Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00288

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00288

 

 

 

С.Б, Х.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02712 дугаар шийдвэртэй

С.Б, Х.Н нарын нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК-д холбогдох

2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/154 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүнээс үүдэх үр дагаврыг арилгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт 79 081 929 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Б, Х.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Х болон С.Б, Х.Н нарын хооронд №14/154 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл Хнаас зээл олгож буй давуу эрхээ ашиглан зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт Зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн 1 хувь байна гэж хууль бус нөхцөлийг тус гэрээнд оруулсан. Энэ талаар гэрээг байгуулах үед болон зээл авсны дараагаар зээлдэгч нар банканд удаа дараа хандсан боловч хүлээж авалгүй өнөөдрийг хүрлээ. Банкнаас олгож буй зээлийн гэрээний хувьд банк зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11:31 минутад 50 000 000 төгрөгийг С.Бийн 5016324239 тоот данс руу шилжүүлсэн мэт харагдах боловч ердөө тэр дороо буюу мөн өдрийн 11:32 дахь минутад ЗӨХ гэсэн утгаар 15 000 төгрөг, ЗҮШ гэсэн гүйлгээний утгатайгаар 500 000 төгрөгийг тус тус буцаагаад суутгасан. Эндээс харахад бодит байдал дээр 50 000 000 төгрөгийг биш 49 485 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг зөрчсөн. Мөн гэрээний 2.3.1 дэх хэсэгт олгож буй зээлийн 1 хувь буюу 500 000 төгрөгийг банканд төлөхөөр заасан нь бодит байдал дээр өөрсдийн ашиглаагүй 515 000 төгрөгийн хүүг зээлдэгч нар төлөхөөр болж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасныг зөрчсөн. Мөн банк үйлчлүүлэгч болох зээл авагчид гэрээний гол зүйл болох мөнгийг дутуу нийлүүлнэ гэж хийж байгаа нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 11.2-т Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу уг гэрээ хүчин төгөлдөр бус заалт юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/154 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд энэ асуудлаар холбогдох мэдэгдэл явуулж байсан нь үнэн. 2016 оны 2 дугаар улирлаас эхлээд төлбөр төлөх чадваргүй болсон. Мэдэгдэл ирэх болгонд энэ асуудлаа тайлбарлаж хэлдэг байсан. Мэдэгдэл нь тодорхой хугацаа бичээд энэ хооронд төлж чадахгүй бол гэрээг цуцлах агуулгатай шаардлага байдаг. Хариуцагч 2020 оны 8 дугаар сард гэрээг цуцалж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч гэрээ аль хэдийн төлбөр төлөх чадваргүй болсон үеэс, банкны зүгээс өгсөн мэдэгдлийн дагуу гэрээг цуцлах асуудал үүссэн. Энэ агуулгаараа банк нь мэдэгдэл дээрээ гэрээг цуцлах огноог мэдэгдсэн гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгч нар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж чадахгүй өнөөдрийг хүрлээ, бүх төлбөрөө төлж дуусгая гэсэн санал хүргүүлснээр гэрээг дуусгавар болгож цуцалсан гэж үзэж байгаа. Гэрээний хугацаа 1651 хоногоор биш 1434 хоногоор хүү тооцно. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 удаагийн төлөлтөөр 1 794 880 төгрөгийг төлсөн нь үндсэн зээлийн үндсэн төлбөрөөс хасагдах ёстой. Иймд үндсэн зээл 31 022 161 төгрөг, зээлийн хүүд 32 176 199 төгрөг, нийт 63 264 280 төгрөгийг төлөхөөр байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Зээлдэгч нарын хувьд Хнаас 50 000 000 төгрөгийг зээл авах хүсэлтээ гаргасан, банк уг зээлийг банктай холбоотой дүрэм журам болон хууль ёсны дагуу судалж үзээд 50 000 000 төгрөгийг гаргаж өгөх боломжтой гэдгийг харилцагчид мэдэгдсэн, улмаар хоорондоо харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан зээлийг олгосон. Хнаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгчийн авсан зээлийг түүний харилцах дансанд шилжүүлсэн, уг харилцах данснаасаа С.Б нь өөрөө хүлээн зөвшөөрч 500 000 төгрөгийг зээлийн шимтгэл гэдэг утгатайгаар шилжүүлсэн. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Монгол банк ямар чиг үүрэгтэйг, Монгол банкны ерөнхийлөгч ямар эрх, үүрэгтэй талаар хуульчилсан. Хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/233 дугаар тушаалаар банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хоорондын мэдээллийн ил тод байдлын журмыг баталсан, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар журмыг шинэчлэн баталсан байдаг. Нэгэнт банк гэдэг нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, батлагдсан журмыг дагах үүрэгтэй бөгөөд журамд заасны дагуу олгосон зээлийн 1 хувийн шимтгэлийг зээлдэгч төлнө гэсэн заалтыг банк гэрээний заалтад оруулж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... сөрөг нэхэмжлэлдээ: Харин хариуцагч нар дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үндсэн зээлээс 17 183 038 төгрөг, хүүгийн төлбөрт 20 080 783 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22 375 төгрөг, нийт 37 113 484 төгрөгийг төлсөн, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 32 816 961.81 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 31 231 003.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5 033 963.61 төгрөг, нийт 79 081 929.27 төгрөгийг төлөөгүй, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийтдээ 1651 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан тул хариуцагч нараас дээрх 79 081 929,27 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам 1-8 тоотод байрлах 192 м.кв хувийн сууц, гараашийн хамт, мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам, 1-8 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар болон бусад хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/154 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүнээс үүдэх үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч С.Б, Х.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан С.Б, Х.Н нараас 79 081 929,27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам 1-8 тоотод байрлах 192 м.кв хувийн сууц, гараашийн хамт, мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам, 1-8 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 569,65 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 623 569,65 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Б, Х.Н нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрээний 2.3.1 дэх заалтаар олгосон зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл болон уг зээл олгогдох үед мөрдөгдөж байсан Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д тус тус нийцсэн байх тул гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангахаас татгалзсан үндэслэлээ Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236 тушаалаар зохицуулсан журамд нийцсэн тул ЗӨХ, ЗҮШ гэсэн утгатайгаар үндсэн зээлийн 1 хувьтай тэнцэх шимтгэл суутгасан нь хуульд нийсэн... гэж дүгнэсэн. Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө бодитоор хүлээж авч зориулалтын дагуу ашигласан эсэх дүгнэлт хийж чадаагүй. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуулийн зохицуулалттай хэрхэн уялдаж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй. Бодит байдал дээр зээлдэгч нар нь гэрээгээр зээлсэн мөнгөнөөс бага хэмжээтэй мөнгө хүлээж авч аваагүй мөнгөндөө хүү алданги төлөх нөхцөл байдал үүссэн. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон мөнгөө бодитойгоор хүлээж авах нөхцөл байдлыг бүрдүүлсэн учир нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бид арга буюу төлбөрийн чадваргүй болсон учир 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр гэрээг цуцалж хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоож зээлийн үндсэн төлбөрийг төлж дуусгах санал хүртэл хүргүүлсэн ч банк бас л зээлээ эргэн дуудаагүй. Харин бидний шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л арга буюу сөрөг нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлээ нотлох үүднээс хариуцагчид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан шуудангаар хүргүүлсэн албан бичгийг нотлох баримтаар гаргасан. Гэтэл уг нотлох баримтыг шүүхийн зүгээс буруугаар тайлбарласан ба уг албан бичгийн агуулга нь уг өдрөөс гэрээний үүргийг тасалбар болгож зөвхөн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй байхад шүүх гэрээ цуцлах гэсэн үг алга гэсэн үндэслэлээр бидний тайлбарыг хүлээж аваагүй. Х ХХК-ийн зүгээс өөрт олгогдсон давуу байдлаа банкны тухай хууль болон талуудын байгуулсан гэрээнд тусгагдсан эрх үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй зээлдэгч нарын барьцааны зүйлсийн үнэлгээ өндөр байсан нөхцөл байдлыг урвуулан ашиглаж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Х ХХК-д хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгийг зохих ёсоор үнэлэн зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгосонд тооцож улмаар зээлийн хүү тооцох хугацааг 1434 хоногоор тооцож зөрүү болох 127 хоногт тооцогдох хүүг хассан дүнгээр буюу 35 811 786 төгрөгөөр тооцож ёстой байсан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншихад үндсэн зээлийн хүүг багасгасан дүнгээр буюу 31 234 003 төгрөгөөр бичсэн ч нэхэмжлэлийн шаардлагын хангасан шаардлагын нийт дүнгээс харахад 79 081 929 төгрөг гэсэн нь ямар ч ойлгомжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 127 хоногт ногдох хүү болох 5 419 217 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Б, Х.Н нар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №14/154 тоот Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүнээс үүдэх үр дагаврыг арилгуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 79 081 929 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14/154 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон байна. Мөн өдөр зохигчид Барьааны гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам 1-8 тоотод байрлах 192 м.кв хувийн сууц, гараашийн хамт, мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам, 1-8 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалжээ. /хх.30-33/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлийн мөнгөн хөрөнгө болох 50 000 000 төгрөгөөс 1 хувийн шимтгэл суутгаж авч 49 500 000 төгрөг шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д гэрээний 2.3.1-т заалтаар зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авахаар харилцан тохиролцсон нь дээрх журмыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч гэрээнд заасан бол хүү төлөх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Мөн Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Банк үүсгэн байгуулагч 19.1.1 банк үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тайлан, мэдээгээ жил бүр, эсхүл түүнээс богино хугацаанд тайлагнадаг байх, 19.1.2.төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийдэг байх, 19.1.3.санхүүгийн тайлан, мэдээгээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаар, эсхүл Монгол банкны хүлээн зөвшөөрсөн, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх, 19.1.4.банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх, 19.1.5 энэ хуулийн 361 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангасан байх шаардлагуудыг тус тус хангасан байна гэж заасан байна. Иргэний хуульд Монгол банкнаас баталсан журам талуудын хариуцлага нь хууль заалтад нөхөн заасан хэм хэмжээ болгон хэрэглэх эрх олгогдоогүй юм. Иймд гэрээний заалт нь Монгол банкны эрх олгосноор хүчинтэй гэсэн агуулга бүхий хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Талуудын хооронд зээлийн гэрээнд заасан шимтгэл төлж, зээлээс суутгасан заалтыг нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгах тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ыг шинэчлэн баталжээ.

Уг журмын 1.3.17-д Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг ойлгоно гэж, 2.4-т Зээл судлах үед болон зээл олгосноос хойш 1 жилийн хугацаанд зээлдэгчийн төлөх дараах шимтгэл, хураамжийг зээлийн бодит өртөг тооцоход оруулна гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно заасан.

Дээрх заалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

С.Б, Х.Н нарт зээлийн гэрээний дагуу 49 500 000 төгрөгийн хэмжээнд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 79 081 929 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч 63 264 280 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбараас үзэхэд зохигчид үндсэн зээлд 17 183 038 төгрөг, хүүгийн төлбөрт 20 208 070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 375 төгрөг нийт 37 413 484 төгрөг төлсөн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...зээлийн гэрээний хугацаа 1651 хоног биш 1432 хоногоор бодогдох ёстой. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 удаагийн төлөлтөөр 1 794 880 төгрөгийг төлсөн нь үндсэн зээлийн төлбөрөөс хасуулна гэж тайлбарласан байна.

Хэрэгт нотлох баримтаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг буцаан төлөх хуваарийн үндэслэн тооцоход нэхэмжлэгч үндсэн зээл 50 924 230, зээлийн хүү 10 107 624 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 021 175 төгрөг нийт 63 053 029 төгрөг төлөхөөр байна. /хх.31 дүгээр талын ар тал/

Иймд нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 63 264 280 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч С.Б, Х.Н нараас гаргуулж хариуцагч Х ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02712 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/154 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай гэж

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан С.Б, Х.Н нараас 63 264 280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 817 649 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 569 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 473 245 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Нын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО