Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Х.Эрдэнэбаяр,

            Шүүгдэгч Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805007700129 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, халх, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү, эхнэр, хүүхдийн хамт ...оршин суух бүртгэлтэй, ...од оршин суух, урьд ял шийтгэлгүй, МБ-93021734 тоот регистртэй,

Шүүгдэгч Бнь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18-19 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны гадна дүү М.Тг Б.Бнь дээрлэхлээ гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний орой дүүтэйгээ хамт дэлгүүр орох гээд явж байхад 2 залуу манай дүүг дуудаад дээрэлхээд байгаа юм шиг харагдаад байхаар нь би дүүгээ өмөөрөөд яагаад байгааг нь асуухад Бнадад “солиор, чамд ямар хамаатай юм” гэж хэлэхээр нь би Байгал-Эрдэний нүүр рүү нь цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид өнчин өссөн учраас би дүүгээ их өмөөрдөг юм” гэв.

Хохирогч Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний орой 18-19 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 56 дугаар байрны урд найз Шн хамт явж байхад нэг сургуульд сурдаг Т, нэг залуугийн хамт явж байсан. Би Ттэй мэндэлхэд дуугарч ядаад байхаар нь “чи их зантай болсон байна” гэж хэлсэн чинь хажууд явж байсан залуу “чи миний дүүг дээрлэхдэг хэн бэ” гээд над руу дайраад байхаар нь би “битгий солиор” гэж хэлснээс болоод миний нүүрэн тус газар руу 1-2 удаа гараараа цохисон.  Миний баруун талын нүд хавдсан. Тэгтэл Ш, Т нар салгасан. Намайг цохисон ах миний нүдийг хавдсаныг хараад надаас уучлалт гуйж гар бариад бид нар салцгаасан. Би нүдний хиймэл Болортой байсан учраас нүд рүүгээ цохиулчихаад найз Шгийн хамтаар гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нарийн зураг авахуулах шаардлагатай гэж хэлэхээр нь айсандаа ээж Эрдэнэчимэгийг гэмтлийн эмнэлэг дээр дуудсан. Ээж Эирээд юу болсон тухай асуухаар нь айгаад худлаа “намайг танихгүй 4 залуу зодчихлоо” гэж хэлсэн чинь цагдаад өргөдлөө өгөх хэрэгтэй гээд өргөдөл өгч шүүх эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Б.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл хамт явж байсан залуу чи яагаад манай дүүг дээрлэхээд байгаа юм бэ гэж хэлснээс болоод Байгал-Эрдэнэтэй маргалдсан. Тэгтэл Байгал-Эрдэнийн нүүрэн тус газар 1-2 удаа гараараа цохисон. Бнүдээ дараад доошоо суусан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Сэжигтнээр Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дүүгээ өмөөрдөг, багаасаа өнчин өрөөсөн өссөн учраас тухайн өдөр миний дүүг дээрлэхээд байгаа юм шиг санагдсан. Мөн намайг ах нь гэж мэдэхгүй үл анзаараад  байсан. Түүнээс болж миний уур хүрээд цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

Шинжээчийн 2174 тоот дүгнэлтэд: “... Бн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, шанаа, зулай, зовхи, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 28/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, компьютер томографикийн оношлогоо /хх-н 29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-39, 54-55/, хохирогчийн хүсэлт /хх-н 53, 60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Бнь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18-19 цагийн орчимд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны гадна дүү М.Тг Б.Бнь дээрлэхлээ гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б: “...Би Ттэй мэндэлхэд дуугарч ядаад байхаар нь “чи их зантай болсон байна” гэж хэлсэн чинь хажууд явж байсан залуу “чи миний дүүг дээрлэхдэг хэн бэ” гээд над руу дайраад байхаар нь би битгий солиор гэж хэлснээс болоод миний нүүрэн тус газар руу 1-2 удаа гараараа цохисон.  Миний баруун талын нүд хавдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Б.Шгийн: “...Тэгтэл хамт явж байсан залуу чи яагаад манай дүүг дээрлэхээд байгаа юм бэ гэж хэлснээс болоод Бмаргалдсан. Тэгтэл Байгал-Эрдэнийн нүүрэн тус газар 1-2 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шинжээчийн 2174 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бг дүү М.Тг Б.Бнь  дээрлэхлээ гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Бнь хохирогчтой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 800.000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 60/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь торгуулийг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР