Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/720

 

 

 

 

   2023            7              18                                          2023/ДШМ/720

 

 

Ч.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

Иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/632 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Э-т холбогдох эрүүгийн 2103 00340 0110 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Ч.Э, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ... хэрэглэгчдэд үйлчлэх төвд монтер-байцаагч ажилтай байсан, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-н даваа, Бодонч амралтын газрын баруун замд “Тоуоtа Рrius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажиллаж байсан Э.Б /эрэгтэй, 35 настай/, Б.О /эрэгтэй, 43 настай/, М.Х /эрэгтэй, 43 настай/ нарыг Нуundai Рorter маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөж, улмаар Э.Б, Б.О, М.Х нарын амь нас хохирсон, А.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Б-ийн эрүүл хүндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Б, Б.О, М.Х нарын амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Ч.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ын биечлэн эдлэх 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ч.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримт, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах нотлох баримтыг тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.10, 2.11, 2.13, 2.15, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргав.

Эрүүгийн 2103003400110 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцсэн.

Шүүгдэгч Ч.Э-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.О, Э.Б, М.Х нарын амь нас хохирсон, хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгч Ч.Э болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцэх зүйл байхгүй билээ.

Гэсэн хэдий ч өмгөөлөгчийн зүгээс ..., ... компаниуд нь ЗХД-ийн 27.4 “а” заалт буюу засварын ажил гүйцэтгэж байгаа замын хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг байрлуулах гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн том шалтгаан нөхцөл болсон.

Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 заасны дагуу “Авто замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэгч нь норм, норматив, эрүүл ахуй болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх, мөрдөж ажиллах үүрэгтэй гэж шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан.

Эдгээр компаниуд нь Зам тээврийн хөгжлийн сайдын 131 дүгээр тушаалд заасан тусгай зөвшөөрөл байхгүй тогтсон ажилтнууд байхгүй өнөөдөр хохирогч нарын ар гэрт холбоо анхаарал тавиагүй, хүн ёсны байх энгийн зүйлсийг хийгээгүйгээс харахад үнэхээр харамсаж байгааг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Ч.Э нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““...” ХХК нь тухайн замын ерөнхий гүйцэтгэгч буюу туслах гүйцэтгэгч “...” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн ажлыг үүрэг болгосон боловч “...” ХХК-ийн ажилтан тухайн авто осолд орсон байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, тухайн хохирлыг гэмт хэргийг учруулсан этгээд хариуцна. “...” ХХК нь туслан гүйцэтгэх компани буюу “...” ХХК-д эрхээ шилжүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг “...” ХХК хариуцахаар гэрээ байгуулсан байсан. Гэтэл “...” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хасаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, уг гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирж, 3 хүний амь нас хохирсон. Тухайн үед шүүгдэгч Ч.Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч ““...” ХХК болон “...” ХХК-уудын хооронд байгуулсан гэрээний 5.3 дугаар заалтад хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааг “...” ХХК хариуцахаар зохицуулсан тул хохирол, төлбөрийг манай компани хариуцахгүй. Мөн иргэний хариуцагчаар татагдахгүй ёсгүй” гэж маргадаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас “хэдийгээр захиалагч буюу “...” ХХК болон “...” ХХК-уудын хооронд байгуулсан гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар зохицуулсан боловч үүнээс гарах үр дүнд захиалагч компани хяналт тавих ёстой” гэж дүгнэсэн. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар нэг ч төгрөг аваагүй” гэж дурдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаан 2-3 удаа явагдсан. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж, прокурор эсэргүүцэл бичиж, дахин хэлэлцсэн. Анхан шатны шүүх хуралдаанд 2 компанийн хоорондын 10.000.000 төгрөгийн асуудал яригддаг. Гэтэл амт хохирогч нарын ар гэрт мөнгө өгсөн эсэх нь тогтоогдоогүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд баримтаар гарсан оршуулгын зардал, хохирлыг шүүгдэгч төлсөн тул уг гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршиг арилаагүй учраас шүүгдэгч Ч.Э болон иргэний хариуцагч “...” ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ч.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-н даваа, Бодонч амралтын газрын баруун замд “Тоуоtа Рrius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажиллаж байсан Э.Б, Б.О, М.Х нарыг Нуundai Рorter маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хавсарч мөргөж, улмаар Э.Б, Б.О, М.Х нарын амь нас хохирсон, А.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2021 оны 10 сарын 24-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас /1хх-5/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-25/,

Ч.Э-ыг драйгер багаж ашиглан шалгахад 2.41% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон тухай тэмдэглэл /1хх-26/

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-37-48/,

шинжээчийн дүгнэлт: “1.Амь хохирогч Э.Б-ийн биед тархины суурь хэсэг, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, язарсан шарх, цээжний хөндийд цус хуралт, сээрний 3-р нугалмын хөндлөн хугарал, сээрний 3, 4-р нугалмын холбоос салалт, нугас тасрал, 2 талын 2,3-р хавирга завсрын гялтан хальсны урагдал, гялтанд цус хуралт, гол судасны нумын доод хэсгийн хөндлөн тасрал, гол судасны нумын зүрхнээс гарах хэсгийн хөндлөн тасрал, хэвлийн хөндийд цус хуралт, баруун бөөрний дунд хэсгийн язарсан урагдал, дэлүүний язарсан урагдал, элэгний язарсан урагдал, доод мөчдийн бүрэн тасрал, булчин, зөөлөн эдийн салбарсан том шарх, зүүн бугалга ясны зөрүүтэй далд хугарал, доод уруулд язарсан шарх, доод үүдэн 2 шүдний хугарал, буйланд цус хуралт, зүүн суга, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч нь дээрхи авто ослын улмаас үүссэн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. Амь хохирогч нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэнгүй /2хх-117-121/,

шинжээчийн дүгнэлт: 1.2.Талийгаач Б.О-ийн гавлын суурийн хөндлөн хугарал, баруун зулай чамархайн сэлтэрхийд хугарал, тархины суурийн няцрал, хоёр талын олон хавирганы давхар, шууд бус хугарал, сээрний 1,10-р нугамын мултрал, салалт, нугасны тасралт, гол судас, улаан хоолой, мөгөөрсөн хоолойн тасралт, цээжний зүүн хөндийн цус хуралт /800мл/, зүрхний баруун ховдол, үнхэлцгийн урагдал, зүүн уушигны авчилт, элэгний баруун дэлбэнгийн бяцрал, хэвлий хөндийд цус хуралт. /1000 мл/, зүүн бөөрний бяцрал, умдагны зүүн дээд, доод, баруун дээд салааны хугарал, ууцны баруун олон уулзах үений салалт, зүүн тавхайн үений ил мултрал, баруун шаант, тахилзуурын доод 1/3-ын далд хугарал, баруун дунд чөмөгний доод 1/3-ын далд хугарал, хэвлийн доод хэсгийн 2-р зэргийн түлэгдэл нүүр мөчдийн зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь авто машинд дайрагдах үед үүснэ. 3. Шинжилгээгээр үхэлд хүргэж өвчин тогтоогдсонгүй. 4 Талийгаачид тогтоогдсон хавсарсан олон гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ. Цус нь 3 дугаар бүлэг байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ..” /2хх-139-142/,

шинжээчийн дүгнэлт: "1.Талийгаач М.Х-ын биед тархи, цээж хэвлий, дээд доод мөчдийн хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 3, 4-р нугалмын хугарал, нугасны цус хуралт, эдийн няцрал, баруун 6, зүүн 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, зүүн атгаал ясны хугарал, баруун дунд чөмөгт ясны хугарал, зүүн дунд чөмөгт ясны бүрэн салсан мултрал, дагзны хуйханд цус хуралт, голтын цус хуралт, баруун, зүүн уушгины цус хуралт, баруун, зүүн бөөрний цус хуралт, үнхэлцэг хальсны зардал, дээд хөндийн хураагуур судасны задрал, элэгний урагдал, дэлүүний урагдал, сэмж, чацархайн цус хуралт, зүүн сарвуу, зүүн өвдөг, баруун тавхай, зүүн тавхайд шарх, хэвлий, зүүн бугалга, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. б.Талийгаач нь А (II) бүлгийн цустай байжээ. 6. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /2хх160-164/,

шинжээчийн дүгнэлт: “1.А.Б-ийн биед өвчүү ясны хугарал, духанд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /2хх-202-203/,

шинжээчийн 967 дугаартай дүгнэлт: 1. Шүүх эмнэлгийн 2021.10.27-ны өдрийн №10389 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. 3. Зам тээврийн ослын улмаас А.Б-ийн биед өвчүү, зүүн 4,5-р хавирганы зөрүүгүй хугарал, духанд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Харин сээр нурууны баруун тийш мурийлт, баруун 10,11-р хавирга, зүүн 6,7,8-р хавирганы бороолж буй хуучин хугарал, хоёр уушгины орой хэсэг, баруун уушгины суурь хэсгийн сорвижилт фиброз өөрчлөлт нь тухайн гэмтэл авсан цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Баруун 4-р хавирганы шугаман хугарал гэмтэл тогтоогдсонгүй. 4. А.Батхуягийн биед 2021.10.24-ны өдрийн зам тээврийн ослын улмаас өвчүү, зүүн 4,5-р хавирганы зөрүүгүй хугарал, духанд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /6хх-77-79/,

шинжээчийн дүгнэлт: “1 Н.Т-ийн биед дух, зүүн дээд зовхи, эрүүнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Н.Түмэндэлгэрийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /2хх-216-217/,

шинжээчийн дүгнэлт “1. А.Б-ын биед хэл, уруул, зүүн бугуйд шарх, баруун чамархайн хуйх, зүүн бугуй, зүүн алга, баруун, зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /2хх-230-231/,

хохирогч А.Б-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1хх-182-188/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-ийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд ажлынх нь газраас хүн яриад осолд орсон талаар хэлсэн, ингэж л мэдсэн. Маш их гомдолтой байна, оршуулгын зардлыг нэхэмжилнэ...” /1 хх-67/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн “...Талийгаачийн оршуулгын зардалд 7 сая гаран төгрөг гарсан, ажлын газраас нь 2 удаа нэг сая төгрөг өгсөн, осол гаргасан жолоочийн эхнэр 650.000 төгрөг өгсөн. Мөн ажил явдлаас хойш жолоочийн эхнэр, ах нь манайд 2 зулын тос, 2 сав сүү, нэг уут чихэртэй ирээд уулзаад явсан. Өөрөөр мөнгө төгрөг өгөөгүй. Маш их гомдолтой...” /1хх-123/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мэдүүлэг /1хх 152/,

хохирогч А.Б-ийн“...2021 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цаг өнгөрсөн 18 цаг болоогүй байхад машинаа дуудаж зам дээр байсан материалуудаа ачсан. Б зам дээр байсан материал ачих гэж өөрийнхөө “Портер” маркийн автомашинтай ирээд автомашинаа зүүн тийшээ буюу хот чиглэл рүү харуулаад зам дээр тавьсан, автомашины тэвш дээр шавар зуурдаг миксер, миксерийн мотортой хөлийг ачаад, араас нь усны 200-ын пошикууд тавих гэж байтал түс тас хийгээд л осол болсон. Автомашины тэвшин дээр би зогссон, газар буюу зам дээр талийгаач Б, Х, О нар зогсоод юм өргөж өгч байсан. Ослын дараа ухаан ороод харахад би замын урд талын жалганд хэвтэж байсан. Ослын улмаас миний өвчүү, хавирга гэмтсэн...Эмчилгээний зардлын мөнгөө авчихвал гомдол гэх зүйл байхгүй.” /1хх-178/,

Н.Т-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний нүүрэнд зүсэгдсэн шархнууд учирсан, осол болох үед би жолоочийн хажуугийн суудал дээр сууж явах үедээ дээрх гэмтлүүдийг авсан... Надад эмчилгээний зардалд гарсан мөнгө байхгүй...” /1 хх-226/,

Н.Т-ийн гэрчээр өгсөн “...Тэгээд явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын төвөөр дайрах үедээ Э нэг шил архи авч уух уу гээд өөрөө дэлгүүр орж “Соёрхол” нэртэй 0.75 граммын архи аваад бид гурав 60-н даваан дээр гарч ирээд овооны хажуу талд авсан архиа уучхаад би унтаад өгсөн. Тэгээд би тухайн газраас хэзээ хөдөлсөн талаараа мэдэхгүй байна нэг мэдсэн чинь осолд ороод урд салхины шил мөргөөд сэрсэн. Намайг сэрэх үед Э урд салхины шил хагалаад цээжин хэсэг нь гарчихсан байхаар нь би татаж гаргаад зам руу харсан чинь зам дээр хоёр гурван хүн хэвтэж байсан. Би осол гарах үед тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж явсан, Б хойд талын суудал дээр сууж явсан ба бид 3 осолд орох үед хамгаалах бүс хэрэглээгүй байсан...” /2хх-28/,

А.Б-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний зүүн цээж хэсэг өвдөөд байгаа, өөр гэмтэл гэх зүйл байхгүй...Надад эмчилгээний зардалд гарсан мөнгө байхгүй...” /1 хх-229/,

А.Б-ын гэрчээр өгсөн “...Очоод хоол идээд адуу мал хараад унтахын өмнө 3 шил 0.75 литрийн “Зэсэн Экс” архи 4-үүлээ хуваан уусан. Архиа дуусаад унтаад өглөө 07 цаг өнгөрч байх үед сэрсэн. Би айраг уусан. Мөн би өөрөө авч очсон “Норд” гэсэн нэртэй 0.75 литрийн архийг Т, У бид 3 уусан. Э машин барина гээд уугаагүй. Тэндээ хоол идээд үдийн өмнө хот руу гарсан. Би машинд ороод арын сандал дээр унтаад өгсөн. 1 сэрээд “Урьхан” дээр хоол идээд 1 цаг орчим болоод би мөн арын суудалд суугаад унтаад өгсөн. Би унтаж байх үед нөгөө 2 намайг дуудаад овоон дээр зогсож байна 1 шил архи ууя гэхээр нь машин дотроо бид 3 нийлээд 1 шил “Зэсэн экс” архийг хуваан уусан. Бид 3 адилхан хувааж уусан. Тэндээс хөдлөхдөө Э машин унаад Т хажууд нь суугаад би ард нь суугаад хөдөлсөн. Би хөдлөөд дахиад унтсан. Гэнэт түс тас хийх чимээ гарахаар нь хартал мөргөлдсөн байх шиг байсан...” /2хх 71/,

гэрч Э.Б-н “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 00 минутын үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах замд тэмээтэй хөшөө өнгөрөөд 52-н давааны ойролцоо зам засварын ажил хийж байсан чинь замын хажуу талд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа байрлуулсан байсан манай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг хойд талаас ирж явсан саарал өнгийн “Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж мөргөөд замын хажуу хэсэг рүү орж зогссон. Осол гарсан үед “Портер” машины хажуу талд ажил хийж байсан манай компанийн 3 хүн мөргүүлж нас барсан...Бид нар ажил хийж байхдаа “Портер” машины хойд талд 10-15 метр зайд түүмп буюу зам хаасан гурвалжин байрлуулсан байсан...гэх мэдүүлэг/2хх-65-66/,

гэрч Т.У-ын “...Э “Экс” нэртэй 0.75 л архи манайд гаргаад архийг бид дөрөв хувааж уучхаад, Сүмбэр сум орж манай аав Г.Т-ын Монгол гэрийг дулаалаад үдээс хойш манайд очоод адуу малаар явж байгаад орой унтахын өмнө 2 шил 0.75л архиа бид дөрөв уучхаад манайд хоносон, уг уусан 2 шил архийг Э гаргасан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө ойролцоогоор 06-07 цагийн орчимд бид нар сэрээд боссон. Боссоны дараа 1 шил 0.75 л нэрийг нь мэдэхгүй байна, архи би гараад Э-оос бусад нь уусан, Э хот явна гээд уугаагүй. Би архиа уугаад архиндаа тасраад унтаад өгсөн, үдээс хойш 16-17 цагийн орчимд сэрэхэд нөгөө хэд явсан байсан...” /2хх73/, гэрч Б.М /1хх-242-243/, гэрч Ц.Б /2хх-33-34/, гэрч Ц.Б /2хх-63/ нарын мэдүүлгүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ”...17:49:04 цагт бичлэгт баруунаасаа зүүн тийшээ чиглэлд явж байгаа цагаан саарал өнгийн суудлын автомашин орж ирэн урд гэрлээ асаасан, хурдаа хасалгүй дээрх зам дээр зогсож байсан автомашины арын чиргүүл, чиргүүлийн баруун талд байх хүн, зам дээрх эд зүйлсийг 17:49:10 цагт мөргөж осол гаргаад замын урд хэсэг рүү орж байлаа, мөргөх үед эсрэг урсгалд зүүнээсээ баруун тийшээ чиглэлд том цагаан өнгийн ачааны автомашин, жижиг 3 суудлын автомашин зөрөн гарч байлаа, уг автомашинуудтай мөргөлдөөгүй. Осол гаргасан автомашин бичлэгт орж ирээд 6 секунд явахдаа урд гэрлээ асаасан, хурдаа хасалгүй шууд очиж мөргөсөн ба тоормос гишгээгүй, автомашины арын тоормосны гэрэл асаж харагдахгүй байсан, уг автомашин хурдаа хасалгүй хурдтай чигээрээ очиж мөргөсөн, осол болох үед гадаа харуй бүрий болсон байсан ба замаар явж байгаа автомашинууд урд гэрлээ асаасан, дээрх зам дээр зогсож байгаа автомашин луу дөхөж очоод хурдаа хасаад эсрэг урсгалд орж тойрон гарч байлаа. Зам дээр зогссон цагаан өнгийн ачааны автомашины баруун талын камерын бичлэгт харагдаж байгаа хэсэгт зам дээр түүмп, замын тэмдэг, тэмдэглэл байрлуулаагүй байсан ба чиргүүлийн баруун талд ойролцоо түүмп гэмээр юм хажуугаар нь зөрж байгаа автомашины гэрэлд харагдаж байсан, зам дээр байсан осолд орсон хүмүүс ямар хувцастай нь мэдэгдэхгүй, хажуугаар нь зөрсөн автомашины гэрэлд хувцас нь гэрэл ойлгож харагдахгүй байлаа. Ослын дараа мөргөгдсөн цагаан өнгийн ачааны автомашин зам дээр бүтэн эргэж хараад зогсоно, энэ үед урд гэрэл нь асаалттай, ослын гэрэл нь асаж харагдаж байсан /1хх-59/,

техникийн шинжээчийн дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа Рrius” маркийн ... улсын дугаартай,...арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 3. Учирсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. Эвдрэл гэмтэл нь үүсээд удаагүй шинэ гэмтэл байна. 4. Эвдрэл гэмтэл нь осол гаргахад нөлөөлөхгүй. Тоормос бүрэн ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна /2хх 244-247/,

шинжээчийн дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Э 41/эр” гэсэн хаягтай цуснаас 2,4 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна /3хх 40-41/,

техникийн шинжээчийн дүгнэлт: 1.Т.Приүс-20 маркийн ... улсын дугаартай автомашины хурдыг тогтооё. Хурдыг тогтоохын тулд Т.Приүс-20 маркийн автомашин түүмбэ мөргөсөн цэгээс, Рогtеr маркийн автомашиныг мөргөсөн “2” цэг хүртэлх 21.7 метр зайнд өнхөрсөн, Роrtеr маркийн автомашиныг 14.6 метр зайнд түрсэн, Н.Рorter маркийн автомашиныг мөргөсөн “2” цэгээс Т.Приүс-20 маркийн автомашин зогсох хүртэлх 21.3 метр зайнд өнхөрсөн гэж үзье. Н.Роrtег маркийн автомашин нь зогсоод араандаа хийсэн гар тоормосыг ажиллуулсан байгаа тул урд тэнхлэгт ноогдох жинд харгалзах зайг өнхөрч, арын тэнхлэгт ноогдох жинд харгалзах зайг тоормостой түрсэн гэж үзлээ. Дээрх хурдыг тооцохдоо “Тоуоtа prius 20” маркийн автомашины овоолсон элс давсан, явган зорчигчдыг мөргөж шидсэн, автомашинуудыг гэмтээж эвдэхэд зарцуулсан энергийг тооцоогүй тул автомашин 80.64 км/цаг-аас их хурдтай явж байжээ. 2. Н.Роrtег маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. 5. “Тоуоtа prius 20” маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ч.Э нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон 12.4-р заалтыг тус тус зөрчсөн...” /4хх-37-39/,

техникийн шинжээчийн дүгнэлт: Хариулт 1. Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э нь дээрх ослын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...хориглоно”, 12.4 заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс ... хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. Хариулт 2. “Хондэй портер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь дээрх ослын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Хариулт 11 Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э дээрх ослын үед Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, болон 12.4 заалтыг зөрчсөн нь осол гарах нөхцөл болсон гэж үзэж байна /6хх-106-109/,

Ч.Э-ын яллагдагч, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /2хх93/,

Ч.Э-ын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Төв аймгийн Октъябрын сангийн аж ахуйгаас 20 гаран километрийн зайд миний малыг хариулдаг У гэдэг айлд очоод найз Т, Б болон гэрийн эзэн У нарын хамт 3 шил 0.750 литрийн архи хувааж уусан. Тэгээд тэндээ би хоносон. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10 сарын 24-ний өдөр У-ынд хоол хийлгүүлж идээд өдөр 14 цаг өнгөрч байхад найз Т, Б нарын хамт У-аас хөдлөөд 61-н гарам руу гэрийн зүг явсан. Тэгээд бид 3 замдаа Урьхан зоогийн газарт зогсоод хоол авч идэцгээсэн. Тэгээд зоогийн газраас 16 цаг өнгөрч байхад хөдлөөд Төв аймгийн Баянчандмань суман дээр ирсэн. Тэнд очоод би хүнсний дэлгүүрээс 1 шил 0.750 литрийн Экс нэртэй архи худалдаж авсан. Тэгээд бид 3 хөдлөөд 60-н даваа гэх газарт очоод машинаас буугаад овоонд архинаасаа өргөөд тэгээд үдсэн архиа бид гурав хувааж уусан. Тэгээд тэндээсээ би машинаа жолоодоод, 52-н давааг ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй уруудаад явж байгаад “Бодонч" нэртэй амралтын газрын харалдаа явж байтал өөдөөс явж байсан машины гэрэл тусаад тэр машины гэрэлд миний нүд гялбаад тэр машин зөрөөд өнгөрөх мөчид түс тас хийгээд л явчихсан. Нэг мэдсэн замын хажуу талын жалга руу миний жолоодож явсан автомашин онхолдсон байсан ба Түмэндэлгэр тухайн үед миний хажууд машины урд талын суудал дээр сууж явсан, толгой битүү цус болсон машин дотроо сууж байсан. Харин машины арын суудал дээр сууж явсан Б орилоод машин дотор сууж байсан. Би тэр үед орчноо харахад зам дээр цагаан өнгийн Портер маркийн автомашин ертөнцийн зүгээр хойшоо хараад зогсчихсон байсан...Удалгүй цагдаагийн машинтай цагдаа нар ирээд намайг драйгер багажаар үлээлгэж шалгахад 2.41 хувийн согтолттой гарсан...Би тухайн үед тэр зам дээр зогсож байсан Портер машиныг хараагүй. Учир нь гэвэл би жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Би тухайн үед 80 км/цагийн хурдтай явж байсан. Би автомашиныг жолоодож явсан. Тухайн осол гарах үед гадаа харуй бүрий болж байсан. Нэг ёсондоо гадаа бүрэнхий болж байсан ба гэгээ бүр тасраагүй байсан. Тухайн үед гадаа цаг агаар тогтуун байсан. Уг автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин...Би 2001 онд жолооч болсон...Тухайн үед Портер маркийн автомашин зорчих хэсгийг чөлөөлөөгүй, зорчдог нэгдүгээр эгнээн дээрээ зогсож байсан. Тухайн үед Портер маркийн автомашин ямар нэгэн тэмдэг зам дээр тавиагүй байсан гэх мэдүүлэг /5хх-110-111, 6хх-63-64/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Э-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Б-ийн эрүүл хүндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Б, Б.О, М.Х нарын амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Э-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэхэд уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, автозамын засвар үйлчилгээний ажил хариуцсан гүйцэтгэгч нар Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчиж, гэмт хэрэг гарахад нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэсэн болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон хэдий ч энэ үйлдэл нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг няцаах үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч Ч.Э анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрөөс төлж барагдуулсан гэх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохирсон нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн иргэний хариуцагч “...” ХХК-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан, манай компаныг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болохыг дурьдах зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/632 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ