Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00409

 

 

 

 

 

 

 

 

 

Г.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/03623 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.И-ын хариуцагч Б Г ХХК-д холбогдуулан гаргасан, гэрээний хохирол 14,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2016 оны 02 сарын 04-ний өдөр Б Г групп ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 3,760,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар зээлж авсан. Мөн өдрөө зээлийн гэрээний биелэлтийг баталгаажуулах үүднээс ХЗ-251 дугаартай барьцааны гэрээг үйлдэн өөрийн өмчлөлийн 42-67 УНД улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашиныг барьцаалбар болгон барьцааны гэрээ байгуулсан. Миний бие зээлийн эргэн төлөлтөд нийтдээ 838,000 төгрөгийг зээл, зээлийн хүүд төлсөн. 2017 оны 04 сард үндсэн зээл болон хүүг төлж машинаа авахаар ирэхэд Б Г групп ХХК-ийн ажилтан та зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тул гэрээнд заасан 4,136,000 төгрөгөөр машиныг чинь бусдад худалдсан тухай надад мэдэгдсэн. Автомашиныг бусдад худалдсан үнээс зээлийн үлдэгдэл төлбөрийг хасаад үлдсэн мөнгийг буцаан олгохыг шаардахад бодитой үйлдэл хийлгүй өнөөдрийг хүрлээ. Тухайн автомашиныг миний бие 2015 онд 21,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 1 жилийн хугацаанд л хот хооронд унаж хэрэглэж байсан. Б Г групп ХХК нь автомашиныг эзэмшигчид нь огт мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд худалдан борлуулсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл болжээ.

Иймд 48-67 УНД улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашиныг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр бусдад худалдан борлуулсны улмаас учирсан хохирол 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Г.И- нь Б Г ХХК-тай 2016 оны 02 сарын 04-ний өдөр 251 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Үүнээс өмнө Г.И- нь Б Г ХХК-тай 2015 оны 09 сарын 24-ний өдөр ХУ3866 тоот барьцаат зээлийн гэрээ /фидуци/ байгуулан 4,000,000 төгрөгийг зээлдэж авсан. Дээрх гэрээгээр Г.И-ын өмчлөлийн 42-67 УНД улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашины өмчлөх эрхийг Б Г ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг ба автомашиныг зээлдэгч Г.И-ын эзэмшил, ашиглалтад үлдээж унаж явах нөхцөлтэйгөөр дээрх зээлийг олгосон. Гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 24-ний өдөр дууссан байхад зээл төлөгдөөгүй. Гэрээний хугацаа дууссаны дараа 2015 оны 10 сарын 28-ны өдөр 960,800 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийг төлөх боломжийг олгох үүднээс гэрээг 2015 оны 11 сарын 27-ны өдөр хүртэл сунгасан. Уг хугацаанд төлөлт хийгдээгүй. Гэрээний хугацаа дууссаны дараа 2015 оны 12 сарын 14-ний өдөр 379,800 төгрөгийн төлөлт хийгдсэн. Зээлдүүлэгч гэрээг дахин сунгасан. Ингээд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөг байсан. Барьцааны зүйл болох автомашиныг унаж ашиглах явцад өнгө, чанар байдал, үнэ буурах нөхцөл байдал үүссэн. Зээлдэгчийн төлөгдөөгүй байгаа 3,760,000 төгрөгийг төлүүлэхээр талууд харилцан тохиролцож, фидуцийн гэрээний зүйлийг барьцаалуулагчийн эзэмшлээс барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлийг тохиролцож, дээрх мөнгөн дүнг зээлснээр тооцож, барьцааны зүйлийг зогсоолд байршуулах зэргээр гэрээний нөхцөлийг өөрчлөн 2016 оны 02 сарын 04-ний өдөр 251 тоот нэмэлтээр барьцаат зээлийн гэрээг дахин байгуулсан. Барьцааны зүйлийг бусдад худалдаж, гэрээний үүргийг хангуулах болсон тухай болон зээлийг эргэн төлөх хугацааг заасан мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Уг барьцаат зээлийн гэрээг 2016 оны 02 сарын 04-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссаны дараа 2016 оны 03 сарын 18-ны өдөр 342,000 төгрөгийн төлөлт хийгдсэн бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс 2016 оны 03 сарын 19-ний өдрөөс 2016 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл 30 хоногоор гэрээг дахин сунгасан. Г.И-той 2015 оны 09 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гэрээний хугацаа 2015 оны 10 сарын 24-ний өдөр дууссанаас хойш 269 хоногийн дараа, зээлийн гэрээний сунгалтын эцсийн өдөр болох 2016 оны 06 сарын 12-ны өдрөөс хойш 67 хоногийн дараа буюу 2016 оны 08 сарын 19-ний өдөр барьцааны зүйлийг гэрээнд заасан түргэн борлогдох үнэ болох 4,136,000 төгрөгөөр худалдан борлуулж, барьцаалагчийн шаардлагаа хангасан байна.

Иймд иргэн Г.И-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Зээлдэгч Г.И- нь 2015 оны 09 сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 2016 оны 02 сарын 04-ний өдөр барьцаа болох машиныг унаж биш, зээлдүүлэгчийн зогсоолд байршуулахаар болж өмнөх ХУ-3866 тоот барьцаат зээлийн гэрээнийхээ барьцаа хөрөнгөтэй холбоотой нөхцөлийг өөрчлөн ХЗ-251 тоот нэмэлт хэлцэл хийсэн. Уг хэлцлээр зөвхөн өмнө нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгийг үндэслэн хийсэн барьцааны гэрээг өөрчлөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийг үндэслэн өөрчилж, барьцаа хөрөнгөө унаж биш зогсоолд байрлах нөхцөлтэй болгосноос өмнөх зээлийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй, шинээр нэмж зээл олгоогүй, бусад гэрээний эрх, үүрэг хэвээр байсан ба талуудын хооронд шинээр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлдүүлэгчээс зээлдэгч 3,760,000 төгрөгийг зээлж аваагүй мөн тийм хэмжээний мөнгө шилжүүлээгүй байна. Гэтэл зээлдэгч Г.И- уг нэмэлтээр хийгдсэн хэлцэл болох 2016 оны 02 сарын 04-ний өдрийн гэрээг хувийн хэрэгт тайлан дүн мэдээ ашиглах зорилгоор хийснийг зээлдэгч шинээр зээлийн харилцаа үүсэж, дахин эрх, үүрэг өөрчилсөн мэтээр ойлгож, уг нэмэлтээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн, зээлдүүлэгч Б Г ХХК-ийг 2016 оны 02 сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж мөнгө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Иймд 2016 оны 02 сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2016 оны 02 сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний нөхцөлийг өөрчлөн дахин байгуулсан гэж үзэж байгаа. Хариуцагч талаас ямар үндэслэлээр уг гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Уг гэрээ нь ямар байдлаар хариуцагч Б Г ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн гэдэг нь харагдахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Б Г ХХК-д холбогдох, 2016 оны 02 сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот зээлийн гэрээний үүргийг зөрчиж 42-67 УНД улсын дугаартай Хьюндай Майти маркийн автомашиныг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр бусдад худалдан борлуулсны улмаас учирсан хохирол 14,000,000 төгрөг гаргуулах тухай, Г.И-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар Г.И-т холбогдох, 2016 оны 02 сарын 01-ний өдрийн ХЗ-251 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Б Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.И-оос урьдчилан төлсөн 227,950 төгрөг, хариуцагч Б Г ХХК-аас урьдчилан төлсөн 75,110 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2015 оны 09 сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 3,760,000 төгрөгт 2016 оны 02 сарын 04-ний өдөр ХЗ-251 тоот зээлийн гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх зөв дүгнэлт хийсэн боловч талуудын шүүхэд гаргасан тайлбартай нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь 2016 оны 02 сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийг үндэслэн байгуулсан байдаг. Тус хуулийн 159 дүгээр зүйлд барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах бол дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан. Мөн барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоосон байх шаардлагатай байдаг. Хэрэгт энэ талаар баримт байдаггүй. Зээлдэгч Г.И- нь гэрээний дагуу 3,760,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 30 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй. Үүний дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тал дээр нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй байгаа. Харин 2016 оны 02 сарын 04-ний өдөр ХЗ-251 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч барьцааны зүйлийг худалдах борлуулах тухай мэдэгдэх үүргээ бодитоор хэрэгжүүлээгүй бөгөөд Г.И- нь мэдэгдэх хуудсыг огт хүлээж аваагүй байхад шүүх хууль зөрчөөгүй худалдан борлуулсан гэж үзэн шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай. 2016 оны 01 сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудас нь анхны барьцаалан зээлдэх гэрээ буюу 2015 оны 09 сарын 24-ний өдрийн гэрээний дагуу хүргүүлсэн буюу шинэчилсэн гэрээний өмнө хүлээлгэн өгсөн баримт юм. Хариуцагчийн зүгээс 2016 оны 02 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс хойш 2016 оны 07 сарын 28, 08 сарын 01-ний өдрүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч эдгээр баримтад гарын үсэг зурагдаагүй нь мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь дүгнэлт хийгээгүй. Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооноос бүрэлдэхүүнтэй шинжээч томилон тухайн автомашины байгаа газар очин үзлэг хийж зах зээлийн тухайн үеийн буюу 2016 оны 03 дугаар улирлын байдлаар ханшийн дундаж үнэлгээг 13,418,000 төгрөг байхаар тогтоож шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх үүнд дүгнэлт өгөлгүйгээр түргэн борлогдох үнэ болох 4,136,000 төгрөгөөр худалдан борлуулж төлбөрийг барагдуулсан нь хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр Б.Батсолонгод худалдан борлуулсан буюу гуравдагч этгээдэд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.6, 406 дугаар зүйлийн 406.1, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2 дахь хэсгийг зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.

 

Дээр дурдсан үүргийнхээ хүрээнд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/13348 тоот захирамжаар Г.И-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр захирамжилсны дагуу /2хх 10/ анхан шатны шүүхүүд 2 хавтас 261 хуудас бүхий иргэний хэргийг 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээлцжээ. /2хх 13/

 

Хэргийг хүлээн авсан шүүх 2020 оны 10 сарын 07-ны өдөр уг хэргийг шүүгч Х.Оюунжаргалд хуваарилж /2хх шүүхийн дардас/, улмаар шүүгч Х.Оюунжаргал тус иргэний хэргийг 2020 оны 12 сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. /2хх 45-49, 52-63/

 

Өөрөөр хэлбэл, Г.И-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг ямар үндэслэлээр шүүгч Х.Оюунжаргалд хуваарилагдсан болох нь тодорхойгүйн зэрэгцээ шүүгч Х.Оюунжаргалыг хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар томилсон тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр явуулсан гэж үзэх боломжгүй буюу анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/03623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 сарын 22-ны өдөр төлсөн 227 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР