Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 32

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2016/0032

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Ө.Гантуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээрсарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, Ө.Гантуул намайг нэр дэвшигчээр бүртгэхийг тус Сонгуулийн хороонд даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Солонго, нэхэмжлэгч иргэн Ө.Гантуул, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны дарга О.Мөнхсүлд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Гантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2001 онд Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж эхлэсэн. Тухайн үед ажил хийж байгаа хүн бүр намын гишүүн байх ёстой гээд Монгол ардын намын гишүүнээр элсэж байсан.Сүүлд 2008 онд Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаарМонгол ардын намын гишүүнээс татгалзах хүсэлтийг өөрийн биеэр гаргаж байсан. Би Төв аймгийн Эрдэнэ сумынхаа эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад 2009 оны 03 дугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан. Үүнээс хойш сумандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Эрдэнэ сумын эмнэлгийн сувилагчийн ажлаас чөлөөлөгдснөөс хойш Монгол ардын намд гишүүнчлэлээ сэргээлгэх хүсэлт гаргаагүй.2016 оны орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, санал хураалтаар олонхийн санал авч чадаагүй. Тэгэхээр нь тэр дороо Монгол ардын намын гишүүнээс татгалзах хүсэлтээ, бат илэрхийлэхийн хамт сумын МАН-ын хорооны даргад өгсөн. Мөн намайг урьд нь Төв нутаг эвсэлээс нэрээ дэвшүүлэх үү гэж байсан болохоор нь тухайн өдрөө Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд Төв нутаг эвслээс нэр дэвшихээр хүсэлтээ гаргасан боловч Сонгуулийн хорооноос Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан.Анхнаасаа надад шаардлага хангаагүй, регистерийн дугаар байхгүй, овог нэр буруу, зураг, гарын үсэг байхгүй тийм намын батлах ирсэн байсныг би мэдээгүй, саяхан ийм бат илэрхийлэл байгаа гэдгээ мэдсэн. Намаас гарах өргөдөлөө өгсөн тул өөрийгөө нам бус гэж үзэж байна. Намын дүрэм дээр намаас гарахад ямар нэгэн шийдвэр гарна гэж заагаагүй. Зөвхөн бичгээр хүсэлт, батламжаа гардуулсан тохиолдолд намаас гарсанд тооцно гэж ойлгосон, би дүрэмд заасан харьяалагдах намын анхан шатны үүртээ өргөдлөө өгдөг гэж мэдээгүй, сумын намын хороондоо өгсөн нь үнэн. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн Хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, тусСонгуулийн хороонд Ө.Гантуул намайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон нутгийн сонгуульд Төв нутаг эвслээс нэр дэвшигч Ө.Гантуул нь сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Мөн нэр дэвшигч Ө.Гантуулыг МАН-ын гишүүн мөн эсэхийг тодруулахаар Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03 албан тоотыг сумын МАН-ын хороонд хүргүүлсэн. МАН-аас 2016 оны 09 дүгээр сарын 01/23 тоотоор нэр дэвшигч Ө.Гантуул нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намаас гарах өргөдөл, намын батлахаа өгсөн боловч МАН-ын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгэлээс хасах шийдвэр гараагүй тул намын гишүүнээр бүртгэлтэй болно гэсэн хариу ирсэн. Улсын Дээд Шүүхийн Улс төрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 1.2-т заасан заалтуудыг тус тус үндэслэн шийдвэр гаргасан. МАН-ын дүрмийг харахад намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу тухайн намаас гарах хүсэлтээ бичгээр өгч, батлахаа өгөөд шийдвэр гаргуулсан байх ёстой гэж заасан. Энэ тохиолдолд МАН-ын дүрмийн 6.3-д зааснаар дээрх гурван заалтын аль нэгийг биелүүлээгүй бол тухайн хүнийг намаас гарсан гэж үзэхгүй гэсэн. Иймээс нэр дэвшигч Ө.Гантуулыг МАН-ын гишүүний бүртгэлээс хассан шийдвэр гаргаагүй тул 2016 оны орон нутгийн сонгуульд Төв нутаг эвслээс нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнбичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдийн тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийннэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Гантуул нь би 2016 оны орон нутгийн сонгуульд оролцож, Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төв нутаг эвслээс нэр дэвшигчээр бүртгүүлэх гэхэд сумын Сонгуулийн хороо нь намайг МАН-аас гараагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан, би 2008 онд МАН-ын гишүүнээс гарсан, мөн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус намаас гарах хүсэлтээ өгсөн тул МАН-ын гишүүн бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарлажээ.

Ө.Гантуул нь шүүх хуралдаанд би эхлээд Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн санал хураалтаар олонхийн санал аваагүй тул тэр дор нь 16 цаг 20 минутад МАН-ын хорооны дарга Н.Мөнхсайханд намаас гарах өргөдлөө, намын батлахын хамт өгсөн, ер нь 2008 онд бас өргөдлөө өгсөн тул МАН-ын гишүүн бус гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан МАН-ын гишүүний бат илэрхийлэх дээр гишүүнээр 2003 оны 02 дугаар сарын 01-ны өдөр элссэн гэсэн бүртгэл, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн МАН-ын 5 дугаар үүргийн гишүүдийн бүртгэл, МАН-ын дарга Мөнхсайхан таньд гэсэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн намаас гарах тухай Ө.Гантуулын хүсэлт, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэ сумын МАН-ын хорооны гишүүдийн хурлын ирц, хурлын тооллогын комиссын тогтоол дугаар 1, саналын хуудас, санал өгсөн дүнгийн тухай, сумын МАН-ын хорооны дарга Н.Мөнхсайханаас шүүхэд ирүүлсэн тайлбар, Эрдэнэ сумын МАН-ын хорооноос Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/23 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн тайлбар зэргээр Ө.Гантуул нь МАН-ын гишүүн мөн бөгөөд улмаар 2016 оны орон нутгийн сонгуульд оролцохоор МАН-аас нэр дэвшсэн болох нь нотлогдож байх тул түүнийг МАН-ын гишүүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Ө.Гантуул нь Эрдэнэ сумын 2016 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх МАН-ын Хорооны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны дараа 16 цаг 20 минутад МАН-аас гарах өргөдлөө, бат илэрхийлэхийн хамт тус сумын МАН-ын хорооны даргад өгч, улмаар 17 цаг 00 минутад Төв нутаг эвслээс нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ Сонгуулийн хороонд өгсөн нь хэрэгт авагдсан бат илэрхийлэх, түүний хүсэлт, өргөдлөөр нотлогдож байх боловч Монгол Ардын Намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т МАН-ын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно, 6.2-т МАН-ын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, МАН-ын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө гэж заасны дагуу хүсэлтээ харьяалагдах намын үүртээ гаргах, бүртгэлээс хасуулсан байх шаардлагыг хангаагүй болох нь Эрдэнэ сумын МАН-ын хорооны даргын тайлбар, Ө.Гантуулын шүүх хуралдаанд өгсөн би анхан шатны намын үүртээ хүсэлтээ гаргахыг мэдэхгүй байсан гэсэн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мөн дүрмийн 6.3-т Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно гэж зааснаар Ө.Гантуулыг МАН-ын гишүүнээс гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн . . . хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй, 3.2-т Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гэж тус тус заасан байх бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолоор мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гэдгийг улс төрийн намд эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэн нь хоёр буюу түүнээс дээш намд нэгэн зэрэг гишүүнээр бүртгэгдсэн байж болохгүй гэж ойлгоно. Нэг намд элсэж, гишүүнээр бүртгэгдсэн иргэн тухайн намын дүрэмд заасан журмын дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж, бүртгэлээс хасагдах өргөдөл гаргасан бол намаас гарсан гэж үзнэ, Өөр намын гишүүн болохын тулд урьд элссэн намын гишүүнээс гарсан байвал зохино. гэж зааснаас үзвэл Ө.Гантуул МАН-ын гишүүнээс гарах өргөдлийг шууд МАН-ын хорооны даргад 16 цаг 20 минутад өгөөд 17 цагт Төв нутаг эвсэлээс мөн сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд хариуцагч Эрдэнэ сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо нь . . . нэр дэвшигчид тавигдах шаарлагыг хангаагүй бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана, 154 дүгээр зүйлийн 154.6-д Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно гэж заасны дагуу Төв нутаг эвслээс нэр дэвшигч Ө.Гантуулыг нэр дэшигчээр бүртгэхээс татгалзсан Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ныөдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 154 дүгээр зүйлийн 154.6, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Гантуулийн гаргасан Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, тус сонгуулийн хороонд Ө.Гантуул намайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА