| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2209009460148 |
| Дугаар | 2023/ДШМ730 |
| Огноо | 2023-07-19 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2023/ДШМ730
2023 7 19 2023/ДШМ/730
Т.Шт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Булганчимэг,
шүүгдэгч Т.Ш,
хохирогч С.Аы өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Ш-т холбогдох эрүүгийн 2209 00946 0148 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн Т.Ш, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй, ... мэдээллийн сайтад эрхлэгч ажилтай, ам бүл ... хамт амьдардаг, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Т.Ш нь ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод байхдаа 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 17 минутад олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкт иргэн С.А-ыг эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулан “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ. Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү.” гэх байдлаар бичиж нэр төр, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг нийтэлж, олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Ш-ыг “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалж, шүүхээс оноосон ялыг биелүүлсэн бол шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд:
1. Шүүх дараах хууль зүйн фактад нийгэмд аюултай үйлдэл байгаа тул гэмт хэрэг гэж үзэж гэмт хэрэгт хохирсон этгээдийг тодорхойлжээ. Тухайлбал, олон нийтийн цахим сүлжээнд буюу Фейсбүүкт “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ, Хятад хүмүүс хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү”. Хувь хүний өөрийн Фейсбүүк нь олон нийтийн цахим сүлжээнд хамаардаггүй байхад шүүх хамаардаг мэтээр дүгнэлт өгсөн нь хууль зүйн фактын хүрээ хязгаарыг зөв тодорхойлж чадаагүй өөрөөр хэлбэл хохирогч гэх А-ы оноосон нэрийг дурдаж шууд зааж түүнийг гутаан доромжилсон үг зүй утга байхгүй байхад түүний өөр бусад бичсэн постуудыг хамаатуулан гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг зөрчиж Т.Ш-ын өөрийн хувийн цахим хаягт “...” оруулсан түүний хувьд хувийн орон зай бөгөөд өөрийн үзэл бодол түүнийг илэрхийлэх илэрхийлэл болдог.
2. Шүүх шийтгэх тогтоолын үндэслэлдээ “...шүүгдэгч нь өөрөө бичиж цахим хуудсандаа байршуулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогч С.А-д хандаж хамааруулж халдаж бичээгүй, өөр утга агуулгатай гэх тайлбараа нотолж чадаагүй болно...” гэжээ. Хүний заяамал эрх чөлөөгөө эдлэхэд хэний ч өмнө ямар ч үүрэг хүлээхгүй, гэтэл Үндсэн хуулиар баталгаажсан Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Уул эрхээ эдэлж би мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл С.А гэх хүнийг нэр зааж түүний удам судар гарал угсаагаар нь доромжлоогүй гэж мэдүүлсээр ирэхэд шүүх миний бичээгүй хүн болох шадар сайд С.А-ыг хэлсэн байна гэж хамаатуулж байгаа нь хэтэрхий субьектив байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын эсрэг шийдвэр гаргалаа.
3. Шүүхийн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэсэн зарчмыг прокурор шүүх хууль зүйн дүгнэлтдээ ноцтой зөрчиж, надаас удаа дараа Самарсайхан гэдэг хүн алга чи хэнийг хэлээд байгаагаа нотолж чадахгүй байгаа болохоор энэ хүн чинь С.А мөн байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа нь шүүх таамагласан хэн нэгэнд заавал хамаатуулах төсөөллийн байдлаар намайг ялласан нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг хөдөлшгүй нотлох үүргийг зөрчжээ.
4. “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ. Хятад хүмүүс хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий шууд хохирогчийг нэр зааж гүтгээгүй үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэх ёстой байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолж шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.
5. “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ, Хятад хүмүүс хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” нотлох баримтыг үнэлэхдээ бичсэн бичвэрт хохирогчийн оноосон нэрийг заагаагүй хохирогчид хамааралгүй байхад нотлох баримтыг бодит байдалд нийцүүлж нягт нямбай бүрэн гүйцэд эрх зүйн ухамсрыг удирдлага болгоогүй гэж үзэж байна.
6. Энэ төрлийн 10 гэмт хэргийг өнгөрсөн хугацаанд шийдсэн шүүхийн практик байна Үүнд: 2020/ШЦТ/143, 98, 82, 00112, 48, 09, 2021/ШЦТ/340, 149/ШТ/0022, 427, 2021/ШЦТ/229.
Иймд ...гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийгээгүй байх тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.
.... С.А-ы гарын үсэгтэй мөрдөгчид гаргасан гомдлыг уншин судлуулж, шүүх хуралдааны тэмдэглэлд үлдээх саналтай байна. Миний 2021 онд оруулсан посттой холбоотойгоор намайг гэм буруутайд тооцсон. Тухайн пост нь шадар сайд С.А гэдэг хүнтэй огт хамааралгүй. Бид өөрсдийн сонгосон төр засгийг шүүмжилж болохгүй нийгэмд амьдарч байгаа учир миний бие энэ байдалтай 2 жил гаруй хугацаанд тэмцэж ирсэн. Энэ хүний эсрэг намайг өмгөөлөх өмгөөлөгч Монгол улсад олдохгүй болсон байна. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. ...” гэв.
Хохирогч С.А-ы өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учир гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж хангагдсан. Мөн шүүгдэгч давж заалдах гомдолдоо “фейсбүүк нь цахим сүлжээнд хамаатай” гэж бичсэн. Цахим сүлжээнд хамаарах эсэхээс үл хамаарч “Олон нийтэд тараасан” гэмт хэргийн үйлдлийг хуульд зааж өгсөн. Тийм учраас гэмт хэргийн үйлдлийн шинж хангагдсан гэж үзнэ. Түүнээс фейсбүүк нь цахим сүлжээ мөн үү, биш үү гэдэг нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Шүүгдэгчээс удаа дараа олон удаагийн үйлдлээр иргэн С.Атай холбоотой мэдүүллүүдийг тарааж ирсэн. Хэрэгт Т.Ш-ын иргэн С.А гэдэнг хүнтэй холбоотой тараасан мэдээллүүд авагдсан. Хэрэгт зөвхөн С.А гэж бичсэн мэдээллүүд бус “Самарсайхан” гэж бичсэн мэдээллүүд авагдсан. Шүүгдэгчээс С.А гэдэг хүний хийж байгаа үйл ажиллагаа руу чиглэсэн байдлаар мэдээлэл гаргадаг. Энэ байдлаас түүний С.А гэдэг хүнийг хэлсэн үү, өөр хүнийг хэлсэн үү гэдэг нь харагдана. Мөн шүүгдэгчээс бодитоор байхгүй мэдээллүүдийг тараадаг. С.А-ы эцэг С гэдэг хүн хэзээ ч шарил ухдаг хүн байгаагүй. Социалист нийгмийн үед улсын төрийн намын гишүүн хүн байсан. Энэ агуулгаараа бодит байдал дээр шарил ухдаг хүн байгаагүй гэдэг нь харагдана. Мөн энэ хүний удам угсаанд Хятад улсын гарал байхгүй. Ийм учраас шүүгдэгч Т.Ш-ын бодит байдал байхгүй мэдээллийн бодит мэтээр тарааж байгаа нь өөрөө худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгчээс “... С.А-ы захиалгаар хэрэг үүсгэж, ялласан” гэж хэлдэг. Захилгаар хүн ялладаг шүүх, прокурор гэж байхгүй. Тийм учраас үндэслэлгүйгээр хуулийн байгууллагыг гүтгэн доромжлохоо болино уу гэж хүсэж байна. ...” гэв.
Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Ш-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон. Түүнчлэн “Фейсбүүк” нь олон нийтийн цахим хэрэгсэл мөн. Олон нийтэд тараасан гэх ойлголт нэг буюу түүнээс дээш хүнд тараасныг ойлгоно. Шүүгдэгч Т.Ш-ын бичсэн пост хэдэн хүнд тараагдсан нь хэрэгт авагдсан “фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл”-ээс харагддаг. Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчим энэ тохиолдолд хамаарахгүй. Учир нь, шүүгдэгч Т.Ш нь С.А-ы нэр хүнд, алдар хүндтэй холбоотой постуудыг оруулдаг хэдий ч бусад байдлыг хийсэн ажилтайн холбоотойгоор бичсэн шүүмжлэл гэж прокурорын зүгээс үзсэн. Харин Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх буюу угсаа, гарвалийнх нь талаар илт худал мэдээлэл тараасан үйлдлийг нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн. Хэдийгээр Т.Ш өөрийн цахим хаягаараа тухайн постыг оруулсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний нэр, төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж тус тус иргэний үндсэн үүргийг ёсчлон баталсан. Энэ агуулгаар цахим орчинд ч тэр бусдын талаар бичихдээ хэмжээ хязгаартай буюу “бусдын нэр төр, алдар, хүндийг гутаан доромжилж болохгүй” гэж заасан. Түүнчлэн уг эрхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “илт худал мэдээлэл тараасан гэмт хэрэг” гэж зүйлчлэхээр заасан. Мөн "...Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ. Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү..." гэх постыг өөрийн цахим хуудсандаа оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч тухайн постыг хэнд зориулж бичсэн талаараа хэлдэггүй. Хэдийгээр С.А-ы талаар бичээгүй гэж шүүгдэгч Т.Ш мэдүүлсээр ирсэн боловч хохирогч С.А-аас “миний нэр төрд халдсан” гэж үзээд гомдол гаргасан. Түүнчлэн тухайн постыг С.А гэдэг хүнд холбогдуулан бичсэнийг постыг уншсан хүн бүхэн ойлгох бөгөөд тухайн постын доор үлдээсэн сэтгэгдлүүдээс уншиж болно. Мөн С.А-ы албаны нэр хүндэд халдаж бичсэн пост зэргээр нь тухайн хүнийг нэрлэн бичсэн болох нь тогтоогддог. Хэдийгээр хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч Монгол Улсад Үндсэн хууль, Эрүүгийн хууль нэг мөр хэрэгжих ёстой. Нэг талаасаа хүн өөрийн хувийн орон зайдаа юу ч бичиж болох хэдий ч түүний хувийн орон зайг дээрх хуулиар хязгаарласан зүйл байхгүй. Харин цахим орчинд илтэд худал мэдээлэл оруулж болохгүй гэдгийг шүүгдэгч Т.Ш нь сэтгүүлч хүний хувьд мэдэж байгаа. Мөн Самарсайхан гэдэг нэртэй хүн Монгол улсад байхгүй болох нь мөрдөгчийн тэмдэглэлээс харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдож хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн. Мөн гэмт хэргийг хэн үйлдэж, хэнд хохирол учруулсан зэрэг нь хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч Т.Ш-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 21 цаг 17 минутын орчимд оруулсан тус пост нь хүний нэр төрд халдаж илтэд худал мэдээллийг тараасан. Мөн Т.Ш нь олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкт өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ “Эцэг нь шарил ухдаг, самардаг хужаа байсан гэлцдэг” гэж ор үндэсгүй. Баримт нотолгоогүй мэдээллийг тараасан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр буюу түүний эрхэлж буй албан тушаалтайн холбогдуулж ажил хэргийнх нь нэр хүндийг гутаах санаа зорилгыг агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Т.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Т.Ш-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 17 минутад олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкт “...Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ. Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү..." гэж бичсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний нэр төр алдар, алдар хүнд ...-д халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан...” гэсэн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Т.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Т.Ш-ыг цахим сүлжээнд буюу фейсбүүкт “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ. Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү” гэж бичсэн нь С.А-ы эрхэлж буй албан тушаал болон түүний нэр төр, алдар хүндэд халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, алдар хүнд гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Т.Ш-ын тухайн өдөр цахим сүлжээнд буюу фейсбүүкт дээрх байдлаар бичсэн үйлдэлд хохирогч С.А-ы нэр, төр, алдар хүндтэй холбоотой, С.А-ы эрхэлж буй “Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд” гэсэн ажил хэргийн нэр хүндтэй нь холбоотой ямар нэг үг, өгүүлбэр байхгүй болох нь:
шүүгдэгч Т.Ш-ын гэрчээр өгсөн “...би уг асуудалд Самарсайхан гэх хүний талаар дурджээ. Энэ асуудалд Шадар Сайд С.А ямар хамаатай юм бэ... миний пост мэдээлэлд ямар нэгэн шалтгаан байхгүй, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн...” гэх мэдүүлэг /1хх 99-100/,
шүүгдэгч Т.Ш-ын фейсбүүкийн “...” гэсэн хаягт үзлэг хийсэн тэмдэглэл: “...фейсбүүк хаягны нүүр хуудсанд байршуулсан мэдээллийг доош нь гүйлгэж үзэхэд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ! Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү?” гэсэн мэдээлэл нийтэлсэн байна...” /1 хх 24/,
2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн цахим орчинд хайлт хийсэн тэмдэглэл: “...Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ! Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү? гэсэн пост мэдээлэл оруулж 2022 оны 02 дугаар сараас өмнө дээрх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тавигдаж байсан талаар хайлт хийхэд тавигдаж байгаагүй үр дүн илэрч байх ба 2022 онд ... гэх фейсбүүк хэрэглэгч пост мэдээлэл оруулсан талаар илэрц гарч ирснийг зурагжуулж ...дугаарлан тэмдэглэлд тусгав...” /2 хх 69-70/,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын газрын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №02/795 дугаартай албан бичигт хавсаргасан С.А-ы угсаа гарал, удам судартай холбоотой архивын лавлагаа /1хх 152-156/,
2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл: “... Самарсайхан гэх хүний талаарх мэдээллийг Цагдаагийн мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд Монгол Улсын иргэний бүртгэлд Самарсайхан гэх нэртэй хүн бүртгэгдээгүй, байхгүй байсан болохыг тэмдэглэлд тусгав...” /2хх 120/ зэргээр нотлогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх, прокуророос Т.Ш-ыг яллагдагчаар татаагүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй хохирогч С.А-ы гомдолдоо дурдсан
2022 оны 02 дугаар сарын 28-ны “...Хийн хоолой бол Монгол Улсыг цаазын тавцанд зогсоож буй үйлдэл! Бургас хядаач Монголоос зайл чи! С.А...” гэх С.А-ы нэртэй /1 хх 26, 2 хх70/,
2022 оны 03 дугаар сарын 21-ны “...Энэ ер нь яг яах санаатай хүн юм бэ?! Монголын үнэ цэнтэй гэсэн болгоныг устгах нь! Туулын бургас хядсан, эмнэлэг хүрэлцэхгүй хэцүү байхад усгүй үтрээн оргилуур ковидын хүнд үеэр барьсан, одоо Монголын цементийн үйлдвэрүүдийн зах зээлийг Хятадуудад өгье гэж улаан цайм ярьж байна! Энэ яг Монгол хүн мөн үү, Монголын эрх ашгийг хамгаалах ёстой сайд мөн үү?...” гэх С.А-ы зурагтай /1 хх 25/ нийтлэлүүдтэй холбогдуулсан дүгнэлтийг /шийтгэх тогтоолын 9-10 тал/
прокуророос Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг холбогдуулсан “..... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод байхдаа 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 21 цаг 17 минутад олон нийтийн цахим сүлжээнд буюу фейсбүүкт иргэн С.А-ыг эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулан “Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг. Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ. Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэлүү.” гэх байдлаар бичиж нэр төр, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг нийтэлж, олон нийтэд тараасан...” гэх үйлдэлтэй нь холбон дүгнэлт хийж, Т,Ш-ыг “..хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн, шүүгдэгч Т.Ш-ын “...” гэсэн фейсбүүк хаягаас оруулсан 2022 оны 02 дугаар сарын 28-ны “...Хийн хоолой бол Монгол Улсыг цаазын тавцанд зогсоож буй үйлдэл! Бургас хядаач Монголоос зайл чи! С.А...” гэх С.А-ы нэртэй /1 хх 26, 2 хх70/, 2022 оны 03 дугаар сарын 21-ны “...Энэ ер нь яг яах санаатай хүн юм бэ?! Монголын үнэ цэнтэй гэсэн болгоныг устгах нь! Туулын бургас хядсан, эмнэлэг хүрэлцэхгүй хэцүү байхад усгүй үтрээн оргилуур ковидын хүнд үеэр барьсан, одоо Монголын цементийн үйлдвэрүүдийн зах зээлийг Хятадуудад өгье гэж улаан цайм ярьж байна! Энэ яг Монгол хүн мөн үү, Монголын эрх ашгийг хамгаалах ёстой сайд мөн үү?...” гэх С.А-ы зурагтай /1 хх 25/ нийтлэлүүдэд “Самарсайхан” гэх нэртэй үг байхгүй байх тул С.А гэх хүнтэй холбогдож байгаа гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.”,
7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Т.Ш-ыг “...хохирогч С.А-д хандаж, хамааруулж, халдаж бичээгүй, өөр утга агуулгатай гэх тайлбараа нотолж чадаагүй болно...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Ш-ын “...надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч Т.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Т.Ш-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Ш-ыг цагаатгасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ