| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2305007670408 |
| Дугаар | 2023/ДШМ/757 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 13.5.1., 13.10.1., 13.11.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/757
2023 7 20 2023/ДШМ/757
Ц.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Мөнхцэцэг,
хохирогч С.Б,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШТ/1024 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны 22 дугаар эсэргүүцэл, яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Д-т холбогдох эрүүгийн 2305 00767 0408 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн Ц.Д, ... оны ... дүгээр сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., тусгай дунд боловсролтой, үсчин, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Яллагдагч Ц.Д нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-69а тоотод байхдаа хохирогч А.Б-ы эзэмшлийн гар утсан дээрх “icloud” цэснээс 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Б-ы С.Бтай хамт авахуулсан гэрэл зураг болон хамтдаа орон дотроо хэвтэж байгаа бичлэгийг хохирогч А.Бд мэдэгдэлгүйгээр хууль бусаар авсан,
2022 оны 8 дугаар сарын 26, 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-69а тоотод байхдаа, мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Содон хороолол, 116-51 тоотод байхдаа тус тус хохирогч А.Б, С.Б нарын хуулиар хамгаалагдсан нууц болох гэрэл зураг, дуу дүрсний бичлэгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн цахим хаяг болох “...", “...” нэртэй фейсбүүкт пост болгон нийтэлж үргэлжилсэн үйлдлээр хувь хүний нууцыг задруулсан,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц зураг, бичлэг тараахаар хохирогч С.Б-ийг сүрдүүлж, хохирогч С.Б-аас мөнгө шилжүүлэх, А.Б-аас харилцаагаа таслах үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар хохирогчоос 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн нийт 6.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор яллагдагч Ц.Д-ийг “хохирогч С.Б-аас эд хөрөнгө буюу мөнгө шилжүүлэхийг шаардаж, хэрвээ мөнгө шилжүүлэхгүй бол А.Б-тай хамт авахуулсан гэрэл зураг, бичлэгийг сошиал орчинд нийтэд түгээнэ гэж сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокурор дээрх тогтоолдоо 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрчлөлт оруулахдаа “хохирогч А.Б, С.Б нарын хуулиар хамгаалагдсан нууц болох гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 26, 2022 оны 9 дүгээр сарын 03, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд өөрийн “...”, “...” нэртэй фейсбүүк хаягт нийтэлж задруулсан үйлдэл, мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаа, захиа болон чатаар харилцсан цаг хугацаа, түүнд агуулагдсан мэдээлэл, гэмт хэргийн шинж шалтгаан нөхцөл зэргийг харьцуулж үзэхэд “Заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй байна” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх, мөн айлган сүрдүүлэх байдлаар өмчийн шинж чанартай хууль бус шаардлага тавьж, үүнтэй уялдуулан хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулахуйц баримт, мэдээллийг тараахаар заналхийлэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж юм.
Харин бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардах буюу өмчийн бус шинж чанартай шаардлагыг тавьж, түүнийг нь биелүүлэхгүй бол хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бөгөөд энэ тохиолдолд бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаарддаггүй, хохирогчийн өмчлөх эрхэнд халддаггүйгээрээ уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээс ялгагдана.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б болсон асуудлын талаар “...Д надаас мөнгө шаардаж эхэлсэн бөгөөд би тухайн хүний хэлсний дагуу одоогийн байдлаар нийт 6.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгөөд байгаа. Д нь миний Б-тай хамт авхуулсан зургуудыг олон нийтийн сүлжээнд байршуулна гэж сүрдүүлээд мөнгө нэхэж эхэлсэн. ...нөхөр Б болон миний ойр дотно хүмүүс Б-тай авхуулсан зургуудыг харвал миний амьдрал сүйрнэ, ...би бүр үхэх талаар анх удаагаа бодож үзсэн. Надад Д-ийн хэлсний дагуу хийхээс өөр сонголт байхгүй байсан. ...Д надаас анх өөрөө мөнгө нэхсэн бөгөөд би өөрөө санаачилгаараа мөнгө өгсөн зүйл байхгүй” гэж /1хх 235-237/ тогтвортой мэдүүлжээ.
Иймд яллагдагч Ц.Д-ийн хохирогч С.Б-т өмчийн шинж чанартай хууль бус шаардлага тавьж, үүнтэй уялдуулан хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулахуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлэн 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хууль зүйн зөв, оновчтой үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчилж, шүүхэд ирүүлэх нь зүйтэй.
Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч Б.Энхболд гаргасан давж заалдах гомдолдоо: “Ц.Д-т холбогдох эрүүгийн 2305007670408 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2023/ШЗ/1024 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс “...бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх, мөн айлган сүрдүүлэх байдлаар өмчийн шинж чанартай хууль бус шаардлага тавьж үүнтэй уялдуулан хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулахуйц баримт мэдээллийг тараахаар заналхийлэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Ц.Д, Б нарын хоорондоо харьцсан мессэжний хуулбар, Ц.Д А.Б нарын хоорондоо харьцсан мессэжний хуулбар болон сэжигтэн Ц.Д-ийн өгсөн мэдүүлэг зэргээс харахад Ц.Д-ийн арилжааны банкны дансруу шилжүүлж байгаа 6.000.000 төгрөг нь С.Б, Ц.Д хоёрын хоорондоо харьцаж ярилцаж байх явцад С.Б нь Ц.Д-т мөнгө шилжүүлэхээр тохирч улмаар тэр мөнгөө өгөхгүй удаах үед нь Ц.Д түүнийг айлгаж, тодорхой үйлдэл хийлгэх буюу тохиролцсон мөнгөө өгөхийг шаардаж байгаа хэлбэрээр харагдаж байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа учраас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1024 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор И.Мөнхцэцэг би, эрүүгийн 2305007670408 дугаартай, Ц.Д-т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 5 сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 сарын 16-ны өдөр шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж хэлэлцээд 2023/ШЗ/1024 дугаартай шүүгчийн захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч Ц.Д-т холбогдох эрүүгийн хэргийг “яллагдагч Ц.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон эсэх, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хууль зүйн зөв, оновчтой үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчилж, шүүхэд ирүүлэх нь зүйтэй ба энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарна" гэх үндэслэлээр прокурорт буцаасан байна.
Шүүгчийн захирамжийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Яллагдагч Ц.Д-ийн үйлдсэн 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц зураг бичлэг тараахаар хохирогч С.Б-ийг сүрдүүлж, хохирогч С.Б-аас мөнгө шилжүүлэх, А.Б-аас харилцаагаа таслах зэрэг үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэж байна.
Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл, санаа зорилго, гэмт үйлдлийн улмаас өртсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, гэмт хэрэг үйлдэх арга, нөхцөл байдлын улмаас давхардан өртсөн эрх, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан тухайн үйлдлийг “Заналхийлэх” гэмт хэргээр зүйлчилсэн юм.
Хүүхэд нь өвчилсөн, гэр бүлээс гадуурх харилцааг олж мэдсэн, хүүхдүүдийн эцэгтэй таарамжгүй харилцааны улмаас муудалцаж салсан, хүүхдээ эмчлүүлэх шаардлага гарсан, сэтгэл санаа, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон нь гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь болсон бол хүүхдийн эцэг А.Б-тай дотно харьцаа тогтоосон С.Б-т өширхөх, атаархах сэдлээр А.Б-ыг С.Б-аас салгах, гэртээ буцааж авчрах зорилгоор гэмт хэргийг үйлдэхдээ С.Б-ийн халдашгүй байх эрхэд халдаж, улмаар С.Б-ийг А.Б-аас харилцаагаа таслах, хүүхдийн асаргаа, эмчилгээнд зориулж мөнгө өгөх, хариуцлагаа үүрэхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлэх явцад С.Б-ийн өмчлөх эрх давхардан өртсөн гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан С.Б, Ц.Д нарын хоорондоо харилцсан захиа, хохирогч, яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр Ц.Д нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдсэн болно.
2. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой атал шүүх “яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон эсэх, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хууль зүйн зөв, оновчтой үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчилж, шүүхэд ирүүлэх нь зүйтэй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” заалтыг зөрчжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлсэн атлаа “хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтууд”-ыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хууль зүйн зөв, оновчтой үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчилж ирүүлэхийг даалгасан, гэтэл ямар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, ямар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх талаар шийдвэрлээгүй нь эргэлзээ төрүүлж байна.
3. Шүүгчийн санаачилгаар хийгдсэн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-с 6.17 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцээгүй, хэргийн зүйчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуульчилсан байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1024 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Миний хувьд Ц.Д гэдэг хүнд өөрийн санаачилгаараа мөнгө өгье гээд өгсөн зүйл байхгүй. Шүүгдэгч Ц.Д тодорхой цаг зааж надаас мөнгө нэхэж, өдөр, шөнөгүй залгадаг байсан. Намайг жаахан зөрүүдлэх юм бол “постыг чинь оруулна” гэж дарамталдаг. Миний хувьд өсвөр насны хүүхэдтэй учир хий гэсэн бүхнийг цаг тухайд нь хийдэг байсан. Сүүлд 3.000.000 төгрөг нэхэхэд нь хуулийн байгууллагад хандсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад Ц.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.
Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Д-ийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-69а тоотод байхдаа хохирогч А.Б-ы эзэмшлийн гар утсан дээрх “icloud” цэснээс 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Б-ы С.Б-тай хамт авхуулсан гэрэл зураг болон хамтдаа орон дотроо хэвтэж байгаа бичлэгийг хохирогч А.Б-д мэдэгдэлгүйгээр хууль бусаар авсан,
2022 оны 8 дугаар сарын 26, 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-69а тоотод байхдаа, мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Содон хороолол, 116-51 тоотод байхдаа тус тус хохирогч А.Б, С.Б нарын хуулиар хамгаалагдсан нууц болох гэрэл зураг, дуу дүрсний бичлэгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн цахим хаяг болох “...", “...” нэртэй фейсбүүкт пост болгон нийтэлж үргэлжилсэн үйлдлээр хувь хүний нууцыг задруулсан,
2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц зураг, бичлэг тараахаар хохирогч С.Б-ийг сүрдүүлж, хохирогч С.Б-аас мөнгө шилжүүлэх, А.Б-аас харилцаагаа таслах үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар хохирогчоос 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн нийт 6.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцэл, яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШТ/1024 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШТ/1024 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар эсэргүүцэл, яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ