2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 557 924 443 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******,

хариуцагчийн өмгөөлөгч А.О*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ХХК хариуцагч Т.Г*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 557 924 443 төгрөг гаргуулахаар шаардсаныг,

Хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 дугаар, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Анх Т.Г******* нь манай компанитай 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05/18 дугаар Зээлийн гэрээээр 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүгэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлж барагдуулахаар харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 19, 20-ний өдөр манай М******* ББСБ-тай дахин 09/18 дугаар Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 121 800 000 төгрөг, 70 000 000 төгрөг, нийт 191 800 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 1.75 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувьтай тэнцэх хэмжээний хүү төлж барагдуулахаар харилцан тохиролцож байгуулсан байдаг. Уг гэрээнүүдийн хавсралт 1-д зааснаар зээлдэгч Т.Г******* нь үндсэн зээл болон хүүгийн хамт сар бүрийн 20, 25-ны өдрүүдийн дотор зээлийн эргэн төлөлтийг төлөх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай ББСБ-г хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хохироож буйд гомдолтой байна. Улмаар манай ББСБ-ын зүгээс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч Т.Г*******т 09/18 дугаар зээлийн гэрээний үүргийг 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа зааж мэдэгдлийг хүргүүлж байсан. Уг мэдэгдлээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар талуудын хооронд нийлсэн тооцоо нийлсэн актын дагуу 310 131 733 төгрөгийг шаардаж байсан байдаг. Гэтэл зээлдэгч Т.Г******* нь удахгүй төлнө, их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа хүлээж бай гэх мэтээр худал үнэн шалтаг тоочсоор өдийг хүргэлээ. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлййн 2.10-т Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 Зээл хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг тооцож, төлбөрийг гэрээний дагуу зээлдэгчийн харилцах болон хадгаламжийн данснаас шууд суутгах замаар төлүүлэх гэж заасны дагуу Т.Г******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгчээс үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Г*******аас гэрээний үүрэгт нийт 557 924 443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарласан: Үүнд: Талуудын хооронд тухайн мөнгийг өгч авалцах хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байдаг. Ямар зорилгоор мөнгө шилжүүлж байгаа вэ гэвэл нэхэмжлэгч байгууллагын захирал н.М******* гэх этгээд өөрийн байгууллагад зээл олгох зорилгоор К******* ХК-иас зээл авах гэж байна. Тийм учраас барьцаанд тавих барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэж анх хариуцагчтай холбогдсон. Үүнийг хариуцагч зөвшөөрч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард аюушийн гудамж, 35 дугаар байрны 1 болон 2 тоотын тус бүр нь 144 м.кв-тай орон сууцуудыг тухайн үед барьцаа хөрөнгө байгаа гэж хэлж байсан. Ингэхдээ өөр банк бусын барьцаанд байгаа гэж хэлсэн. Тэгвэл наад хөрөнгийг нь барьцаа хөрөнгөөс нь чөлөөлж барьцаанд тавья гэж н.М******* хэлж 121 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анх шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн мөнгөөр хариуцагч орон сууцуудыг барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгч байгууллагын барьцаанд тавихыг зөвшөөрсөн баримтыг хийж өгсөн байдаг. Хариуцагчийн зүгээс н.М*******д чиний барьцаанд өөрийн хөрөнгүүдийг тавьсан учраас өөрөө ямар ч мөнгөгүй болчихлоо гэж хэлсэн байдаг. Үүний дагуу н.М*******аас 70 000 000 төгрөгийг хөрөнгийг нь барьцаалсныхаа хариуд шилжүүлсэн. Хариуцагч үүний дараа нэхэмжлэгч байгууллагатай холбогдоогүй явж байсан боловч нэхэмжлэгч байгууллагаас залгаж та ирж зээлийн гэрээн дээр гарын үсэг зураарай гэж хэлсэн. Ингэж хэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Энэ талаар нэхэмжлэгч талаас мөн адил хэлж байна. Дараа нь ирж зээлийн гэрээн дээр гарын үсгээ зурсан гэж. Ингэж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Тийм учраас уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, өгсөн болон авсан зүйлээ буцаах шаардлага гаргасан гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ М******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М******* нь миний танил эмэгтэй бөгөөд 2018 оны зун ... би Капитрон Банк ХХК-иас 250 сая төгрөгийн зээл авах гэсэн юм барьцаа хөрөнгө байвал миний авсан зээлийг хувааж авъя... гэж надад анх санал тавьж байсан. Тухайн үед миний барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот,***** тоотын тус бүр нь 144 м.кв талбайтай орон сууцнууд нь өөр ББСБ болон хувь хүний барьцаанд байсан. Гэтэл Б.М******* нь зээлээс чөлөөлж аваад өөрийн байгууллагын нэр дээр Капитрон Банк ХК-ийн барьцаанд тавьж зээл авсан. Б.М******* нь Капитрон Банк ХХК-иас зээл авахдаа 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний данс руу 121 000 000 төгрөгийг шилжүүлэн тус мөнгөөр би барьцаа хөрөнгөө чөлөөлөн авч Капитрон Банк ХХК-д барьцаалсан. Тухайн үед би Б.М*******д ... ах нь нэг зээлээр нөгөө зээлээ төлөөд мөнгө үлдсэнгүй ахыгаа бодно биздээ гэж хэлсэн. гэтэл Б.М******* зээл гарсны дараа миний голомт банкны 1605******* тоот дансанд 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн үед би тэр мөнгийг барьцаа хөрөнгө байршуулсан учир надад өгч байгаа шагнал гэж ойлгосон. Удалгүй М******* ББСБ ХХК-ийн ажилтан гэх хүмүүс над руу залган зээлийн гэрээ дээр гарын үсэг зураарай гэж хэлсэн, би яг ямар зээлийн гэрээ яриад байгааг ойлгоогүй. Улмаар ажил амжилтгүй явсаар 2020 оны 05 сарын үед оффис дээр нь очиж уулзахад надаар 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн №09/18, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №09/18 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тус зээлийн гэрээнүүд нь бидний хооронд болсон харилцааг зохицуулаагүй бөгөөд сүүл нөхөж хийсэн зээлийн гэрээ юм. Иймд 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн №09/18, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №09/18 дугаартай Зээлийн гэрээ нь тус тус иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүйтэй холбоотойгоор тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэ нь маш тодорхой болох байх. Нэхэмжлэгч талаас зөвхөн 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүйтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад хандаж, дараа нь нөхөж зурагдсан зүйлийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дээр тодруулж тайлбарласан. Гэвч 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа болон 121 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд талуудын хооронд гарын үсэг зурж, хуулийн дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн зүгээс иргэн н.М*******д холбоотой тайлбар өгч байна. Энэ нь банк бус байгууллагын шаардлага гаргаж байгаа. Иргэнийхээ хувьд хариуцагч болон н.М******* нарын хооронд ах дүүгийн харилцаа байдаг. Гэтэл банк бус байгууллагын зүгээс зээлийн гэрээний шаардлагаа гаргаж байгаа. Гэтэл хариуцагч тал иргэний талаас нь уг асуудлыг холбож ойлгоод байх шиг байна. Зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан ба зээлийн гэрээ нь мөнгө болон түүний эд хөрөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог. Нэхэмжлэгчийн зүгээс 121 000 000 төгрөг болон 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар хангалттай нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдсан өдөр 121 000 000 төгрөг болон 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзэж байна гэв.

5. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.03.29-ний өдрийн 05/18 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.03.29-ний өдрийн 05/18 дугаар барьцааны гэрээ, 2018.06.19-ний өдрийн 09/18-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.06.20-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг, зээл зээлийн хүүгийн тооцоолол, М******* ББСБ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол, 2021.06.07-ны өдрийн мэдэгдэл, иргэний үнэмлэхний хуулбар, тооцоо нийлсэн акт, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, М******* ББСБ ХХК-ийн 2018.06.20-ны өдрийн зээлийн зөвлөлийн шийдвэр, зээл хүсэгчийн мөнгөн урсгалын тооцоо, 2018.03.29-ний өдрийн зээлийн зөвлөлийн шийдвэр, зээл хүсэгчийн мөнгөн урсгалын тооцоо, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018.01.30-ны өдрийн 11-1103825 дугаар тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М******* ББСБ ХХК-ийн 2019.06.29-ний өдрийн 31 дугаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт, 2020.07.01-ний өдрийн, 2020.09.07-ны өдрийн, 2020.10.19-ний өдрийн, 2021.06.15-ны өдрийн, Голомт банк ХК-ийн 2020.09.21-ний өдрийн 14/ХХ/03-1510 дугаар албан бичиг, дансны хуулга, 2021.06.07-ны өдрийн мэдэгдэл, 2021.06.15-ны өдрийн мөрдөгчийн санал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.06.18-ны өдрийн 748 дугаар Прокурорын тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 4-44,54-73,/

6. Хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн. /хх-ийн 84-86, 147, 148/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...анх хариуцагчтай 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 0518 дугаартай гэрээг байгуулж, зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүний дагуу хариуцагчийн зүгээс дахин зээл олгох хүсэлтийг гаргасан. Ингэснээр талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд банк бус санхүүгийн байгууллагатай 9/18 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 121 800 000 төгрөгийг мөн 70 000 000 төгрөг буюу нийт 191 800 000 төгрөгийг мөн 12 сарын хугацаатайгаар, хүүг 1.75 хувийн хүүтэйгээр тооцож, нэмэгдүүлсэн хүүг 2 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцож талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Иймд 557 924 443 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Талуудын хооронд тухайн мөнгийг өгч авалцах хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай холбогдоогүй явж байсан ба нэхэмжлэгч байгууллагаас залгаж та ирж зээлийн гэрээн дээр гарын үсэг зураарай гэж хэлсэн. Дараа нь ирж зээлийн гэрээн дээр гарын үсгээ зурсан гэж. Ингэж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Тийм учраас уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, өгсөн болон авсан зүйлээ буцаах шаардлага гаргасан гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 05/18 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 50 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна.

Дээрх гэрээний баталгаа болгож 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 05/18 дугаар барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч Т.Г*******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 35/2 тоот, 2 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай 190 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 85 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байна.

4.2 Үүний дараа талууд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 09/18 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 121 800 000 төгрөгийг сарын 1.75 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан гэрээг байгуулсан байна.

4.3 Мөн талууд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 09/18 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 70 000 000 төгрөгийг сарын 1.75 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна.

4.4 Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т.Г*******ын К*******ны 3053016499 тоот данс руу зээл гарав М******* ББСБ гэх утгатайгаар 121 800 000 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкны 1605******* тоот данс руу 70 000 000 төгрөгийг МОНГОЛ ФАКТОРИНГ ЗЭЭЛ 8801 гэх утгатайгаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 26,27/

5. Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг төлсөн гэж, харин 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/18 дугаар 121 800 000 төгрөгийн зээлийн гэрээнд, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зураагүй тул зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

7. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Г*******т холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 70 000 000 төгрөгийг ...урьдын итгэлтэй харилцааг ашиглаж, биднийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт шалгуулахаар гомдол гаргасныг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 748 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна./хх-54/

7.1 Дээрх гомдлыг шалгах явцад буюу 2021.06.15-ны өдөр М******* ББСБ ХХК-ийн захирал Б.М******* гэрчээр мэдүүлэхдээ...Т.Г******* нь 2018 оны 06 сарын 19-ний өдөр 0918 дугаар зээлийн гэрээгээр 121 000 000 төгрөгийг албан ёсоор зээлийн гэрээнд гарын үсэг зурж авсан. Мөн 6 сарын 20-ны өдөр урьд авсан зээлийн гэрээн дээр нэмэлтээр 70 000 000 төгрөгийн зээл авсан. Ингэхдээ 2021 оны 05 сарын 12-ны өдөр Т.Г*******тай тооцоо нийлж, акт гаргаж зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан... гэжээ.

7.2 Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 33 дугаар талд 2021.05.12-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэсэн баримтыг ирүүлсэн байх ба уг баримтад 2018.6.19-ний өдрийн 09/18 зээлийн гэрээгээр 121 800 000 төгрөг, 2018.6.20-ны өдөр 09/18 тоот зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөгийн үндсэн зээлийг төлөөгүй байна гэжээ.

7.3 Дээрх үйл баримт хариуцагч Т.Г*******ыг эрүүгийн хэрэгт шалгах явцад тогтоогдсон байна.

 

8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж тус тус заасан.

8.1 Нэхэмжлэгчийн 50 000 000 төгрөг шилжүүлсэн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн, 127 8000 000 төгрөг шилжүүлсэн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаж, шаардах эрх үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа тус тус өнгөрсөн байна.

8.2 Хэдийгээр нэхэмжлэгч нь 2021.05.12-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэх баримтыг ирүүлсэн хэдий ч уг баримтыг хариуцагч Т.Г*******ыг 70 000 000 төгрөг залилсан гэх эрүүгийн хэрэгт шалгах явцад үйлдсэн байх тул уг баримтыг хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримт гэж үзэхээргүй байна.

9. Иймд нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөр шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

10. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд талуудын хооронд байгуулагдсан 50 000 000 төгрөг шилжүүлсэн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн, 127 8000 000 төгрөг шилжүүлсэн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнүүд нь хуульд заасан шаардлага хангасан гэрээ гэж шүүх үзсэн.

11. Харин талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл гэрээнд хариуцагч Т.Г*******аар нөхөж гарын үсэг зуруулсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Т.Г*******т 70 000 000 төгрөгийг олгосон зээлийн гэрээнд нөхөж зуруулсан, түүнчлэн эрүүгийн журмаар гомдол гаргаж шалгуулсан болох нь хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

12. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Т.Г*******аас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар гэрээний дагуу шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

13. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн хариуцагч Т.Г*******аас 557 924 443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дээрх гэрээний дагуу шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг хариуцагч Т.Г*******аас буцаан гаргуулж, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн хариуцагч Т.Г*******аас 557 924 443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан М******* ББСБ ХХК, Т.Г******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/18 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, дээрх гэрээний дагуу шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг хариуцагч Т.Г*******аас гаргуулж, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 947 580 төгрөг, хариуцагч Т.Г*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 116 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Г*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ