Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/704

 

    

 

 

   2023            7              06                                          2023/ДШМ/704

 

 

А.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Г.Тамир, Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Галбадар, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.У-д холбогдох эрүүгийн 2211 00000 0534 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн А.У, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хог ачилтын тээврийн хэрэгсэл ажиллуулдаг, ам бүл ..., ... хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 28-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /РД:ЧМ74101061/.

Шүүгдэгч А.У нь 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хамтран амьдрагч Э.Б-тай маргалдаж улмаар хүний амьд явах эрхийн эсрэг халдаж, хохирогчийн биед зүүн бугалгын урд дунд хэсэг дэх тараагуур, хураагуур судас, баруун шууны урд дээд ба дотор дунд хэсэг дэх хураагуур судас, булчин гэмтээсэн, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, гадна доод хэсэг, нүдний дээд зовхи, баруун хацрын доод хэсэг, эрүү, баруун хөхний хэсэг, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын долоовор, ядам хуруу, зүүн гуяны гадна дээд ар хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх, толгой, их бие, мөчдөд зулгаралт, цус хуралт, зурагдсан зулгаралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.У-ыг 13 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар А.У-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-аас нийт 5.301.221 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 21 см урттай, шаргал өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, нийт 25 см урттай шаргал өнгийн модон илдүүр 1 ширхэг, нийт 65 см урттай мөнгөлөг өнгийн төмөр хүрз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж ирүүлсэн сиди 1 ширхгийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.У 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоног, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 174 хоног, нийт 203 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... овогтой У миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр арын 10-ны өдрийн 2023/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гомдлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

       Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд “...хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн шүүгдэгч А.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/781 дугаар шийтгэх тогтоол зэрэг нь нотлох баримтуудаар шүүгдэгч А.Уыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэх үндэслэл тогтоогдож байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

            Миний бие 2020/ШЦТ/781 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн үнэн бөгөөд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Гэвч үүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэх үндэслэл болгосон нь Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасныг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус зөрчиж, миний хэргийг дээрх нөхцөлөөр хүндрүүлснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

            2. Шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд “шүүгдэгч А.У нь хамтран амьдрагч Э.Б-гийн амьд явах эрхийн эсрэг амь насанд нь халдсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарч байна гэж дүгнэв” гэсэнд гомдолтой байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь ...үргэлжилсэн, тасралтгүй, байнгын шинжтэй хууль бус үйлдлүүдийн давтамж гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялаар шийтгүүлсэн байна гэдгийг дахин тоочин хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь амь хохирогч Э.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж байсан нөхцөл байдлууд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй гэсэнд гомдолтой байна.

            Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолд “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...байнгын шинжтэй...эдийн засаг, бие махбодын дарамтад суурилсан харьцааг тодорхойлсон гэж үзнэ. Дээрх  харилцааны явцад хүний амь насыг санаатай хохироосон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан заалтад “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэргээр зүйлчилнэ” гэж тодорхойлжээ. Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга” нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно гэж Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 203 тоот тогтоолд заажээ.

            Улсын яллагч “байнгын” гэх үндсэн шинжийг хангахдаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт:

            1. Яллагдагч А.Уын үйлдсэн 2018 оны 01 дүгээр сард гэр бүлийн хамаарал бүхий Э.Бтай маргалдаж, гаран тус газар хутгаар зүссэн.

            2. 2020 оны 5 дугаар сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий Э.Б-гийн нүүрэн тус газар /сүүлд гэрч Б.У хамран дээр гэж мэдүүлсэн/ сэрээгээр зүсэж  гэмтээсэн.

            3. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Б-гийн баруун шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дурджээ. Эхний 2 нь огт үндэслэлгүй гүтгэлэг юм. Шийтгэх тогтоолын 10 дугаар хуудсанд гэрч Б.У-ын “...талийгаач гарын булчин хэсгээрээ хутгалуулчихсан байсан ба би тэр хоёрыг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн гарын хутгалуулсан хэсэгт оёдол тавиулаад...” гэсэн мэдүүлэг байна. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 140 дэх хуудсанд байна. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивын лавлагаагаар худлаа болох нь харагдаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр гэрч Б.У-ын нөхөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б “А.У нь манай ахыг өмнө нь хутгалж байсан” гэж хэлэхэд шүүгч Л.Галбадарын “та өөрөө хутгалж байхыг нь харсан уу” гэсэн асуултад “хараагүй, манай эхнэр Б.У харсан гэж хэлсэн” хэмээн хариулсан байтал гэрч Б.У-н мэдүүлэгт “А.У эгчийг сонинд хутга ороогоод гарахаар нь хутгалсан юм байх гэж бодсон” гэж байна. Энэ талаар миний өмгөөлөгч Г.Тамир 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд “...улсын яллагч 2 дахь дүгнэлтдээ өмгөөлөгчийн хэлснийг няцааж үгүйсгэсэнгүй. 2018 оны 01 дүгээр сар, 2020 оны 5 дугаар сарын үйлдэл А.У-ыг гэм буруутай гэж прокурор тогтоосон гэж оруулаад ирж байна. У эх сурвалжаа хэлж чадахгүй, бусад нотолгооны хэрэгсэлээр тогтогдоогүй. Ганцхан гэрчийн хаанаас, яаж харсан өнцгөөс шалтгаалах гээд байна. Шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг ийм зөрүүтэй байхад улсын яллагчийн зүгээс “тогтоогдсон” гэх дээрх үйлдлийг “тогтоогдоогүй” гэж үзэж өгнө үү. Гэрч таамгаар ярьж байхад прокурор үүнийг тогтоогдсон гэж үзэн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан ороод ирснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэсэн нь 3 дугаар хавтаст хэргийн 34 дэх хуудсанд бий.

            Шүүгдэгч Н.У нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэнд маш гомдолтой байна.

            Би үнэхээр тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байгаа юм.Талийгаач над руу заазуур бариад дайрахад миний нүдэнд хутга, ганжин харагдсан ба нэг мэдэхэд талийгаачийн өмнөөс савчихад талийгаач цааш эргэн явсан. Би хажуу дахь орон дээр сууж нэлээн уйлж байгаад хувцсаа ч тайлалгүй унтаад өгсөн байсан. Би ганц охиноо тусдаа амьдрахыг нь зөвшөөрөн байж энэ хүнтэй хамт амьдарсан. Өөрийн сонгосон хань ижлээ юу гэж хүсэж амь насыг нь хохироох билээ. Энэ дүгнэлтийг унших бүрд л голдоо ортол гомдож, уйлах юм. Талийгаач намайг зоддог байсан нь үнэн. Архи уусан үедээ догшин, хэрцгий авиртай болдог. Согтуудаа хэлсэн үг, үйлдлээ эрүүлдээ огт санадаггүй болохоор би тухайн үедээ гомдсон ч “за ямар эрүүл саруул ухаанаар гаргаж байгаа авир биш дээ, яаж ийж байгаад архинаас л гаргая” гэж санан 2-3 хүн дээр дагуулан очиж арга чарга, дом хийлгэсэн ч үр дүн гараагүй. Бид 2 хүүхэдтэй болох гэж “Юнимед” эмнэлэгт эхний ээлжинд би ганцаараа шинжилгээ өгчхөөд гарсан хариунд сэтгэл өөдрөг байсан юм. Намайг ямаршуухан нөхцөл байдалд байгаа хадам ээж маань л гадарладаг байсан. Тиймдээ ч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны шүүх хуралдаан дээр гэрчээр дуудагдан ирээд “мэдүүлэг өгмөөргүй байна” гэж хэлээд гарахдаа намайг тэвэрч, үнссэн. Эх хүний хувьд үүнээс өөр уучлал, үүнээс илүү өрөвдөх сэтгэл гэж юу байх билээ. Энэхүү шүүх хуралдаанаар прокурорт өгсөн үүрэг даалгаврын нэг тал нь шүүгдэгч миний санаа сэтгэл хүчтэй, цочрон давчидсан эсэхийг тодорхойлуулах явдал байсан ба би эмч нарын дүгнэлтэд туйлын сэтгэл дундуур байна. Шүүх хуралдаанд 2 эмчийг дуудан оролцуулсан ба тэд гаргасан дүгнэлтээ прокурор, шүүх бүрэлдэхүүн, өмгөөлөгчийн өмнө хамгаалж чадаагүй шүү дээ.

            Иймд шүүгдэгч А.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хэмээн хүндрүүлэхийн тулд “байнгын” шинжийг гарган ирэх гэж намайг 3 удаа талийгаачийн эрүүл мэнд, бие махбодод халдаж байсан мэтээр нийлсэн ашиг сонирхол бүхий гэр бүлийн 2 хүний мэдүүлгээр буруутгасан нь үндэслэлгүй байна.

Яг үнэндээ бол би гэр бүлийн хүчирхийлэлд байнга байсан нь миний бие дээрх шүд болон хутга, дорцовны нөлөөгөөр үүссэн 25 сорви, цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн 30 гаруй дуудлагаар нотлогдох боловч цагдаагийн дуудлагын лавлагаанаас өөр баримт миний хавтас хэрэгт нэг ч хавсрагдаагүй. Талийгаач өөрөө ээждээ миний хацар дээр тамхиа дарж унтрааж байснаа, уруулын дээд талд өм болон цоортол нь хазсанаа хэлж байсан. Миний зөвхөн толгойд л гэхэд 10 гаруй сорви бий. Миний үүдэн 2 шүдийг “урдаас юм ярилгүй удаан дуугүй байлаа” гэж юмаар хөшин зэрэг унагааж, үхэр шиг болгоно гээд толгойг 2 газар хагалж, юм бичдэг хурууг чинь тасдчихвал чи ажилдаа буцаж орно гэхээ болих байлгүй гээд баруун гарын долоовор хурууг хутгаар гүнзгий зүсэн гэмтээж, хөдөө өөрийнхөө ах дүүсийн гэрт нүдийг минь юм харахгүй болтол, доошоо цус алдтал хэрцгийгээр зодож байсан би талийгаачийг надад хайртай гэдэгт итгэн хадмуудынхаа надад өгдөг урмын үгэнд урамшин, архи дарсанд л бурууг өгч, уучлан өнгөрүүлдэг байсан.

Би энэ хүнтэй хамтран хүн шиг амьдрахын тулд өөрт байх бүх нөөц боломж, сэтгэл зүрхээ зориулсан. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны шүүх хуралдаанаар би хохирол төлөх 5 хоног авсан боловч хашаа байшинг барьцаалан зээл олгосон хүн надаас мөнгөө нэхэмжлэн иргэний шүүхэд хандахдаа миний дансыг хаалгаснаас болж төлж амжилгүй 2023 оны 4 дүгээр сарын 20-ны шүүх хуралдаанд оролцсон. Гэхдээ охиныхоо тусламжтайгаар шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

Би 2023 оны 02 дугаар сард болсон шүүх хуралдаанд “миний асаргаанд байдаг төрсөн ах Ж.Б-ийг ахмадын асрах газар хүлээлгэн өгөх боломжоор хангаж батлан даалтад түр ч гэсэн гаргахыг хичээнгүйлэн гуйсан боловч хохирогч тал зөвшөөрөөгүй. Ах минь 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нас барлаа. Надад үнэхээр хүнд байна. Би одоо 49 настай. Сэтгэл санааны хямрал, стрессээс шалтгаалж зүрхний хэм алдагдан, даралт огцом ихсэж Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эрхэм шүүгчид ээ. Миний гаргасан гомдлыг хүлээн авч, миний хэрэгт тохирох зохих зүйл ангиар намайг зүйлчлэн надад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5, 1.7 болон мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн тохирох заалтын дагуу хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие дараах үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 2023\ШЦТ\253 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.У-д Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2,8-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12-р хуудсанд:...Шүүгдэгч А.У нь хамтран амьдрагч Э.Б-гийн амьд явахын эсрэг, амь насанд аюултайгаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж, амь насыг нь хохироосон үйлдэл нь бие махбодын хүчирхийлэлд хамаарч байна гэж дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдэгдэхдээ үргэлжилсэн, тасралтгүй, байнгын шинжтэй хууль бус үйлдлүүдийн давтамж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг ухамсарлан ойлгож, түүнийг зориуд хүсэж үйлдсэн нөхцөл байдлуудаас хамаардаг Шүүгдэгч А.У нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 сарын 11-ны шөнө Чингэлтэй дүүргийн 7-р хороо хувьсгалчдын 6-1 гудамжны 196-а тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.Б-г гэрээсээ хөөж, аяга, таваг, сэрээ шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож торгох ялаар шийтгүүлсэн байна. Мөн хавтас хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь амь хохирогч Э.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж байсан нөхцөл байдлууд тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь хэт яллах талын барьж шүүгдэгч А.У-ын гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан бие дэх үзлэгээр хуучин гэмтэж бэртсэн 25 шарх, мөн 102, хороо, дүүргийн цагдаагийн байгууллагад өмнө өгч байсан 30 гаруй дуудлагууд, дуудлагыг А.У өөрөө буцааж байсан эдгээрт огт дүгнэлт өгөөгүй мөн А.У-ын сэтгэл санаа цочирдон давчидсан талаар дахин шинжээч томилуулахад шүүхээс хэрэг буцсанаас хойш 60 хоногт мөрдөгч, прокурор ямар нэгэн үйл баримт бүрдүүлэхдээ, яллах, цагаатгах нотлох баримтуудыг ижил түвшинд цуглуулах байтал зөвхөн яллах талыг барьж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэр бүлийн хамаарал бүхий гэрч Б.У-аас эх сурвалжаа зааж чадахгүй барин тавин худал мэдүүлэг авч миний үйлчлүүлэгч шүүгдэгч А.У-ын эрх зүйн байдлыг дордуулж оруулж ирсэн байх нь хууль зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.

Мөн шийтгэх тогтоолын 13 хуудсанд: Шүүгдэгч А.У нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүрсэн байх тул гэм буруугийн санаатай үйлдлээр гэм хэрэг үйлдсэн байна. Иймд прокуророос дээрх үйл баримтыг дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-ийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13-р хуудсанд: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийн тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Уын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч А.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-ийн 2 дахь хэсгийн 2.8 дахь зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч А.У нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалт шүүхийн шатанд гэм буруу дээрээ огт маргаагүй мөн хохирлын нийт 6.001.221 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д төлж барагдуулсан зэргийг харж үзнэ үү.

Иймд шүүгдэгч А.У-ыг зүйчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1.5 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэлх хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаар учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах гэж заасан тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 2023\ШЦТ\253 тоот шийтгэх тогтоолыг өөрчилж А.Уад оногдуулсан арван гурван жилийн нээлтэй хорих ялыг хөнгөрүүлж эрх зүйн байдлыг дээрдүүлж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч А.У нь байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хувийн байдлыг огт тогтоогоогүй. Мөн өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирогч талаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй байгаа. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Уаас нийт 5.301.221 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ талаар 1 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгсөн. Мөн уг хэргийг анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан 60 хоногийн хугацаанд мөрдөгч, прокурор ямар нэгэн нэмэлт ажиллагаа огт хийгээгүй. Зөвхөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эхнэр болох Б.Уас мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт үндэслэн миний үйлчлүүлэгч А.Уыг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Гэтэл гэрч Б.У нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг огт заадаггүй. Мөн хэрэг прокурорт буцсан байх хугацаанд шүүгдэгч А.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцоход “хохирол төлбөрөөс гадна хөөрөг, хог ачдаг жижиг автомашинаа өгөх юм бол бид ямар нэгэн гомдол саналгүй” гэж хэлсэн байдаг. Энэ үед шүүгдэгч А.У нь хувийн батлан даалтад байсан бөгөөд тухайн автомашин нь лизингтэй байсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид “хохирол төлбөр төлөхөд үнэхээр хэцүү байна. Машин лизингтэй байгаа тул өгөх боломжгүй байна” гэж хэлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б “тэгэх юм бол би өөрөөр ярина шүү” гэж хэлээд удаа дараа шүүхэд “шүүгдэгч А.У-ыг цагдан хорьж өгнө үү” гэж гомдол гаргаж байсан. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, миний үйлчлүүлэгч А.У-ын эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №2023/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Шийтгэх тогтоолын агуулга: Шүүгдэгч А.У-ыг 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 хороо, Хувьсгалчдын Б-1-196 тоотод хамтран амьдрагч Э.Б-тай маргалдаж улмаар хүний амьд явах эрхийн эсрэг халдаж, хутгыг зэвсэг болгон хэрэглэж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Б-г гэм буруугийн санаатай хэлбэрээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.8 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангид зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл:

Нэг.Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гомдлын тухайд.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талын байр сууринаас оролцож, хавтаст хэргээс 1-р хх-н 31-33, 34-44 хуудас 2022.03.09-ны өдрийн шүүгдэгч А.У-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлэн авсан гэрэл зургууд, гэрч А.Х-ийн мэдүүлэг, /1-р хх-н 60, 61/, гэрч З-н мэдүүлэг /1-р хх-н 69-70, 80, 81/, гэрч Э.Х-ийн мэдүүлэг /1-р хх-н 80-81/, гэрч П.Г-ийн мэдүүлэг /1-р хх-н 92/, ШШҮХ-н №4040 дугаартай Уын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 129/, гэрчээр А.У-ын өгсөн мэдүүлэг /1хх 88/, Цагдаагийн байгууллагын “102” тусгай дугаарт өгсөн дуудлага мэдээллийн лавлагаанууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, мэтгэлцэж оролцсон.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлаад дүгнэж үзэхээр амь хохирогчийн хувьд 2018 оноос 2022 оныг хүртэл энэ 4 жилийн хугацаанд шүүгдэгч А.У-д байнгын агсан согтуу тавих, зодох, хүчирхийлэх энэ үйлдлүүд нь үнэхээр хэрээс хэтэрсээр сүүлдээ миний үйлчлүүлэгч шүүгдэгч А.У нь өөрийн үйлдлийг хянах, эрүүл ухаанаар сэтгэж үйлдлээ хянаж удирдах чадвараа алдахад хүртэл хүргэсэн гэх дүгнэлтэд хүргэхээр байна.

Учир нь шүүгдэгч Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч нар болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээс үзэхээр нэг л зүйлийг хэлдэг энэ “...өөрт байнга хүч хэрэглэдэг, хүч хэрэглэхээр заналхийлдэг, хүндээр доромжилдог, эрхшээл дарамтандаа байлгадаг, амь хохирогчийн зүй бус үйлдлийг л мэдүүлдэг...” энийгээ би маш их айдаг байсан гэж хэлээд байдаг.

Үүнээс дүгнээд үзэхээр шүүгдэгч А.У-ын санаа, сэдэлт, зорилго нь амь хохирогчийг алах зорилготой энэ зорилгодоо хүрсэн гэж үзэхэд үнэхээр эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У нь 2022.03.07-08-нд шилжих шөнө амь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлээс болж шүүгдэгчийн сэтгэл санаа нь хоромхон зуур хүчтэй цочрон давчдаж өөрийн ухамсарт үйлдлээс гаргаж хийсэн үйлдэл, шүүгдэгчийн цочрон давчдах шууд шалтгаан нь амь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэж үзэхээр байна. Амь хохирогчийн хууль бус үйлдэл нь шүүгдэгч У-ын хувьд хүлээгээгүй, хүсээгүй нөхцөл байдалд шууд хүргэсэн гэж үзэхээр байна.

Шүүхээс шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлгээр шүүгдэгч Уын сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан гэх шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны мэдлэгт тулгуурладаггүй хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтыг дүгнээгүй, үгүйсгэж няцаасан үндэслэлийг зааж хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй хийгээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “ дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:” гэж хуульчилсан.

Шүүхийн 253 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 2.1-д “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, ...шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал", мөн 2.3 дэх хэсэгт “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт,....дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-г, 2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”- г тусгаж өгөхөөр заасан.

Гэтэл Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хэргийн
бодит байдлыг тогтоохын тулд шүүх хуралдаанд үндэслэл болгосон нотлох
баримтуудыг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн шүүхээс шүүх
хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч А.У-ын үйлдлийг ЭХТА-н 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

Би 2 үндэслэлээр буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар давж заалдах гомдлоо гаргасан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнээгүй атлаа шийдвэр гаргасан. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай буюу “шүүгдэгч А.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна” гэж оролцохдоо нотлох баримт шинжлэн судлуулж, хууль зүйн дүгнэлт хийлгүүлэхээр хүсэлт гаргасан. Тухайлбал, 1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дугаар тал, 34-44 дүгээр талд 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүгдэгч А.У-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр түүний биед 30 гаруй төрлийн шарх, сорви үүссэн байдаг. Мөн гэрч А.Х, З, Э.Х, П.Г нарын мэдүүлэг, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №4040 дугаартай шүүгдэгч А.У-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн лавлагаанууд зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч А.У нь амь хохирогчийн байнгын хүчирхийлэл, дарамтад байсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж, сэргээн дүрсэлж ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүхээс шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.У-ын сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны мэдлэгт тулгуурладаггүй. Хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтыг шүүх дүгнээгүй, үгүйсгэж няцаасан үндэслэлийг зааж хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан анх ороод 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн тогтоолоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт 60 хоногийн хугацаагаар буцаасан байдаг. Уг шүүхийн тогтоолд “хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинж байгаа эсэхийг шалгаж, тогтоох шаардлагатай” гэж дурдсан. Үүний дараа миний үйлчлүүлэгч А.У нь цагдан хорих байгууллагаас “би гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Үүнтэй холбоотойгоор хэдэн хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Мөн би Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан лавлагаа болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан баримтуудаа авмаар байна” гэж хүсэлт гаргасан боловч прокурор уг хүсэлтийг хангаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №8 дугаар хүсэлт хангахаас татгалзсан тухай прокурорын тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хүсэлтийг хангах боломжгүй байна” гэж дурдсан атлаа 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.У-ыг гэрчээр тогтоож, түүнээс гэрчийн мэдүүлэг авч яллах талын нотлох баримт болгож миний үйлчлүүлэгч А.У-ын эрх зүйн байдлыг дордуулж ялласан байдаг. Гэтэл зөвхөн гэрч Б.У-ын мэдүүлэг нь яллах талын нотлох баримт болох эсэх нь эргэлзээтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.У нь хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдэл болохыг ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байсан. Гэхдээ шүүгдэгч А.У нь “би амь хохирогчийг санаатайгаар алъя гэж бодоогүй. Учир нь, би гэр бүлийн байнгын хүчирхийлэлд амьдарч байсан. Амь хохирогч спортоор хичээллэдэг бөгөөд том биетэй хүн байдаг. Би тухайн үд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрэг гарах үед би нэг гартаа гурилын элдүүр, нөгөө гартаа хутга барьсан байсан. Би зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор амь хохирогч руу самардаад байсан.” гэж мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч А.У нь өөрийн биед үүссэн шарх, сорвийг надад үзүүлж байсан. Иймд би прокурорт шүүгдэгч А.У гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан боловч прокурор хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Хүний амь нас хохирсон тул хохирлыг үнэлэх боломжгүй. Харин хор уршгийн тухайд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-аас нийт 5.301.221 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Уг хохирол төлбөрийг миний үйлчлүүлэгч А.У бүрэн төлж барагдуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудсанд гэрч А.Х-ийн мэдүүлэг авагдсан. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудсанд гэрч З-ийн шүүгдэгч А.У нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн хүчирхийлэлд амьдарч байсан талаар мэдүүлэг авагдсан байдаг. Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг тодруулахаар хэргийг прокурорт 60 хоногийн хугацаагаар буцаасан. Иймд шүүгдэгч А.У 461 дүгээр цагдан хорих байгууллагад хоригдож байх хугацаандаа хэд хэдэн гэрчүүдийг асуух, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа нотлох баримт цуглуулах тухай хүсэлт гаргасан боловч прокурор хүсэлтийг хангаагүй атлаа хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн эх уйлаад шүүгдэгч А.У-ыг үнсэж байсан. 3 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр талд гэрч Б.У “А.У талийгаачийг зодож, цохиж байсан талаар асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг авагдсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж заасныг зөрчсөн. Иймд миний үйлчлүүлэгч А.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.У нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч А.У нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг гаргасан 2 шинжээч эмч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар тодорхой тайлбарласан. Шинжээч нар “шүүгдэгч А.У нь гэмт хэрэг үйлдэхдээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тогтоогдохгүй байна” гэж дүгнэлт гаргасан. Амь хохирогч нь шүүгдэгч А.У-ын хамтран амьдрагч байсан. Хэдийгээр гэрлэлтийн баталгаагүй боловч Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий хүн нь байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.У нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг шалгаж түүний биед үзлэг хийхэд 30 гаруй төрлийн шарх, сорви үүссэн байсан боловч тухайн шарх, сорвийг амь хохирогч учруулсан болох нь хангалттай нотлогддоггүй. Шүүгдэгч А.У нь амь хохирогчтой хамт амьдарч байх хугацаандаа хамтран амьдрагч Э.Б-г гэрээсээ хөөж, аяга, таваг, сэрээ шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэр гарсан байдаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч А.У нь урьд нь амь хохирогч Э.Б-тай маргалдах үедээ хутга авч түүнд халдаж байсан болох нь тогтоогддог. Шүүгдэгч А.У нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ амь хохирогчид олон тооны гэмтлүүд учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд дээрх үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь хангалттай тогтоогдож байна. Уг гэмт хэргийн зүйлчлэлийн шинж бүрэн хангагдсан тул шүүгдэгч А.Уын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхээс түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон. Мөн шүүгдэгч А.У нь хохирол, төлбөрөө төлж барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбоотой заалтыг шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч А.У нь 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-1-196 тоотод  хамтран амьдрагч Э.Б-тай маргалдаж улмаар хүний амьд явах эрхийн эсрэг халдаж улмаар хохирогчийн биед зүүн бугалгын урд дунд хэсэг дэх тараагуур, хураагуур судас, баруун шууны урд дээд ба дотор дунд хэсэг дэх хураагуур судас, булчин гэмтээсэн, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, гадна доод хэсэг, нүдний дээд зовхи, баруун хацрын доод хэсэг, эрүү, баруун хөхний хэсэг, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын долоовор, ядам хуруу, зүүн гуяны гадна дээд ар хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх, толгой, их бие, мөчдөд зулгаралт, цус хуралт, зурагдсан зулгаралт бүхий гэмтэл учруулж алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн “...Талийгаач А.Утай хамтран амьдраад 4, 5 жил орчим болж байгаа байх. Гэхдээ тэр хоёр дундаасаа хүүхэдгүй. Апбан ёсны гэр бүлийн баталгаа байдаггүй байх...Миний ах өмнө ч гэсэн 2 удаа У-д хутгалуулж байсан....Миний ахыг маш их харгис хэрцгийгээр алсанд туйлын их гомдолтой байна. Хохирлыг 49 хоногийн ажиллагаа дууссаны дараа нэг мөр баримтаар гаргаж өгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж өгнө” гэсэн /1хх 55-57/,

Гэрч А.Х-ийн “...2018 оны 8 дугаар сард санагдаж байна орой ажлаа тараад гэртээ иртэл манай гэрт миний танихгүй өөрийгөө З гэж танилцуулсан 35 орчим насны эрэгтэй хүн байсан. Би уг хүнийг хэн болох талаар ээжээсээ асуухад таксинд явж байгаад танилцсан, ээжийг нь хамт амьдаръя гээд 2 сар орчим гуйж байгаа хүн гэхээр нь би тухайн үед ямар нэгэн хариулт хэлээгүй. Түүнээс хойш удалгүй 2 сар орчмын дараа талийгаач гэрт 6-7 удаа согтуу ирж ээжтэй маргалдаад гэрт агсам тавьдаг байсан. Талийгаач нэг архи уухаараа 3-4 хоног үргэлжлүүлж уудаг ба архи уухаараа аймар агсан тавьж хэл амаар доромжилж хүн байж суухын аргагүй байдалд хүргэдэг бөгөөд архи уухаа болиод 7 хоноод эргээд 3-4 хоногоор уучихдаг юм. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ надтай юм ярилгүй ээжтэй чимээгүй харьцаад байдаг юм. Би тэр байдлыг нь тэсэлгүй ээжийг тухайн залуугаас сал энэ хүн танд хань ижил болохгүй гэж хэлсэн чинь ээж маань би уг хүнээс салмаар байна гэхдээ надаас салж өгөхгүй байна гэж хэлэхээр нь би тухайн үедээ ээжтэй хэрэлдээд мөн талийгаач согтуу архи ууж агсан тавиад байхыг нь тэсэлгүй ганцаараа байр түрээсэлж тусдаа гарсан юм. Түүнээс хойш би 2 жил байр түрээсэлж ганцаараа амьдарсан бөгөөд тусдаа байхдаа ээжийгээ ямаршуухан байдалтай амьдарч байна талийгаач түүнийг зодож зовоож байгаа эсэхийг шалгахаар 7 хоногтоо нэг удаа очдог байсан. Намайг очих үед хаяа гэрийн эд зүйлс эмх цэгцгүй хэрүүл зодоон болсон байдалтай, ээжийн нүд, гар нь хөхөрсөн байдалтай байдаг байсан. Мөн талийгаач маш их хартай ээжийг ажил хийлгэдэггүй хамт олонтой болгодоггүй юм. Манай ээж талийгаачтай суусан цагаасаа хойш огт ажил хийгээгүй ба талийгаач ээжийг хардаад ээжийн гар утасны дугаарууд хадгалсан дэвтрийг хүртэл шатааж байсан. Мөн нэг удаа намайг гэрээ шалгахаар очтол ээжийн нүд нь хөхөрчихсөн, гар нь зүсэгдсэн байдалтай байхаар нь би ээжийг өөрөө гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дагуулж очиж гарт нь оёдол тавиулж байсан. Одоо аль гар нь мөн гарын аль хэсэг гэдгийг нь үнэхээр санахгүй байна гарт нь оёдол тавиулж байсан санагдаж байна. Түүнээс хойш би 2021 оны 02 дугаар сарыг хүртэл тусдаа амьдарч байгаад Ковид өвчний улмаас байр түрээсэлж чадахаа больж өөрийнхөө гэртээ ирсэн. Гэрт ирснээс хойш би талийгаачийг согтохоороо ямар зан араншин гаргадаг гэдгийг өөрийн биеэрээ мэдсэн. Архи уухаараа эрүүл байх үеэсээ шал өөр хүн болчихдог найзуудтайгаа маргалдаж зодоон хийж хэд хэдэн удаа ирж байсан, гэрт ирээд хүнийг байхын аргагүй хэл амаар доромжилдог, архи уухаараа тасарч унахгүй шөнөжин орилж унтуулж амраадаггүй агсан тавиад байдаг юм. Би болон манай ээж цагдаагийн байгууллагад миний мэдэхээр 10 орчим удаа дуудлага өгч байсан. Мөн заримдаа ээж бид 2 өөрсдөө гэрээс зугтаж Зурагтын шинэ эцэст байрлах нийтийн буудалд 4, 5 удаа очиж хонож байсан. Нэг удаа манай найз Х манай гэрт байхад талийгаач агсан тавиад Х, ээж бид 3 буудалд хонож байсан. Сүүлд талийгаач надад хүртэл гар хүрч намайг нэг удаа түлхэж унагааж, нэг удаа зохиж байсан. Энэ бүхний эцэст би өөрөө дахин тусдаа гарахаар шийдэж 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байр түрээслээд явсан. Намайг явахаас өмнө ээж түүнтэй сална гээд түүнийг 10 дугаар хороололд байдаг ээж дээр нь хүртэл аваачиж өгсөн. Сална гээд хаалгаа цоожлоод гэрт оруулахгүй болохоор гэрийн цоож эвдлээд ороод ирдэг юм. Талийгаачийн ар гэрийнхэн нь талийгаачийг ийм байдалтай гэдгийг нь мэддэг мөн түүнээс айдаг юм. Би сүүлд гэрээс явснаасаа хойш нэг л удаа гэрт очсон тэгэхэд талийгаач гэрт эрүүл байсан. Харин хамгийн сүүлд өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 07-ны 21 цагийн орчимд ээж өөрөө над руу залгаад нөгөөдөх чинь дахиад уучихсан байна би зугтаад гадаа байж байна. Нөгөө буудалдаа очоод хонохоор араас хүрээд ирэх байх эргээд гэр лүүгээ орохоос доо гээд аймар санаа алдаад утсаа салгасан. Гэхдээ ээж өнөөдөр намайг гэрт хүрээд ир мах шарж иднэ гэж хэлж байсан юм. Гэтэл өнөөдөр талийгаачийн ээж нь над руу залгаад болсон асуудлын талаар хэлсэн юм...” гэсэн /1хх 60-61/,

Гэрч А.З-ийн өгсөн “ ...Би өнөөдөр өглөө 08 цаг 40 минутын үед Найман шаргад байрлах ажилдаа ирж өмнөх ээлжийн харуул Б-аас ээлжээ хүлээж авсан. Ингээд амралтын өдөр байсан болохоор хүний хөдөлгөөнгүй болохоор зурагт үзээд сууж байтал манай дүү А.У өөрийн ... дугаараас миний ... дугаар зуу 11 цаг 50 минутад залгаад “би хүн алчихлаа, та хүрээд ир” гэхээр нь би “чи юу яриад солиороод байгаа юм бэ, согтуу л байна ш дээ чи" гэж хэлэхэд утсаа тасалчихсан. Би А.У-ын ярианаас түүнийг их согтуу байгааг мэдэж байсан болохоор согтуурхаж байна гэж бодтол дахиж залгаад “би Бг алчихлаа, хүрээд ир, гэрт байна" гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “ирээд харахгүй юу” гэж хэлэхээр нь гэнэт сонин санагдаад бөмбөгөрийн автобусны суудлаас такси бариад хойно гэртээ яваад очсон. Очиход гал тогооны өрөөнд Б-гийн толгой үүд рүү харсан, дээр нь хөнжил бүтээсэн байдалтай гал тогоо, том өрөөний шал орны бүтээлэг, түмбүүчиг зэрэг нэлэнхийдээ цусаар бохирлогдсон байдалтай том өрөөнд манай дүү А.У ширээн дээр ганцаараа уучихсан архи уугаад сууж байсан. Ингээд би болсон явдлыг ойлгож мэдээд дүүгээсээ “яаж байгаа юм бэ чи зугтаад гараад явчихгүй яасан юм бэ” гэхэд “намайг гаргахгүй байсан юм аа, би тэгээд хаана очихын охин дээрээ очих байсан юм уу” гээд уйлаад байсан. Би гэрээсээ гараад өөрийнхөө утсаар цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд цаг 12 цаг 10 минут болж байсан. Энэ хоёр хааяа нэг архи уучихдаг болохоос биш байнга архи уугаад байдаггүй. Харин архи уухаараа л хоорондоо маргалдаж муудалцаад байдаг юм. Урьд нь архи ууж муудалцахаар нь би хэд хэдэн удаа цагдаа дуудаж өгч байсан. Б нь манай дүү А.У-аас 10 гаруй насаар дүү залуу байгаа юм. Би Б-г архи ууж агсам тавиад байдаг болохоор ер нь нэг их харьцаад байдаггүй. А.У, Б нар сүүлийн үед хогийн машинаар гэрээгээр хог ачуулдаг болоод өглөө 05 цаг гэж гэрээсээ гараад шөнө 22-23 цагийн үед буудаг байсан болохоор нэг таараад байдаггүй байсан..." гэсэн /1хх 68-71/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 3-13, 14-17/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 18-30/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 31-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 сарын 25-ны өдрийн 842 дугаар “...Талийгаач Э.Б-гийн цогцост зүүн бугалгын урд дунд хэсэг дэх тараагуур, хураагуур судас, баруун шууны урд дээд ба дотор дунд хэсэг хураагуур судас, булчин гэмтээсэн, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, гадна өөд хэсэг, нүдний дээд зовхи, баруун хацрын доод хэсэг, эрүү, баруун хөхний хэсэг, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын долоовор, ядам хуруу, зүүн гуяны гадна дээд ар хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шарх, толгой, их бие, мөчдийн зулгаралт, цус хуралт, зурагдсан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс хатгагдаж зүсэгдсэн шарх, зурагдсан зулгаралт гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, зулгаралт, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 2,2 промилли илэрсэн. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 2022-03-08-ны 17:20 цагийн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 10-12 цаг орчим болсон байна Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.Талийгаач нь зүүн бугалгын урд дунд хэсэг дэх тараагуур, хураагуур судас, баруун шууны урд дээд ба дотор дунд хэсэг дэх хураагуур судас, булчин гэмтээсэн, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, гадна доод хэсэг, нүдний дээд зовхи, баруун хацрын доод хэсэг, эрүү, баруун хөхний хэсэг, баруун гарын эрхий, дунд хуруу, зүүн гарын долоовор, ядам хуруу, зүүн гуяны гадна дээд ар хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг дэх хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас гадуур цочмог цус алдаж нас баржээ...” /1хх 96-107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1024 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн хөх жинсэн өмд, цэнхэр жинсэн өмд, саарал футболка, ногоон хөнжил, цагаан өнгийн хөнжил нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх жинсэн өмдөнд үүссэн 16мм, 16мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу, ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн зүсэгдэлт, 15х10мм, 5мм, 10х10мм, 6мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу, үзүүртэй зүйлтэй харилан үйлчлэх үед үүссэн цооролт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас, хөнжил ямар нэгэн гэмтэлгүй байна.” /1хх 117-121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1787 дугаар “...хураан авсан гэх нийт 21 см урттай, шаргал өнгийн модон иштэй хутга, нийт 25 см урттай шаргал өнгийн модон илдүүр, нийт 63 см урттай мөнгөлөг өнгөтэй, төмөр хүрзэн дээр цус илэрсэн, шүлсний ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...Э.Б-гийн гэх цустай, цусны бүлгийн харьяаллаараа ижил байна” /1хх 134-136/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1710 дугаар “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх объектууд нь шинжилгээнд тэнцэнэ...Э.Б-гийн гэх цустай бүлгийн харьяаллаараа ижил байна” /1хх 150-151/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 1 сарын 04-ний өдрийн 22 дугаар “...А.У нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна” /3хх 6-7/ гэсэн дүгнэлтүүд,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 191-196/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, шүүгдэгч болон амь хохирогч нар хувийн таарамжгүй харьцаатай байсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, гэрч А.Х, А.З, А.У, Э.Х, П.Г нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч А.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч согтуурсан үедээ, амь хохирогчтой хоорондоо маргалдан, хувийн сэдэлтээр Э.Бгийн амь насыг хөнөөсөн бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдлоос үзэхэд хуулийн энэ зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээр зүйлчлүүлэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал нь эрүүгийн эрх зүй дэх санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.

Учир нь, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол зэргээс шалтгаалан сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь тунгаан дүгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргээс эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлсэн шинжтэйгээр хуульчлагдсан байдаг. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний алах” гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялгагдана.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гэмт хэрэг гарахад хохирогч Э.Б-гийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, энэхүү байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн үйлдлийн улмаас үүссэн байж болох боловч шүүгдэгч А.У-ыг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч согтуурсан үедээ хохирогч Э.Б--г айлгах зорилгоор хутгаа савчиж, улмаар түүнийг алсан ухамсарт үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж дүгнэх боломжгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шүүгдэгч болон түүнийг өмгөөлөгч нарын гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч А.У-ын өмгөөлөгч Ю.Батболдын давж заалдах гомдлын гэмт хэргийн зүйлчлэлийн талаарх хэсэг, шүүгдэгч А.У-ын өмгөөлөгч Г.Тамирын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.У-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.У нь 6.001.221 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Батсүхэд төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос А.У-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

-1 дэх заалтын “Шүүгдэгч ... овгийн А.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

-2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.У-ыг 13 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-ыг 10 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

-3 дахь заалтын “...А.У-ад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...А.У-ад оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг, шүүгдэгч А.У-ын өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.У-ын өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг, шүүгдэгч А.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч А.У нь 6.001.221 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ       

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ