| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04151/И |
| Дугаар | 192/ШШ2025/01370 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01370
2025 02 17 192/ШШ2025/01370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, …………. тоот хаягт оршин суух О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ………….тоот хаягт байрлах “Ж ” ХХК-нд холбогдох,
................................үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Хан-Уул дүүрэг, .......................тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 132246 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг “Ж ” ХХК-тай байгуулсан. Гэрээнд 1 метр квадратыг 1,450,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож 50,650,000 төгрөгийг компанийн дансанд бэлнээр болон шилжүүлэхээр цаг тухай бүрд нь батлагдсан графикийн дагуу төлнө гэсэн үүрэг хүлээсэн. Миний хувьд 2012 оны 10 дугаар сарын 31-нд 50 хувиар төлөөд үлдэгдэл мөнгөө графикийн дагуу 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны 03 дугаар сар гэхэд бүрэн төлж дуусгасан. Орон сууц маань 2013 оны 09 дүгээр сарын 30 гэхэд ашиглалтад орохоор үүрэг хүлээсэн. Гэхдээ бараа материалын үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар тодорхой хугацаанд хойшилсон. Тухайн үед би гүйцэтгэх захирал н.М , н.Г нартай уулзаад нөхцөл байдлыг ойлгож хүлээн зөвшөөрч барилгаа бүрэн бариулж дуусгасан. 2014 оны 01 дүгээр сард байрандаа орох хүсэлт тавьсан. Байр ашиглалтад орсон байсан. Намайг төлбөр мөнгөө хугацаандаа төлсөн учраас орж болно гээд байрны түлхүүрийг гардуулсан. Гардуулах үед нь бид нар байрныхаа ордероо асуухад захирал н.М , н.Г нар та төлбөрөө төлчихсөн юм чинь таны хувьд ямар ч асуудал байхгүй, байрандаа орж бай, орсны чинь дараа бид нар танд ордерыг бэлэн болгож өгнө гэсэн. Би байрныхаа ордероо 1 сар гаруй хүлээсэн. Хариу өгөхгүй болохоор байрандаа орчихсон. Ордероо авах гэж удаа дараа шаардаж байсан. Өртэй гэдгийг нь бол ерөнхийдөө мэдэж байсан ч “Төрийн банк” ХК-нд барьцаанд байна гэж орон сууцны оршин суугчидтай ярилцсаны үндсэн дээр мэдэж авсан. “Төрийн банк” ХК-нд очоод асуухад та нарын энэ байр бол барьцаанд байгаа учраас бид нар “Ж ” ХХК төлбөрийг нь төлсний дараа барьцаанаас гаргана гэж хэлсэн. 2023 оны 08 дугаар сард эцсийн байдлаар “Ж ” ХХК-ийн өр авлагыг хариуцсан “Төрийн банк” ХК-ийн эдийн засагч н.Энхбаатартай уулзахад хариуцлага хүлээж төлбөр төлсний үндсэн дээр “Төрийн банк” ХК-аас энэ хүний байр бол барьцаанаас гарлаа гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу албан бичгээр мөн үл хөдлөх хөрөнгийн газар руу албан бичиг өгнө гэж хэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиход шүүхийн тогтоол гаргаж ир, шүүхийн гүйцэтгэх хуудас гаргаагүй учраас таных хойшлоод байгаа. Тийм учраас та шүүхэд хандаж энэ асуудлаа шийдвэрлүүл гэсэн утгатай бичиг гаргаж өгсөн. Тэр өдөр “Төрийн банк” ХК-тай 5 хүн уулзаад хэлцэл хийгээд тус банкны төлөөлөн удирдах зөвлөл нь за та нарыг зөвшөөрлөө, энэ 5 хүний орон сууцыг чөлөөлж ордероо гаргаж авах эрхтэй боллоо гэсэн тайлбар өгсөн. Намайг болохоор танд ийм шүүхийн шийдвэр хэрэгтэй гэж хэлсэн. Ийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Д.О нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу төлбөрийг саадгүй төлсөн. Иймд Хан-Уул дүүрэг, ..............тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн …………..дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн, харин орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байх тул үнэлээгүй болно.
Хариуцагчаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан ..................тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 132246 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг “Ж ” ХХК-тай байгуулж, 1 м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр тооцож, 50,650,000 төгрөгөөр орон сууцыг захиалан бариулж, 2014 онд байрандаа орсон боловч одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Д.О нь төлбөрөө бүрэн төлсөн тул түүнийг ................тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Зохигч талууд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 139/2-46 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, орон сууцыг 50,605,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, одоо тухайн байранд нэхэмжлэгч нь амьдарч байгаа үйл баримтын талаар талуудын хооронд маргаангүй.
4.2. орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй. (хавтаст хэргийн 25 дахь тал)
5.Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар болон гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авч, түүнийг эзэмшиж ашиглаж байгаа талаар маргаагүй.
7.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авч өмчлөх эрхтэй этгээд болсон байна.
8.Иймд орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг “…Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 410,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар хуваариллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О ийг орон сууцны зориулалттай 34.9 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
2. үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.О ийг бүртгэхийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 410,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О эд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД