2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/00610

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Даваасүрэн, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Л,

Нэхэмжлэгч: Ц.М нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.Б-д холбогдох

Гэм хорын хохиролд 5 045 070 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Л.Л*******,

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Б*******,

хариуцагчийн төлөөлөгч Б.А*******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Л*******, Ц.М******* нар хариуцагч Т.Б*******д холбогдуулан Гэм хорын хохиролд 5 045 070 төгрөг тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Л*******, Ц.М******* нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би тухайн өдөр Тэрэлжээс Улаанбаатар хот руу орох чиглэлд явж байсан. Орж ирж байх тухайн явцад би чигээрээ явж байсан. Гэтэл миний араас нэг машин түс хийтэл мөргөсөн. Би зогсох гэсэн боловч зогсох боломжгүй хайлшин хашлага байсан. Тиймээс миний араас түлхэж явсаар байсан. Түлхсээр байгаад хөвөөн дээр би гарж зогссон. Хажуугаар том тээврийн хэрэгсэл зөрж яваад явган хүний гарцан дээр очиж зогссон. Миний хажуу талд сууж байсан ах араас нь хөөж байж зогсоож машины жолооч ирсэн. Би 102, 103 дуудаж бид явцгаасан. Маргааш нь уг хоёр жолооч ирдэг. Ирэхдээ надад Шанд дээр ирмэн тасарсан, мөн нойр муутай хоносон учраас нойрмоглож байсан учраас уучлаарай гэж надад хэлсэн. Эрүүл мэндийн эмчилгээ харуулж хувийн эмнэлэг муу учраас та гарчих гэж надтай ирж уулзсан. Дахиад уулзъя гэж хэлээд Спортын тов ордон дээр ирж уулзсан. Том оврын жолооч Т.Б*******ыг би танина. Эхнэрийг нь мөн танина. Эхнэрт нь танай том оврын машин миний машиныг мөргөчихлөө мөн би 03 дугаар сарын 20-ны өдөр үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох ёстой байсан чинь намайг хохироочихлоо гэж хэлэхэд чи манай нөхөрийг барж идэхгүй гэж хэлсэн. Яагаад би Т.Б******* болон түүний эхнэртэй уулзсан бэ гэвэл журмын хашаанаас том оврын машинаа аваад жимчээ буулгахаар ачсан байсан. Би эдгээр хүмүүсээс эрүүл мэндээ шаардаж байгаа. Би одоо баруун хөлөө чирээд явж чадахгүй байна. Өвчин намдаагч хийсээр байгаад бөгс минь эргэдэг болсон. Мөн ходоод өвддөг болсон. Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох ёстой байсан. Гэтэл хойшлогдсоор байгаа гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн хэрэгсэлд эвдрэлийн үнэлгээ хийлгэхэд 4 255 000 төгрөг болсон. Энэ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.М******* учраас мөн нэхэмжлэгчээр оролцож байгаа. Бусад 790 070 төгрөгт үнэлгээ хийлгэхэд оролцуулсан 195 000, нотариатаас баримт хуулбарлаж өгөхөд Л.Л*******гийн хувьд эмнэлэгт үзүүлсэн ба эм тарианы мөнгө болон таксины жолоочийн төгрөг зэрэг нэмэгдэж нийлээд 5 045 070 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол Л.Л*******гийн буруугаас болж гарсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талаас зөв гарсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс Нийслэлийн б******* дүүргийн Прокурорын газрын 2023.11.28-ны өдрийн 4/2062 дугаар Хариу мэдэгдэх хуудас, 2023.03.18-ны өдрийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.03.30-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, иргэний үнэмлэхний хуулбар, автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, төлбөрийн баримт, итгэлт эстимэйт ХХК-ийн 2023.03.22-ны өдрийн үнэлгээний тайлан, 2023.03.18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.29-ний өдрийн 2023/ЗШ/2485 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шийтгэвэр, зэргийг ирүүлсэн /1-хх-ийн 4-25, 60-70, 92-94, 101-102, /

 

5. Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024.04.11-нй өдрийн 40 дугаар тээврийн хэрэгслийн тодорхойлолт, Нийслэлийн б******* дүүргийн Прокурорын газрын 2024.06.26-ны өдрийн 1/3617 дугаар албан бичиг, 2023.11.01-ний өдрийн 1/6275 дугаар хэрэг хүргүүлэх тухай албан бичиг, 2024.06.24-ний өдрийн илтгэх хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2024.11.01-ний өдрийн 13ё/9580 дугаар албан бичиг, 2306001827 дугаар зөрчлийн хэрэг, СД зэрэг баримтыг хэрэгт хавсаргав. /1-хх-ийн 43-44, 84-89, 114-250, 2-хх-ийн 1-26, /

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжпэгч Л.Л******* миний бие 2023.03.18-ны орой Тэрэлжээс Пробокс ******* улсын дугаартай автомашинтай хот руу явж байхад Shacman загварын ******* улсын дугаартай автомашин жолоодож явсан А араас мөргөж, тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндэд хохирол учруулсан. Автомашины өмчлөгч, эзэмшигч нь Т.Б******* учир түүнээс автомашины хохиролд 4 255 000 төгрөг, бусад зардалд 790 070 төгрөг нийт 5 045 070 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлав.

  3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Зам тээврийн осол Л.Л*******гийн буруугаас болж гарсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Уг зам тээврийн ослоос шалтгаалж том оврын тээврийн хэрэгсэлд ч мөн адил хохирол учирсан. Хариуцагчийн хувьд эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй. Цаашид ч гэсэн гаргахгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон анхан шатны шүүхийн шийдвэр тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлттэй хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Зүгээр л процесстой холбоотойгоор шийтгэлийн хуудас хүчингүй болсон гэж тайлбарласан.

  4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

  5. Нэхэмжлэгч Л.Л******* нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 41 минутын орчимд Б******* дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б******* товчооны замд omagun жимс ногооны худалдааны төвийн урд талд Shacman маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эд хөрөнгөд хохирол учирсан гэж тайлбарласныг, хариуцагчаас өөрийн гэм буруутай үйлдлээс болоогүй, зам тээврийн осол Л.Л*******гийн буруугаас болж гарсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

6. Нэхэмжлэгч Л.Л******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 10 минутын үед Тоёота пробокс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Ц.А жолоочтой Shacman маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж араасаа мөргүүлснээс зорчигч З.П, Н.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 360 дугаар Прокурорын тогтоолд дурдсан үйл баримтаар тогтоогдсон байна.

Тодруулбал, уг тогтоолд Л.Л******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх хэсэгт заасан Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Харин жолооч Ц.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийн хүлээнэ, а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэж заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болоогүй байна. Харин Л.Л*******гийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 171-172/

7. Түүнчлэн Механик тээврийн сургуулийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 05/14 дүгээр техникийн шинжээчийн дүгнэлтэд ...T.Probox маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Л******* нь МУ-ын ЗХД-ийн 10.4-р заалт буюу Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг, 2 автомашинд үүссэн эвдрэл, камерын бичлэгээс үзэхэд 66-17 БУЭ улсын дугаартай T.Probox маркийн автомашин эгнээ байр сольсон байна. Хариулт 6. T.Probox маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Л******* нь МУ-ын ЗХД-ийн 10.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна... гэсэн байна. /хх-ийн 165-168/

8. Дээрх баримтаас дүгнэхэд хариуцагч Т.Бы гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Бийбаатар, Ц.М******* нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

10. Харин нэхэмжлэгч Л.Л*******, Ц.М******* нар нь нэхэмжлэлдээ ... Нэхэмжпэгч Л.Л******* миний бие 2023.03.18-ны орой Тэрэлжээс Пробокс ******* улсын дугаартай автомашинтай хотруу явж байхад Shacman загварын ******* улсын дугаартай автомашин жолоодож явсан А араас мөргөж, тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндэд хохирол учруулсан. Уг зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн газраас шалгаад Л.Л*******г буруутэй гэж шийтгэл оногдуулсныг Б******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхзн шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. гэж тайлбарлаж, дээрх гэмтэлтэй холбоотой тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч энэ нь хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлээс болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

11. 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 10 минутын үед болсон зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ц.М*******ын өмчлөлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн Toyota Probox маркийн тээврийн хэрэгсэлд 4 255 000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

12. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээр үзэхэд хариуцагч Т.Б*******ы буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.М*******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх боловч дээрх ослын улмаас нэхэмжлэгч Л.Л*******, Ц.М******* нар нь эд хөрөнгөөрөө хохирсон байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нар нь өмчлөлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн Toyota Probox маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг шаардах эрхтэй байна.

13. Иймд нэхэмжлэгч Л.Л*******, Ц.М******* нарын гэм хорын хохиролд 5 045 070 төгрөгөөс 1 513 521 /30 хувь/ төгрөгийг хангаж, хариуцагч Т.Б*******аас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

14. Шүүх 2024.05.09-ний өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын А/140 дүгээр тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Ст шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Э.Б*******, хариуцагчийн төлөөлөгч Б.А******* нар нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргасан./

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б*******аас гэм хорын хохиролд 1 513 521 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Л*******, Ц.М******* нарт олгож, илүү нэхэмжилсэн 3 531 549 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л*******, Ц.М******* нарыг улсын тэмдэгтийн хураамж 95 671 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Баас улсын тэмдэгтийн хураамжид 39 166 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.ДАВААСҮРЭН

 

Д.МӨНХЦЭЦЭГ