодруулахад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1668 тоот албан бичгээр Д аймгийн Б сумын Бын булаг нэртэй газарт 1514.05 гектар талбайд XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон гэж мэдэгдсэн. Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1668 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тухай мэдэж 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3564 дугаартай албан бичгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариу хүргүүлсэн. Дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасныг зөрчсөн байх ба хуулийн уг зохицуулалтаар аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авах ёстой байсан боловч энэ талаар санал аваагүй, тухайн газарт ажиллаж амьдардаг иргэдэд мэдэгдээгүй нь үндэслэлтэй байна.
2.2. Д аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч нарт ирүүлсэн албан бичгээс үзвэл хариуцагч нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчиж Тогоот голын хамгаалалтын бүс болон Хавчирангийн дээд, доод булгийн хамгаалалтын бүсэд давхцуулан хайгуулын зөвшөөрөл олгосон болох нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч иргэд Д аймгийн Б сумын Түргэн 1 дүгээр багийн Бын булаг гэх нэртэй газарт уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ашигладаг тул дээрх тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосноор малчдын бэлчээр ашиглах эрх, гэрээ байгуулсан газарт чөлөөтэй зорчих болон хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах буюу эзэмших, өмчлөх эрхүүд зөрчигдсөнөөс гадна эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангагдах эрх хөндөгдөж болзошгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрээр олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй хэмжээн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар Д аймгийн Б сумын дүргэн нэгдүгээр баг, Бын булаг гэх газарт уламжлалт мал аж ахуйн эрхлэн амьдардаг. Тухайн газарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар мөн бэлчээрийн зориулалтаар газар ашиглаж байгаа. 2024 оны 03 дугаар сард иргэдэд энэ компаниас тухайн хэсэг дээр байсан иргэдийг нүүхийг шаардсан. Ямар учиртай вэ гэсэн чинь хайгуулын зөвшөөрөлтэй Г гэдэг компани байгаа юм гэсэн. Үүнээс шалтгаалаад 2024 оны 03 дугаар сард сумын Засаг даргадаа хандсан. Сумын Засаг дарга ийм зөвшөөрөл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас ав гэсэн. Ингээд Ашигт малтмалын, газрын тосны газраас тодруулахад, шаардлагад дурдсан тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгосон байна. Энэ олгосон шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг гэх мэт хуулиудыг зөрчсөн байна. Хамгийн гол нь тухайн зөвшөөрөл олгосон газарт ажиллаж, амьдарч, уламжлалт мал аж ахуй эрхэлж, өвөлжөө, хаваржааны болон бэлчээрийн нөхцөлөөр ашигладаг иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн хууль зөрчиж байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
2.4. Тиймээс зөвшөөрөл болон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарын агуулга:
3.1. Б.Б нарын 7 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Д аймгийн Б сумын нутагт орших Бын булаг гэх нэртэй газарт байрших 1514.05 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV- дугаар бүхий Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 365 дугаар шийдвэрээр Г ХХК-д олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан.
3.2. Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан АЛСЫН ХАРАА-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.24-т Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж 2021 оны Шинэ сэргэлтийн бодлого батлах малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11-т заасан мөн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан. Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүх нийтэд мэдээлэн Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Журам батлах эрх олгох тухай 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Журам батлах тухай А/28 дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталж Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Д аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/379 дүгээр албан бичгээр хариуг ирүүлсэн.
3.4. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 10-д Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно, мөн хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан.
3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-д "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх", 17.5.3-д "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх" гэж заасныг зөрчөөгүй. 2009 батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэсэн байдаг. Засгийн газрын 2018 оны Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Д аймгийн Б сумын нутагт орших Бын булаг нэртэй 1514,05 га талбайд зарласан СШ-******* дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад Г ХХК шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах А/117 дугаар тушаал гарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 365 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.6. Нэхэмжлэлийн шаардлагад Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэжээ. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заалт байхгүй бөгөөд 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компани хуулийн ямар зүйл заалтаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэж байгаа нь ойлгомжгүй юм.
3.7. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Манайх үндэсний хөрөнгө оруулалттай, геологи хайгуулын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан Д аймгийн Б сумын Бын булаг нэртэй газарт байрших 1514.05 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу оролцож шалгарч улсын төсөвт 306.813.231 төгрөгийг төлж, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр XV- дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар эзэмших эрхтэйгээр олж авсан. Энэхүү тусгай зөвшөөрлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан.
4.2. Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж, уг тогтоолд заасан талбайгаас олгосон тул Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл юм. Тусгай зөвшөөрөл олгосны дараагаас хайгуулын ажил хийхээр талбайд очиход сум орон нутаг, ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нөхцөл боломж олгохгүй манай компани хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Иргэн Б.Б, М.Б, Ц.Б*******, Б.Б*******, Ю.Д*******, Д.Н*******, Ж.Ц******* нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах хэмээн шаардлагаа тодруулсан болно.
3. Нэхэмжлэгч нарын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана, 17.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэж зааснаар санал аваагүй, тухайн газарт ажиллаж амьдардаг иргэдэд мэдэгдээгүй гэж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчиж Тогоот голын хамгаалалтын бүс болон Хавчирангийн дээд, доод булгийн хамгаалалтын бүсэд давхцуулан хайгуулын зөвшөөрөл олгож хууль зөрчсөн, өөрсдийнх нь ажиллаж, амьдарч, уламжлалт мал аж ахуй эрхэлж, өвөлжөө, хаваржааны болон бэлчээрийн нөхцөлөөр ашигладаг газарт тухайн хайгуулын зөвшөөрөл олгосон нь иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
4. Нэхэмжлэл гаргасан нэр бүхий долоон иргэн нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан болох нь Д аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 1/857 дугаар албан бичгээр ирүүлсэн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бын булаг гэх хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд сумын Засаг даргын 2024 оны А/71 дүгээр захирамжаар иргэн М.Б, Б.Б, 2018 оны А/83, 2022 оны А/44 дүгээр захирамжаар иргэн Ц.Б*******, 2020 оны А/68 дугаар захирамжаар иргэн Д.Н*******, 2021 оны А/59 дүгээр захирамжаар иргэн Ж.Ц*******, 2024 оны А/79 дүгээр захирамжаар иргэн Ю.Д******* нарт тус бүр нэг газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон гэх баримтаар тогтоогдох ба уг үйл баримт нь Газрын тухай хуулийн хүрээнд газар эзэмших гэрчилгээний дагуу нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн харилцааг хэрхэн хэрэгжүүлж буйтай холбоотой асуудал байна.
5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 365 дугаар шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын дагуу Д аймгийн Б сумын нутагт орших Бын булаг нэртэй 1514.05 га талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гурван жилийн хугацаатай ХV- дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 90******* тоот гэрчилгээтэй Г ХХК-д олгосноор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улсын төсөвт 306,813,231.00 төгрөг төлж, нэр бүхий талбайд хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит хугацааны төлбөрийг төлж ирсэн, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг нь ЕХ- дугаарт бүртгэж, тусгай зөвшөөрөл нь 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд хүчинтэй байхаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр гарсан нь хэрэгт авагдсан холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдох ба уг үйл баримт нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу гуравдагч этгээд Г ХХК-ийн ашигт малтмал эрэн хайх эрхийн харилцааг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал байна.
6. Ийнхүү Газрын тухай хуульд заасны дагуу нэр бүхий нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн асуудал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу гуравдагч этгээдийн ашигт малтмал эрэх, хайх эрхийн асуудал нь тус тусдаа, тухай тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудаар хэрэгжиж, хуулийн дагуу гэж үзэхээр байна.
7. Гэвч маргаан бүхий асуудалд тухайлбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дайран өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг Иргэний хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж хуульчилсан байх боловч маргаан зүйл нь газар эзэмшигчийн газраар дамжиж дайран өнгөрөх, нэвтрэн орохтой холбоотой маргаагүй нь шүүхээс Газрын тухай хуулийг бус Ашигт малтмалын тухай хуулийг илүүтэйгээр тайлбарлаж хэрэглэх шаардлагатай болж байна.
8. Учир нь маргааны зүйл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах /хүчингүй болгуулах/ тухай ба ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хууль зөрчиж уг эрхийг олж авсан, өөрсдийнх нь эрхийг хөндсөн гэж нэхэмжлэгч нар үзэж байгаа.
9. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал бол төрийн өмч мөн, 5.2.Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж зааснаар Д аймгийн Б сумын нутаг, Бын булаг нэртэй газарт байрших эрхийг хуулийн шаардлага хангасан этгээдэд олгох эрх Төр болох хариуцагч захиргааны байгууллагад байна.
10. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13. тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, 11.1.14. хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.15. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах ... , 11.1.16. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх, 11.1.17. тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, 11.1.25. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох гэхчлэн бүрэн эрхүүдийг хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгосон, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага ... гүйцэтгэнэ, 20.3. ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал ...төлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ зэргээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах үүрэгтэй байна.
10.1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11. ...хайгуулын болон ...ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх, 10 дугаар зүйлийн 10.1.2. энэ хуулийн 20.1, ...заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах, 17 дугаар зүйлийн 17.3. хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг ...саналыг үндэслэн Засгийн газар батална гэж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, 4.3. энэ хуулийн 4.1-д заасан хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг-ийг баталсан Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хилийн заагийг тогтоох тухай 194 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт, уг тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсан, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоол, 2015 оны 302 дугаар, 2016 оны 155 дугаар тогтоол, 2018 оны 243, 2023 оны 268, 2023 оны 447 гэхчлэн хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхээр батлан гаргасан Засгийн газрын дээрх тогтоолуудад тус тус сонгон шалгаруулалтаар олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол хамаарахгүй байна.
10.2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Журам батлах тухай А/28 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-д заасан зохицуулалтын дагуу маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагчаас олгосон байна.
11. Энэ хүрээнд,
11.1. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 37, 234 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн танай аймгийн нутагт 944,728.15 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талаар Д аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн.
11.2. Уг албан бичгийн дагуу Д аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/379 дугаар албан бичгээр Сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбай нь орон нутгийн нөөцөд авсан газар, усан сан, ойн сан бүхий газар, малчдын өвөлжөө хаваржааны бэлчээр нутаг, хадлан бэлтгэлийн нөөц газруудтай давхцалтай байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид Сэргэлэн сумын 23, 24 дүгээр талбайгаас бусад бүх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзах саналтай байна гэх хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэгт хүргүүлсэн.
11.3. Г ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр СШ ******* талбайн кодтой 1514.05 гектар талбай бүхий Бын булаг гэх нэртэй газарт сонгон шалгаруулалтын үнийн саналын маягт хүргүүлсэн.
11.4. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн XV- дугаартай, Д аймгийн Б сумын Бын булаг гэх нэртэй 1514.05 гектар талбай бүхий газарт ашигт малтмал хайх зөвшөөрлийг Г******* ХХК-д 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар олгож, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл буюу 3 жилийн хугацаатайгаар сунгасан үйл баримтууд тогтоогдсон.
12. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэснээр маргаан бүхий хайгуулын талбай нь шууд хориглосон газарт хамаарахгүй байна.
13. Түүнчлэн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заахдаа аймаг, сум, ... энэ хуулийн 16.1.1 буюу улсын тусгай хамгаалалттай газар, 16.1.6 буюу аймаг дундын отрын бэлчээр, 16.1.7 буюу улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, 16.1.11 буюу бичил уурхайн зориулалтаар олгосон газрыг тус тус өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болохыг хуульчилсан бол, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах хэмээн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хадгалж, хэрэгжүүлэхээр хуульчилсан зохицуулалтын дагуу хориглогдсон газарт хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
14. Харин хэн нэгэн этгээдийн газар эзэмших эрхийг зөрчихгүйгээр хэрхэн ашигт малтмал эрэх хайгуулын үйл ажиллагаа явуулах, хэрэв тэр эрх зөрчигдсөн тохиолдолд хэрхэх вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9. уурхайн талбайн гадна орших газар нутгаар дамжин өнгөрөх, 27.1.10. энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигч зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх эрхтэй буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд байхаар хуульчилж зохицуулсан бол, дээрх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна хэмээн зааж, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг хайх явцад гарч болох үр дагаврыг зохицуулж өгчээ.
15. Үүнээс үзвэл, маргаан бүхий үйл баримт болох нэхэмжлэгч нарын эзэмшил газраар дамжин өнгөрөх, түүний өвөлжөөг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг хариуцах байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой ба үүнийг хязгаарлах үндэслэл алга байна.
16. Энэ утгаараа маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.25, 17 дугаар зүйлийн 17.5.2, 20 дугаар зүйлийн 20.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, М.Б, Ц.Б*******, Б.Б*******, Ю.Д*******, Д.Н*******, Ж.Ц******* нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд Г ХХК-д олгосон XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН