Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00330

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00330

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02258 дугаар шийдвэртэй

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П ХХК-д холбогдох

гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн 23 400 000 төгрөг, алданги 11 700 000 төгрөг, нийт 35 100 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3 600 000 төгрөг, алданги 1 800 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр PS-RS+1705/ С-01/14 тоот гэрээг П ХХК-тай байгуулж, гэрээгээр www.mydaatgal.mn сайтын хөгжүүлэлт, Андройд болон iOS үйлдлийн системүүдэд зориулсан ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлэлтийн ажлыг 2017 оны 05 сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсөнд нийт 27 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тохиролцсон төлбөрөөс гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 37% буюу 10 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 09, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд П ХХК-ийн харилцах банкны 1605018666 тоот дансанд тус бүр 5 000 000, төгрөгийг 2 удаа шилжүүлсэн. Мөн гэрээний 3.5-д зааснаар гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 5 400 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр П ХХК-д шилжүүлсэн. Түүнчлэн гэрээний 3.6-д зааснаар гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 20% буюу 5 400 000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч П ХХК 8 000 000 төгрөгийг шилжүүл гэж гэрээгээр тохиролцоогүй нөхцөлийг шаардсанаар 8 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжүүлсэн болно. Үндсэндээ бол гэрээний нийт төлбөрийн 86,66 хувь буюу 23 400 000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн энэ нь банкны баримт, кассын орлогын ордер, нэхэмжлэх зэрэг баримтаар нотлогддог. Гэвч П ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг гэрээнд заасан үе шатны дагуу авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл www.mydaatgal.mn сайтын хөгжүүлэлтийн ажлыг хүлээлгэж өгөлгүй манай компанийг хохироож байна. Манай компанийн зүгээс П ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэхгүй байгаа болно. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу П ХХК нь өнөөдрийг хүртэл www.mydaatgal.mn сайтын хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн 23 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д ...Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гүйцэтгэсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө. Доголдол гэдэгт гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь батлагдсан зааврын дагуу хийгдээгүй, ажлыг дутуу гүйцэтгэсэн, эсвэл өөр ажил гүйцэтгэсэн зэргийг хамруулан ойлгоно гэж заасныг үндэслэхэд 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцон ажил хугацаандаа өгөөгүй тул хугацаа хэтэрсэн алдангийг уг хугацаанаас тооцож улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэхэд 11 700 000 төгрөг болж байгаа тул энэхүү алдангийн хамт 35 100 000 төгрөгийг П ХХК-иас гаргаж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, Х.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний хугацаа захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хэтэрсэн. Энэ талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223.2 дахь хэсэгт заасан. PS-RS-1705 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ (Цаашид Гэрээ гэх)-ний 5.2, 5.9, 5.11-т захиалагчийн үүргийг талаар заасан. Тухайн мэдээллүүд зохих хугацаанд ирээгүйн улмаас үүсэх хохирлыг захиалагч тал хариуцна гэж тус тус заасан байна. Ренессанс rpyпп ХХК болон П ХХК нарын хооронд байгуулсан №PS-RS-1705 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ" 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн үеэс буюу 2017 оны 5 дугаар сараас эхлэн гэрээнд заасан ажил графикийн дагуу хийгдэж байсан. Захиалагч тал гэрээний 5.2, 5.9, 5.10, 5.1 -т заасны дагуу гүйцэтгэгч талд програм хөгжүүлэлтийн ажилд шаардлагатай холбогдох зөвшөөрөл болон API-г авч өгч чадаагүй, программ хөгжүүлэлтийн ажилд хэрэгцээ шаардлагатай мэдээлэл, зураг, дизайн, үйл ажиллагааны хүсэлт, контент зэргийг хөгжүүлэлтийн ажилд хүлээлт үүсгэхгүйгээр гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас ажил удааширч гэрээнд заасан хугацаа сунжирч, гэрээгээр тохиролцоогүй олон ажлыг гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэж байсан. Анхны гаргасан дизайныг сольсон. Системийн дизайн солигдох нь зөвхөн зураг, дизайн солигдох ойлголт биш бөгөөд түүнийг дагаад олон тооны програмчлал, кодчилол, системийн шийдэл гаргах ажлууд давхар хийгдэж байдаг. Эдгээр нь хүн, цаг ихээр шаарддаг бөгөөд захиалагч тал анхны дизайныг ажил гүйцэтгэх явцад 2 удаа сольсон. Захиалагч гэрээний дагуу энэхүү үүргээ гүйцэтгэхдээ мөн л гүйцэтгэгчийн талаар гэрээнд заагдаагүй олон ажил хийлгэсэн, гүйцэтгэгч нь гэрээнд заагдаагүй системийн шийдэл гаргаж, гуравдагч байгууллагатай захиалагчтай хамтран хэд хэдэн удаагийн уулзалт хийж, цаг үрж, авах ёсгүй ачаалал авч ажиллаж байсан. Энэхүү асуудлаас болж, гэрээт ажил маш ихээр удааширсан. Гэрээнд тусгагдаагүй уулзалт, техник технологийн шийдлүүдийг тухайн байгууллагад гаргаж өгсөн (Api, endpoint) хэдий ч захиалагч АЖДХ-оос системээ холбох зөвшөөрөл авч чадаагүй. Тэдний зүгээс гаргаж өгсөн шийдэл нь нэмэлт програмчлалын ажил систем дээр хийгдэхээр байсан ба нэмэлт ажил хийх дээр хоёр тал тохиролцоонд хүрээгүй. Захиалагч тал энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас гэрээт ажил анх төлөвлөсөн хэмжээнд ажиллах, хийгдэх бололцоогүй болсон ч гүйцэтгэгч тал олон удаагийн судалгаа, туршилт хийж өөр шийдэл нэвтрүүлж захиалагчид гаргаж өгсөн ч өөр хоорондоо шийдвэрт хүрч чадаагүй. Гэрээнд заагдаагүй бүтээгдэхүүн, байгууллагын харьцуулалт хэсэг, даатгалын байгууллагын дэлгэрэнгүй бүртгэлийн хэсэг, хуулийн булан хэсэг. CMC-ийн шийдэл, цахим гарын үсгийн (Microsoft шийдэл ашиглаж хийгдсэн) шийдэл, даатгалын байгууллагын статистик, галын даатгал, гэрээ цуцлах, өөрчлөх үйлчилгээ, ослын тохиолдлын бүртгэл зэргийг нэмэлт төлбөргүй хийж гүйцэтгэсэн. Гэрээний дуусах хугацаа 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байсан боловч Захиалагч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр домайн нэрний асуудлаа шийдвэрлэж, (mydaatgal.mn) домайн нэрээ авсан. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Mydaatgal logo захиалагч талаас ирснээр Deploy (Source file интернетэд байршуулж ажиллаж эхлэх) хийх боломжтой болсон, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Tooн гарын үсгийн гэрчилгээ ирүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол даатгал, МИГ даатгал, Тэнгэр даатгал ХХК, Соёмбо даатгал ХХК зэрэг байгууллагуудаас системд байршуулах даатгалын мэдээллүүдийг ирүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны холболт хийх зөвшөөрөл ирүүлсэн зэргээр Гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байсан боловч тухай бүрт хүндэтгэлтэй хүлээн авч, тухайн ажлыг дуусгахаар ажиллаж ирсэн. Түүнчлэн захиалагч тал Гүйцэтгэгч талын зарим хүнтэй хувиар тохирох оролдлого яриа хийж, гүйцэтгэгч талын дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргаж эхэлсэн нь гүйцэтгэгч талын хувьд дарамт учруулж итгэл алдсан үйлдэл гаргаж эхэлсэн. Мөн зарим ажлыг хэт олон удаа өөрчилж, олон дахин ажил хийлгэж байсан нь Захиалагч талын төслийг хариуцан ажиллаж байсан ажилтан болон захирал хоорондын зөрүүтэй, шийдвэр, маргаанаас их шалтгаалж байсан. Дээрх шалтгаануудын улмаас зарим ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт хугацаа шаардагдсан, мөн захиалагч тал зарим ажлыг өөр ажлаар сольж хийлгэх хүсэлт гаргасан тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний PS-RS-1705/C-01/17 дугаартай Нэмэлт гэрээ буюу Р ХХК болон П ХХК нарын хооронд байгуулсан №PS-RS-1705 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр хавсралтыг талууд нэмж баталсан байдаг. П ХХК нь 2017 оны 8 сард анхны www.mydaatgal.mn интернет орчинд байрлаж ажиллаж эхэлсэн ([email protected] и-мэйл хаяг дээр Amazon Web service үйлчилгээ нээж mydaatgal.mn сервер болон төлбөр тооцооны тохиргоо хийж ажиллуулсан). Ингэснээр эх код буюу Source Code, Өгөгдлийн caн гэх мэт төслийн бүхий л мэдээллүүд Р ХХК руу шилжсэн. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Р ХХК-ийн зөвлөх Мөнхтуяагийн хүсэлтээр даатгалын компаниудад MyDaatgal төслийг танилцуулах зорилгоор bеta.mydaatgal.mn sub domain дээр ажилд оруулан тухайн домайн хаяг дээр систем ажиллаж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулга хийсэн даатгалын компаниуд mydaatgal.mn-руу орж үзээд байна домайн хаягаа өөрчилье гэсэн Мөнхтуяагийн хүсэлтийн дагуу beta.mydaatgal.mn домайныг alpha.mydaatgal.mn болгон сольж тухай домайн дээр ажиллаж эхэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай зүгээс систем ажиллагаанд орсон тул систем рүү контентийг захиалагч тал өөрсдөө оруулах мөн тестийн үер хийгдэхээр болсон жижиг засвар, өөрчлөлт, нэмэлт ажлуудын хийх жагсаалтыг эцэслэж авах талаар хүсэлт өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлтээр ирсэн засвар, өөрчлөлтүүдийг оруулж захиалагч талд мэдэгдсэн. Тухай засварууд захиалагчийн хүсэлтээр 7 хоног хойшилж байсан. 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 12 хугацаанд захиалагч талаас ирсэн засвар нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Анх гэрээнд заасан зарим ажлыг гүйцэтгэх шаардлагагүй гэж захиалагч тал үзэж 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Түмэннаст захирлаас ажиллаж байсан системийг хаах хүсэлт ирүүлсэн бөгөөд ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 19 -ний өдөр http://alpha.mydaatgal.mn домайн дээр ажиллагаанд оруулж өгөхийг хүссэн. Нэмэлт гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болохоор байсан боловч захиалагч талаас нэмэлт даатгалын мэдээлэл ирээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Түмэннаст захиралтай уулзаж тохиролцсоны дагуу сүүлд хийгдсэн өөрчлөлтүүдийн хамт beta.mydaatgal.mn болон alpha.mydaatgal.mn сайтуудыг дахин нээж байршуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн хүсэлт ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдээлэл оруулах, контент засварлах эрхийг Түмэннаст захиралд гаргаж өгсөн. Тус хүсэлт дээр систем дээр томоохон өөрчлөлт хийхээр байсан бөгөөд урьд төслийг хариуцаж байсан Мөнхтуяад гаргаж өгч байсан ажлуудыг дахин өөрчлөх, зарим хийгдсэн ажлуудыг хасах, мөн нэмэлт хэд хэдэн даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх жагсаалт ирсэн нь төслийг дахин сунжруулах, гүйцэтгэгч талаас маш их хэмжээний цаг зардал гарах талаар мэдэгдэж байсан. Түүнчлэн Захиалагч 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр систем дээр мэдээлэл оруулах гэсэн боловч оруулж чадаагүй гэсэн утгатай и-мэйл ирүүлсэн байдаг. Систем дээрх мэдээллийг сольж болох, болохгүй байхаар анхнаасаа ярилцаж хийсэн шийдэлтэй байсан. Гэвч бид хүсэлтийг хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ирүүлсэн хэд хэдэн хүсэлтийг нэгтгэн гүйцэтгэх талаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Түмэннаст захиралтай утсаар тохиролцож 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2 долоо хоногийн хугацаанд өөрчлөлтүүдийг хийж Beta.mydaatgal.mn дээр систем ажилд оруулж өгсөн болно. Ажлын гүйцэтгэлийг үе шат бүрт тест хийж төлбөрийг хүлээн авч байсан буюу Гэрээний 3.2, 3.5, 3.6 дахь заалт, Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу захиалагч нь үе шат бүрт тест хийж, тестийн дараагаар олон өөрчлөлт, засваруудын хүсэлт гүйцэтгэгчид илгээж, түүний засвар өөрчлөлтүүдээ хийлгэсний дараагаар төлбөрийг шилжүүлж байсан. Захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас ажил сунжирч, хугацаа олон сараар нэмэгдэж байсан хэдий ч тухайн үед алданги тооцох талаар бидний зүгээс санал гаргаж байгаагүй. Түүнчлэн гэрээт ажлыг дуусгаж сүүлд гаргасан бүх хүсэлтийг нэгтгэн засварыг илгээсний дараа өөрсдөө алга болсон, бид өнөөдрийг хүртэл сүүлийн санхүүжилт болох 3 600 000 төгрөгийг хүлээн аваагүй байгаа. Захиалагч талын зүгээс сүүлд энэхүү төслөө хэрэгжүүлэх эсэх тал дээр эргэлзэж байгаагаа утсаар ярихдаа хуваалцаж байсан, учир нь анх хамтран цахим даатгалын систем төсөл хэрэгжүүлэхээр хамтран эхэлсэн Мөнхтуяатай маргаж, Мөнхтуяа нь өөр газар орж ижил, төстэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн, тухайн системд хамгийн чухал шаардлагатай зөвшөөрлийг авч чадаагүй, хамтран ажиллах баг байхгүй байсан гэх мэт шалтгаан байсан. Энэ бүх хугацаанд бидний хаяг, утас, мэдээлэл өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч нь 2018 оны 10 сараас хойш ямар ч харилцаа байхгүй чимээгүй болсон /2018 оны 10 сард Түмэннаст захирлын хүсэлтээр АЖДХ-дээр хамт очиж уулзалт хийсэн/. 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэгчээс АЖДХ-нд сервер байрлуулахаар бол ямар хүчин чадалтай сервер байршуулах вэ гэж асуулт и-мэйл ирсэн. Манай зүгээс анхнаасаа бичиг болон аман байдлаар АЖДХ дээр сервер байршуулах боломжгүй биет сервер зохион байгуулалт, төлбөр мөнгө их гарах мвн серверийн байнгын арчилгаа системийн өөрчлөлт, сайжруулалт гэх мэт зүйлс хийгдэх боломжгүйг хэлж тайлбарлаж байсан. Бидний хувьд нэхэмжлэгч АЖДХ-той асуудлаа шийдээд эргээд хандана байх гэсэн хүлээлттэй байсан болно. Түүнчлэн нэхэмжлэлдээ ажлыг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэж өгөөгүй гэж бичсэн нь өөрийн хугацаа хэтрүүлсэн өөрсдийн буруутай үйлдлээ бүгдийг ямар ч үндэслэлгүйгээр гүйцэтгэгч талд тохож байгаа нь илт байна. mydaatgal.mn систем нь 2019 оны 6 cap хүртэл ажиллаж байгаад домайн болон сервер төлбөр төлөгдөөгүйн улмаас хаагдсан байгааг шүүхэд гэрээний гүйцэтгэлийг танилцуулах зорилгоор серверийг сэргээх хүсэлтийг Amazon web service-д 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар 223.2 дахь хэсэг, гэрээний 7.4, 7.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч талд төлбөр. алданги төлөх үндэслэлгүй болно.

Хариуцагч П ХХК-ийн төлөөлөгч Н.Гүндсамбуу шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ренесссанс групп ХХК болон П ХХК-ууд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр цахим даатгалын сайтын хөгжүүлэлт, ухаалаг утасны аппликейшн хөгжүүлэлтийн ажлыг 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр ажлын хөлсөнд 27 000 000 төгрөг төлөхөөр №PS-RS-1705 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр гэрээ байгуулсан. Хариуцагч нь гэрээний 3.4, 3.5, 3.6-д зааснаар гэрээт ажлын хөлс 23 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний 5.2, 5.9, 5.10, 5.11. 7.4-т заасны дагуу нэхэмжлэгч талд программ хөгжүүлэлтийн ажилд шаардлагатай холбогдох зөвшөөрөл болон API-г авч өгч чадаагүй, програм хөгжүүлэлтийн ажилд хэрэгцээ шаардлагатай мэдээлэл зураг дизайн, үйл ажиллагааны хүсэлт, контент зэргийг хөгжүүлэлтийн ажилд хүлээлт үүсгэхгүйгээр гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, програм хөгжүүлэх ажилд хайнга хандаж буруу, зөрүүтэй мэдээлэл, заавар өгсөн, зохих мэдээлэл зааврыг гүйцэтгэгчийн шаардсан хугацаанд ирүүлээгүй зэрэг шалтгааны улмаас ажил удааширч гэрээнд заасан хугацаа сунжирч, гэрээгээр тохиролцоогүй олон ажлыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс цахим даатгалын сайтыг ажиллагаанд бүрэн оруулж хариуцагч тал хамтран ажиллах даатгалын компаниудтай уулзалт хийж сайтаа танилцуулж эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр PS-RS-1705/C-01/17 дугаартай нэмэлт гэрээ байгуулж анх байгуулсан гэрээгээр хийлгэхээр тохиролцсон зарим ажлуудыг өөрчилж, зарим ажлуудыг хийлгэхээ больсон тохиролцоог тус нэмэлт гэрээний 1.1, 1.1.1, 1.1.3-д зааж баталгаажуулсан. Харин нэмэлт гэрээний 1.1.2-т заасан ажил дээр нэхэмжлэгч тал өөрсдийн зүгээс хийж болох бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд хариуцагч талаас ирүүлэх зөвшөөрөл холболт хүлээгдсээр байсан болно. Түүнчлэн нэмэлт гэрээний 1.2.1.1, 1.2.1.3-д заасан ажлуудыг хийлгэх мэдээллээ ирүүлээгүй, 1.2.1.2-д заасан ажлыг манай зүгээс хийж гүйцэтгэсэн. Манай компани гэрээт ажил гүйцэтгэж дууссаны дараагаар хариуцагч талаас өмнө хийгдсэн ажлуудаа өөрчлөх, хасах, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлууд хийлгэхээр шаардаж байсан нь 2018 оны 04 сарын 13-ны өдөр ирүүлсэн мэйл дээрээс бүрэн нотлогдоно. Р ХХК нь гэрээт ажлыг хүлээн авалгүй, зөвшөөрөл хөөцөлдөх, нэмэлт мэдээлэл нэмж өгөх хүсэлт гаргах зэргээр ажлыг удаашруулж байсан. П ХХК mydaatgal.mn сайтыг бүрэн ажиллагаанд оруулж Р ХХК -ийн серверт байршуулж, удирдах бүх эрхийг гаргаж өгсөн тул 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өдрийн №PS-RS-1705 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр PS-RS-I705/C-01/17 дугаартай нэмэлт гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 3 600 000 төгрөг, түүний алданги 1 800 000 тогрөг, нийт 5 400 000 төгрөгийг Р" ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн төлөөлөгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Х нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч П ХХК нэхэмжлэгч Р ХХК -тай 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр PS-RS+1705/ С-01/14 тоот гэрээ байгуулж, гэрээгээр www.MyDaatgal.mn сайтын хөгжүүлэлт, Андройд болон iOS үйлдлийн системүүдэд зориулсан ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлэлтийн ажлыг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэвч гэрээгээр заасан хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд Ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг эхлүүлээд хаяснаас өөрөөр ажлын үр дүнг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байна. Харин тэд хийсэн ажил бүрэн хийж гүйцэтгэж, акт үйлдэж хүлээлгэж өгсөн тохиолдолд нэхэмжлэгчээс авах байсан 27 000 000 төгрөгөөс 23 400 000 төгрөг буюу нийт төлбөрийн 86,66 хувийг авсан боловч гэрээгээр тохиролцсон ажлыг өнөөдрийг хүртэл хийж өгсөнгүй, хүлээлгэж өгсөнгүй. Үндсэндээ нэхэмжлэгч Р ХХК-ийн хувьд Ажил гүйцэтгэх гэрээ-гээр хийгдээгүй ажлынхаа төлөө бага бус хэмжээнээс үлэмж хэмжээний буюу 23 400 000 төгрөгийг П ХХК-д төлсөн атал, өнөөдрийг хүртэл гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэд хийж өгөлгүйгээр өнөөдрийг хүрээд байна. Р ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр www.MyDaatgal.rnn сайтын хөгжүүлэлт, Андройд болон iOS үйлдлийн системүүдэд зориулсан ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлэлтийн ажлыг хийлгүүлэх хүсэлтэйгээр 23 400 000 төгрөг төлсөн атал өнөөдөр энэ ажлууд огт хийгдсэнгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үндсэн нөхцөлийг П ХХК огт биелүүлсэнгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт заасны дагуу нэгэнт ажлын үр дүн гаргахгүй нь тодорхой болсон П ХХК- тай байгуулсан гэрээг цуцалж, өгсөн мөнгөө эргүүлэн авахаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд Р ХХК -иас бүрэн гүйцэд хийгдээгүй ажлын төлөө ажлын үлдэгдэл хөлс болох 3 600 000 төгрөг, түүний алданги 1 800 000 төгрөгийг өгөх үндэслэлгүй болно. Иймд хариуцагч П ХХК-ийн гаргасан 5 400 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу П ХХК-нд холбогдох 35 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Р ХХК-нд холбогдох 5 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Р ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 950 төгрөг, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөрийг төлсөн боловч гэрээт хугацаанд гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй, улмаар ажлын үр дүнг огт хүлээлгэж өгөөгүй тухайд Р ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр РS-RS+1705/ С-01/14 тоот гэрээг П ХХК-тай байгуулж, гэрээгээр www.MyDaatgal.mn сайтын хөгжүүлэлт, Андройд болон iOS үйлдлийн системүүдэд зориулсан ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлэлтийн ажлыг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Р ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд www.MyDaatgal.mn сайтын хөгжүүлэлт, Андройд болон iOS үйлдлийн системүүдэд зориулсан ухаалаг утасны аппликэйшн хөгжүүлэлтийн ажлыг П ХХК-ажлын хөлсөнд нийт 27 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш нийт 23 400 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэхүү төлбөр төлсөн баримтууд нь Хавтаст хэргийн 10-16 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн үндсэн нэхэмжлэлийн талаар гэх хэсгийн 2 дахь хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 9ний өдөр 10 000 000 төгрөг, 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 8 дугаар сарын 4-ний өдөр 8 000 000 төгрөг нийт 28 000 000 төгрөг өгсөн гэж дүгнэж, ойлгож бичвэрийн алдаа гаргаж бичсэн нь хэргийг бүрэн гүйцэд судлан үзэлгүйгээр, гэрээний дагуу төлбөр хэрхэн хийгдсэн, түүний дагуу гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд ажлыг нь гэрээнд заасны дагуу ажил хүлээлцэх актаас хүлээлгэж өгснийг нарийн гүйцэт нотлох баримтын хэмжээнд судлан үзэлгүйгээр шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй шийдвэр гарах шалтгаан болсон байна гэж үзэхээр байна. Гүйцэтгэгч нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны хооронд нэгдүгээр ажил болох Вэб системийн ажил, хоёрдугаар ажил болох Мобайл хөгжүүлэлтийн ажил, гуравдугаар ажил болох Testing&Launch буюу Вэб сайтын болон Мобайл апплекэйшний туршилт болон эхлүүлэх бүрэн ашиглалтад оруулах ажлыг цаг хугацаанд нь хийж өгөөгүй. Энэ нь хэрэгт авагдсан П ХХК-ийн бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, явуулж байсан мэйл, түүнд үзлэг хийсэн баримтууд, гэрээний 4.1,4.3, 4.4, 4.5, 4.8 дугаар зүйлд заасан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байдал, гэрээний 2.1-д заасны дагуу ...ажлыг эцсийн байдлаар актаар Захиалагчид хүлээлгэн өгнө гэснийг огт биелүүлээгүй байдал, гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу ажил хүлээлцэх акт хэрэгт байхгүй, ажил хүлээлцэх актыг огт хийгээгүй байдал, түүнийгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч ...бид гэрээний дагуу ажил гүйцэтгэж актын дагуу хүлээлгэж өгөөгүй гэх шүүх хуралдааныг тэмдэглэлд тусгагдсан баримтуудаар, 2017 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд хийж өгөхийг хүлээж явуулж байсан мэйлүүд зэргээр нотлогддог.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 хуудасны эхний догол мөрөнд ...ажил гүйцэтгэгч гэрээний 2.2-т заасны дагуу ажлыг нийт 3 сарын хугацаанд гүйцэтгэх байсан боловч хугацаа хожимдуулж буюу 2017.09 дүгээр сараас цахим хуудсыг демо /Туршилтын/ байдлаар ажиллагаанд оруулж тест хийж эхэлсэн гэдгийг П ХХК үгүйсгээгүй гэх дүгнэлтээр 3 төрлийн ажлыг хугацаанд хийгээгүй гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээ 343.1 дэх хэсэгт 343.1, 243 дугаар зүйлийн 243.2, 348 дугаар зүйлийн 348.2 дахь заалтуудыг хэрэгт авагдсан баримтуудтай уялдуулан авч үзээгүйн улмаас үндэслэлгүй шийдвэрийг гаргасан тул шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг огт хангасангүй. Шүүх ажлын үе шат бүрийг ялган авч үзэлгүйгээр, зөвхөн загвар байдлаар гаргасан болон огт хийгээгүй ажлыг хийсэн мэтээр дүгнэж шийдвэр гаргасан. Гэрээгээр тохиролцсон 3 төрлийн тус бүр үнэлгээ бүхий ажлуудыг хийж гүйцэтгэгчээс шүүх хийж гүйцэтгэсэн мэтээр дүгнэлт хийж, ажил хийж гүйцэтгээгүй нь Захиалагч буруутай үйл ажиллагаа байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлтийг гаргасан. Учир нь Нэгдүгээр ажил болох Вэб системийн ажил болох MyDaatgal.mn сайт хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэгч П ХХК нь 2017 оны 9 сард демо /Туршилтын/ байдлаар ажиллагаанд оруулж тест хийж эхлэж байсныг бүрэн ажиллагааг оруулсан мэтээр дүгнэлтийг гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл шүүх гэрээт хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр вэб сайтын код бичигдэж дууссаны дагуу домайн нэрийг авч өгсөн байхад биднийг хугацаандаа домайн нэрийг авч өгөөгүй тул захиалагчийн буруугаас ажлыг гүйцэтгээгүй байна гэх дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт гаргажээ гэж үзэхээр байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр MyDaatgal логоог эцэслэсэн, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тоон гарын үсгийн гэрчилгээг ирүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр холбогдох даатгалын компаниудын системд байршуулах мэдээллийг ирүүлсэн зэрэг нь захиалагч тал хугацаандаа гэрээгээр тохиролцсон нэгдүгээр ажлыг саатуулсан гэж үзэхгүй юм. Үндсэндээ бол, нэгдүгээр ажлын хүрээнд www.MyDaatgal.mn вэб системийг ажил гүйцэтгэгч П ХХК 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд захиалагчаас 15 400 000 төгрөгийг авсан атлаа бүрэн гүйцэт хугацаанд нь гүйцэтгээгүй. 2017 оны 10 сард 23 400 000 төгрөгийг авсны дараа ч зөвхөн www.MyDaatgal.mn вэб системийг демо /Туршилтын/ байдлаар ажиллагаанд оруулсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан харилцан солилцсон мэйлүүдээр нотлогддог. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 6.1-6.4-т заасны дагуу 3 төрлийн ажлыг хүлээлгэж өгөхдөө ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, акт үйлдэхээр тохирсон буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт ...Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэх заалтыг баримталж гэрээнд оруулсныг шүүх анхаарч үзэлгүйгээр, дээрх хуулийн заалтыг баримтлалгүйгээр шүүх дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт ажил болох 10 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Мобайл хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэгч П ХХК 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд огт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр хангалттай нотлогддог. Үүнийгээ хийж гүйцэтгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн үед хийх боломжгүй гэх шалтгаан нөхцөл тоочсоор тухайн үед компанид ажиллаж байсан Б.Мөнхтуяатай Ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт №-4 гэх хэлцлийг байгуулж, гэрээний Хоёрдугаар үе шатны ажлыг 3 өөр ажлаар сольсон боловч мөн л уг ажлуудыг хийгээгүй байдаг. Тухайн үед компанийг төлөөлөх эрхгүй этгээд Б.Мөнхтуяагаар уг гэрээнд гарын үсгийг зуруулсан байдаг. Мөн Гуравдугаар ажил болох сайтын болон Мобайл апплекэйшний туршилт болон эхлүүлэх бүрэн ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэгч П ХХК гэрээнд заасан хугацаанд огт хийж гүйцэтгээгүй. Энэ нь тэдгээрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, мэйл зэргээр нотлогдог. Өөрөөр хэлбэл 7 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж хүлээлгэж өгсөн баримт энэхүү хэрэгт авагдаагүй, байхгүй гэдгээ хариуцагч шүүх хуралдаан дээр асуухад зөвшөөрсөн болно. Иймд энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэх ёстой байсан 3 төрлийн ажлаас нэгдүгээр ажлыг нь туршилтын байдлаар хийсэн, Хоёрдугаар, гуравдугаар ажлыг огт хийгээгүй, ажлын үр дүнг гэрээний заалт бүрт орсон ажил хүлээлцэх актаар хүлээлгэж өгөөгүй байтал шүүх ажил гүйцэтгэсэн байна, ажил гүйцэтгэхэд захиалагчийн буруутай үйлдэл байгаа мэтээр үнэлж дүгнэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт №3-т заасан болон Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.10-т зааснаар захиалагч тал нь домайн хаяг, вэб сервер, SSL сертифакт авах гэх мэт программ хөгжүүлэлтийн ажилд шаардлагатай хандах эрхүүдийг гүйцэтгэгч талд гаргаж өгөх үүрэгтэй гэж гэрээнд, түүний хавсралтад дурдсан. Энэхүү үүргээ Захиалагчийг гүйцэтгээгүй мэтээр шүүх дүгнэлтийг хийж, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна гэж шүүх дүгнэлтийг хийсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан и-мэйлд хийсэн үзлэгээр www.MyDaatgal.mn вебийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр анх авч улмаар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ашиглаж байсан, жил бүр 88 000 төгрөгийг Датаком ХХК-д төлбөр төлж байсан болох нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Мөн шүүхийн мэйлд хийсэн болон гадаад хэл дээрх орчуулгын баримтаар ажил гүйцэтгэх гэрээний хөгжүүлэлтийн шаардлагад дурдсан Amazon-г вэб сервисийг сонгож төлбөрийг Амазон компанид жил бүр, сар бүр төлдөг байсан болох нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар буюу шүүхийн үзлэгээр нотлогдсон. Түүнчлэн Amazon веб сервирийн төлбөрийг төлж, www.MyDaatgal.mn хэвийн ажиллах бүхий л нөхцөл боломжоор хангаж ажиллаж байсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Гэрээний 5.10-т заасан нэг төрлийн зөвшөөрөл болох SSL сертифакт буюу онлайн худалдаа хийхэд гадны халдлагаас урьдчилан сэргийлэх хамгаалах, системийн аюулгүй байдлыг хангах системийг захиалагч нь гэрээний хавсралт №3-т заасан нөхцөлийн дагуу авч, сар бүр, жил бүр уг төлбөрийг төлж өнөөдрийг хүрсэн болох нь хэрэгт авагдсан үзлэгийн баримтаар тогтоогдсон байхад шүүх эдгээр баримтыг байхгүй мэтээр дүгнэлт хийсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хэт нэг талыг баримталж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Шүүх нэхэмжлэгч Р ХХК болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийн дагуу хийгдсэн шүүхийн үзлэгээр авагдсан баримтууд болох Датаком ХХК-иас ирүүлсэн мэйл, нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Б.Түмэннастын П ХХК-д хүргүүлж байсан мэйлүүд, дээр дурдсан Датаком ХХК-иас авсан зөвшөөрөл, SSL сертифакт, Amazon-г вэб сервисээс холбогдох зөвшөөрлийг гэрээний дагуу авсан талаарх баримт зэргийг огт үнэлж дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлтийг гаргасан. Нэхэмжлэгч Р ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу түүний хавсралтын дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй П ХХК-ийг 2017 оноос 2019 оны 6 сар хүртэл мэйл бичиж явуулж байсан байдаг боловч үүнийг үл хэрэгсэж 23 400 000 төгрөгийг авсан атлаа, гэрээний үүргээ ухамсарлахгүйгээр ажлаа хийхгүй хариу өгөхгүй байгаа үйлдлийг цаашид хүлээцтэй харах боломжгүй болсон учраас гэрээг цуцлах мэйлийг хүргүүлж, улмаар шүүхэд гэрээг цуцлахаар хандсан болно. Энэ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226, 355 дугаар зүйлийн 355.2, 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу П ХХК-ийн туршилтын байдлаар хийсэн вэб системийн ажил ач холбогдлоо алдсан байх тул ИХ-ийн 205 дугаар зүйлд заасны дагуу П ХХК-д өгсөн 23 400 000 төгрөгөө гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 11 700 000 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д заасныг үндэслэн алданги тооцох үндэслэлтэй байна. Шүүгч шийдвэрийг гаргаж уншиж танилцуулахдаа П ХХК-ийг гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу ажлыг хүлээлгэж өгөөгүй байна гэж дүгнэж байгаа болохыг дурдаад энэ талаар шийдвэртээ дурдсан байх бөгөөд хэдий тийм боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож байна гэж дүгнэсэн нь хоёрдмол утгаар шийдвэр гаргасан, дүгнэлт нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг зөрчсөн, мөн хэрэгт авагдсан гэрээний дагуу ажлыг хүлээлгэж өгөх үүргээ П ХХК биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээнд дурдсан ажлын үр дүнг акт үйлдэн хүлээлгэн өгөх нөхцөлүүдийг зөрчсөн болохыг зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг чухам ямар учраас хэрэгсэхгүй болгож байгааг огт шийдвэртээ үнэлж дүгнэсэнгүй, хуулийг нэг мөр хэрэглэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэрийг гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн 23 400 000 төгрөг, алданги 11 700 000 төгрөг, нийт 35 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3 600 000 төгрөг, алданги 1 800 000 төгрөг, нийт 5 400 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх.1-2, 34-38/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр PS-RS-1705 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу хариуцагч П ХХК нь www.mydaatgal.mn сайт болон Андройд болон IOS үйлдлийн системд зориулсан ухаалаг утасны аппликэйшний хөгжүүлэлтийг хийж, холбогдох программ хангамжийг нэхэмжлэгч Р ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч талаас ажлын хөлсөнд нийт 27 000 000 төгрөгийг төлөх, гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон байна. /хх.39-40/

Мөн талууд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дээрх гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний 2.2.2 дахь заалт болох Андройд болон iOS үйлдлийн системд зориулсан ухаалаг утасны аппликэйшн хийх ажлыг нэмэлт гурван төрлийн бүтээгдэхүүн борлуулах хөгжүүлэлт, даатгуулагчийн лавлагаа гаргуулах хөгжүүлэлт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ цуцлах даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, МИИС системээс шинэ гэрээг шалгах, хуучин гэрээний төлбөр авсан эсэхийг шалгах, буцаах хураамжийн тооцоолол хийж даатгуулагчид танилцуулах, даатгагч руу и-мэйл илгээх хөгжүүлэлт хийх гэсэн гурван төрлийн ажлаар солихоор, эдгээр ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохирчээ. /хх.46/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.

Дээрх гэрээний дагуу захиалагч нь ажил гүйцэтгэгчид ажлын хөлсөнд 23 400 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч буюу захиалагч Р ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч талаас гэрээгээр тохирсон ажлыг бодитой гүйцэтгээгүй, гэрээний 6.1-д заасан ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлээгүй, ажил хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй, ажлыг хүлээж авах тест хийгдээгүй гэж,

хариуцагч буюу ажил гүйцэтгэгч П ХХК ...гэрээнд заасан ажлын нэг, хоёрдугаар үе шатыг бүрэн гүйцэтгэсэн, гуравдугаар үе шат буюу тестийн ажиллагааг тухай бүр хийж, захиалагчаас ирүүлсэн зааврын дагуу нэмэлт, өөрчлөлт хийсэн, хэдийгээр акт үйлдээгүй боловч тухай бүр нэхэмжлэгч хийсэн ажлын хөлс төлөхийг зөвшөөрч, төлбөрөө шилжүүлж байсан, захиалагч өөрт холбогдох үүргээ хугацаа хоцроож биелүүлээгүйгээс ажлын гүйцэтгэлийг бүрэн дүгнэж, гэрээг дуусгавар болгоогүй гэж ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн талаар өөр өөрөөр тайлбарлан маргажээ.

Ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлын үр дүнгийн хамт дараах зүйлсийг захиалагч талын өмчлөлд хүлээлгэн өгнө гэж, 6.1.1-т Веб сайттай ажиллах, админисраторын ажлын горим, веб сайтын удирдлагын зааварчилгаа, 6.1.2-т Веб сайтын эх код гэж заажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөс үзвэл ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлын үр дүнгийн хамт веб сайттай ажиллах, администраторын ажлын горим, веб сайтын удирдлагын зааварчилгаа, веб сайтын эх кодыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, программыг хүлээлгэж өгөхийн өмнө мөн гэрээний 6.4-т заасны дагуу программыг тестэлж, улмаар захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн өөрчилж, засварлан шилжүүлэх ёстой байжээ гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад google analytics, web.archive.org, Bitbucjet.org, Google.com цахим хуудсуудад үзлэг хийсэн байх бөгөөд уг үзлэгээр ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох www.mydaatgal.mn веб хуудас нь анхны хувилбараар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тест хэлбэрээр ажиллаж, 2019 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 824 хэрэглэгч хандалт хийж байсан үйл баримт тогтоогдож байна /2хх.11-17/

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг огт хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ. Нэхэмжлэгч талаас ...ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзана гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон, ажил гүйцэтгэгчийн ...захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хоцорч биелүүлж байсан гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу захиалагч Р ХХК нь ажил үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч П ХХК үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэм буруугийн улмаас гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн ажлын хөлсийг буцаан шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Мөн шүүх хариуцагчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3 600 000 төгрөг, алдангийн төлбөрт 1 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч ажлын тодорхой үе шатны ажлуудыг хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон боловч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт биелүүлж захиалагчид ажлыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй. /1хх.11-17/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ...захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээдэг тул хариуцагч байгууллага ажлаа бүрэн хийж, хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй тул ажлын хөлсийг бүрэн авахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх П ХХК-д холбогдох 35 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Р ХХК-д холбогдох 5 400 000 төгрөг гаргуулах тухай П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 333 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО