2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01360

 

 

 

 

     2025             02                  17                                                192/ШШ2025/01360

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т холбогдох

 

Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 880,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 880,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр М банк дахь өөрийн эзэмшлийн .......... дугаар данснаас Голомт банк дахь нөхрийнхөө эзэмшлийн данс руу 880,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуурч, Голомт банк дахь А.Т ийн эзэмшлийн 1805101534 дугаар данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 780,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын 780,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, үлдэх 100,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2.Хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авч, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр түүний ............... дугаар утас руу залгахад дуудлагыг хүлээж авахаас татгалзсан, улмаар тус дугаарт зурвас үлдээсэн (хавтаст хэргийн 15 дахь тал) боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэг санал, хүсэлт ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.М гийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “М банк” дахь Б.М гийн эзэмшлийн 8000033529 дугаар дансны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-5 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 880,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, нөхрийнхөө данс руу 880,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад Голомт банк дахь хариуцагчийн 1805101534 дугаар данс руу андуурч шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойших хугацаанд 780,000 төгрөг төлсөн тул 780,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, үлдэх 100,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авч, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч нь “М банк” дахь өөрийн эзэмшлийн .......... дугаар данснаас Голомт банк дахь хариуцагч А.Т ийн эзэшлийн ..............дугаар данс руу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 880,000 төгрөгийг “М -с илгээв” гэх утгаар шилжүүлсэн. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

5.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 780,000 төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 780,000 төгрөгийн хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг баримтлан хариуцагчаас 100,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т аас 100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М гийн нэхэмжлэлийн шаардлагын 780,000 төгрөгийн хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т аас 25,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД