| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/03915/И |
| Дугаар | 192/ШШ2025/01283 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01283
2025 02 13 192/ШШ2025/01283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...........тоот хаягт байрлах “И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...........хаягт оршин суух Ц-нд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 34,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,890,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Г.Ц нь манай “И ” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн график байгуулан, зээлж авсан. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан хүү 542,500 төгрөгийг төлөөд түүнээс хойш эргэн төлөлт хийгээгүй болно. Манай компанийн зүгээс үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхийг Г.Ц д удаа дараа сануулсан боловч бидний шаардлагыг биелүүлээгүй болно. Г.Ц нь зээл ба хүүгээ төлөхгүй олон сар болсон нь манай компанид маш их хохирол учруулж байна. Иймд Иргэний хуулийн 286, зээлийн гэрээний 2.1-д заасны дагуу үндсэн зээл болох 15,000,000 төгрөг, Иргэний хуулийн 286.2, 222.5, 222.7, зээлийн гэрээний 2.1, 2.6, 2.7-д заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 12,390,000 төгрөг, Иргэний хуулийн 232.4, 232.6, зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу алданги 7,500,000 төгрөг, нийт 34,890,000 төгрөгийг Г.Ц гээс нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэж үзэж байна. Зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгө буюу 99997379 гэдэг дугаарыг зээлийн гэрээний барьцаа болгохдоо фидуцийн гэрээгээр заасан буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хэлбэрээр байгуулсан байдаг. Фидуцийн хэлбэрээр гэрээ байгуулсан гэдэг нь яаж нотлогдож байна вэ гэхээр зээлдэгч тал нь барьцаа хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тухай зээлийн гэрээ байгуулсан өдрөөс авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Зээлдэгч графикийн дагуу эхний хэдэн төлөлтөө хийж байсан боловч зээлээ төлж чадахаа болиод төлөхгүй яваад байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага зээлээ төлөхгүй байна шүү зээлээ төл гэсэн албан шаардлага огт өгөөгүй. Зээлийн гэрээг 2022 онд байгуулаад өнөөдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нэхэмжлэгч тал эрх, үүргээ огт хэрэгжүүлээгүй байж байгаад гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаад маш их хэмжээний хүү алданги тооцож орж ирсэн. Нэхэмжлэгч тал өөрөө фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг зарж борлуулаад зээлсэн мөнгөө гаргах эрх нь байсан. Энэ эрх үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй. Зээл төлсөн үнийн дүн дээр маргахгүй байгаа. Хүү тооцоод байгаа нь үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээнд заасан хугацаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэгч газар буюу зээлдэгчийн онцлог нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шиг банк, эрх бүхий этгээд биш учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн хүүг тооцсон байгаа нь үндэслэлгүй. Хэрэв зээлийн хүүг тооцож байгаа бол зээлийн гэрээнд заасан хугацаанд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Одоог хүртэл фидуцийн гэрээнд заасан эд зүйл нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, зээлийн тооцоолол, зээлийн гэрээний эх хувь, бэлэн мөнгөний зарлагын баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр “Мобиком корпораци” ХХК-аас 99997379 дугаарын эзэмшигчийн талаарх лавлагааг гаргуулж авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Ц нь манай “И ” ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан боловч 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 542,500 төгрөгийн хүү төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 12,390,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 34,890,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, татгалзлын үндэслэлээ Зээлийн гэрээ байгуулагдсан, гэхдээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой 99997379 дугаарыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан хэлбэрээр шилжүүлсэн. Зээлдэгч зээлээ төлж чадахаа болиод төлөхгүй байсаар байтал нэхэмжлэгч нь зээлээ төлөхийг шаардаагүй, мөн фидуцийн зүйлийг зарж борлуулж зээлсэн мөнгөө гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан хугацаанд хүүг тооцох учиртай гэжээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч “И ” ХХК болон хариуцагч Г.Ц нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-6 дахь тал)
4.2.Зээлдэгч буюу хариуцагч Г.Ц нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 06 дугаар сараас хойш биелүүлээгүй.
4.3.Дээр дурдсан зээлийн гэрээний 5.4-т “Зээлдэгч тал өөрийн хүсэлтээр Мобикомын 99997379 дугаарыг зээлдүүлэгч талд шилжүүлсэн болно” гэж заасан.
5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын хувьд талууд маргаангүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрх үүссэн.
Гэхдээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д “...зээл төлөгдөх өдрийн дараах өдрөөс энэхүү гэрээний 2.1 заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна... хоног тутамд... 0,5 хувиар... үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл...”, 2.7-д “...зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар...” гэж заасан нь гэрээний 4.2.4-т “...гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор зээл, зээлийн хүү ба алдангиа төлөөгүй тохиолдолд 15 дахь хоногоос... худалдан борлуулж...” гэж зааснаар 99997379 дугаарыг худалдан борлуулах өдрийг хүртэлх хугацаагаар хязгаарлагдана.
6.Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой хариуцагчаас өөрийн эзэмшлийн 99997379 дугаарыг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын хувьд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуци, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ мөн эсэх талаар талууд маргаантай байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзвэл нэг талаас өөрийн өмчлөлийн зүйлийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэхээр байна.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 99997379 дугаар нь зохигч талуудын хэн алиных нь өмчлөлийн зүйл биш байна.
Иймд зохигч талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотойгоор “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Харин Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж зааснаас үзэхэд зээлдэгч буюу хариуцагч нь өөрийн эзэмшлийн 99997379 дугаарыг эзэмших эрхийг нэхэмжлэгч компанид барьцаалсан гэж үзэхээр байна.
Иймд зохигч талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол барьцааны зүйл болох 99997379 дугаарыг эзэмших эрхийг бусдад худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
7.Гэхдээ нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг худалдан борлуулж, түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Тодруулбал,
Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2-т зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон байх ба 4.2.4-т “Хэрэв зээлдэгч нь зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор зээл, зээлийн хүү ба алдангиа төлөөгүй тохиолдолд 15 дахь хоногоос зээлдүүлэгч нь зээлдэгчийн сайн дураар шилжүүлсэн дугаарыг худалдан борлуулж зээлсэн мөнгөө, түүний хүү, алдангийн хамт гаргаж авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэв” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр (2022.07.25-ны өдрөөс хойш 15 дахь хоног) буюу түүнээс хойших хугацаанд барьцааны зүйл болох ************дугаарын эзэмших эрхийг бусдад худалдан борлуулж, түүний үнээс худалдан борлуулсан өдрийг хүртэлх хугацааны хүү, алданги, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулан авах үүрэгтэй байжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд гэрээний 4.2.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан ёсоор үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний 4.2.4-т заасан үүргээ хэрэгжүүлэхээс өмнө зээл, зээлийн хүү, алдангийг төлөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох 34,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 332,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Ц д холбогдох 34,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “И ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД