Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/707

 

 

 

 

 

 

   2023            7              06                                          2023/ДШМ/707

 

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

            яллагдагч Ч.А, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, О.Буянтөр, Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/986 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ч.А-т холбогдох эрүүгийн 2208 00000 2067 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...овгийн Ч.А, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байр, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.../.

Яллагдагч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... тоотод байх гэртээ бага насны буюу 10 нас 10 сартай Д.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлыг далимдуулан хүчээр гарын хуруу болон бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, мөн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Е.Барсболдын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын 5 дахь хэсэгт “...Үзүүлэгч Ч.А /.../-ны цусны бүлэг ДНХ нь ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хороолол, ... тоотод 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 10 настай Д.М бусдад хүчиндүүлсэн гэх хэргийн газраас хураан авсан үзмэн ягаан өнгийн шорт, ягаан өнгийн дотоож, цагаан эрээн өнгийн даавуун дээрээс илэрсэн эр бэлгийн эс болон ДНХ-тэй тохирох эсэх...” (1хх 119) гэж шинжээчээр Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Сүхбаатарын Чулуунсүхийг томилж, түүнд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хууль сануулсан байна. Гэтэл Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч Э.Чингүүний 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай дүгнэлтээр (1хх 222) хэргийн газрын үзлэгээр хураан авсан цайвар өнгийн судалтай орны даавуу зэрэг зүйлд биологийн гаралтай мөр байгаа эсэх, ДНХ-ийн тогтцыг тогтоох, Ч.А-ын ДНХ-ийн тогтоцтой харьцуулах шинжилгээ хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмаас шинжээчийг томилж, томилогдсон шинжээчид Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж шинжилгээ хийлгэх бөгөөд шинжээч томилох шинжилгээ хийлгэх тухай тогтоолд шинжээчээр С.Чулуунсүхийг томилсон атал шинжээч Э.Чингүүнийг хэрхэн томилсон, эсхүл шинжээч нь солигдсон эсэх баримт нь хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал, нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч Э.Чингүүний 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтэд “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч. цагдаагийн хошууч Б.Өлзийхутагтын шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэж шинжилгээ хийв...” гэж дурдсан бөгөөд Мөрдөгч Б.Өлзийхутагтын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд (1хх 107) үзмэн ягаан өнгийн түрсик 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн унтлагын шорт зэрэгт шинжилгээ хийлгэхээр томилсон. Харин хэргийн газрын үзлэгээр хураан авсан “цагаан өнгийн эрээн орны даавуу”-нд шинжилгээ хийлгэхээр дурдаагүй тул шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, түүнд хууль сануулж, шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Харин яллагдагчийн өмгөөлөгч нарын дурдсан хохирогч Д.М-ийн нас тоолсон тэмдэглэл (1хх 40-41)-д хохирогчийн овог, нэр буруу бичигдсэн талаарх асуудлыг цаашид анхаарвал зохино.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр яллагдагч Ч.А-т холбогдох эрүүгийн 2208 00000 2067 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэлдээ: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням би, эрүүгийн 2208000002067 дугаартай яллагдагч Ч.А-т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 04- ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2023/ШЗ/986 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэснийг зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар хангалттай шалгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн орны даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн, илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцээгүй гэж” дүгнэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд шинжилгээ хийсэн шинжээч эмчийг оролцуулан шинжилгээний явц байдлын талаар тодруулах боломжтой, нөгөөтээгүүр шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Ч.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд шаардлагатай бол шинжээч томилох, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/986 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаар шинжээчийн дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн орны даавуун дээрээс эр бэлгийн эс илэрсэн боловч ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцээгүй” гэж дурдсан. Уг шинжээчийн дүгнэлтийг прокурорын зүгээс нотлох баримтын хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх эрх нь шүүхэд байгаа. Иймд прокурор энэ талаар саналаа гаргаж, шүүх гэм буруугийн шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийг шийдвэрлэж, 98 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой. Учир нь, 98 дугаартай шинжээчийн дүгнэлт нь уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт биш гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

Яллагдагч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан боловч прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай санал нэг байна. Мөн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Учир нь, мөрдөгч миний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авахдаа албан ёсны прокурорын зөвшөөрөл аваагүй. Мөн надаас сайн дурын зөвшөөрөл авах ёстой атал зөвшөөрөл авалгүйгээр миний өмнөөс шинжилгээ авахад татгалзах зүйлгүй гэж бичиж гарын үсэг зурж, биеэс минь 2 грамм цус авсан. Иймд би энэ талаар шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

Яллагдагч Ч.Аын өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би прокурорын эсэргүүцэлтэй танилцаагүй. Миний хувьд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй.” гэв.

Яллагдагч Ч.Аын өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудын талаар зохицуулсан. Яллагдагч Ч.А-ын холбогдсон хэргийн хувьд дээрх зүйл заалтад зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн нотлоогүй. Иймд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч Ч.А-ын өмгөөлөгч О.Буянтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг агуулгын хувьд дэмжин оролцож байна. Уг хэрэг дээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад яригдсан боловч захирамжид дурдагдаагүй хэд хэдэн асуудлууд байдаг. Тухайлбал, яллагдагч Ч.А-ын гэр бүлийн 2-3 хүнээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг сануулаагүй. Энэ талаар шүүгчийн захирамжид дурдаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа энэ талаар анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад Ч.А-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... тоотод байх гэртээ бага насны буюу 10 нас 10 сартай Д.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлыг далимдуулан хүчээр гарын хуруу болон бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, мөн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байдлыг зөвтгөн залруулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тодорхой заасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь зөв байна.

Түүнчлэн, насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн нас тоолсон тэмдэглэлд хохирогчийн овог нэрийг С.Н гэж буруу бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.

Иймд прокурор С.Энхнямын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/986 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/986 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ                         

 

                        ШҮҮГЧ                                                                  Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ