Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/651

 

 

 

 

 

 

   2023            6              22                                          2023/ДШМ/651

 

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Эрхэсийг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2211 00000 1659 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Д.Д, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, философич, геологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суудаг РД:...,

-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хорих ял,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 470 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ял,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 4554 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, уг ялыг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21/433 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ТОСК-ын орон сууцанд оруулж өгнө гэж иргэн Б.У-гаас урьдчилгаа гэж 5,000,000 төгрөгийг залилан авсан, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.А--г “Буянт-Ухаа 2 цогцолборын байранд 1 сарын дотор оруулж өгнө” гэж хуурч, түүнээс байрны урьдчилгаа гэж 3.500.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ... ургийн овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-гаас нийт 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгож, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.А давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр С.А надаас “1 сарын дотор Буянт-Ухаа 2 цогцолбор хотхонд оруулна” гэж залилж 3.500.000 төгрөг авсан. Д.Д нь намайг залилснаа хүлээн зөвшөөрдөг ба мөнгийг минь буцааж төлнө гэж гуйгаад цувуулж 1.900.000 төгрөг төлсөн.

Тэгээд надаас “би шүүх хуралд орох гээд байна, чи бүрэн төлсөн гээд бичиг хийгээд өгөөч, би хурлаас өмнө 1.600.000 төгрөгийг төлчихнө” гэхээр нь би итгэсэн юм. Тэгээд шүүх хуралдаан болсон надад мөнгөө гүйцээж өгөөгүй тухай шүүхэд хүсэлт, гомдол гаргасан боловч шүүх хүлээн авч шийдвэрлээгүйд гомдолтой байна. Д.Д нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн юм байна. Түүнд оноосон торгуулийн ялыг хөнгөдсөн гэж үзэж байна.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ТОСК-ын орон сууцанд оруулж өгнө гэж иргэн Б.У-гаас урьдчилгаа гэж 5.000.000 төгрөгийг залилан авсан, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.А-г “Буянт-Ухаа 2 цогцолборын байранд 1 сарын дотор оруулж өгнө” гэж хуурч, түүнээс байрны урьдчилгаа гэж 3.500.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.У-гийн: “...Миний бие Б.У нь өөрийн ажлын газрын ах болох Ч-аас төрийн орон сууцанд оруулж өгдөг Д.Д гэх хүний талаар анх сонссон. Тэгээд би тэр хүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ээж Б-гийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ард уулзаж байсан. Уулзаад за ингээд Ч ахаас таныг Төрийн орон сууцны байранд оруулж өгдөг талаар сонслоо. Одоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? яах вэ? ямар журмаар энэ байранд ордог юм бэ гэх мэт асуултуудыг асуусан. Гэтэл өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны түвшин доогуур өрх айл гэх мэт боломж бололцоо муутай хүмүүсийг оруулдаг юмаа, одоохондоо бүрдүүлэх бичиг баримт гэж байхгүй. Цаад хүмүүстээ эхлээд урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөх ёстой, тэгээд тэр хүмүүс нь анкет бөглөөд тантай Төрийн орон сууц корпорацын гэрээ хийнэ. Таны гар утасны дугаар дээр бүртгэл ирэх ёстой шүү, 4 билүү 6 оронтой код ирнэ. Ирэхээр нь над руу хэлээрэй би цаад хүмүүстээ хэлнэ тэгж байж баталгаажуулдаг юм гэж надад хэлсэн байдаг. Одоо урьдчилгаа мөнгөө яаралтай байршуулчих гэрээ хэлэлцээр бүх юмаа хийсний дараа үлдэгдэл 10.000.000 төгрөгийг авна гэж ярьж байсан. Та мөнгөө өгчих би цааш нь хүмүүст өгөөд 2021 оны 10 дугаар сар гэхэд л байрандаа орчихно. Гэрээгээ байгуулаад бүх юм жин тан болчихно. За удлаа гэхэд цаад хугацаа нь он гарахаас өмнө 12 дугаар сардаа багтаана. Та шинэ он гарахад шинэ байрандаа байж байна гэх мэт үгсийг хэлж байсан. Тэгснээ надаас мөнгөө бэлнээр өгөх үү? дансаар өгөх үү? гээд асуухаар нь би дансаар өгнөө дараа нь иймээ тиймээ асуудал үүсэж магадгүй гээд өөрийн ээжийн Хаан банкны ... дугаартай данснаас Д.Д гэх хүний хаан банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн. Цаад хүмүүстээ л гэж ярьдаг бөгөөд тэр хүмүүсийнхээ нэрийг хэлж байсан удаа байхгүй. Би тухайн үедээ энэ хүнд мөнгө төгрөг өгөлцөөгүй авалцаагүй гэдэг асуудал гарч магадгүй гэж бодоод нотариат орж зээлийн гэрээ байгуулж байсан, Тэгээд түүнээс хойш байранд орох хугацаа нь болоод яасан талаар асуухад 10 дугаар сард арай амжаагүй байна шүү төсөв нь болсонгүй гэнэ, 12 дугаар сардаа буюу энэ ондоо багтаагаад оруулна. 12 дугаар сард нь ярихад ирэх оны төсөв батлах гээд ажил ихтэй байгаа гэнэ. Түр хүлээж байгаарай гээд бас л хойшлуулсан байдаг. За тэгээд он гарсны дараа 1 дүгээр сард, холбогдоход код ирнэ хүлээж бай гэсэн бөгөөд, за эгчээ би мөнгөө авъя гэхэд чи ёстой тэгж болохгүй, цааш нь чиний материалууд явчихсан байгаа буцаах боломжгүй, чи байрандаа ордгоороо ор, бүр боломжгүй мөнгө хэрэгтэй байгаа бол би өөрөөсөө чамд зээлнэ, мөнгө гаргаж өгнө гэж хэлээд л өгсөн. Тэгсэн боловч өөрөөсөө гаргаж өгсөн зүйл ч байхгүй, байранд оруулсан ч юм байхгүй. Төдийгөөс өдийг хүртэл надад худал хуурмаг үгсийг хэлж аргацааж залилан мэхэлсэн байна. Би энэ хүнд гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Би одоо өөрийн хохирол мөнгөөр бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна...” /хх 10-14/ гэсэн,

гэрч Б.Б-ийн: “...Миний бие Б.Б нь өөрийн төрсөн охин болох У нь Төрийн орон сууцанд оруулж өгдөг гэх Д.Д гэж хүний талаар надад ярьж байсан. Тэгээд манай ажлын ах байрны урьдчилгаа гээд бас хэдэн төгрөг өгчихсөн юм байна. Би тэр ахтай хамт байранд орох гээд байна урьдчилгаа гэж 5.000.000 төгрөг хэрэгтэй юм байна гэж хэлсэн юм. Түүний дагуу Д гэх хүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн охин болох Угийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ард уулзсан. Манай охин өөрийн ажлын газрын ахаас таныг Төрийн орон сууцны байранд оруулж өгдөг талаар сонслоо. Одоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Яах вэ? яг ямар журмаар энэ байранд ордог юм бэ? гэх мэт асуултуудыг асууж байсан. Би хажуу талаас нь та тэгээд найдвартай юм уу? гэхэд би дарга цэргийг нь таньдаг юм эхний ээлжид миний амины, ойрын 10 хүн байгаа тэр хэдийг багтаагаад нэрийг нь оруулна. 2021 оны 10 дугаар сард байрандаа орчихно. Бүр удлаа гэхэд цаад талын хугацаа 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд шинэ байранд орчихсон байна. Байрандаа орохдоо харин үлдэгдэл 10.000.000 төгрөгөө өгчхөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав тохиролцоод мөнгөө шилжүүлэх болсон бөгөөд миний хаан банкны ... дугаартай данснаас Д.Д гэх хүний ... дугаартай данс руу 5.000.000 төгрөгийг манай охин интернэт банк ашиглан уулзах үедээ шилжүүлсэн байдаг. Утган дээр нь яг юу гэж хийсэн талаар мэдэхгүй байна. Манай охин шилжүүлсэн учир тэр талаар мэдэхгүй байна...” /хх 15-16/ гэсэн,

хохирогч С.А-гийн: “...Миний бие С.А нь 2021 оны 09 дүгээр сард Австрали улсаас ирээд, тухайн үедээ амьдрах байр байхгүй байсан учир, аавын төрсөн дүүгийн нөхөр нь болох Ц гэх ах болохоор манай аавд хандаж хороонд ажилладаг гэж санагдаж байна тийм хүн байдаг байранд оруулдаг талаар мэдээллийг өгсөн байдаг. Тэр хүн нь болохоор Д.Д гэж хүн байсан. Тэгээд манай аав намайг, чи очоод уулзчих байранд оруулчхаж юуны магад гэхээр нь утсаар нь холбогдож байгаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчимд уулзсан, тэгэхээр таныг байранд оруулж өгдөг талаар сонслоо гэтэл “өө найдвартай 1 сарын дотор гэхэд л Буянт Ухаа 2 цогцолборын байранд оруулаад өгнөө” гэсэн юм. Тэгээд "за за" гэж хэлээд тохиролцсон бөгөөд, мөнгөө дансаар шилжүүлчхээд, би тухайн үедээ энэ хүнд мөнгө төгрөг өгөлцөөгүй авалцаагүй гэдэг асуудал дараа нь гарч магадгүй гэж бодоод нотариат орж зээлийн гэрээ байгуулж байсан... 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д эгчтэй уулзаад за миний оочир хаана явж байна вэ? Та ядаж харуулаадах? Үгүй бол таны тэр ярьж тохиролцсон гэх хүмүүстэй уулзъя гэхэд, яалаа гэж тэр том хүмүүс чамтай уулзаж байдаг юм гэж хэлээд, түр хүлээж бай гэх мэтээр үргэлжлүүлээд л худлаа яриад яваад байсан юм...” /хх 42-44/ гэсэн,

гэрч Ц.Б-ын: “...Энэ миний хаан банкны дансны дугаар мөн байна. 2020 оноос хойших хугацаанд ашиглаж байна. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1.700.000 мянган төгрөгийн гүйлгээ Д.Д гэдэг хүнээс ... гэсэн утгатай хийгдсэн байна. Манайх Булган дээлийн худалдаа наймаа хийдэг юм. Хорооллын эцэст байрлах “И-Март” худалдааны төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулдаг “Манжуур Булган Шуба” гэх нэршилтэй дэлгүүр байгаа. Бодвол манай дэлгүүрээс 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийгээд төлбөрөө хийсэн байх гэж бодож байна. Уг нь 1.750.000 мянган төгрөгөөр зарагддаг юм. Гэхдээ тухайн үед хямдруулаад 1.700.000 мянган төгрөгөөр зарж борлуулсан юм шиг байна...” /хх 48/ гэсэн,

шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

Доноон Д-гийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 21/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч С.А, Б.У, гэрч Б.Б, шүүгдэгч Д.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулга, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д-гийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилж, хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Шүүгдэгч Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тус зүйл хэсгээс 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэхэд шүүгдэгч нь хохирогч С.А-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулж, үүнээс 1.600.000 төгрөгийг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтад: “...шүүгдэгч Д.Д-гаас нийт 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгосугай.” гэснийг, “...шүүгдэгч Д.Д-гаас нийт 2.100.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.А-д 1.600.000 төгрөгийг, хохирогч Б.У-д 500.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Хохирогч С.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ