Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/943

 

 2023             9               21                                         2023/ДШМ/943

                                                        Б.Б , Д.М , Ч.Д  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Баттулга,

шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.М  өмгөөлөгч Б.Баттулга, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б , Д.М , Ч.Д нарт холбогдох 2205 00000 0914 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Халхсартуулт Б овогтой Б, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ……. дүүргийн .. дүгээр хороо оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ………./; 

2. Ямаат овогт Д.М, ….. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б у худалдааны төвд цахилгаан барааны худалдагч ажилтай, ам бүл ..,  ……….. дүүргийн .. дугаар хороо, ……… тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, /РД: ……………/; 

3. Урианхай овогт Ч.Д, …. оны .. дугаар сарын … ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, …………-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл …., ............ дүүргийн ..  дугаар хороо,  ял шийтгэлгүй, /РД: ………../; 

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2022 оны 2 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө .......... дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ө.О эзэмшлийн “Тоёота Приус 30” загварын …. … улсын дугаартай тээврийн хэрэгслийн обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720.000 төгрөгийн,

шүүгдэгч  Д.М, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 576 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Д.М-н эзэмшлийн ….. … улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560.000 төгрөгийн,

шүүгдэгч  Ч.Д, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны урд талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.А-н эзэмшлийн ……. …. улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн,

2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санни Таур хотхоны баруун талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Г.Э эзэмшлийн …… …. улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 480.000 төгрөгийн,

шүүгдэгч  Д.М, Б.Б, Ч.Д нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны 39 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Э.А эзэмшлийн …… … улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ......... дүүргийн 16 дугаар хороо, ........... 39 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.Н эзэмшлийн ….. … улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ хотхоны 39 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.О эзэмшлийн ….. … улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ хотхоны 39 дүгээр байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ц.Т эзэмшлийн …. … улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Д.М, Ч.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б, Д.М, Ч.Д нарыг бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Б-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.М, Ч.Д нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 448 хоног, Ч.Д 3 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, Баянгол дүүргийн прокурорын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02, 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б хохирогч Ө.О 720.000 төгрөг, Д.М 280.000 төгрөг, Б.А 250.000 төгрөг, Г.Э 240.000 төгрөг, Э.А 146.600 төгрөг, Б.Н 106.400 төгрөг, Б.О 120.000 төгрөг, Ц.Т 240.000 төгрөгийг, шүүгдэгч Д.М 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 8.250.093 төгрөг, Д.М-с 5.537.766 төгрөг, Ч.Д-с 3.986.139 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад өөрийн холбогдсон хэрэгтээ гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулаагүй. Мөн бусдад учруулсан гэм хорыг бүрэн төлж арилгасан төдийгүй, цаашид надад оногдуулсан хорих ялыг эдэлж гараад улс эх орондоо шударга замаар ажил хөдөлмөр эрхлэн төлөх болно. Би муу дадал зуршил, чиг хандлагыг өөрчилж, зөв амьдрах чин хүсэлтэй байна. Хувийн байдал болон ар гэрийн байдлыг хүндэтгэн үзэж, надад оногдуулсан хорих ялыг уян хатан байдлаар тооцон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Өөрийн бодлогогүй үр дагаврын улмаас залуу насандаа буруу зүйл хийж гэмт хэрэгт холбогдсондоо туйлын ихээр харамсан, гэмшиж байна. Миний гэм буруугаа ойлгож байгаа болон эрх зүйн байдлыг минь харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулан, анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Одоо бусдад энэ тогтоолоор төлөх төлбөргүй. Гэмт хэрэг үйлдэх үед би .. настай байсан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч байсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан .. жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөх тал дараах гомдлыг гаргаж байна.

1. Д.М шийтгүүлсэн хулгайлах гэм хэргийн обьектив талын шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг билээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нар бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн дугуйг тайлж авснаар захиран зарцуулах боломж үүсэн, хулгайлах үйлдэл төгссөн ба хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд хөрөнгийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан нь дээрх ойлголтод хамаарахгүй юм. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тодорхой хэрэг маргаан шийдвэрлэх явцдаа хийсэн тайлбар дүгнэлтүүд байх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэдгийг тухайн өмч хөрөнгө байгаа обьектын хаалгыг машинаар татаж онгойлгох эсхүл хяналтын камерт бичигдэхгүйн тулд машинаараа таглаж байрлуулах зэргээр ашигласан үйлдлийг ойлгоно хэмээн тайлбарласан байдаг.

2. Шүүгдэгч нарыг хулгайлах үйлдлээ хялбарчлах зорилгоор өргөгч буюу домкрат, дорцов зэргийг ашигласан нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь, ашигласан гэх домкрат, дорцов зэрэг нь үйлдвэрээсээ өргөх, тайлах зориулалтын багаж хэрэгслүүд байх бөгөөд зориулалтыг нь өөрчилсөн, тусгайлан бэлтгэсэн, зохион бүтээсэн шинээр засаж тохируулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд дээрх хэрэгслүүдийг зориулалтынхан дагуу ашигласан үйлдлийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Д өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг /хүсэлтийн агуулгаар/ гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Ч.Д нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, мөрдөн шалгах ажиллагааны үеэс хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан. Ч.Д хэрэг үйлдэх үедээ .. насанд хүрээгүй байсан. Иймд шүүхээс Ч.Д-ний хувийн байдал, анх удаа хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг өөрчилж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, Шинэбаяр гэх нэг шүүгдэгч Монгол Улсын хилээр гараад явсан байсан. Үүнээс хойш 2023 он гараад, хурал хэд хэдэн удаа хойшилсон. Дахиад нэг шүүгдэгч алга болсон. Анх 4 шүүгдэгчтэй хэрэг шүүхэд ирсэн боловч 2 шүүгдэгчтэй болсон. Энэ хугацаанд шүүгдэгч Б.Б цагдан хориотой байсан. Ингээд хэргийг тусгаарлахаар болсон. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдохоосоо өмнө ажил хийж байсан. Цалингаа авч хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Мөн тэрээр гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, хорих ялыг нь багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.М өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Б саналыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ .. насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх ёстой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ч.Д, Д.М нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял оногдуулсан. Гэмт хэргийн шинж чанар, шинж байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглээгүй гэж ойлгож байна. Шүүгдэгч Б.Б хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь учирсан хохирлыг нөхөн төлөөгүйтэй холбоотой. Харин давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө хохирлыг бүрэн барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Б.Б, Д.М, Ч.Д, Б.Ш нарыг тус тусдаа болон бүлэглэн 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг шүүхэд хянагдах явцад шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/893 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б, Д.М, Ч.Д, Б.Ш нарт холбогдох хэргээс шүүгдэгч Б.Ш холбогдох хэсгийг /5 хх 62/ тусгаарласан байна.

Гэтэл прокуророос Б.Б, Д.М, Ч.Д, Б.Ш нарыг 9 удаагийн үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх 8 удаагийн үйлдэлд ял шийтгэл оногдуулан, шүүгдэгч Б.Б, Д.М, Б.Ш нарын хохирогч Г.М эзэмшлийн …. … улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийн 4 дугуй, обуд зэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хэрхэн шийдвэрлэх, эсхүл хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр, нэг үйлдлийг орхигдуулсан нь ойлгомжгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Б.Ш үйлдлийг тусгаарлаж, шүүгдэгч Б.Б, Д.М нарын үйлдлийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэв шүүгдэгч Б.Б, Д.М нар нь дээрх үйлдэлдээ дахин ял шийтгүүлэх үндэслэл тогтоогдвол тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ш үйлдлийг тусгаарлах нь зүйтэй юм. 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.М өмгөөлөгч Б.Баттулга, шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

Үүнээс гадна, анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр товлосон боловч өмгөөлөгч Б.Б хүсэлтээр хойшлуулсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ямар нэг ажиллагаа хийлгүй, удаа дараа, хэт удаан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнийг цаашид анхаарвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгдэгч Б.Б, Д.М, Ч.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б, Д.М, Ч.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР