2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01138

 

 

 

 

     2025             02                  10                                                192/ШШ2025/01138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...........тоот хаягт байрлах “Р ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............тоот хаягт байрлах “К ” СӨХ-нд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36,907,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36,907,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч “К ” СӨХ-тэй 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж хамтран ажилласан. Хариуцагч байгууллага нь сар бүрийн төлбөрөө гүйцэт төлөөгүйн улмаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгосон. Иймд үлдэгдэл төлбөр болох 36,907,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч “К ” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.СӨХ-ны данс тооцоог шүүж үзээд 270,895,000 төгрөг данснаас гарсан байна. Нэхэмжлэл нь дутуу бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна гэж тайлбарласан ба хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болсон эсэх талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын гэрээ” (2019.09.12, 2021.12.01)-ний эх хувь, тооцооны баримтын жагсаалт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын 202107000027 дугаар бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас тус СӨХ-ийн 18/98-2 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, 2019 оны 09 дүгээр сараас эхлэн “Р ” ХХК-ийн төлбөр төлсөн дансны хуулга, “Р ” ХХК-аас тус СӨХ-нд хаяглан ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36,907,500 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “К ” СӨХ-тэй 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс “Аюулгүй байдлыг хангах хамгаалалтын гэрээ” байгуулж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж хамтран ажилласан. Хариуцагч байгууллага нь сар бүрийн төлбөрөө гүйцэт төлөөгүйн улмаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгосон. Иймд үлдэгдэл төлбөр болох 24,605,000 төгрөг, алданги 12,302,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ СӨХ-ны данс тооцоог шүүж үзээд 270,895,000 төгрөг данснаас гарсан байна. Нэхэмжлэл нь дутуу бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүний 80004426 дугаар утсаар холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд хүсэлт, баримтыг ирүүлээгүй байх тул түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч “Р ” ХХК болон хариуцагч “К ” СӨХ-ын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Аюулгүй байдлыг хангах хамгаалах гэрээ” 1 жилийн хугацаатай байгуулагдаж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээг шинэчлэн 1 жилийн хугацаатай байгуулсан. (хавтаст хэргийн 5-13 дахь тал)

 

5.2.Дээрх гэрээгээр нэхэмжлэгч компанийн зүгээс “.........”-ыг гэнэтийн болон гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтын алба хаагж ажиллуулах, хариуцагч нь үйлчилгээний хөлс буюу 1  сарын хөлс 8,400,000 төгрөг (2019-2021 онд)-ийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд төлөх, 1 сарын хөлс 10,800,000 төгрөг (2021-2022 онд)-ийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд төлөх үүрэг хүлээжээ.  (хавтаст хэргийн 5, 9 дэх тал)

 

5.3.Дээрх гэрээ нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан. (хавтаст хэргийн 33 дахь тал)

 

6.Нэхэмжлэгч “Р ” ХХК болон хариуцагч “К ” СӨХ-ын хооронд байгуулагдсан “Аюулгүй байдлыг хангах хамгаалах гэрээ”-ээр харилцан хүлээсэн үүргийн агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.Аюулгүй байдлыг хангах хамгаалах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талуудын хооронд маргаангүй болно.

 

8.Иймд нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар “Аюулгүй байдлыг хангах хамгаалах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг буюу гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

9.Нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч байгууллагын гүйцэтгээгүй үүргийг 24,605,000 төгрөг гэж тооцож, улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрэээний 2.6-д зааснаар алданги 12,302,500 төгрөг гэж тооцоолсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч “К ” СӨХ-ын зүгээс баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч компани нь хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 24,605,000 төгрөг, гэрээний 2.6-д “...хэтэрсэн хоног тутамд нийт төлбөрийн 0.5% тэнцэх алданги нэмж тооцно”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хугацаандаа төлөөгүйн алдангид 12,302,500 төгрөгийг тус тус шаардах эрхтэй.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “К ” СӨХ-өөс 36,907,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р ” ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 342,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч компанид олгож хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К ” СӨХ-өөс 36,907,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р ” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К ” СӨХ-өөс 342,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД