2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01578

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Г мал маллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Сантмаргац сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баяндавс багт аав А.Арьхад, ээж Д.Өөлд нарын хамт тэдний хариуцсан хонь малнаас маллаж, ажилд нь туслаж байсан бөгөөд одоо 50 нас хүрч, малчны хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэхэд энэ хугацааны баримт байхгүй, Хүн амын тооллогод намайг болон манай хоёр дүүг тухайн үед хөдөөний хүмүүс учир аав, ээж минь өрхийн бүртгэлдээ бүртгүүлээгүй орхигдуулсан байна.

Иймд намайг мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.

 

3.Нэхэмжлэгч А.Г нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 7 дугаар гудамжны 790а тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын оршин суудаг талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

 

4.Нэхэмжлэгч А.Г мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

4.1 Нэхэмжлэгч А.Г нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Сантмаргац сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баяндавс багт аав А.А, ээж Д.Ө нарын хариуцсан хонь малнаас маллаж, ажилд нь туслаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.Г иргэний үнэмлэхний хуулбар,

түүний төрсөн эцэг А.А Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/1291дугаартай архивын Сантмаргаз сумын Баяндавс багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан А.Архидын 1991-1994, ...мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо ...1991 онд тэмээ 4, адуу 29, үхэр 53, хонь 200, ямаа 10, бүгд 296 гэх лавлагаа,

шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан Д.Б /РД ******** -ын ...Би А.Г4 дэх үеийн үеэлүүд, манай ээж А.Гэрэлхүүгийн аавтай төрсөн ах дүүгийн хүүхдүүд. Би 1983 онд цэргээс халагдсаны дараа Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс бригадад мал малладаг байх үед А.Г 1989 онд аав, ээжтэйгээ хамт мал малладаг байсан. 1995 оноос хувьчлал эхэлж, нэгдлийн мал хувьд шилжсэн. А.Г хонь малладаг байсан гэх,

Гэрч Д.Ж /РД ******** /-ын Бид багаасаа нэг суманд хамт морь унаж, мал малладаг байсан. А.Г аав А.А Монгол улсын Хөдөлмөрийн баатар малчин хүн байсан. А.Г Завхан аймгийн Сантмаргац сумын Баяндавс багт Баясгалант амьдрал нэгдэлд 1987-1991 он хүртэл мал маллаж байсан гэх,

Гэрч Б.Я /РД ******** /-ын Бид нэг нутгийнх. Хамт нэг багт мал маллаж байсан. Би 1984 онд цэрэгт яваад 1987 онд халагдаж ирээд мал малласан. А.Г аав, ээж, дүү нартайгаа ойролцоогоор 1989 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа мэдүүлгүүд болон тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд,

гэрч Б.Я 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Сантмаргац сумын Баясгалант-Амьдрал нэгдлийн Баяндавс бригадад мал маллаж байсныг тогтоосон Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 291 дугаартай шийдвэр,

Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/2119 дугаартай архивын Сантмаргаз сумын Баяндавс багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан А.Арьхадын 1990-1991 оны мал тооллогын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Чухай тайж овогт А.Г 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Сантмаргац сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баяндавс багт аав А.А, ээж Д.Ө нарын хариуцсан хонь малнаас маллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ