Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Э.Одончимэг,

            Шүүгдэгч Б.Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Нд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705017890047 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Н, 1983 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ...од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто замын хажуу талд Ж.Нийг зодож эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүд, дээд үүдэн баруун 1, 2 дугаар шүдний сулрал, доод үүдэн зүүн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12:00-13:00 цагийн орчимд эхнэр бид хоёр Дүнжингаравын тэнд эмнэлэгт үзүүлээд явж байсан. Манай эхнэр одоо жирэмсэн байгаа. Тухайн үед улаан гэрэл ассан байхад явган зорчигч урд талаар гүйхээр нь дайрагдчих юм болов уу гээд сигналдаад гартал миний машины хойд талын хаалгыг цохисон. Тэгээд манай эхнэр цочоод яасан бэ, юу болсон гэсэн. Тэгээд машинаа байрлуулчихаад очиход хохирогч зам дээр явж байсан. Тэгээд би хохирогчтой маргалдаж “машин яагаад цохиод байгаа юм бэ, би чамайг цохиод авбал ямар байна” гээд гарынхаа араар нэг алгадсан. Бид хоёр зууралдаж байгаад газар унасан. Тэгээд төмөр замын цагдаа ирээд “та хоёр юу болоод байгаа юм бэ” гэхээр нь “ийм асуудал боллоо” гэхэд “за за явцгаа” гэсэн. Тэгээд би салаад явсан. Дараа нь цагдаагаас над руу залгасан. Тэгээд хохирогчийн эмчилгээ хийлгэсэн газар очиж уулзсан. Хохирогчийн шүд нь 3 дугаар зэргийн байрлалын гажигтай гэсэн оноштой байсан. Жирийн шүдийг бодвол илүү хэврэг гэсэн. Миний буруутай үйлдлээс болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтой тохиролцож 3.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг төлж үлдсэн 500.000 төгрөгийг шүүх хурлын дараа өгөхөөр тохиролцсон” гэв.     

Хохирогч Ж.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах вокзалын ертөнцийн зүгээр хойд талын явган хүний гарцан дээр зам хөндлөн гарах гээд алхаж байх үед миний баруун талаас зүүн эргэж байгаа Тоёота Спасио маркийн 53-39 УНД улсын дугаартай машин намайг дайрах шахаад орж ирэхээр нь би машиных нь шилийг гараараа тулаад цохисон. Тэгээд би зам хөндлөн явган хүний гарцаар гарсны дараа тэр үл таних залуу хөөе гэж араас дуудаад чи яагаад миний машиныг цохьдог юм бэ гэж хэлсэн. Би өөдөөс нь очиход тэр залуу намайг шууд цохисон. Тэр үед миний амнаас цус гараад би эргэж хараад доош хартал зүүн талын гарнаас минь барьж байгаад намайг хавирч, өшиглөж унагаасан. ...Намайг зодсон эрэгтэй эрүүл байсан, жолоо барьж байсан....Миний биеийн байдал тааруу байна, удаан ярихаар амнаас шүлс гоожоод хоол идэх, юм ууж чадахгүй байна....Намайг нэг удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,

Шинжээчийн 112 тоот дүгнэлтэд: “... Ж.Нийн биед дээд уруулын няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд, дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал, дээд үүдэн зүүн 2, 3-р шүд, дээд үүдэн баруун 1, 2-р шүдний сулрал, доод үүдэн зүүн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэсэн дүгнэлт /хх-н 21-22/,

Яллагдагчаар Б.Нын өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд өөрийн эхнэрийн хамт явж байхад гарцан дээр үл таних эрэгтэй миний машины хаалга руу цохихоор нь би машинаа зогсоолд тавьчихаад очоод чи яаж байгаа юм гэж асуухад хэл амаар доромжлоод байхаар нь муудалцаад ...заамдалцаж байхдаа гарын ар хэсгээр 1 удаа алгадсан. ...Одоо эвлэрчихсэн учраас нэмж хэлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн үзлэгийн карт /хх-н 25-34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-67, 69/, хохирогчийн хүсэлт /хх-н 68/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 70-71/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ннь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр вокзалын арын авто замын хажуу талд Ж.Нийг машины хаалга руу цохилоо гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь уруулын няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний булгарал, дээд үүдэн зүүн 2, 3 дугаар шүд, дээд үүдэн баруун 1, 2 дугаар шүдний сулрал, доод үүдэн зүүн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Нийн: “...Тэгээд би зам хөндлөн явган хүний гарцаар гарсны дараа тэр үл таних залуу хөөе гэж араас дуудаад чи яагаад миний машиныг цохидог юм бэ гэж хэлсэн. Би өөдөөс нь очиход тэр залуу намайг шууд цохисон. Тэр үед миний амнаас цус гараад би эргэж хараад доош хартал зүүн талын гарнаас минь барьж байгаад намайг хөлөөрөө хавирч өшиглөж унагаасан. ...Намайг нэг удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 9/,  шинжээчийн 112 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ннь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч нь хохирогчид 2.500.000 төгрөг өгсөн нь мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэлээр /хх-н 70-71/ нотлогдож байна. Үлдэгдэл 500.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид шүүх хуралдааны дараа өгөхөөр тохиролцож бичгээр хэлцэл хийсэн байх тул шүүгдэгчээс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Ныг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Нд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Наас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Нид олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР