Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

            Шүүгдэгч: Д.Цөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Цт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705018580080 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Ц, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хорио цээрийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эгчийн хамт ....од оршин суух бүртгэлтэй, урьд 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 292 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Цнь 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... шөнийн клубын гадна иргэн Ц.Аийг нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай найз ББатсүрэн рүү дайраад байхаар нь би “нэгэнтээ таарч тохирохгүй бол найзууд байгаад явах вэ, гарцгаая” гэхэд Б“гөлөг минь чи зайл” гээд над руу пивоны шилээ эвгүй шидсэн. Тэр талаар би байцаалт өгөхдөө хэлээгүй. Тэгээд жоохон маргалдаад байж байхад А дундуур орж ирээд салгах гэж байхад нь санаандгүйгээр Аийг чи холдож бай гээд хамарт нь оносон. Надад санаатайгаар хүн цохьсон зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би Бгийн хамт гадаа зогсож байтал Ц гарч ирээд Бг заамдаад авахаар нь би салгах гээд дундуур нь ортол Ц намайг баруун гараар миний хамар руу 1 удаа цохьсон. Үүний дараа Б бид хоёр тэр залуучуудаас салаад такси бариад Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Гэрч М.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Д.Ц, Бнар маргалдаж заамдалцаад авсан. Энэ үед А салгах гээд голоор нь ортол Ц “чи цаашаа бай” гээд гараараа түлхэх маягтай савахдаа хамар руу нь цохих шиг харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц гарч ирээд над руу дайраад маргалдаад бид хоёр заамдалцаад авсан тэгээд маргалдаад байж байтал А, Цыг болиулах гээд араас нь таттал Ц гараараа савахдаа хамарт нь 1 удаа нилээн хүчтэй цохьчихсон. Аийн хамарнаас нилээн их цус гараад цаашаа очоод цусаа арчаад сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Шинжээчийн 347 тоот дүгнэлтэд: “...Ц.Аийн биед хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2-3/, шүүгдэгчийн хувийн байдалтай баримтууд /хх-н 18-24, 37, 39-42/, хохирогчийн хүсэлт /хх-н 43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Цнь 2017 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... шөнийн клубын гадна иргэн Н.Бтой маргалдах явцад нь салгах гэсэн Ц.Аийн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Аийн: “...Тэгээд би Бгийн хамт гадаа зогсож байтал Ц гарч ирээд Бг заамдаад авахаар нь би салгах гээд дундуур нь ортол Ц намайг баруун гараар миний хамар руу 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, гэрч М.Бгийн: “...Д.Ц, Бнар маргалдаад заамдалцаад авсан энэ үед А салгах гээд голоор нь ортол Ц “чи цаашаа бай” гээд гараараа түлхэх маягтай савахдаа хамар руу нь цохих шиг харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Н.Бын: “...Ц гарч ирээд над руу дайраад маргалдаад бид хоёр заамдалцаад авсан тэгээд маргалдаад байж байтал А, Цыг болиулах гээд араас нь таттал Ц гараараа савахдаа хамарт нь 1 удаа нилээн хүчтэй цохьчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, шинжээчийн 347 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Цнь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь санаандгүй хохирогчийг цохиж гэмтэл учруулсан гэж мэдүүлж байх боловч хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл болон хохирогчоор өгсөн мэдүүлгээс үзэхэд болгоомжгүй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Аийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 600.000 төгрөг шүүгдэгчээс авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 43/ гэсэн хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Цын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Цнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Цт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Цнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Цыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Цт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР