| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/07881/И |
| Дугаар | 192/ШШ2025/01594 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/01594
щ
2025 02 24 192/ШШ2025/01594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн Баянгол дүүрэг дэх байрны шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****************тоот хаягт оршин суух *************
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****************тоот хаягт оршин суух *************
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****************тоот хаягт оршин суух *************
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ****************тоот хаягт оршин суух *************
нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ****************тоот хаягт оршин суух *************холбогдох
Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ************* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ************* дугаартай 480.61 м.кв талбай бүхий газрыг 2004 оноос гэр бүлийн 5 хүний нэр дээр өмчилж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2007 оны 06 дугаар сард хариуцагч нь манай хашаанд бууж, түрээс төлнө гэж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Газрыг чөлөөлж өгөхийг шаардахад түрээс төлнө, удахгүй чөлөөлнө гэдэг боловч түрээсийн төлбөр нэг ч төлөөгүй, сүүлдээ танай хашааг нас барсан нөхрөөс худалдаж авсан гэж илтэд худал хэлж, 30,000,000 төгрөг өгвөл нүүнэ гэж бидний газар өмчлөх эрхэд халдаж байна гэжээ.
2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа *************тоот хаягт 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тасралтгүй гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч байна. 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр автобусны буудал дээр наасан байсан зарын дагуу холбогдож, тухайн үеийн зарын дагуу ханш болох 800,000 төгрөгөөр хашааны талыг худалдаж авахаар болж маргааш нь гэрээ барьсан. Тухайн үед эхнэр Н.*************, бага хүү Ц.*************, бэр н.********, охин Ц.*************, **********нар байсан. Том хүү Ц.************* гэж хүн байдаг гэж хэлээгүй. Нэрээ шилжүүлсний дараа төлбөрийг төлье гэхэд И.************* нь хүнээс автомашин авсан, хүн нь мөнгөө нэхээд өдөр шөнөгүй ирээд байгаа юм, ямар сайндаа хашаагаа таллаж зарж байна гэсний дагуу тухайн өдөр бэлэн 700,000 төгрөг өгч, 2 хоногийн дараа Ц.*************гийн хамт Төв аймгийн Аргалант сум руу явж аав, ээжээс 2 эр хонь авч өгсөн.
2.2.Нэр шилжүүлэх асуудлын хувьд И.************* нь бичиг баримтаа хаячихсан, удахгүй захиалж аваад нэрээ шилжүүлье гэсээр 2-3 жил болсон. Энэ хугацаанд Ц.************* нь эхнэр авч тусдаа гараад явсан, эхнэр, охин нь мөн явж энэ газартаа ирэхээ больж, И.************* нь хааяа согтуу ирж танайд газраа зарна гэж байхгүй гэж агсам тавьдаг байсан. И.*************ыг эрүүл байхад нь уулзахад шилжүүлж өгөлгүй яахав, гол нь том хүү итгэмжлэл өгчихвөл эсвэл ирээд гарын үсэг зурчихвал болно гэдэг байсан. Өнгөрсөн хугацаанд 2009, 2015 онд 2 хүүхэд төрж, 3 хүүхэд маань 114 дүгээр сургуульд суралцаж байгаа, бидний амьдралд холбоотой бүх зүйл энэ газар өрнөж байна. Том хүү нь утсаар ярьж 3,000,000 төгрөг өгье танайх нүү гэж хэлэхэд нь зөвшөөрөөгүй, гэтэл манайх шүүхээр явахад танайд юу ч оногдохгүй гэж хэлж байсан. 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талийгаач И.************* нь газрыг бэлэглэсэн гэх агуулгатай өргөдөл бичиж, хорооны Засаг даргаар тодорхойлолт бичүүлж тамга даруулж, өргөдөлд бэлэглэсэн гэж бичсэн учир нь И.************* тайлбарлахдаа худалдсан, худалдан авсан гэвэл шимтгэл авдаг тул ахад нь өгөх мөнгө алга ингээд ч болов чиний нэр дээр шилжүүлж болох болов уу гээд ирлээ гэж байсан. Барьцаа болгож эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Ц.*************гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, И.************* нас барсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагааг,
Хариуцагч талаас хариу тайлбар, 000004809 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хан-Уул дүүргийн 9-р хорооны засаг даргаар уламжлан газрын албанд өргөдөл гаргах нь” гэх талийгаач И.************* болон Г.************* нарын өргөдөл, цахилгаан хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үнэдслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, Буянт-Ухаа *************тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ************* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ************* дугаартай 480.61 м.кв талбай бүхий газрыг 2004 оноос гэр бүлийн 5 хүний нэр дээр өмчилж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2007 оны 06 дугаар сард хариуцагч нь манай хашаанд бууж, түрээс төлнө гэж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Газрыг чөлөөлж өгөхийг шаардахад түрээс төлнө, удахгүй чөлөөлнө гэдэг боловч түрээсийн төлбөр нэг ч төлөөгүй, сүүлдээ танай хашааг нас барсан нөхрөөс худалдаж авсан гэж илтэд худал хэлж, 30,000,000 төгрөг өгвөл нүүнэ гэж бидний газар өмчлөх эрхэд халдаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ маргаан бүхий газрыг 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр автобусны буудал дээр наасан байсан зарын дагуу холбогдож, тухайн үеийн зарын дагуу ханш болох 800,000 төгрөгөөр хашааны талыг худалдаж авахаар тохиролцож, бэлэн 700,000 төгрөг өгч, 100,000 төгрөгт 2 эр хонь өгсөн. Талийгаач И.************* нь бичиг баримтаа хаячихсан, удахгүй захиалж аваад нэрээ шилжүүлье, том хүүгээс итгэмжлэл авчихаад эсхүл ирэхээр нь гарын үсэг зуруулаад шилжүүлье гэсээр өдийг хүрсэн ба 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талийгаач И.************* нь газрыг бэлэглэсэн гэх агуулгатай өргөдөл бичиж, хорооны Засаг даргаар тодорхойлолт бичүүлж тамга даруулж, ингээд ч болов чиний нэр дээр шилжүүлж болох болов уу гээд ирлээ гэж байсан. Барьцаа болгож эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн байдаг гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримт, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Н.*************, Ц.*************, Ц.*************, Ц.************* нар нь Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, *************тоот хаягт байрлах нэгж талбарын ************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 480.61 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч байна. (хавтаст хэргийн 33 дахь тал)
4.2.Талийгаач И.************* нь “Хан-Уул дүүргийн 9-р хорооны засаг даргаар уламжлан газрын албанд өргөдөл гаргах нь” гэх өргөдлийг 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичиж, уг өргөдөлд Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны Засаг дарга гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулсан байна. (хавтаст хэргийн 34 дэх тал)
5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, *************тоот хаягт байрлах нэгж талбарын ************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 480.61 м.кв талбай бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
6.Нэхэмжлэгч нарын зүгээс “...2007 оны 06 дугаар сард хариуцагч нь танай хашаанд бууя, түрээс төлнө гэж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа..., түрээс төлөөгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан талийгаач И.*************ын өргөдөл, хариуцагчид 000004809 дугаартай гэрчилгээг барьцаа болгож авсан байсан гэж шүүхэд эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн, нэхэмжлэгч талын зүгээс “...2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш амьдарч байгаа... 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарын дагуу хашааны талыг 800,000 төгрөгөөр худалдаж авсан, ...700,000 төгрөг бэлэн төлсөн, 100,000 төгрөгт 2 хонь өгсөн... хонийг Ц.*************гийн хамт Төв аймгийн Аргалант сум руу явж авсан...” гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг няцааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу холбогдох тайлбар, баримтыг ирүүлээгүй зэргээс үзэхэд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1221 дугаар тодорхойлолт гэх баримтад “...Н.************* нь тус хорооны *************тоот хаягт ам бүл 1 оршин суудаг...” гэж дурдсан, нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг Хан-Уул дүүргийн 09 дүгээр, *************тоот гэж тодорхойлж, уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг илгээхэд хариуцагч нь гардаж авч, шүүхэд уг хаягийг мэдүүлсэн (хавтаст хэргийн 20 дахь тал), нэхэмжлэгч нь хариуцагчийн “…2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш амьдарч байгаа… газрын албанд гаргасан өргөдөлд бэлэглэсэн гэж бичсэн нь… шимтгэл төлөх мөнгө байхгүй…, барьцаа болгож 000004809 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан…” гэх татгалзлын үндэслэлийг баримтаар няцаагаагүй, 2005 оноос хойш 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид холбогдуулан газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь талийгаач И.*************тай Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, *************тоот хаягт байрлах нэгж талбарын ************* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 480.61 м.кв талбай бүхий газрын тал хэсгийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй” гэж зааснаар өөртөө туслах зорилгоор 000004809 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаа болгон өөртөө авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсан талийгаач И.************* болон хариуцагч Г.************* нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Иймд хариуцагчийг нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.*************т холбогдох хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*************т холбогдох хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.*************, Ц.*************, Ц.*************, Ц.************* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД