| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/08416/И |
| Дугаар | 192/ШШ2025/01602 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/01602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Т холбогдох
45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б
Хариуцагч Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б******* нь 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Т******* холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Г.Б******* миний бие 2021 оны 8 дугаар сард Глобал гарден хотхоны 16 давхар барилгын шалны цутгалтын ажлыг хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийж хүлээлгэж өгсөн. Уг ажлыг О.Г зуучилж өгсөн. Д.Т болон нөхөр Ж******* гэх хүмүүст зуучлан өгч тухайн ажлыг хийхээр болсон. Миний авсан ажил нь 9000 м.кв буюу нийт 32,000,000 төгрөгийн ажил. Үүнээс 7,000,000 төгрөгийг тухайн ажил хийж байх үед авсан бөгөөд үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд авч чадаагүй болно. 2023 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Д.Т*******ай уулзан тохиролцож дараах гэрээг хийсэн болно. Уг гэрээнд 45,000,000 төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.А байрны зөрүү 20,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б******* овогтой Э******* /РД:/ гэх хүний хаан банкны тоот дансанд шилжүүлэн өгсөн. Тухайн орон сууцыг ашиглалтад ороход миний ордерыг шилжүүлэн авах гэрээг Д.Т*******ай хийсэн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд тухайн орон сууц ашиглалтад ороогүй бөгөөд энэ хугацаанд өөрийн нэр дээр шилжүүлэн авах гээд хэд хэдэн удаа холбогдсон боловч Д.Т нь тухайн барилгад 6,700,000 төгрөгийн өртэй гэх шалтгаанаар тухайн барилга талаас нэр шилжүүлж өгч чадаагүй. Д.Т******* энэ асуудлыг хэлсэн боловч шийдэж өгч чадаагүй. Одоо уг барилгын оффис байхгүй. Нягтлантай нь холбоо барихад ажлаасаа гарсан гэх бөгөөд уг барилгын гүйцэтгэгч А.Б ХХК-ийн захирал Б.Э******* гэх хүн олдохгүй, Д.Т нартай холбогдож чадахгүй байгаа бөгөөд уг барилга нь холбогдох эзэнгүй зогссон байдалтай байгаа. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45,000,000 төгрөгийг Д.Таас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ ажлын гэрээ, барилгын ажлын мөнгө дандаа дансаар гэсэн зарчим баримталдаг. Заавал гэрээ хийж байж ажил хийдэг. Г******* надтай 12 жил ажиллаж байгаа, би Г*******ад ажил өгсөн. Г******* доор ажиллаж байгаа ажилчдын цалинг би мэдэхгүй, Г******* цалинжуулаад би Г******* данс руу шилжүүлдэг. Г******* өөрөө цалин тогтоогоод, өөрөө өгөөд явдаг. Г******* хэлэхдээ тэр байрыг хямдхан манай нэг ажилчин авъя гээд байна, та ажлын хөлс оролцуулаад өгөх үү? 45,000,000 ажлын хөлсний дараа нь хоёулаа тооцоогоо тохирчихно гээд өөрсдөө хүсэлт тавьсны дагуу л зарсан. Тэр байрыг тулгаж өгөөгүй. Тэр байр зах зээлийн үнээс 2 дахин хямд. Б******* гэдэг нэрийг нь ч би мэдэхгүй Г******* ажилчин надад харьяалагддаггүй, тэгээд Саагий гэдэг хүүхэд хальт харж байсан тэгсэн энэ хүн байсан. Надад х*******гүй би хариуцагчаар оролцох шаардлагагүй. 20,000,000 төгрөг авсан үүнийг нэхэмжилж байгаа бол би энэ байраа зараад 20,000,000 төгрөгийн өгнө. 25,000,000 төгрөг дээр хоорондын тооцоо байхгүй Г******* миний өгсөн мөнгөөр ажилчдаа цалинжуулаад явдаг гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тохиролцоо, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №20/30 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ гэх баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б******* нь 45,000,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Т******* холбогдуулан гаргасан.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зармыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Г.Б******* нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Тохиролцоо” гэх хэлцлээсээ татгалзаж, ажлын хөлс 25,000,000 төгрөг, бэлнээр төлсөн 20,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарлаж байна.
Глобал гарден орон сууцны 1,2 блокийн шал цутгах ажлыг хариуцагч Д.Т О.Г*******аар гүйцэтгүүлэхээр уг ажлыг О.Г*******ад захиалж, ажил гүйцэтгэх гэрээг *******р байгуулсан, 701 тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Б*******д худалдах хэлцлийг хариуцагч Д.Т хийсэн. Орон сууцны төлбөрт О.Г*******ад төлөх шал цутгалтын ажлын хөлсний үлдэгдэл 25,000,000 төгрөг, мөн нэхэмжлэгч Г.Б*******гаас 20,000,000 төгрөг авч, тус тус төлбөрт тооцож хариуцагч Д.Т авсан. Хариуцагч Д.Т уг шал цутгах ажлыг Г.Б*******гаар гүйцэтгүүлэхээр Г.Б*******тай ажил гүйцэтгэх хэлцэл хийгээгүй, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Тохиролцоо” гэх хэлцлээсээ татгалзалцсан үйл баримтуудад талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч Г.Б******* ажлыг хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийг О.Г******* өгөөгүй, уг ажлыг бүрэн хийж дуусгасан тул хариуцагчаас ажлын үлдэгдэл хөлс 25,000,000 төгрөг шаардсаныг хариуцагч Д.Т шал цутгах ажил хийлгэхээр нэхэмжлэгч Г.Б*******тай би гэрээ байгуулаагүй, харилцан тохиролцоогүй, уг ажлыг О.Г*******тай тохиролцож гүйцэтгүүлсэн тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг О.Г*******ад төлнө. Иймээс Г.Б*******гаар шал цутгуулах ажил хийлгэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулаагүй тул ажлын үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан хариуцагч Д.Т шал цутгах ажил гүйцэтгүүлэхээр уг хүсэл зоригийг нэхэмжлэгч Г.Б*******д илэрхийлээгүй, зохигчдын хооронд шал цутгах ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх хэлцэл байгуулагдсан гэж шүүх үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Тохиролцоо” гэх нэртэй хэлцэлд “...өмнө гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 25,000,000 төгрөгийн төлбөрт С.Д тоот 28.79 м.кв 1 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр тооцож Ганхуягийн Б*******д ашиглалтад ороход ордерыг шилжүүлж өгөх, Дээрх орон сууцны зөрүү болох 20,000,000 төгрөгийг Д Т******* 2023.05.31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцов...” гэх хэлцлийн агуулгаас талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний шинжийг илэрхийлж байна. /х.х-ийн 4 хуудас/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар 2023.05.31-ний тохиролцооны дагуу нэхэмжлэгч уг тохиролцооноосоо татгалзаж, татгалзсан татгалзлыг хариуцагч зөвшөөрсөн байх тул тохиролцооны дагуу хариуцагчид төлсөн 20,000,000 төгрөгөө биет байдлаар хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иймд ажлын үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг гэж тохиролцоонд байх боловч уг ажлыг гүйцэтгэхээр зохигчдын хооронд хэлцэл байгуулагдаагүй, тохиролцоонд О.Г******* гарын үсэг зураагүй тул түүнийг шаардах эрхээ шилжүүлсэн гэж шүүх үзэх үндэслэлгүй учраас ажлын үлдэгдэл хөлсийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй байх тул 25,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хариуцагчаас орон сууцны төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ажлын үлдэгдэл хөлс 25,000,000 төгрөгийг хэлцэл хийсэн О.Г******* гэх этгээдээс шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлавал зохино.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Таас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ