2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01139

 

 

 

 

     2025             02                  10                                                192/ШШ2025/01139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод ..........хөгжил төвд байрлах “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............тоот хаягт оршин суух А.З холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч А.З тай Галакси А54 загварын гар утсыг худалдах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн хүү 355,007.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,714.7 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1,332,590.4 төгрөг, нийт 1,694,312.47 төгрөгийн төлбөртэй байна. Уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчид 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулахад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “С ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8-ЗГ-23070100 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно (хавтаст хэргийн 3-17 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч А.З тай Галакси А54 загварын гар утсыг худалдах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч хариуцагч нь уг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн хүү 355,007.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,714.7 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 1,332,590.4 төгрөг, нийт 1,694,312.47 төгрөгийн төлбөртэй байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримт, мэдээллийг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг шүүх хуралдаанд хүдэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигч талуудын тайлбарын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаагүй. (хавтаст хэргийн 11-15 дахь тал)

 

5.Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн огноо бүхий 8-ЗГ-23070100 дугаар зээлийн гэрээний удиртгал хэсгийн “Нэг талаас” гэх хэсэгт зээл олгогч байгууллагын нэрийг далдалсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК болон хариуцагч А.З  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

6.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч компаниийн өмнө 1,694,312 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй буюу шаардах эрх үүсээгүй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.З т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,694,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,672 төгрөгийг улсын орлогод хэв++ээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД