Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

П.*******д холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

          Прокурор                                                                                 Б.

          Шүүгдэгч                                                                                  П.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       С.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр П.*******д холбогдох 2324000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын ******* ******* багт оршин суудаг, ******* регистрийн дугаартай бүхий иргэний үнэмлэхтэй, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч П.******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын ******* багт байрлах ******* ******* хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч Ж.*******ийг хувцас өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж, ******* А-23 маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг дэлгүүрийн 1,2 давхрын 3 ширхэг цонхыг хагалах, 2 давхрын модон хаалгыг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн хохирогч Ж.******* 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос П.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2, 2.1-т заасныг журамлан шүүгдэгч П.*******д оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар П.*******д оногдуулсан 1 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ын цагдан хоригдсон 5 хоногийн түүний эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч П.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хорих ял эдлэх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг хохирогч Ж.*******эд буцаан олгож, камерын бичлэг бүхий СD-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н. давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: ...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор халдагч этгээд халдлагад өртөгчийн эд хөрөнгийг авах зорилгоор эд хөрөнгөө өгөхгүй бол түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлах нөхцөл байдал үүсэж болохыг үг, үйлдлээр илэрхийлж айлган сүрдүүлж, довтолсон идэвхтэй үйлдлийг илэрхийлдэг. Харин "Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай, хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно Хэргийн нөхцөл байдлын тухайд П.******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын ******* багт байрлах ******* ******* хүнсний дэлгүүрт нэвтэрч 1 давхарт байх дэлгүүрээс гар утас авч, улмаар 2 давхарт гарч ил байсан хутгыг авч, модон хаалгыг эвдэж гартаа хутга барьсан байдалтай хохирогчоос эд зүйл өгөхийг шаардсан хэргийн уйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл П.******* нь хутга барьсан байдалтай хохирогч Ж.*******ийн өрөөнд орж илт давуу байдлаа ашиглан, хохирогчийг айлган сүрдүүлсэн үйлдлийг биеэр үзүүлж түүнээс хувцас, архи" өгөхийг шаардсан хохирогчийн хувьд хэрэв өгөхгүй бол өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлаж болох нөхцөл байдалд байна ойлгож, айж сүрдсэндээ хүссэн эд зүйлсээ авахыг зөвшөөрсөн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан “...хохирогч Ж.*******ийн ...Тэгээд 5 минутын дараа дээшээ 2 давхрын манай амьдардаг хэсэг рүү гарч ирээд хаалга хөшиж онгойлгож орж ирээд гэрэл асаахад манай нутгийн аа гэх залуу гартаа хутга барьсан байсан тэгэхээр нь би эгч нь хоёулхнаа байгаа чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний урдаас онгойлгохгүй байхаар чинь ингэж орж ирлээ надад хувцас өг гэж хэлэхээр нь доод давхарт барааны дэлгүүрээс очоод өмс гэж хэлсэн гэх,

яллагдагч П.*******ын ...Би хүн байгаа юм болов уу гэж бодоод дээшээ гартал том өрөө нь цоожтой, унтлагын өрөө нь цоожтой байхлаар нь тэр өрөөнд орж үзэх гээд хаалгыг нь хутгаар хөшиж онгойлгоод ортол ******* эгч охинтойгоо хоёулаа уйлаад байж байхлаар нь буцаад гарсан. Би архи байна уу цамц байна уу гэсэн чинь миний дуу дор байгаа гэж хэлсэн... Тэр хутгыг би ******* ******* дэлгүүрийн 2 давхарт байх том өрөөний ширээн дээрээс авсан бөгөөд тухайн үед хутгыг байсан газар нь буцаагаад тавьчихсан гэх мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл шүүх шүүгдэгч нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлаж, довтолсон заналхийлсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй... гэж үзэж шүүгдэгч П.*******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийн "хүч хэрэглэхээр заналхийлэх" шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бөгөөд ийнхүү айлган сүрдүүлсэн заналхийлэлд хохирогч орохгүй байгаа тохиолдолд хүч хэрэглэх нөхцөл байдал илт байдаг шинжээрээ тухайн гэмт хэргийн нөхцөл хангагдана.

Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан үйлдлээрээ хулгайлах гэмт хэргээс ялгагддаг гэтэл анхан шатны шүүхээс П.*******ын хохирогчийг сүрдүүлж хувцас байгаа газрыг хохирогчоор заалган авч, илээр, хохирогчийг сүрдүүлэн бусдын эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн туслалцааны төвийн ахлах өмгөөлөгч С. миний бие шүүгдэгч П.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, дээд шатны прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэж байгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорын эсэргүүцлийн эсрэг байр суурьтай байна. Шүүгдэгч П.******* нь тухайн үед дэлгүүрт нэвтрэн орсны дараа, тохиолдлын шинжтэй лангуун дээр байсан хутгыг аваад хаалгыг хутгаар онгойлгож хутга барьж орж ирсэн. Тэр үед хохирогч айсан. Айгаад харахад, таньдаг хүн орж ирсэн учраас таниад аа юу, юу хийж байгаа юм гэж асуухад  архи, хувцас байна уу гэж асуухад нь доод давхарт байгаа, өөрөө ороод ав гэдэг байдлаар хариулсан байдаг. Энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, хохирогч нь шүүгдэгчийг анх таниагүй, хутга барьсан хүн орж ирэхээр нь айж балмагдсанаа таниад, аа юу гэж асуусан нь хохирогч тухайн үед хэн нэгэн хүн намайг дээрэмдэх гэж байна гэж ойлгосон нь үгүйсгэгдэж байна. Дээрх нөхцөл байдал нь хохирогчийн тухайд, намайг дээрэмдэх гэсэн заналхийлэл үгүй болж байгааг илэрхийлж байна гэж үзэж байна. Дараа нь шүүгдэгч П.******* 1 давхар руу орж, хувцас авч өмсөж байгаад цагдаагийн алба хаагч нар орж ирснээр баригдаж, үйлдэл нь төгссөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичлэг, бусад нотлох баримтуудаар нотлогддог. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ ...би хохирогчийг айлгах гэж очсон юм. Өмнө нь надаар худаг бариулчхаад мөнгөө дутуу өгөөд, нэхэхээр өгөхгүй байхаар нь бараа өгчих гэхээр өгдөггүй байсан. Би хүн байгаа эсэхийг нь шалгаж дэлгүүрийн урд очоод чулуу шидэж 3 цонхыг нь хагалаад чимээ гарахгүй, гэрэл асахгүй байхаар нь айлгах гэж очсон гэсэн мэдүүлгийг өгдөг. Дээрх нөхцөл байдлаас үндэслээд шүүгдэгчийн санаа зорилго, сэдэлт нь дээрмийн шинжгүй гэдэг нь тодорхой харагдаж байна гэж дүгнэж байна. Ер нь дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг ил байдлаар, мөн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжийг агуулдаг. Энэ тохиолдолд шүүгдэгчийн архи, хувцас байна уу гэж хэлсэн тохиолдлыг аваад үзэхээр дээрмийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна гэж үзнэ. Хутгыг дээрмийн гэмт хэргийг хийхээр урьдчилан бэлтгээгүй, тохиолдлын шинж чанартайгаар авсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул прокурорын бичсэн яллах дүгнэлтийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчилсөн нь хууль ёсны үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь П.*******ын хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдана.

Хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны хооронд Завхан аймгийн Түдэвтэй сумын ******* багт байрлах “******* *******” хүнсний дэлгүүрт нэвтэрч 1 давхарт байх дэлгүүрээс гар утас авч, улмаар 2 давхарт гарч ил байсан хутгыг авч модон хаалгыг эвдэж, хутга барин хохирогчоос эд зүйл өгөхийг шаардсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.*******ын энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, довтолсон идэвхитэй үйлдэл байхад анхан шатны шүүх  шүүгдэгч нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, эрх чөлөөг нь ноцтойгоор хязгаарлаж, довтолсон заналхийлсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй...” гэж дүгнэж, П.*******ыг үйлдлийг  хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж  дүгнэн  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр 2.1 болгон зүйлчлэлийг өөрчилж, энэ зүйл, хэсгээр болон Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх нөхцөл байдалд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэсэн, 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлд хамаарч байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч П.*******ын үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, харин бусдын эд хөрөнгийг гэмтээх, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн  дээрх гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Н.ын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                                    Б.АРИУНБАЯР