Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705003910039 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Х, 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нүүр амны их эмч мэргэжилтэй, “...” шүдний эмнэлэгт шүдний эмч ажилтай,  ам бүл 3, эхнэр, охины хамт ...од оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Хнь 2017 оны 8 дугаар сарын 18-нд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “...” караокед согтуугаар иргэн Ц.Эыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Хохирогч  Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 17-ны орой бид зургуулаа бага тойргийн “Салам” пабад уулзсан. ...найз Тэмүүлэн “энд чимээ шуугиан ихтэй байна, чимээ багатай газар очиж ярилцаж сууя” гэж хэлсэн. Бид гараад таксинд хуваагдаж суугаад “...” палас руу бүгдээрээ явсан. ...би 00 ороход танихгүй эмэгтэй 00-ын үүдэнд зогсож байсан. ... би тэр эмэгтэйтэй юм ярьсан. Тэр эмэгтэй өөрийгөө Э гэж танилцуулсан. Би хариуд нь өөрийнхөө нэрийг хэлээд зогсож байхад 4 номерын өрөөнд байсан намхан бүдүүн залуу миний араас цамцны захаас барьж хойш нь татаж унагаасан. Тэр залуу хойш нь чирээд өрөөндөө оруулсан. ...би газар хэвтэж байхад намхан махлаг Х гэгч нь намайг архи, пивоны шил аль нь болохыг сайн санахгүй байна, давтамжтай 2 удаа толгойн баруун хэсэгт цохисон. Шил хагарсан ба Х гарт нь байсан шилээр миний бөөрний хэсэгт шилээр зүссэн. Үүнээс цааш юу болсныг санахгүй байна. Ухаан ороход гэмтлийн эмнэлэгт тархиндаа хагалгаа хийлгэсэн байсан. ...Х намайг шилээр цохиж миний биед хүнд гэмтэл учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 111-115/,

Гэрч А.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэнэт гаднаас манайхны нэг /хэнийг нь санахгүй байна/ Э хүнд зодуулсан байна гэсэн. Манай найзууд өрөөнөөс гарахад өрөөний ойр хавьд бөөн үймээн шуугиан болчихсон хажуу талын өрөө рүү биднийг оруулахгүй хамгаалагч нь хаагаад зогсоод байсан....тэр дороо Эыг хайгаад гүйхэд “...” паласын концертын танхимын үүдэнд хэвтэж байсан. Толгойг нь барьж үзэхэд цус гараагүй байсан. Дээшээ хараад амьсгаатай хэвтэж байсан учир би анхны тусламжийн зөв байрлалд оруулж хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 33-34/,

Гэрч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “... 02 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Би дуулаад байж байтал Э 00 орно гээд караокены өрөөнөөс гарч байсан юм. Тэгээд удалгүй Дука орж ирээд Эыг хажуу талын өрөөнд 2 хүн зодоод байна гэхээр нь бид нар бөөнөөрөө гараад очтол хажуу талын 3 тоот өрөөнөөс 25-30 орчим насны 3 эмэгтэй, 2 залуу гарч ирсэн ба мөн манай найз нарын нэг нь Эыг уг өрөөнөөс сугадаж гарч ирсэн. Тэгэхэд Эын хамарнаас нь цус гарчихсан байсан. ...хэрэлдэж байгаад би караокеноос гартал Э ухаан алдчихсан газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 52-53/,

Гэрч Э.Гы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шөнө гэртээ унтаж байтал өглөө 06 цаг өнгөрч байхад манай караокены зөөгч Т манай гэрт ирсэн. Тэгээд караокед хүмүүс зодолдоод нэг залуу нь сэхээнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч явж чадахгүй, чи ажил дээрээ очоод тэр хавиа цэвэрлэ тэгээд харихгүй юу гэж хэлсэн. Тэгээд 09 цаг өнгөрч байхад Т над руу залгаад “цагдаагаас залгаад ирж уулз гэж байна” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад замаараа Тыг аваад цагдаагийн хэлтэс дээр иртэл намайг ажил дээрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би ажил дээрээ очсон юм. Тэгээд би Таас юу болсон талаар асуухад Т надад шөнө 03 цагийн үед 2 номерын өрөөний хүмүүс 5 номерын өрөөний хүмүүс маргалдаад зодоон хийсэн гэж байсан. Тэгээд нэг залуу нь ухаан алдаад унасан, ухаангүй байгаа гэж хэлэхээр нь би хэн нь юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж байсан. Цагдаагийн хүмүүс ирээд манай караокед үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54-55/,

Гэрч Э.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ажлаа хийгээд байж байтал 4 номерын өрөөнд байсан шаргал цувтай эмэгтэй Э 5 номерын өрөөний залуучуудтай Оболон Э нартай хүзүүгээрээ тэврэлдээд юм яриад 00-ын өрөө рүү орж гарч байсан....Тэгээд байж байтал 5 номерын өрөөний хамт явж байсан цагаан цамцтай эмэгтэйтэй Э танилцаад манай караокены тек дээр хамт ирээд юм яриад байсан. Тэгээд 03 цаг болж манай караоке хаах дөхөөд 2 номерын өрөөнд захиалга өгөөд байж байтал хүмүүс чанга, чанга яриад муудалцаад амжих уу гээд байхаар нь би гараад 4 номерын өрөөний тэнд яваад очиход Нийн нөхөр гэх М 5 номерын өрөөний залуучуудтай муудалцаад байхаар нь би цааш нь түлхээд оруулах гэж байтал тэр залуучууд муудалцаад зодоон эхэлсэн. М өрөөнөөс гараад коридор, 4 номерын үүдэнд зодоон хийгээд эхэлсэн. Тэгээд би салгаад эргээд хартал 4 номерын өрөөнд Э, П залуугийн хамт өрөөнд орсон Хтай зодоон хийж байсан. Тэр үед Мширээн дээр байсан шил, микрофон, лаазтай кола, ундааны стакан гэх мэт зүйл шидэж байсан. ...П өрөөнөөс гарахад түүний араас Э эргээд алхах үед нь араас нь Х босоод ширээн дээрээс шил аваад Эын  толгой руу хоёр удаа цохисон, шил хагарах шиг болсон. Гэтэл Эыг тонгойх үед Х гарт үлдсэн шилний хагархайгаар араас нь дүрчих шиг болсон. Э газар унаад босч гуйваад дүнхүүрсэн байдалтай эргэж зодоон хийгээгүй өрөөнөөс гараад миний хажуугаар гуйваад  гараад явсан. Гэтэл манай караокены хамгаалагч гаднаас орж ирээд салгаад 4 номерын өрөөний хүмүүсийг өрөөнд нь оруулаад хаалгыг нь дарсан, тэгээд байж байтал 5 номерын өрөөний залуучууд буцаж ирээд манай найз ухаан алдчихлаа гээд өрөө рүү нь орох гээд байсан. Тэр үед хамгаалагч өрөө рүү оруулахгүй гээд хаалга хаагаад зогсож байсан. ...би 102-т дуудлага өгсөн 4 номерын өрөөний хүмүүстэй үлдээд цагдаа ирэхийг хүлээсэн, би тэнд байсан шилний хагархайнуудыг цэвэрлэсэн. Цагдаа ирэхийг хүлээгээд байж байгаад 4 номерын өрөөний Хд “та Э гэж хүний толгой руу шилээр цохисныг чинь харсан, танай эхнэр бас зурагт руу юм шидэж хагалсан” гэж хэлсэн чинь Х “харин тиймээ ахын дүү” гэж хэлснээ “хөгшин хоёулаа ингээд эндээ зохицъё, би зурагтыг чинь засаж өгье” гэсэн. ...Удалгүй 05 цаг 40 минутын үед дуудлагын цагдаа ирээд юу болсон талаар асуусан. Би болсон асуудлыг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 56-57/,

Шинжээчийн 10596 тоот дүгнэлтэд: “...Ц.Эын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, баруун нүдний дээд зовхи, хүзүүний ар, зүүн сүврэгдэст цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 77/,

Шинжээчийн 1042 тоот дүгнэлтэд: “...КТГ-ын зургаар Ц.Эын хамар яс хугарсан нь тогтоогдож байна. Энэ хамар ясны хугарал гэмтэл нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр учирсан байх боломжтой байна. Хамрын ясны хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Эын биед учирсан дээрх хамар ясны хугарал гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 1-н 89-90/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 4/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 6-16/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 1-н 17/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 18-21/, хохирогчийн эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх 1-н 78-87/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 1-н 96-97/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 138, 143, 151-153, 158-163, 2-н 52, 55-98, 151-157/, хохирлын баримтууд /хх 1-н 166-250/, хохирогчийн өвчний түүх /хх 2-н 104-119, 128-144/, зарим яллагдагчид холбогдох хэргийг /зарим хэргийг/ хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх 2-н 169/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх 2-н 172, 177/, хохирлын мөнгө өгсөн баримт /хх 2-н 174-176/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Хнь 2017 оны 8 дугаар сарын 18-нд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “...” караокед согтуугаар иргэн Ц.Эын толгойн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Эийн: “...Тэр эмэгтэй өөрийгөө Э гэж танилцуулсан. Би хариуд нь өөрийнхөө нэрийг хэлээд зогсож байхад 4 номерын өрөөнд байсан намхан бүдүүн залуу миний араас цамцны захаас барьж хойш нь татаж унагаасан. Тэр залуу хойш нь чирээд өрөөндөө оруулсан. ...би газар хэвтэж байхад намхан махлаг Х гэгч нь намайг архи, пивоны шил аль нь болохыг сайн санахгүй байна, давтамжтай 2 удаа толгойн баруун хэсэгт цохисон. Х гарт нь байсан шилээр миний бөөрний хэсэгт шилээр зүссэн. Үүнээс цааш юу болсныг санахгүй байна. Ухаан ороход гэмтлийн эмнэлэгт тархиндаа хагалгаа хийлгэсэн байсан....Х намайг шилээр цохиж миний биед хүнд гэмтэл учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 111-115/, гэрч А.Пгийн: “...гэнэт гаднаас манайхны нэг /хэнийг нь санахгүй байна/ Э хүнд зодуулсан байна гэсэн. Манай найзууд өрөөнөөс гарахад өрөөний ойр хавьд бөөн үймээн шуугиан болчихсон хажуу талын өрөө рүү биднийг оруулахгүй хамгаалагч нь хаагаад зогсоод байсан....тэр дороо Эыг хайгаад гүйхэд “...” паласын концертын танхимын үүдэнд хэвтэж байсан. Толгойг нь барьж үзэхэд цус гараагүй байсан. Дээшээ хараад амьсгаатай хэвтэж байсан учир би анхны тусламжийн зөв байрлалд оруулж хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 33-34/, гэрч Э.Тын: “...тэгээд 03 цаг болж  манай караоке хаах дөхөөд 2 номерын өрөөнд захиалга өгөөд байж байтал хүмүүс чанга, чанга яриад муудалцаад амжих уу гээд байхаар нь би гараад 4 номерын өрөөний тэнд яваад очиход Нийн нөхөр гэх М 5 номерын өрөөний залуучуудтай муудалцаад байхаар нь би цааш нь түлхээд оруулах гэж байтал тэр залуучууд муудалцаад зодоон эхэлсэн. М өрөөнөөс гараад коридор, 4 номерын үүдэнд зодоон хийгээд эхэлсэн. Тэгээд би салгаад эргээд хартал 4 номерын өрөөнд Э, П залуугийн хамт өрөөнд орсон Хтай зодоон хийж байсан. Тэр үед Мширээн дээр байсан шил, микрофон, лаазтай кола, ундааны стакан гэх мэт зүйл шидэж байсан. ...П өрөөнөөс гарахад түүний араас Э эргээд алхах үед нь араас нь Х босоод ширээн дээрээс шил аваад Эын  толгой руу хоёр удаа цохисон, шил хагарах шиг болсон. Гэтэл Эыг тонгойх үед Х гарт үлдсэн шилний хагархайгаар араас нь дүрчих шиг болсон. Э газар унаад босч гуйваад дүнхүүрсэн байдалтай эргэж зодоон хийгээгүй өрөөнөөс гараад миний хажуугаар гуйваад  гараад явсан. Гэтэл манай караокены хамгаалагч гаднаас орж ирээд салгаад 4 номерын өрөөний хүмүүсийг өрөөнд нь оруулаад хаалгыг нь дарсан, тэгээд байж байтал 5 номерын өрөөний залуучууд буцаж ирээд манай найз ухаан алдчихлаа гээд өрөө рүү нь орох гээд байсан. Цагдаа ирэхийг хүлээгээд байж байхдаа 4 номерын өрөөний Хд “та Э гэж хүний толгой руу шилээр цохисныг чинь харсан, танай эхнэр бас зурагт руу юм шидэж хагалсан” гэж хэлсэн чинь Х “харин тийм ээ ахын дүү” гэж хэлснээ “хөгшин хоёулаа ингээд эндээ зохицъё, би зурагтыг чинь засаж өгье” гэсэн мэдүүлэг /хх 1-н 56-57/, шинжээчийн 10596, 1042 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Хнь хохирогчийн толгойн тус газарт нь шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 8.500.000 төгрөг /бэлнээр/, “тоёота ист” маркийн автомашиныг 5.000.000 төгрөгт тооцож өгсөн нь  хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт, хохирогчийн хүсэлтээр /хх 2-н 172-177/ нотлогдож байна.

            Хохирогч Ц.Э нь хохирол төлөгдсөн харин цаашид гарах хор уршгийн талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломжтой. 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

           Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Хг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Хд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 13.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч Ц.Э нь хор уршгийн талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР