2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01524

 

 

 

 

     2025             02                  20                                                192/ШШ2025/01524

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б

 

Нэхэмжлэгч: Н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М

 

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

            Хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Бид Сүхбаатар дүргийн 19 дүгээр хороо, хуурай мухар зусланд Сүхбаатар дүүргийн Засаг даргын ....................дугаартай захирамжийн дагуу 700 м.кв, 699 мкв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Ш.М  нь 2016 онд бидний эзэмшил газрын хэсэгт 2 давхар байшин барьсан, түүнээс хууль бус үйлдлээ зогсоохыг хүссэн боловч бидэнтэй ярилцахыг хүсээгүй, хэл амаар дайрч, доромжилсон. Иймд бидний эзэмшил газарт зөвшөөрөлгүй байшин барьсан хариуцагч Ш.М ын эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийг хэн барьж, хэн бүртгүүлсэн талаар лавлагаа авахаар анхан шатны шүүхэд буцаагдсан. Үүний дагуу тус газраас лавлагаа ирсэн бөгөөд 2012 онд иргэн н.Б  нь тус газарт үл хөдлөх хөрөнгө бариад улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаа юм. Үүний дараа буюу 2012 онд хариуцагч нь хуулийн хүрээнд тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрыг шилжүүлж авах хүсэлтээ гаргаад өнөөдрийн байдлаар тус газар хариуцагчийн өмчлөлд шилжиж, эзэмшиж, ашиглаж байгаа юм. Худалдах, худалдан авах гэрээ болон газар шилжүүлэх гэрээ зэргээр тус газарт үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн зүгээс огт бариагүй, анх баригдсан байсан газрыг худалдаж аваад хашаалах, зам тавих, ус татах зэрэг өөрсдөд хэрэгтэй тохижилтын ажлыг хийсэн байдаг. Тэгэхээр байшин барьж эхлэх үед зогсоохыг шаардсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

2.2.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хүмүүс хувийн компанитай хамтраад сансраас авсан зурагт харьцуулалт хийж давхацсан гэсэн дүгнэлт гаргасан боловч энэ дүгнэлт нь ач холбогдлын хувьд бодит байдалтайгаа зөрүүтэй байдаг. Учир нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн зураг, хариуцагчтай холбоотой 5 өөр огноо дугаартай кадастрын зураг бүхий лавлагаагаар тохирч байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Н.Б ийн цахим үнэмлэхний хуулбар, 2017.10.18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн газрын албаны 11/1160 дугаар албан бичиг, итгэмжлэл, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэн Нямжавын Б-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадарстрын зураг, иргэн Б.Б, Н.Б , Б.Н  нарын эзэмшиж байгаа газрын байршлын давхацлын кадарстрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг,

Хариуцагч талаас цахим үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн Ширэндэв овогт М-ын эзэмшиж байгаа газрын байршлын кадартрын зураг, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас *************тоот хаягт байршилтай хувийн сууцны хувийн хэрэг, Сүхбаатар дүүргийн Газар, зохион байгуулалтын албанаас зохигч нарын эзэмшлийн газрын хувийн хэрэг, дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үнэдслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын **************дугаар захирамжийн дагуу эзэмшдэг газарт хариуцагч Ш.М  нь өөрийн эзэмшил газраа 3,137.88 м.кв талбайгаар илүү хашаалсан, ******************талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэгж талбарын ******дугаартай Б.Н гийн газартай 68.71 мкв талбайгаар давхцалтай баригдсан тул хариуцагч Ш.М ын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хашаа барьсан байсныг буулгасан, байшингий хувьд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт баригдаагүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            4.1.Иргэн О.Б, Ш.М  нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *************************бүхий газрын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 204-205 дахь тал)

4.2.Иргэн О.Б , Ш.М  нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *************дугаарт бүртгэлтэй, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, 54 500 000 төгрөг хүлээлцсэн баримт үйлдсэн. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 206-207 дахь тал)

4.3.++++ байрлалтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2203026300 дугаарт бүртгэлтэй, 128 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.М  2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 18 дахь тал)

4.4.++++ дугаарт бүртгэлтэй, 656 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Ш.М  эзэмшдэг. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 19, 21 дэх тал)

4.5.++++ дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Ш.М  эзэмшдэг. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 20, 22 дахь тал)

4.6.++++++, 3056/15471 дугаарт бүртгэлтэй, 700 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар Н.Б  эзэмшдэг. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 29-32 дахь тал)

4.7+++++ дугаарт тус тус бүртгэлтэй, 699 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Н.Б  эзэмшдэг. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 135-138 дахь тал)

4.8.++++++ газрыг 15 жилийн хугацаатай Б.Н  эзэмшдэг. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 3-6 дахь тал)

4.9.Хариуцагч нь өөрийн эзэмшил газрыг хашаалсан ба нийт 3,174 м.кв газрыг хашаалсан. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 189 дэх тал)

4.10.Хариуцагчийн барьсан хашаа нь нэгж талбарын дугаарт бүртгэлтэй Б.Н гийн эзэмшлийн газартай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй Н.Б ийн эзэмшлийн газартай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй А.М эзэмшлийн газартай давхцалтай. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 190 дэх тал)

4.11.Хариуцагчийн өмчлөлийн *************дугаарт бүртгэлтэй, хувийн сууц нэхэмжлэгч нарын эзэмшлийн талбайд баригдаагүй. (хавтаст хэргийн 1 дэх хавтасны 75-76, 96, 189-190 дэх тал)

 

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Б  нь ++++газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

6.Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийн өмчлөлийн +++++бүхий иргэн Б.Н гийн газартай 68.71 мкв талбай бүхий хэмжээгээр давхцсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, хавтаст хэргийн 187-190 дэх талд авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Н гийн эзэмшлийн нэгж талбарын +++++дугаартай газрууд нь давхцалгүй, хариуцагч Ш.М  нь 3,174 м.кв талбайг хашаалсан ба уг хашаа нь Б.Н гийн эзэмшлийн нэгж талбарын ++++++дугаартай газартай давхцалтай гэж дүгнэжээ.

 

Харин хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу ++++талбай бүхий хувийн сууц нь нэхэмжлэгч нарын эзэмшил газарт баригдсан буюу давхацсан талаар дүгнээгүй, хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14/1354 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан кадастрын зургаас үзэхэд дээрх хувийн сууц нь зөвхөн хариуцагч Ш.М ын эзэмшлийн нэгж талбарын +++++азарт баригдсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчийг нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ш.М ад холбогдох хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.М ад холбогдох хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Н , Н.Б  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД