2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/01579

 

 

 

 

     2025             02                  24                                                192/ШШ2025/01579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө….. давхарт байрлах “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ++++++++++тоот хаягт оршин суух ************* холбогдох

 

55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал,

Хариуцагч++++++++++++,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ундрам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулан 55,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“*************” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Ажилтанд санхүүгийн дэмжлэг олгох тухай” 41 дүгээр тогтоолоор Бодлого төлөвлөлт судалгааны хэлтсийн захирлаар ажиллаж байсан С.*************санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 3 жилийн хугацаатай сургалтын чөлөө олгож, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2/342 дугаартай “Гадаадад мэргэжил дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-г байгуулан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 55,000,000 төгрөгийг хариуцагчийн хувийн данс руу шилжүүлсэн.

1.2.Хариуцагч нь 2018 онд сургуулиа төгсөж, “*************” ХХК-ийн охин компанид 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөрөнгө удирдлагын нэгжийн захирлын албан тушаалд томилогдож ажилласан. Улмаар Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор тус охин компани татан буугдсантай холбоотой татан буулгах комиссын шийдвэрээр хариуцагчтай байгуулсан гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болгосон. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын 252 дугаар тогтоолоор тус компанийн үйл ажиллагаа дахин сэргэж, хариуцагчид манай талаас холбогдож ажиллах санал тавьсан боловч хүлээж аваагүй.

1.3.“Гадаадад мэргэжил дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний 4.2 дахь хэсэгт зааснаар тус мөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй боловч хариуцагч нь Боловсролын зээлийн сангаас 2015 онд 32,000 ам.доллар буюу 63,520,000 төгрөгийг сургуульд суралцахаар авсан байх тул манай талаас хариуцагчийг гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэж, 55,000,000 төгрөгийг буцааж гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Би ямар ч дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Хүн сурч боловсрох нь зүй ёсны зүйл гэж бодож байна. Тухайн үед надад санхүүгийн боломж байхгүй байсан учраас өөрт байсан бүх боломжоо ашиглаж суралцсан. Би гэмт үйлдэл хийгээгүй гэдгээ батлах гэж шүүхэд ирсэн. Хамт суралцаж байсан найзуудаараа нийлж хувиараа хүмүүст тэтгэлэг олгосон. Залуу насандаа ажиллаж байсан байгууллага маань намайг гэмт үйлдэл хийсэн мэт хандлагаар хандаж байгаад гомдолтой байна.

2.2.Нэхэмжлэгч компанийн охин компани татан буугдаж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Өөр ажил санал болгосон гэж байгаа нь худлаа. Компаниа сэргээгээд эргээд ажилдаа орох талаар надад мэдэгдэж байгаагүй. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захирлуудын зөвлөлийн хурлаар хариуцагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гээд буцаж төлөх үүргээс нь чөлөөлөх шийдвэр гарсан. Намайг орон сууцны зээлтэй байгаа юм байна, тэрийгээ хаачхаад ир гэж мэдэгдсэн.

2.3.Нэхэмжлэгч талаас 55,000,000 төгрөг буюу сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын 50 хувийг олгосон. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар үгийн шууд агуулгыг тайлбарлах ёстой. Гэрээнд бусад банкнаас зээл авч санхүүгийн дэмжлэг авахыг хязгаарласан зүйл байхгүй, дурдагдаагүй. Мөнгөн дүнгийн хувьд хувь хүний орлогын албан татвар суутгагдаад 49,500,000 төгрөг хүлээж авсан гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт “*************” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны “Ажилтанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” 41, “Урт хугацааны цалингүй чөлөө олгох тухай” Б-97 дугаар тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “МУХБ-ны Хөрөнгө оруулалтын газрын Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн захирал С.*************гадаадад мэргэжил дээшлүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Батлан даалтын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.*************санхүүгийн дэмжлэг 49,500,000 төгрөг шилжүүлсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 5,500,000 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар суутгасан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ************* ажилд эргэн томилогдох тухай хүсэлтийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “*************” ХХК-ийн 2018 оны 2/1146 дугаартай “*************” ХХК-нд хаягласан хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны “*************Хөрөнгийн удирдлагын нэгжийн захирлаар томилох тухай” Б-26 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн хяналт, шалгалт, тамгын газарт ************* гаргасан 2019 онд гаргасан гэрээг дүгнэх тухай хүсэлтийн хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны Б-20 дугаар С.*************чөлөө олгосон тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн татан буулгах комиссын 2020 оны 26 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны А-24 дүгээр “Дотоод аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөлөгөөг батлах” тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *************ны Санхүүгийн газрын Төлбөр тооцооны хэлстийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас хариу тайлбар, “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны “Бодлого, дүрэм батлах тухай” А-12 дугаар тушаал, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Люксембургийн санхүүгийн сургуулийн Хууль, эдийн засгийн болон санхүүгийн факультетыг “Хөрөнгийн менежментийн мастер зэрэгтэйгээр сайн дүнтэй төгссөн тухай баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон түүний баталгаат орчуулагчаар орчуулуулсан орчуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч “*************” ХХК-аас тус компанийн Гүйцэтгэх удирдлагын хорооны 2015 оны 03 угаар сарын 20-ны өдрийн хурлын танилцуулга, тэмдэглэл, захирлуудын зөвлөлийн 2020 оын 10 дугаар сарын 20, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны А-177 дугаар “Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай” тушаал түүний хавсралтыг гаргуулж авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч компани нь 55,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь “Гадаадад мэргэжил дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний 4.2 дахь хэсэгт зааснаар тус мөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй боловч Боловсролын зээлийн сангаас 2015 онд 32,000 ам.доллар буюу 63,520,000 төгрөгийг сургуульд суралцахаар авснаар зориулалтын дагуу ашиглах үүргээ зөрчсөн тус буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч, түүний өмгөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гэрээг зөрчөөгүй, гэрээнд сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын тал хувийг ажилтан өөрөө хариуцахаар тусгасны дагуу Боловсролын зээлийн сангаас зээл авсныг санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэг талаас Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуулийн банк, санхүүгийн магистрын ангид суралцах хугацаанд цалингүй чөлөө олгох, сургалтын зардал болон амьжиргааны нийт зардлын 50 хувь болох 55,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас суралцаж төгсөөд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу 5-аас доошгүй жил ажил олгогчийн байгууллагад тогтвор суурьжилтай, үр бүтээлтэй ажиллах гол нөхцөл бүхий 2/342 дугаартай “МУХБ-ны Хөрөнгө оруулалтын газрын Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн захирал С.*************гадаадад мэргэжил дээшлүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ” (цаашид “2/342 дугаар гэрээ” гэх) байгуулагдсан. (хавтаст хэргийн 8-10 дахь тал)

4.2.Дээр дурдсан 2/342 дугаар гэрээний дагуу хариуцагчид 49,500,000 төгрөг олгосон. (хавтаст хэргийн 12 дахь тал)

4.3.Хариуцагч нь Люксембургийн их сургуулийн Хууль, эдийн засгийн болон санхүүгийн факультетыг “Хөрөнгийн менежментийн мастер” зэрэгтэйгээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төгссөн. (хавтаст хэргийн 99-110 дахь тал)

4.4.Хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа томилогдох хүсэлт гаргасны дагуу түүнийг “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б-26 дугаар тушаалаар тус компанийн Хөрөнгийн удирдлагын нэгжийн захирлын албан тушаалд томилж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр компани татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. (хавтаст хэргийн 14, 23, 28 дахь тал)

4.5.Хариуцагч нь 2015 онд Боловсролын зээлийн сангаас 32,000 ам.долларын зээл авсан үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2/342 дугаар гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар 55,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлэх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2/342 дугаар гэрээний 2.4, 3.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч компани нь хариуцагчаас 5 жилийн хугацаанд ажил олгогч байгууллагад ажиллахыг шаардах, хэрэв 5 жил ажиллах үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, сургалтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, шалгалтдаа тэнцээгүй, дипломоо гардан аваагүй, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажилласан хугацаанд ногдох хөнгөлөлтийг хасаж, үлдэх хэсгийг төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар 2/342 дугаар гэрээний 2.4, 3.1.3-т заасан тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч нь Боловсролын зээлийн сангаас 32,000 ам.долларын зээл авснаар санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулах тухай 2/342 дугаар гэрээний 4.2.1-т “Ажилтан сургалтын дэмжлэгт зориулж байгууллагаас олгож буй мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж, дэмжлэгт олгосон 55,000,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан баримтаар хариуцагчид 49,500,000 төгрөг олгосон, хавтаст хэргийн 59-62 дахь талд авагдсан танилцуулга гэх баримтад “…сургалтын болон амьжиргааны зардал нь дунджаар 52,253 евро болно… 50 хувь болох 26.1 мянган евро буюу 54,611,379 төгрөгийн тусламжийг хүсч байгаа…” гэж дурдсан зэргээс үзэхэд санхүүгийн дэмжлэг олгох асуудлыг хэлэлцэх үед нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчийн суралцах 2 жилийн хугацааны нийт зардал нь 109,222,758 (54,611,379*2=109,222,758) төгрөг гэсэн ойлголттой байсан, улмаар түүний 50 хувьд нийт 55,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Боловсролын зээлийн сангаас авсан 32,000 ам.долларыг тухайн үеийн (2015.03.16-ны өдөр) ханшаар төгрөгт шилжүүлбэл 63,520,000 (32,000$*1,985.1₮/$=63,520,000₮) төгрөг болж байгаа талаар тайлбарласныг үндэслэн хариуцагчийн ажил олгогчоос авсан санхүүгийн дэмжлэг болон Боловсролын зээлийн сангаас авсан зээлийн хүрээнд сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд зарцуулсан мөнгөн дүнг тооцож үзвэл нийт 113,020,000 (49,500,000₮+63,520,000₮=113,020,000₮) төгрөгийг зарцуулсан гэж үзэхээр байна.

 

Уг тооцооллоос үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаачлан хариуцагчийг 3,797,242 (113,020,000-109,222,758) төгрөг буюу 1,912.9 (3,797,242₮/1,985.1₮/$=1,912.9$) ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээр байна.

 

Гэвч энэ үнийн дүн нь ялимгүй буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн, хавтаст хэргийн 28 дахь талд авагдсан “*************” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 26 дугаар тушаалаар компани татан буугдсан үндэслэлээр хариуцагч С.Ган-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаар 2/342 дугаар гэрээний 3.2.3-т “…Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нөхцөлд Ажилтны хүлээх үүргийг (санхүүгийн дэмжлэгийг буцаан төлөх) хугацаанаас өмнө чөлөөлөх” гэж заасан тохиолдол үүссэн буюу Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж зааснаар үүрэг дуусгавар болжээ.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 238 дугаар зүйлийн 238.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9.Нэхэмжлэгч компани нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д “*************наас гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 238 дугаар зүйлийн 238.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.*************холбогдох 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16 зааснаар нэхэмжлэгч “*************” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД