Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Намдаг,

Хохирогч Ч.С, түүний өмгөөлөгч Ч.Ням,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Пд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020448 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.П, 1970 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, ...од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Пнь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дэлгүүрийн орчим иргэн Ч.Стай зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сандэй плаза дээр явж байхад М над руу анх утсаар яриад хүүтэй мөнгө зээлэх үү гэж асуухад нь хаана байгаа юм бэ гэхэд 2048 лангуу дээр байна гэж хэлсэн. Сандэй плазагийн 2048 лангуу дээр нь очоод 600.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр бичгийн гэрээ байгуулаад зээлүүлсэн. Зээлийн хугацаа дуусаад М руу залгахад утас нь холбогдохгүй, 2048 лангуу дээр очиход М байхгүй байсан. Хажуу талын лангууны хүнээс асуухад М энд байдаг Э гэдэг хүнд өртэй байсан, одоо энд ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Ингээд би Иргэний шүүхэд хандах юм байна гэж бодоод явж байтал 1 дүгээр сард хороололд Мтай таарч “хөөе чи мөнгөө өгөөч ээ” гэж хэлэхэд мөнгөө өгнө, ээжийн халамжийн мөнгө буухаар өгнө гэж хэлснээс нь хойш би 4, 5 удаа М дээр очиж байсан. Надад мөнгөө хурдан хугацаандаа буцааж авах бодол байсан. Энэ хугацаанд намайг очиход нэг удаа хажуу талын лангууны хүнээсээ 10.000 төгрөг зээлж авч өгөөд мөнгийг чинь маргааш өгье гэж хэлж байсан. Хамгийн сүүлд очиход маргааш таны мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би дахин дахин ирж байна, би цаг хугацаа болон бусад зүйлээр хохирч байна, чи надад урд талын хүнээсээ мөнгө зээлээд аваад өг гэж хэлэхэд Сандэй дээр очоод хүнээс мөнгө авч өгье гэж надад хэлсэн. Би тийм хол явж чадахгүй гэж хэлэхэд урд талын түцнээс надад мөнгө авч өгөхөөр явсан. Түц дээр очиход сонин зардаг хүн нь байгаагүй. Нилээн хүлээж байгаад түц-ний хүн нь ирээд гар утсаа барьцаалж 10.000 төгрөгийг танд авч өглөө, маргааш уулзаад ээжийн халамжийн мөнгө бууна гэж хэлээд салсан. Дээр нь нэмж хэлэхэд “Начин заан”-аас гарч ирэхэд хохирогч та намайг хүмүүсийн дунд шараа болголоо, би таныг бас  чадна гэж хэлж байсан” гэв.

Хохирогч Ч.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр П, нүүрэндээ сорвитой, намхан бор залуутай манай лангуун дээр маш ууртай орж ирсэн. Орж ирээд сувай эм, хүүхэд гаргадаггүй, надаас авсан мөнгөө өг гэж хэлж над руу дайрч, давшилж, намайг дарамталсан. Тэр хавьд байсан хүмүүс намайг өмөөрсөн. Намайг гаръя, гарахгүй бол цагдаа авчирна, цагдаа нар бүгд миний найзууд гэж хэлсэн. Үүдэнд гараад орой 17 цаг 45 минутын үед намайг заамдаж газар унагааж, дарамталж нүүрэн дээр шүлс, цэрээ хаясан. П “манай Б дарга бүх газруудад мөнгө тараадаг, шүүх, цагдаа, прокурор бүгдийг нь танина, чи намайг яаж ч чадахгүй, чамайг насаар чинь ганц худагт хорино, ээжийн чинь тэмдгийг хоёр хүн явуулж авахуулна” гэж хэлсэн. Намайг замын урд тал руу чирч гараад “чи битгий уйлаад бай, манай Б дарга энэ байтугай намайг зоддог, халуун төмрөөр хайрахад нь би уйлдаггүй” гэж хэлж, намайг дарамталсан. Байнга намайг элдэв бусаар хэлдэг. Замын хойшоо гараад 1000 нэрийн барааны дэлгүүрийн өмнө байсан хүрэн өнгийн машинд цуг явсан эрэгтэй, П хоёр намайг чирч суулгасан. Миний гар утсыг аваад цүнхэндээ хийсэн. Машин дотор ороод “одоо битгий уйл, чи мөнгөө өг, би чамайг яаж ч чадна, чи ээжтэйгээ хоёулханаа амьдардаг биз дээ” гэж хэлж дарамталсан. Замын урагшаа очоод би Пд “таны мөнгийг чинь өгнө, хоёулаа хамт явъя” гэж хэлсэн. Түцний эмээгээс 20.000 төгрөг авсан. П худлаа ярьж байна. Миний толгой руу цүнхээрээ цохисон. Бат-Ялалт надад наадах чинь аймар хүн гэж хэлсэн. Намайг зодож хувцас урсан. Эмчилгээний зардалд 801.000 төгрөг, куртик, гар утас үнэлүүлсэн 430.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400.000 төгрөг, 200 доллар, ээжийн эмчилгээний зардал 500.000 төгрөг, нотариатын мөнгө 15.000 төгрөг, 10 хоног наймаагаа хийж чадаагүй байсны улмаас олох ёстой байсан орлого нийт 2.566.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Би сэтгэл санаа, бие сэтгэлээрээ хохирсон” гэв.     

Хохирогч Ч.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний 17 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дэлгүүрийн 2 давхрын 2-р лангуун дээр ажлаа хийгээд зогсож байтал 2016 оны 11 дүгээр сарын 08-нд 600.000 төгрөг 10%-ийн хүүтэй зээлүүлсэн П ирээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зээлсэн мөнгөө өг гэж дарамтлаад хашхичиж загнаад 50.000 төгрөг олоод өг гээд орилоод байсан. Начин заанаас гартал П мөнгөө өг гэж миний хөл рүү өшиглөөд, толгой руу цүнхээр цохисон. Цагдаад дуудлага өгөх гээд утсаа гаргаж иртэл гар хазаж, утас булааж авсан. Тэгээд П миний цүнхийг булааж аваад түрийвчний ард байсан 200 долларыг авсан. Автобусны 1.000 төгрөг байсан чинь бас авчихсан. Хамт ирсэн эрэгтэйтэйгээ нийлээд замын хажуу талын хашлага толгойгоор мөргүүлж, газар түлхэж унагаасан, хамт ирсэн залуу нь миний нүүрэн дээр шүлсээ хаясан. Тэгээд намайг зам гаргаад машинд суулгаад чи хурдан мөнгө өг гээд байсан. Би буцаж зам гараад сонин зардаг эмээгээс 10.000 төгрөг зээлж авч өгсөн. П би гэр рүү чинь 2 хүн явуулж дарамтлуулна мөнгөө өгтөл чинь дарамтлуулна, хүүхэд гаргадаггүй сувай эм гээд хүмүүсийн дунд нүүр хийх газаргүй болгосон. Анх Птэй танилцуулж мөнгө зээлэхэд зуучилсан Ганзул руу залгаад “чи ямар хүнтэй танилцуулчихсан юм бэ, намайг зодчихлоо” гэсэн чинь “яанаа тийм үү, гайгүй л баймаар юм даа” гэж хэлсэн. Ганзул буцаж над руу залгаад “П чинь угаасаа тэгж дарамталж зээлсэн мөнгөө авдаг гэнэ, энд манай хажуу лангууны Түвшинжаргал гэх эмэгтэйг бас эрэгтэй хүн дагуулж ирж зодсон байна, чи ...дугаарын утас руу залгаж асуугаарай” гэж байсан. Миний толгойн оройн хэсэг хавдаж толгой хөдөлсөн, баруун гарын сарвууны 2 хурууны үе гэмтсэн, өвдөг хөхөрсөн байсан, 7 хоног юм идэж чадахгүй дээшээ, доошоо гүйлгэсэн, толгойн нарийн шинжилгээ хийлгэ гэсэн боловч санхүүгийн боломжгүй байдлаасаа болоод томографийн зураг авахуулж чадаагүй. Өдрийн 15.000 төгрөгөөр 10 удаа бариачид толгойгоо бариулсан, гэхдээ баримт өгдөггүй юм байна лээ, эм тариа авч, эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа, тухайн үед өмсөж явсан куртикийг гадаа цохиж, чирч зулгааж байхдаа урж сүйтгэсэн. Куртикээ 320.000 төгрөг, 10 хоног наймаагаа хийж чадаагүй 10 өдрийн 500.000 төгрөгийн хохирол давхар нэхэмжилнэ. Тухайн үед цүнхэнд байсан юмнуудыг онгичиж асгаж байгаад 200 ам.доллар авсан, олон нийтийн газар намайг хэл амаар доромжилж зодож цохисонд гомдолтой байна. ....Тухайн үед тэр эрэгтэй намайг цохиж зодсон асуудал байхгүй. П ганцаараа гар хүрч цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 36, 39-40/,

Гэрч А.Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ...дэлгүүрийн лангуун дээр болсон асуудлыг харсан зүйл байхгүй. Дэлгүүрийн гадна явж байхад Мг эмэгтэй, эрэгтэй 2 хүн хөл рүү нь өшиглөөд зууралдчихсан зогсож байгаад урагшаа зам хөндлөн аваад гараад явсан. Тэгээд би энэ М биш ч юм болов уу гэж бодоод дараа нь лангуу руу ороод Мгаас чи түрүүн гадаа 2 хүнтэй зууралдаад байсан уу гэхэд “би мөн шүү дээ, намайг толгой руу цохиж зодсон” гэж хэлж байсан. Мгийн хоолой гүрээг боогоод, хөл рүү нь өшиглөөд байсан. ...урьд нь байцаагчид 2 хүн л юу ч гэсэн Мтай хамт зогсож байсан, эмэгтэй нь заамдчихсан өшиглөж байсан гэж мэдүүлсэн. ...Тухайн үед М хар өнгийн цагаан судалтай, чихтэй малгаатай, хар өнгийн урт куртиктэй, хавтгай богино оосортой, хөх өнгийн гар цүнхтэй явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 39-40, 107/,

Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний эсрэг талд лангуу түрээсэлдэг Мгийн лангуун дээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр урд нь харж байгаагүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд Мгаас мөнгө нэхээд чамаас бусад нь авсан хугацаандаа өгчихөөд байна гэж маргалдаж байгаад над руу тэр эмэгтэй заагаад энэ хүнээсээ 50.000 төгрөг зээлж авч өг гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгээд М тэр 2 хүнтэй гараад явсан. М буцаж ирээгүй хэд хоног ажилдаа ирээгүй, хэд хоногийн дараа Мтай маргалдаад байсан эрэгтэй, эмэгтэй 2 ирж асууж сураглаж байсан. Дараа нь эрэгтэй нь ганцаараа ирчихсэн мөнгөө авъя гэж орилж харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

Шинжээчийн 1917 тоот дүгнэлтэд: “...Ч.Сгийн биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32, 46/, хохирлын баримтууд /хх-н74-75, 138-139/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 103/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 104/, Худалдаа Хөгжлийн Банкны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаа /хх-н 114/, Итгэл Эстимэйт ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ гаргасан тайлан /хх-н 143/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Пнь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17-18 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...дэлгүүрийн орчим иргэн Ч.Стай зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Сгийн: “...2016 оны 11 дүгээр сарын 08-нд 600.000 төгрөг 10%-ийн хүүтэй зээлүүлсэн П ирээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зээлсэн мөнгөө өг гэж дарамтлаад хашхичиж загнаад 50.000 төгрөг олоод өг гээд орилоод байсан. Начин заанаас гартал П мөнгөө өг гэж миний хөл рүү өшиглөөд, толгой руу цүнхээр цохисон. Цагдаад дуудлага өгөх гээд утсаа гаргаж иртэл гар хазаж, утас булааж авсан. Тэгээд П миний цүнхийг булааж аваад түрийвчний ард байсан 200 ам.долларыг авсан. Автобусны 1.000 төгрөг байсан чинь бас авчихсан. Хамт ирсэн эрэгтэйтэйгээ нийлээд замын хажуу талын хашлага толгойгоор мөргүүлсэн, газар түлхэж унагаасан, хамт ирсэн залуу нь миний нүүрэн дээр шүлсээ хаясан. Тэгээд намайг зам гаргаад машинд суулгаад чи хурдан мөнгө өг гээд байсан. Би буцаж зам гараад сонин зардаг эмээгээс 10.000 төгрөг зээлж авч өгсөн....Миний толгойн оройн хэсэг хавдаж толгой хөдөлсөн, баруун гарын сарвууны 2 хурууны үе гэмтсэн, өвдөг хөхөрсөн байсан, 7 хоног юм идэж чадахгүй дээшээ, доошоо гүйлгэсэн, толгойн нарийн шинжилгээ хийлгэ гэсэн боловч санхүүгийн боломжгүй байдлаасаа болоод томографийн зураг авахуулж чадаагүй. Өдрийн 15.000 төгрөгөөр 10 удаа бариачид толгойгоо бариулсан, гэхдээ баримт өгдөггүй юм байна лээ, эм тариа авч, эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа, тухайн үед өмсөж явсан куртикийг гадаа цохиж чирч зулгааж байхдаа урж сүйтгэсэн. Куртикээ 320.000 төгрөг, 10 хоног наймаагаа хийж чадаагүй 10 өдрийн 500.000 төгрөгийн хохирол давхар нэхэмжилнэ. Тухайн үед цүнхэнд байсан юмнуудыг онгичиж асгаж байгаад 200 ам.доллар авсан, олон нийтийн газар намайг хэл амаар доромжилж зодож цохисонд гомдолтой байна. ....Тухайн үед тэр эрэгтэй намайг цохиж зодсон асуудал байхгүй. П ганцаараа гар хүрч цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20, 36, 39-40/, гэрч А.Отгоны: “...дэлгүүрийн гадна явж байхад Мг эмэгтэй, эрэгтэй 2 хүн хөл рүү нь өшиглөөд зууралдчихсан зогсож байгаад урагшаа зам хөндлөн аваад гараад явсан. Тэгээд би энэ М биш ч юм болов уу гэж бодоод дараа нь лангуу руу ороод Мгаас чи түрүүн гадаа 2 хүнтэй зууралдаад байсан уу гэхэд “би мөн шүү дээ, намайг толгой руу цохиж зодсон” гэж хэлж байсан. Мгийн хоолой гүрээг боогоод хөл рүү нь өшиглөөд байсан. ...урьд нь байцаагчид 2 хүн л юу ч гэсэн Мтай хамт зогсож байсан, эмэгтэй нь заамдчихсан өшиглөж байсан гэж мэдүүлсэн. ...Тухайн үед М хар өнгийн цагаан судалтай, чихтэй малгаатай, хар өнгийн урт куртиктай, хавтгай богино оосортой, хөх өнгийн гар цүнхтэй явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23, 39-40, 107/, гэрч Б.Алтанцэцэгийн: “... Миний эсрэг талд лангуу түрээсэлдэг Мгийн лангуун дээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр урд нь харж байгаагүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд Мгаас мөнгө нэхээд чамаас бусад нь авсан хугацаандаа өгчихөөд байна гэж маргалдаж байгаад над руу тэр эмэгтэй заагаад энэ хүнээсээ 50.000 төгрөг зээлж авч өг гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгээд М тэр 2 хүнтэй гараад явсан. М буцаж ирээгүй хэд хоног ажилдаа ирээгүй, хэд хоногийн дараа Мтай маргалдаад байсан эрэгтэй, эмэгтэй 2 ирж асууж сураглаж байсан. Дараа нь эрэгтэй нь ганцаараа ирчихсэн мөнгөө авъя гэж орилж харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38/, шинжээчийн 1917 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн “хохирогч надаас мөнгө салгах гэсэн санаа зорилготой байна, би хохирогчид гэмтэл учруулаагүй, намайг гүтгэж байна, гомдолтой байна” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй ба шүүгдэгчийн уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Пгийн үйлдэл нь “...Ч.Стай зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Пнь хохирогчтой маргалдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Сгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь 2.566.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 3.000 төгрөг, эм, тариа авсан 268.150 төгрөг, нотлох баримтыг нотариатаар батлуулсан 15.500 төгрөг, тухайн үед өмсөж явсан куртикны үнэ 350.000 төгрөг, нийт 636.650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн эмчилгээний зардалд гарсан 397.100, 135.060 төгрөгийн хохирлыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Тухайн эм тариа авсан гэх баримтууд нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эм, тариа авсан баримтууд байх ба гэмт хэрэг гарснаас хойш 7 сар, 10 сар өнгөрсний дараах баримтууд байна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-д хөнгөн гэмтэл нь “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” байх шалгуур шинжтэй байхаар заажээ.

Хохирогчид хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан ба уг гэмтэл учирснаас хойш 4 долоо хоногоос дээш хугацааны дараа гарсан эмчилгээний зардал нь уг гэмт хэргийн хохиролтой холбоогүй байна гэж шүүх дүгнэсэн болно.  

Хохирогч нь 200 ам.доллар цүнхэнд байсныг шүүгдэгч авсаныг нэхэмжилж байх боловч хохирогчийн цүнхэнд 200 ам.доллар байсан нь тогтоогдохгүй байх тул мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогч нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд 200 ам.долларыг хорооллын ХХБанкнаас худалдаж авсан, энэ талаар банкнаас лавлагаа авч болно гэсний дагуу тус хохирогчийн ам.доллар худалдаж авсан гэх банкны салбараас лавлагаа авсан ба уг салбарт хохирогч үйлчлүүлсэн нь үнэн байх боловч валютын гүйлгээ хийгээгүй талаарх албан бичиг хэрэгт хавсаргагдсан байна.

Мөн хохирогч нь хятад улс руу наймаанд явахдаа хэрэглэх гэж байсан доллар байсан гэж, мөн ээжийн эмчилгээний мөнгө байсан гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөр өөр заасан ба уг 200 ам.доллар байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, гар утас авч эвдэлсэн, түүний төлбөр 80.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь гар утас эвдэлсэн талаар өмнөх шүүх хуралдаанаас өмнө огт дурдаагүй бөгөөд түүний өгсөн тайлбар мэдүүлгүүдэд гар утсаа сонин зардаг хүнд барьцаалж мөнгө авч өгсөн, мөн шүүгдэгчээс салаад явж байгаад Ганзултай утсаар ярьсан гэх зэргээр мэдүүлэг өгсөн нь шүүгдэгчийг түүний утсыг эвдэлсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин эд зүйлийн үнэлгээний хийсний төлбөрийн нэхэмжлэл нь хэдэн төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдах боломжгүй байх тул жич нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн орлого олоогүй, олох байсан орлогод  500.000 төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийг шийдвэрлэх нотлох баримт хангалтгүй байх тул хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Пг гэм буруутайд тооцсон ба эрүүгийн  хариуцлага  оногдуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Г.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Пнь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш /2017.01.19-нээс/ 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид ....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Пнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Пг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нокиа 6303с маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн сөдөн куртик 1 ширхгийг хохирогч Ч.Сд буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Пгээс 636.650 төгрөг гаргуулж хохирогч Ч.Сд олгосугай.

7. Хохирогч Ч.С нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР