Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/755

 

 

 

 

   2023            7              20                                          2023/ДШМ/755

 

 

М.Т, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Т.Хүдэр,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т-гийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Т, С.Б нарт холбогдох эрүүгийн 2311 00000 0132 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн С.Б, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл..., .... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй .

... овгийн М.Т, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, ... настай, ..., тусгай дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-.... нарын хамт ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч М.Т, С.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Э.З-д зэвсэг болох хутгыг тулган, түүний эзэмшлийн “Red magic 6R” загварын гар утсыг илээр, хууль бусаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн, 1.169.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, М.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар бүлэглэн хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-ыг 3 жил 5 сарын хорих ялаар, шүүгдэгч М.Т-г 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б, М.Т нарт тус бүр оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Т нарыг тус бүрийг шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Т-гийн өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульч, өмгөөлөгч Д.Батбаяр миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05-р сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/365 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч М.Т, С.Б нарыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Т, С.Б нар нь насанд хүрээгүй хохирогч Э.З-с гар утсыг нь худалдаж авна гэж хуурч мэхлэн авч зугтаасан байдаг. Ийнхүү зугтаахдаа ямар нэгэн хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, хутга тулгасан, довтолсон үйлдэл огт хийгээгүй. Зөвхөн эд хөрөнгийг хуурч авч зугтаасан үйлдэл тогтоогддог. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл явдал тогтоогддог. Энэхүү нөхцөл байдал нь С.Б. М.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5-р сарын 25-ны өдрийн 365 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр С.Б бид хоёр хохирогчтой “утсыг нь худалдаж авъя” гэж уулзаад АТМ рүү мөнгө авахаар явж байхдаа утсыг нь авч зугтаасан. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж ухаарсан учир дахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Тгийн өмгөөлөгч Т.Хүдэр тус шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Т, С.Б нар насанд хүрээгүй хохирогчийн утсыг авах үедээ хүч хэрэглэсэн, занал хийлсэн, хутга тулгасан байдал хэргийн материалаас харагддаггүй. Тухайн үед хохирогчийн гар утсыг авч зугтаах санаа зорилготой байсан гэдгээ шүүгдэгч нар мэдүүлсэн. Харин М.Т хальтарч унах үед С.Б цүнхэндээ байсан хутгаа гаргасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Шүүгдэгч М.Т, С.Б нар урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн шүүгдэгч М.Т нь бүтэн өнчин бөгөөд ах, эгчийн хамт амьдардаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “Анх хохирогч фейсбүүкт утсаа зарна гэж пост оруулсныг харж гэрээсээ хутга авч хохирогчтой уулзахаар товлосон. Тэгээд хохирогчийн утсыг аваад зугтаж байх үед хохирогч гүйцэж ирэх үед хутга гаргасан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс анх утсыг аваад зугтаж байгаа үйлдлээр энэ гэмт хэрэг төгссөн мэтээр ярьж байна. Гэвч тухайн гэмт хэрэг нь хутга гаргаж утсыг дээрэмдэн авснаар төгссөн. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэмт хэрэг төгссөн цаг хугацааг” зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх М.Т, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Т, С.Б нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Э.З-д зэвсэг болох хутгыг тулган, түүний эзэмшлийн “Red magic 6R” загварын гар утсыг илээр, хууль бусаар хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн, 1.169.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч М.Т-гийн сэжигтнээр өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед унтаж байгаад сэрээд гар утас зарна гэж зар байршуулсан жоохон хүүхэд байна утсыг нь авъя гэж чат биччихээд гэртээ ирээд тухайн хүүхдийг дээрэмдэх зорилгоор Б санаа гаргахаар нь би дэмжээд гэрээсээ хутга аваад хувцсаа солиод гарцгаасан... Тухайн хүүхдээс утсыг нь 1.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод Хаан банкны АТМ руу бид 3 алхсан. Дараа нь Хаан банкны АТМ-ын хашааны хаалга руу би түрүүлж ороход миний ардаас утсаа зарах гэж байсан хүүхэд орж ирэнгүүт Б Т гэж орилоод гэнэт доошоо зам руу гүйсэн тэгэхээр би Б-ын араас дагаад доошоо зам руу гүйж байхдаа би газар бүдэрч унахад Б эргэж хараад гэрээсээ авчирсан бор иштэй жижиг хутгаа гаргаж ирээд тухайн хүүхдийг айлгахад тухайн хүүхэд “за больё, больё” гээд айгаад цаашаагаа гүйсэн тэгээд бид 2 хамтдаа доошоо зам руу гүйхэд бид хоёрын араас нэг машин хөөхөөр нь бид гэр хорооллын гудамж руу гүйхэд хөөж байсан машин дагахаа больсон...” /хх 57-59/,

шүүгдэгч С.Б-ын сэжигтнээр өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Т бид 2 миний “Samsung note 4” загварын утсан дээр байсан “Fox Crow” нэртэй хуурамч фейсбүүк хаягаас “гар утас зарна” гэсэн зарын группэд “Red magic 6r загварын гар утас зарна” гэсэн байхаар нь чатаар холбогдоход “1.100.000 төгрөгөөр дэлгэц дээд хэсэгтээ хагарсан утас байна” гээд жоохон хүүхэд байна очиж айлгаад утсыг нь аваад зугтана гэж ярилцаад гэрээсээ модон бариултай жижиг хутга би халаасандаа хийгээд аваад явсан... 1.100.000 төгрөгөөр авахаар тохироход тэр хүүхэд заавал бэлнээр авна гээд байхаар нь бид Хаан банкны АТМ рүү доошоо уруудаад алхаж байхад Т миний нэрийг хэлсэн байж магадгүй тэгээд Хаан банкны АТМ-ын хашаа руу Т утсаа зарах гэж байсан хүүхэд 2 зэрэг хаалгаар ороход нь би Т гэж дуудаад  доошоо зам уруудаад гүйсэн тэгэхэд Т миний араас гүйж байгаад замын хажуугийн цастай жалга руу унасан тэгэхээр нь би эргэж харахад тэр хүүхэд над руу гүйгээд ирсэн тэгэхээр нь гэрээсээ авчирсан хутгаа дотор талын энгэрийн халааснаасаа гялгар боодолтой хөөсөн цаасаар ороосон байсныг гаргаж зүүн гартаа бариад тухайн хүүхдийг “ойртоод үзээрэй, ойртох юм бол ална шүү” гэж зугтсан...” /хх 60-62/,

насанд хүрээгүй хохирогч Э.З-ын “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн фейсбүүкээр Red magic 6r загварын гар утсаа зарахаар зар байршуулсан байхад Fox Crow нэртэй фейсбүүк хаягтай үл таних эрэгтэй хүн холбогдож 1.100.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцэс дээр уулзаж Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах гэж явахдаа утсаа аваад үл таних 2 эрэгтэй зугтаахад нь би араас нь хөөгөөд нэгийг нь барьж авахад над руу хутга тулгаад “цаашаа яв” гэж хэлээд цаашаа буцаад гүйсэн. Тэгээд зам дээр явж байсан машинд гараа өргөж зогсоогоод “туслаарай, миний утсыг дээрэмдээд зугтчихлаа” гэж хэлэхэд миний утсыг авч явсан 2 эрэгтэй гудамж руу ороод алга болсон...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 10-11/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-21/,

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 27-28/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 30-31/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Б, М.Т нарыг бүлэглэн хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлохдоо шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-ыг 3 жил 5 сарын хорих ялаар, шүүгдэгч М.Т-г 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б, М.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь тухайн өдөр хэдийгээр хохирогчийн утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар аван зугтаасан боловч хохирогчийн зүгээс өөрийн утсыг өгөхгүй гэсэн эсэргүүцлийг хутга гарган зогсоосон, шүүгдэгч нар нь тухайн өдөр урьдчилан үгсэн тохирч, гэрээс гарахдаа хутга авч гарсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон хэдий ч гэмт хэргийн хувьд шилжилт хийгдэж, хутга гаргаснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байх тул зүйлчлэл хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Т-гийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т-гийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, С.Б нарын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН

                   

                                 ШҮҮГЧ                                                      Т.ШИНЭБАЯР       

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ