Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Намдаг,

            Шүүгдэгч З.Аөөрөө өөрийгөө тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт З.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17050003860013 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, З.А, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, ...-д оператор ажилтай, ...од оршин суух хаягтай, урьд 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн, 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч З.Ань 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны орчим иргэн Н.Быг архи авч өгөхийг шаардаж заналхийлсэн мөн урдаас том дуугарлаа гэх шалтгаанаар зодож бие махбодод нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Намайг гараад ир гэж ах дуудахаар нь гарсан. Тухайн ахын таньдаг хүн манай байрны 4 орцонд байдаг гээд цуг очиж уулзсан. Тэгээд нэг шил архи уусан. Орцны үүдэнд очиход Б гарч ирээд намайг харснаа буцаад орсон. Би Быг гараад ир гэж дуудаад нэг шил архи аваад өгчих гэж хэлэхэд өөдөөс муухай хараад таньтай зүгээр байдаг шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би түлхүүрийнхээ оосроор цохисон. Мөн гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Бын хамарнаас цус гарсан. Би ахыгаа уучлаарай гээд цусыг нь подваль руу орж угаасан. Б надад дэлгүүрээс нэг шил архи авчирч өгсөн. Миний буруу, би буруугаа ойлгож байна. Хохирогчид нийт 5.400.000  төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Аийг үл таних 3 хүнтэй хамт зогсож байхад нь тааралдсан. А намайг дуудаад тусдаа уулзаад ахынх нь найз шоронгоос гарч ирсэн ганц шил юм аваад өг гэж хэлсэн. Би түүнд хандаж надад мөнгө байхгүй гэхэд тэр намайг чи яагаад давраад байна аа гэж хэлээд түлхүүрийн оосроор толгой руу ороолгоод шууд хамар руу гараараа 2 удаа, хацар руу гараараа нилээн хэдэн удаа цохиж элэг рүү гараараа цохисон. Тэр үед цаанаас нь хамт явж байсан нэг залуу ирээд Аийг боль гэхэд А болихгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Гэрч С.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр манай хүү Бын төрсөн өдөр болж байсан юм. Тэгээд өдөр 11 цагийн орчимд би хүүгээ гэрээс дуудаад өдрийн хоол хамт идье гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээсээ гараад 14 цагийн орчим хоол идэх газраа хүлээж байхад Б над руу залгаад би сая орцны үүдэнд манай хойд талын орцны нэг ахад зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би шууд хүүгээ дагуулаад цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Шинжээчийн 10248 тоот дүгнэлтэд: “...Н.Бын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 14/,

Яллагдагчаар өгсөн З.Аийн: “... тухайн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бага зэргийн хэмжээтэй согтолттой байсан. Тэгээд 52 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа Түвшээ, Оюунбат нартай согтуурсан үедээ юм яриад зогсож байсан. Тэгтэл 2 дугаар орцноос зүс таних дүү Б ганцаараа гарч ирсэн. Тэгээд би Б руу очоод ахдаа нэг шил архи аваад өгчих гэхэд Б надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Боос чи зохицуулаад надад нэг шил архи авч өг гэж хэлсэн. Тэгтэл Б би таньтай зүгээр байдаг шүү гэж том дуугарсан. Би тухайн үедээ уурласан бөгөөд халаасанд байсан түлхүүрийн давуун оосроор бие рүү нь 2-3 удаа ороолгоод нүүр буюу царай хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Бын хамраас цус гарсан бөгөөд би уучлалт гуйгаад Б надад нэг шил архи авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4-5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой байримтууд /хх-н 24-39/, хохирлын мөнгө хохирогчид өгсөн баримт /хх-н 40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч З.Ань 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрны орчим иргэн Н.Быг архи авч өгөхийг шаардаж заналхийлсэн мөн урдаас том дуугарлаа гэх шалтгаанаар зодож бие махбодод нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Бын: “...А намайг дуудаад тусдаа уулзаад ахынх нь найз шоронгоос гарч ирсэн ганц шил юм аваад өг гэж хэлсэн. Би түүнд хандаж надад мөнгө байхгүй гэхэд тэр намайг чи яагаад давраад байна аа гэж хэлээд түлхүүрийн оосроор толгой руу ороолгоод шууд хамар руу гараараа 2 удаа, хацар руу гараараа нилээн хэдэн удаа цохиж элэг рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 6/, шинжээчийн 10248 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэж заналхийлсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Ань хохирогч Н.Быг архи авч өгөхийг шаардаж заналхийлсэн, мөн урдаас том дуугарлаа гэх шалтгаанаар зодож бие махбодод нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохиролд 5.400.000 төгрөг авсан. Ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч З.Аийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заажээ.

Улсын яллагч шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч З.Ад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.Аийг “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэж заналхийлсэн,

        -“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад шүүхээс оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР