Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 110/2017/0048/З |
Дугаар | 221/МА2017/0728 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2017/0728
2017 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2017/0728 | Улаанбаатар хот |
Х.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Н нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Н-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Х.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Н-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийснээр урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт нийт 4.201.241 /дөрвөн сая хоёр зуун нэг мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Н-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.
Х.Н-ын өөрт нь мэдэгдэж Тамгын газрын дарга, миний бие ТЗУХ, ХЭЗХ, НБХ, СТС-ийн хэлтсийн дарга нартай хамт байж ярилцан амаар тохирч, Х.Н өөрөө зөвшөөрсний үндсэн дээр Байгаль орчин, аялал жуучлалын газарт Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн мэргэжилтнээр шилжүүлэн томилсон ба Х.Н нь одоо Байгаль орчин, аялал жуучлалын газар мэргэжилтнээр ажиллаж байгаа тул эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Х.Н-ыг ажлаас бүр чөлөөлөөгүй,зөвхөн нэг байгууллагаас өөр нэг байгууллагад шилжүүлэн ажиллуулж урьд авч байсан цалингаас нь буруулахгүйгээр өөр албан тушаалд шилжүүлсэн. Х.Н нь анхан шатны шүүхэд өөрөө амаар тохирсныг хүлээн зөвшөөрч байсан.
Мөн Х.Н нь ТЗ-6-ийн 4 дүгээр шатлалаар цалинжиж байсныг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Засаг даргын Тамгын газрын санхүүд хяналт шалгалт хийж Х.Н нь ТЗ-6-ийн 2 дугаар шатлалаар цалинжих ёстой тул хууль зөрчин ТЗ-6-ийн 4 дүгээр шатлалаар цалинжиж илүү цалин авч байсан гэж үзэж улсын байцаагчийн акт тавьсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан улсын байцаагчийн акт, мөн Р.Т-ийн гэрчийн мэдүүлэг болон Засаг даргын Тамгын газрын ня-бо Д.Б-ын мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа.
Баян-өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Х.Н “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Х.Н-ыг ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалыг хүчингүй болгох, Х.Н-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болон төрийн өөр байгууллагад ажилласан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Х.Н-ыг өөрөө зөвшөөрсний үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн мэргэжилтнээр шилжүүлсэн, ажлаас чөлөөлөөгүй, нэг байгууллагаас өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулж урьд авч байсан цалинг бууруулаагүй, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргасан” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтаас үзэхэд 1. Албан ажлын зайлшгүй шаардлага байх, 2. Өөртэй нь тохиролцсон байх гэсэн 2 урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой.
Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл үүсээгүй, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн Х.Н-ыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.
Үүний дараа Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Х.Н-ыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3-02/298 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг харгалзан Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон үед албан хаагчтай тохиролцсоны үндсэн дээр төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болдог. Хэдийгээр хариуцагч нь “... Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулсан...” гэж тайлбарлаж байгаа ч аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3-02/298 дугаар “..Х.Н-ыг танай байгууллагаас гарсан сул орон тоо болох Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулахыг санал болгож байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад хүргүүлсний үндсэн дээр тус газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Х.Н-ыг ажилд томилсноос харахад албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэх боломжгүй, өөр байгууллагад сул орон тоо гарахад санал болгох замаар шилжүүлсэн байна.
Мөн гэрч Д.А-ийн мэдүүлэг, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “..Тамгын газрын дарга миний бие, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нартай хамт байж ярилцан амаар тохирч, Х.Н өөрөө зөвшөөрсний үндсэн дээр Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр шилжүүлсэн...” гэсэн тайлбараас нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх албан ажлын зайлшгүй шаардлага бий болоогүй бөгөөд хэлтсийн дарга нартай ярьж тохиролцон, ийнхүү тохиролцсоноо өөрт нь мэдэгдэх замаар өөр байгууллагад шилжүүлсэн нь харагдаж байна.
Нэхэмжлэгч нь Аялал жуулчлалын мэргэжилтний албан тушаалд ажиллахыг зөвшөөрсөн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд өөрөө хүссэн, өөр албан тушаалд ажиллахаар хариуцагчтай тохиролцсон гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн хариуцагч нь давж заалдах гомдолдоо “...Н.Н-ыг ажлаас бүр мөсөн чөлөөлөөгүй, зөвхөн нэг байгууллагаас өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулж, урьд авч байсан цалингаас нь бууруулахгүйгээр албан тушаалд шилжүүлсэн...” гэж тайлбарласан ч энэ нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Н-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний ажлаас чөлөөлж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлалын мэргэжилтний сул орон тоонд шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Хариуцагч нь “...Х.Н нь ТЗ-6-ийн 4 дүгээр шатлалаар цалинжиж байсныг аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Засаг даргын Тамгын газрын санхүүд хяналт хийж ТЗ-6-ийн 2 дугаар шатлалаар цалинжих ёстой тул хууль зөрчин ТЗ-6-ийн 4 дүгээр шатлалаар цалинжиж, илүү цалин авч байсан гэж үзэж улсын байцаагч акт тавьсан...” гэж давж заалдах гомдолдоо тайлбарласан байна. Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоолын хавсралтаар ажилласан хугацаа нь 6-11 жилд хамаарч байгаа тохиолдолд цалингийн сүлжээ ТЗ-6-ийн 2 дахь шатлалаар цалинжих ёстой тухай заасан ч дээрх 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 195 дугаар тогтоол нь Засгийн газрын 2004 оны 42 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Дээрхээс үзэхэд, хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн байна.
Нөгөөтээгүүр, шүүхээс Х.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон тул ажилгүй байсан хугацааны урьд авч цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүний нийтлэг жишгийг батлах тухай” 105 дугаар тогтоол болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар 18-ны өдрийн 42 дугаар тушаалаар Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлын хавсран гүйцэтгэж, үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдэл, мөн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” журмын Гуравын 3.1-д заасан ажлыг гүйцэтгэснээр үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 5 хувь, зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдлийн цалин хөлсийг авч байжээ.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 96 дугаар тогтоолын 3-д зааснаар төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон хэдий ч түүнээс хойш Төрийн албаны тухай хууль 2002 онд, Төрийн албаны зөвлөлийн 105 дугаар тогтоол 2013 онд, Авлигын эсрэг хууль 2006 онд, Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоол 2012 онд батлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол нь сүүлд батлагдсан хууль, журмаар зохицуулагдаж буй харилцаанд үйлчилнэ гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх “...албан тушаалын нэмэгдэл урамшуулал нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол заасан нэмэгдэлд хамаарахгүй, нэмэгдэл хөлсний нийт хэмжээний талаар зохицуулаагүй, эдгээр нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 3-ын “б”-д зааснаар нэмэгдэл хөлсөд хамаардаг” гэж дүгнээд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР