Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00385

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/00004 дугаар шийдвэртэй, Б.А-ийн хариуцагч Х Ф ХХК-д холбогдуулан гаргасан 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч П.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-ь нь 2020 оны 03 сарын 25-ны өдөр Х Ф ХХК-тай сарын 1 000 000 төгрөгийн цалинтай, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ар гэрийн асуудлаас болж ажлаас гарах өргөдлөө гэрээнийхээ дагуу 1 сарын өмнө байгууллагадаа мэдэгдэж 2020 оны 05 сарын 28-ны өдөр өргөдлөө өгсөн. Өргөдөл өгснөөс 3 хоногийн дараа байгууллага болон айлаас өөрсдөө өөр асрагч авч намайг ажлаас чөлөөлсөн. 3 сарын хугацаанд ажиллахдаа асуудал гаргаж, чөлөө авч байгаагүй бөгөөд айлын эд хөрөнгөд эвдрэл гэмтэлгүй бүрэн хүлээлгэж өгсөн. Айлаас явах өдөр буюу 2020 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал ажилласан тухай цагийн бүртгэлийн хуудас бүрэн хөтлөгдсөн. 2020 оны 03, 04 сарын цалин, 05 сарын эхний цалинг бүрэн авсан. Харин 2020 оны 05 сарын сүүлийн цалин болон түүнээс хойш 7 хоног илүү ажилласан цалинг өгөөгүй.

Иймд Х Ф ХХК-аас ажилласан өдрийн хөлс болох 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Б.А-ь нь манай байгууллагад 2020 оны 02 сарын 11-ний өдөр ажилд орох өргөдөл гарган, 02 сарын 13-ны өдрөөс эхлэн 20/38 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үндсэн ажилтан болсон. Энэ өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд ажиллахаар тохиролцож гэрээ байгуулан эхний айлдаа ажиллаж байсан. Манай байгууллагын ажилчид нь тухайн ажиллах айлтайгаа гэрээ байгуулдаггүй, байгууллагатайгаа хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан байгууллагаа төлөөлөн айлдаа очиж ажил үүргээ гүйцэтгэдэг ба энэ хугацаанд айл нь солигдох боломжтой байдаг. Энэ журмын дагуу Б.А-ийн айлыг солин 2020 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн иргэн Д.Түвшинбаярынд 1 жилийн хугацаанд ажиллуулахаар тохиролцож гэрээг шинэчлэн байгуулсан. Гэвч Б.А-ь нь 2020 оны 03 сарын 25-ны өдөр шинэчлэн байгуулсан 20/38 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-ний 4.6-д заасан үүргээ зөрчин 2020 оны 06 сарын 28-ны өдөр өргөдөл гарган тэр өдөртөө ажлаас гарна гэж мэдэгдсэн байгаа. Энэ үйлдэл нь тус гэрээний 3.4.1-ийг зөрчсөн тул байгууллагын зүгээс цалинг нь олгох үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь 06 сарын 28-ны өдөр өргөдлөө өгсөн бол үргэлжлүүлж 1 cap өөр айлд ажиллах үүрэгтэй байсан ба байгууллагын зүгээс Б.А-ийг ажлаас чөлөөлөөгүй байхад үргэлжлүүлж гэрээний үүргээ биелүүлэлгүй ажлаа хаяж явсан.

Б.А-ь нь 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гэрт ажиллаж эхэлсэн. Харин цагийн бүртгэлийн дагуу буюу өмнөх гэрээний дагуу 2020 оны 02 сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл Х Ф ХХК-ийн захирал Э.Ууганцэцэгийн гэрт ажилласан бөгөөд энэ хугацааны цалинг компани өгч байсан.

Б.А-ь нь 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл буюу нийт 48 хоног Д.Түвшинбаярынд ажилласан. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу амралтын өдөр болох бямба, ням гаригуудад ажилласан тохиолдолд ажилласан өдрийн цалинг зочин айл болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хариуцах ёстой. Иймд илүү цаг ажилласан ажлын хөлсийг компани олгохгүй. Цагийн бүртгэлээс харахад Б.А-ь амралтын 9 өдөр ажилласан байна.Энэ хугацааны хөлсийг зочин айл төлөх ёстой.

Б.А-ь нь ажлаас гарах өргөдлөө 2020 оны 05 сарын 28-ны өдөр өгсний дагуу компани мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлсний дараа 05 сарын 31-ний өдрийн ням гаригт ажилласан хөлсийг компани хариуцахгүй юм.

Б.А-ь Х Ф ХХК-ийн захирал Э.Ууганцэцэгийнд ажиллах хугацаандаа 2020 оны 02 сарын 28-ны өдөр 130 000 төгрөг, 2020 оны 03 сарын 07-ны өдөр 280 000 төгрөгийг цалинд авсан. Харин 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гэрт ажиллахад нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр 540 000 төгрөг, 2020 оны 04 сарын 24-ний өдөр 450 000 төгрөг, 2020 оны 05 сарын 08-ны өдөр 490 000 төгрөг, нийт 1 480 000 төгрөгийн цалинг компаниас олгосон.

Б.А-ьтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 2.3.-д заасны дагуу сарын цалин 1 000 000 төгрөг байна. Үүнээс ажилтан хүн амын орлогын албан татварын 10 хувийг хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Түүний ажилласан нийт 48 хоногийн 9 өдөр нь амралтын өдөр байгаа бөгөөд үлдэх 39 өдөр ажилласнаас 2020 оны 05 сарын 31-ний өдөр ажилласан өдрийг хасахад 38 хоног байна. Нэг өдөр 40 909 төгрөгийн цалин олгогддог тул 38 хоногоор үржүүлэхэд 1 554 542 төгрөг болж байна. Үүнээс түүнд олгосон 1 480 000 төгрөгийг хасвал 74 542 төгрөг буюу 2 өдрийн цалинг олгоогүй байна.

Гэвч Б.А-ь нь гэрээний 3.4.1-д заасныг зөрчиж хүндэтгэх шалтгаангүйгээр 1 сарын өмнө өргөдлөө өөрийн биеэр компанийн оффист авч ирж өгөх үүргээ зөрчиж ажлаас гарах өдөр өргөдлөө өгсөн тул хоёр өдрийн цалинг олгохгүй гэж тохирсон. Мөн гэрээнд заасны дагуу Б.А-ь нь цагийн бүртгэл болон тодорхойлолтыг авч ирж өгөөгүй.

Хөлсөөр ажиллах гэрээний 3.4.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.1.-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.

Б.А-ь нь анх тогтвортой 1 жилээс дээш хугацаагаар ажиллахаар тохиролцсон боловч хугацаанаасаа өмнө ажлаас гарах болсон энэ хариуцлагагүй үйлдлээс болж иргэн Д.Түвшинбаяр нь манай байгууллагад итгэх итгэл үнэмшил нь буурч цаашид хамтран ажиллахад хүндрэлтэй болж үл ойлголцол үүсэж явсаар одоогийн байдлаар тус гэрээ цуцлагдсан.

Иргэн Д.Түвшинбаяртай хамтран ажиллах гэрээний хүрээнд манай байгууллагын зүгээс Д.Түвшинбаяраар байгууллагаа сурталчлуулах зар сурталчилгааны ажлыг нийгмийн сүлжээгээр цацуулах ажлыг гүйцэтгүүлж оронд нь хүүхэд асрагчаа 1 жилийн хугацаанд тогтвортой ажиллуулахаар нийт 17 750 000 төгрөгийн бартерын гэрээ байгуулан ажиллаж байсан. Б.А-ийн ажиллаж байсан Д.Түвшинбаярынх бэлэн мөнгөөр төлбөр төлдөггүй байгууллагын зүгээс 100 хувь Б.А-ийг цалинжуулж ажиллаж байсан мөн цалинг нь цаг тухай бүрт нь хариуцлагатайгаар олгож байсан болно. Б.А-ийн энэ хариуцлагагүй үйлдлээс болж манай байгууллагад ноцтой хохирол учраад байгаа бөгөөд байгууллагын зүгээс Хөлсөөр ажиллах гэрээний 3.1, 3.4, 3.4.1-д заасны дагуу хариуцлага тооцон арга хэмжээ аван цалинг нь олгох боломжгүй гэж үзсэн. Мөн тус гэрээний 3.5, 4.4.-д заасны дагуу байгууллагад учруулсан хохирлыг Б.А-иас нэхэмжлэх боломжтой байсан ч залуу хүүхдийн ирээдүйг бодон гэрээнд заасан арга хэмжээг л авсан болно. Б.А-ийн нэхэмжлэл нь зөвхөн өөрийн амин хувийн эрх ашгийг бодсон, тогтвортой цалин өндөр ажлын байраар хангах амлалт өгөн цалинг нь цаг тухай бүрт нь хариуцлагатайгаар олгож ажиллуулж байсан байгууллагынхаа итгэлийг дааж хариуцлагатай ажиллаж чадаагүй үйлдэл гэж үзэж байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Х Ф ХХК-аас 510 000 /таван зуун арван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-ьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Талуудын байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 2.6-д ...ажилтны ажлын цаг даваа-баасан гаригт 09-18 цагийн хооронд байна. Илүү цаг нь 5 000 төгрөг байна. Бямба, ням гаригт амрах ба ажилласан тохиолдолд өдрийн 50 000 төгрөгөөр илүү цаг бодогдоно. Амралтын өдөр ажлын цагийг шууд бус ажил олгогч /зочин айл/ шийдэх ба уян хатан байх хэрэгтэй гэж гэрээнд тусгасан болно.

Б.А-ийн гаргаж өгсөн ажилтны цагийн бүртгэлийн хуудасны дагуу Б.А-ь нь 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэл буюу нийт 48 хоног ажилласан байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу амралтын өдөр болох бямба, ням гаригуудад ажилласан тохиолдолд ажилласан өдрийн цалинг зочин айл болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хариуцах билээ. Иймд илүү цаг буюу амралтын өдөр ажилласан цалинг Х Ф ХХК хариуцахгүй болно. Ажилтны цагийн бүртгэлийн дагуу амралтын өдрийг тооцож үзэхэд, 9 өдөр нь амралтын өдөр байна. Амралтын өдөр ажилласан 9 хоногийн цалингаа гэрээний дагуу зочин айл болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нараас шаардах эрхтэй. Мөн Х Ф ХХК зочин айл болох Д.Түвшинбаярын эхнэр Э.Дөлгөөнтэй 2020 оны 01 сарын 13-ны өдөр Хүүхэд асрагчийн үйлчилгээ үзүүлэх 20/07 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 3.4, 4.1 дэх хэсэгт амралтын өдөр хүүхэд асрагчийг ажиллуулсан тохиолдолд хүүхэд асрагчид бэлнээр 50 000 төгрөг төлнө, хүүхэд асрагч нь ажлын 5 өдөр даваа-баасан гариг хүртэл 10-19 цагийн хооронд ажиллахаар тохиролцсон болно. Б.А-ь нь ажлаас гарах өргөдлөө 2020 оны 05 сарын 28-ны өдөр өгсний дагуу компаниас Б.А-ийг мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан. Харин ажлаас чөлөөлөгдсөний дараах амралтын өдөр Д.Түвшинбаярынд ажилласан хөлсийг компани хариуцахгүй билээ.

Б.А-ь нь Х Ф ХХК-ийн захирал Э.Ууганцэцэгийн гэрт ажиллах хугацааны цалинг компаниас 2020 оны 02 сарын 18-ны өдөр 130 000 төгрөг, 2020 оны 03 сарын 07-ны өдөр 280 000 төгрөгийн цалинд бэлэн бусаар төлж байсан бөгөөд бусдын түүнд бэлнээр өгч байсан билээ. Харин Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гэрт ажиллах хугацаанд компаниас нийт 1 480 000 төгрөгийн цалин өгсөн нь Б.А-ийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар ч тогтоогдож байна. Нийт ажилласан 38 хоногийн цалин 1 554 542 төгрөгөөс 1 480 000 төгрөгийг хасахад 74 542 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл хоёр хоногийн цалинг өгөөгүй байна. Гэвч Б.А-ь нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажил хүлээлцэх баримтаа өгөөгүй тул хоёр хоногийн цалинг өгөөгүй бөгөөд үүнийг гэрээнд тодорхой заасан болно. Гэтэл дээрх нөхцөл байдал, гэрээнд тохирсон талуудын хүсэл зорилгыг анхан шатны шүүх үл харгалзаж, ямар үндэслэлээр 510 000 төгрөг олгож шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр ийнхүү нэхэмжлэлийг хангаж байгаад гомдолтой байна.

Хүүхэд асрагч Б.А-ь нь хөлсөөр ажиллах гэрээний 3.4.1-д заасан үүргээ зөрчиж, ажлаас гарах өдөр өргөдлөө өгсөн тул хоёр хоногийн цалинг олгохгүй гэж тохирсон болно.

Мөн хөлсөөр ажиллах гэрээний 3.6, 3.9-д тус тус заасны дагуу ажилтан нь цагийн бүртгэлийн хуудсаа бүрэн бөглөж, ажиллаж буй айлаасаа хэрхэн ажилласан талаар дүгнэлт, тодорхойлолт авч ирэх бөгөөд тодорхойлолт, цагийн бүртгэлийн хуудсыг үндэслэж сүүлийн цалинг олгохоор тохирсон. Гэтэл Б.А-ь нь гэрээнд заасан үүргээ зөрчиж айлаас тодорхойлолт болон цагийн бүртгэлийн хуудсаа ажил олгогчид өгөөгүй билээ.

Тухайн үед дээрх хоёр баримтаа компанид хүлээлгэн өгсөн тохиолдолд ажлын цагийн бүртгэлийн хуудсыг харьж ажлыг дүгнэж ажилласан хоногийн үлдсэн цалинг өгөх бүрэн боломжтой байсан боловч Б.А-ь нь баримтаа өгөөгүй болно.

Хөлсөөр ажиллах гэрээний 3.4.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.1-д заасны дагуу гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл эрүүл мэндийн шалтгаан зэрэг хүндэтгэх шалтгаантай эсэх талаар ямар нэгэнт баримт гаргаж өгөөгүй, тэрээр ...гэр бүлийн шалтгаанаас болж .. гарлаа гэж өргөдөл дээрээ бичээд явах нь хүндэтгэх шалтгаан гэж үзэх боломжгүй билээ. Б.А-ийн ажилласан хугацааны цалинг Х Ф ХХК-ийн зүгээс олгосон, Б.А-ь нь гэрээнд заасан нөхцөлөө зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.А-ь нь хариуцагч Х Ф ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2020 оны 03 сарын 25-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1, 18-20, 83, 96-98/

 

Талууд 2020 оны 03 сарын 25-ны өдөр 20/38 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ажиллагч Б.А-ь нь шууд бус ажил олгогч болох зочин айлд хүүхэд асрагчийн ажил хийж гүйцэтгэх, нэг сарын үндсэн ажлын хөлс 1 000 000 төгрөг байх бөгөөд үүнээс ХАОАТ-ын 10 хувийг хуульд заасны дагуу суутгуулах, ажлын цагийг даваа-баасан гаригийн 09-18 цаг хүртэл гэж тодорхойлон, илүү цагийн хөлс 1 цагийн 5 000 төгрөг, бямба, ням гаригт ажилласан тохиолдолд өдрийн 50 000 төгрөг бодогдох, амралтын өдрийн ажлын цагийг шууд бус ажил олгогч шийднэ гэх нөхцөлүүдийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх6-7/

 

Хэргийн 4 дэх талд авагдсан Ажилтны цагийн бүртгэлийн хуудас, зохигчдын тайлбараас үзвэл, ажилтан Б.А-ь нь дээрх гэрээний дагуу зочин айлд 2020 оны 03 сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдсон бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар болон гэрээний хугацаанд ажиллуулагчийн зүгээс ажлын хөлсөнд нийт 1 480 000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна. /хх40-43/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг ажлын хөлс төлөх үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлдээ, Б.А-ь нь дээрх хугацаанд ажилласан нийт 48 өдрийн 38 өдөр нь ажлын өдөр байх бөгөөд үүнээс олгогдоогүй байгаа 2 өдрийн цалинг гэрээнд заасны дагуу ажлаас гарах талаар 1 сарын өмнө ажил олгогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул олгохгүй, мөн гэрээний хугацаанд ажилласан амралтын 9 өдөр болон гэрээг дуусгавар болгосноос хойш ажилласан 2020 оны 05 сарын 31-ний 1 өдөр, нийт 10 өдрийн цалинг шууд бус ажил олгогч хариуцна гэжээ.

 

Гэтэл талууд хөлсөөр ажиллах гэрээний 2.3-т үндсэн ажлын хөлсийг сарын 1 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд үүнээс ХАОАТ-ын 10 хувийг суутгана гэснээс өөр байдлаар буюу өдрөөр ажлын хөлсийг тооцох талаар тусгаагүй байх тул 2020 оны 05 сарын цалинг ажилтанд бүтнээр олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Амралтын өдөр ажилласан тохиолдолд тухайн өдрийн ажлын хөлсийг 50 000 төгрөгөөр тооцож зочин айл төлөхөөр гэрээгээр тохиролцсон гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар тус гэрээний нэг тал биш учир уг гэрээний дагуу аливаа үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч Б.А-ь, хариуцагч Х Ф ХХК-тай байгуулсан учир ажлын хөлсийг түүнээс шаардах нь зүйд нийцнэ.

 

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1, талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 2.3, 2.4-т тус тус заасныг үндэслэн ажиллуулагч Х Ф ХХК нь ажиллагч Б.А-ийн ажилласан хугацаанд олговол зохих ажлын хөлсийг давж заалдах шатны шүүхээс тооцон үзвэл, 2020 оны 05 сарын үндсэн цалин 1 000 000 төгрөгөөс олгогдоогүй 510 000 төгрөг, тухайн сард ажилласан амралтын 6 өдөрт тооцогдох 300 000 төгрөг, ажлын 1 өдөрт олгогдох унааны 2 000 төгрөг зэргийг нэгтгэхэд анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 510 000 төгрөгөөс илүү дүн буюу 840 000 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгч талаас энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын диспозитив зарчимд нийцүүлэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн, хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч талын ажлын хөлсөө шаардах эрхээ алдах тохиолдлуудыг Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт заасан байх бөгөөд хариуцагчийн татгалзалд дурдсан ажлаас гарах талаар 1 сарын өмнө мэдэгдээгүй гэх үндэслэл нь уг хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/00004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 70 200 төгрөгөөс 15 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 54 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР