| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/05704/И |
| Дугаар | 192/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй
Дампуурсанд тооцуулах тухай нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.О*******,
хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Б*******,
хэрэг гүйцэтгэгч А.Э*******
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
Хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б******* ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэлийн талаар: Б******* ХХК нь 2008 оны 10 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, *******, *** тоот хаягт байрлаж ажиллахаар 2 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр 115 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013 оны 05 сарын 16-ны өдөр манай компани нь эрхлэх үйл ажиллагааг хаягдал хуванцар, түүхий эд хагас боловсруулах үйлдвэрлэлээр өргөжүүлж 2014 оны 06 сарын 14 нд түрээсийн гэрээ байгуулан П******* ХХК-ийн ажлын байрыг түрээслэн 2014 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл БНХАУлс руу хагас боловсруулсан хаягдал хуванцар түүхий эд экспортлох үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэж байсан болно. 2014 оны 11 сарын 26-27 нд шилжих шөнө ажлын байранд гарсан гал түймрийн улмаас үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд шатаж устан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл манай компани нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахаар 2014 оны 01 сарын 10-ны өдрийн ЗГ2205045971 тоот зээлийн гэрээгээр Гнаас 100,000,000 төгрөгийг ЖДҮХ зориулалтаар 47 сарын хугацаатай авч дээрх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эдийг худалдан авсан байсан. Компани хөрөнгөгүй болсон учир хувьцаа эзэмшигч миний бие өөрийн хувийн эд хөрөнгөө худалдан борлуулж Гны зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэж байсан хэдий ч 2017 оноос цаашид төлөх санхүүгийн боломж эх үүсвэргүй болсон. Бодит байдалд буюу давагдашгүй хүчин зүйл болох гал түймрийн уршгаар манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон цаг үеэс өр төлбөр ихээр нэмэгдсэн болно. Тухайлбал: Б*******т ХХК, Г, Зээлийн батлан даалтын сан- гийн 2014 оны 02 сарын 04-ний өдрийн гуравласан гэрээг хамтран байгуулсан ба уг гэрээний нөхцөлөөр зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч үндсэн зээлийн 50 хувийг төлөхөөр үүрэг хүлээсэн ч 32,259,801 төгрөгийг Зээлийн батлан даалтын сан Гинд шилжүүлсэнээр үүрэг дуусгавар болсон гэж үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 102/ШШ2022/01534 дугаар шийдвэрээр дээрх төлбөрийг манай компаниас гаргуулан Зээлийн батлан даалтын сан- д төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гал түймрийн шалтгаан нөхцөлд манай компанийг буруутай гэж үзэж 214,070,000 төгрөгийн Д.А*******д, 90,957,000 төгрөгийг П******* ХХК-д тус тус олгуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00426 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Б******* ХХК нь нийт 369,546,602 төгрөгийн өр төлбөртэй болоод байгаа ба энэ нь шүүхийн шийдвэрүүдээр нотлогдоно. Татвар байгууллага болон Нийгмийн даатгалын байгуулагад өр төлбөргүй бөгөөд татварын хяналт шалгалтаар 2023 оны 12 сарын 14-ний өдөр Б******* ХХК-ийн татвар төлөгчийн татвар төлөх үүргийг дуусгавар болгон шийдвэрлэсэн. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байх ба манай компанийн өр төлбөр өөрийн хөрөнгийн 320 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон тул төлбөрийн чадваргүйд тооцуулах үндэслэл бий болсон байна гэж үзэж энэхүү хүсэлтийг гаргаж байна. Хувьцаа эзэмшигч миний зүгээс компанийн үйл ажиллагааг сэргээх, санхүүжилтын эх үүсвэр олохоор нилээд хүчин чармайлт гаргасан боловч барьцаа хөрөнгөгүй, өр төлбөртэй улмаас боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байна. Иймд Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зохицуулалтын дагуу Б******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоон, дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэж өгнө үү. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан ба бусдаас авах авлага болон дахин хөрөнгөжүүлэх саналгүй болно. Иймд компанийг татан буулгаж, дампуурсанд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2. Хэрэг гүйцэтгэгч А.Э*******ын дүгнэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28018 дугаартай захирамжаар Б******* ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол улсын сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухайн 343 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн цахим тайлан системд баталгаажсан санхүүгийн тайлангуудад төлбөрийн чадварын болон дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж Дампуурлын тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан бүрдүүлбэрээр шүүх болон хэргийн зохигч нарт 2025 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр дүгнэлтээ гаргаж танилцуулсан. Дампуурлын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т өөрийн хөрөнгийн 10-аас дүүшгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон бол түүнийг төлбөрийн чадваргүйд тооцно гэж зохицуулсан байгаа. Өөрийн 10-аас дээшгүй хувь буюу түүнтэй тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан үүргийн дагуу биелүүлэх боломжгүй болох гэсэн уг хуулийн зохицуулалтыг тус компаний 2015-2023 оны санхүүгийн тайланд төлбөрийн чадваргүйдлийн иж бүрэн шинжилгээ буюу нөхөлтийн копцент, эргэлтийн хөрөнгийн харьцаагаар төлж барагдуулах ойрын боломж, төгрөгийн хөрөнгийн хөрвөх харьцаагаар төлбөр барагдуулах өнөөгийн боломж болон санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ гэсэн цогц шинжилгээнүүдийг хийж, тоон утгаар нотолж өгөх ажиллагааг хийсэн. Санхүүгийн тайлангийн шинжилгээний гарсан үзүүлэлт ямар байгаа эсэх болон зохистой үзүүлэлтүүд ямар байх ёстой, энэ нь юуг илэрхийлж байгаа талаар тайлбарласан. Дүгнэлтийн 2 дугаар хэсэгт тус компаний нийт өр төлбөрийг гаргаж өгсөн. Нийт 369 546 602 төгрөгийн өр төлбөртэй. Дээрх өр төлбөрүүд нь Гны 32 259 800 төгрөгөөс бусад нь өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа өр төлбөр байдаг. Санхүүгийн шинжилгээнд үндэслээд 2015 оноос өөрийн хөрөнгийн 63.3 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хуульд буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэх чадваргүй болсон байна гэж дүгнэсэн. Дүгнэлтийн 4 дүгээр хэсэгт төлбөрийн чадамжгүй болсон шалтгааныг хэрэг гүйцэтгэгч юу гэж үзсэн талаараа дүгнэлтийг хийсэн. Уг байгууллагын бусдад өгөх өр төлбөрүүд нь санхүүгийн тайлангаар 2015 оноос 77 600 000 төгрөг, шүүхийн шийдвэрээр 2020 онд 305 000 000 төгрөг, 2022 онд 64 000 000 төгрөгөөр тус тус нэмэгдэж, нийт 369 500 000 төгрөгийн өр төлбөртэй болсон байна. Тус байгууллага хуванцар хаягдал савыг дахин боловсруулж Бүгд найрамдах хятад ард улс руу гаргадаг үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Дэлхий нийтээр тархсан цар тахлын шалтгаанаас улс орон тогтоогдсон Нийслэлийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаартай захирамж болон Улсын онцгой комиссын шийдвэрээр улсын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг зогсоосон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоож, төлбөрийн чадваргүй болох нөхцөл болж өгсөн байна. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түрээсэлж байсан үйлдвэрийн байранд гарсан гал түймэрт тус байгууллагын тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал устаж үгүй болсон нь цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон үйл явдал нь төлбөрийн чадваргүй болгох, дахин хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болгосон байна. Тус байгууллагын төлбөр барагдуулах чадамж, төгрөг хөрвөх байдал алдагдсан. Эргэлтийн хөрөнгийн харьцаа маш бага буюу зогссон харьцаа 156 дахин бага үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа. Үүнийг нотолж байна гэж үзсэн. Монголын татварын алба татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 136 дугаар нөхөн ногдуулалтын актад үндэслэн татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Б******* ХХК-ийн татвар төлөх үүргийг дуусгавар болгож татвар төлөгчийн улсын бүртгэлээс хассан. Өөрөөр хэлбэл уг байгууллага өнөөдөр татвар төлөгч этгээд биш болсон гэсэн үг. Удирдлагын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтийн хувьд Б******* ХХК богино хугацаанд мөн урт хугацаанд төлөх төлбөрүүд нь удаа дараа бий болсон давагдашгүй хүчин зүйл буюу үүнд гал түймэр цар тахлын нөлөөллөөс шалтгаалан гүйцэтгэх боломжгүй болсон. Төлбөрийн чадамжгүй болсон шалтгаанд гүйцэтгэх албан тушаалын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна гэж үзсэн. Уг дүгнэлтийн 6 дугаар хэсэгтээ шүүчгийн захирамжийн дагуу хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Дампуурлын тухайн хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах хөрөнгийг тогтоолгох мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд байгаа эсэхийг тогтоох зорилгоор шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 01 тоотоор лавлагаа нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 19517 дугаартай захирамжаар ханган шийдвэрлэж, холбогдох газруудаас лавлагаа баримтыг шүүхэд ирүүлж хэрэгт авсан. Үүнд хөрөнгийн бүртгэлийн төрийн байгууллагууд болон Монгол улсын хэмжээнд байх банкнуудаас холбогдох баримтууд ирсэн. Яагаад уг баримт ирсэн гэж үзэж байгаа үндэслэл нь хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахдаа 3 төлөвтэйгөөр лавлагааг авсан. Тус байгууллагын өмчлөлд эд хөрөнгө байсан эсэх, эрх нь шилсэн эсэх болон одоо байгаа эсэх гэсэн лавлагааг гаргуулсан. Уг лавлагаа болон нотлох баримтдаа үндэслэж Дампуурлын тухайн хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилах хөрөнгийн дүгнэлтийн 7 дугаар хэсэгтээ тусгасан. Шүүхэд ирүүлсэн лавлагаа болон нотлох баримтуудаар уг байгууллагын хуваарилагдах хөрөнгүүдийг Г ХК-ийн 220 тоот төгрөгийн харилцах дансны 15 000 төгрөг байна гэж тогтоосон. Өөр хөрөнгийн эрх болон бусад эд хөрөнгө тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн талаар дүгнэлтийн 8 дугаар хэсэгт байгаа. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24963 дугаартай захирамжаар Б ХХК-ийг төлбөрийн чадамжгүйд тооцож, хуульд заасан үндэслэн хүлээн авч хурдыг хуралдуулах зарыг Дампуурлын тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 21-өдрийн 223 дугаартай нийтэд мэдээллэсэн боловч шүүхэд уг хугацаанд нэхэмжлэл гаргаж оролцоогүй. Үүнийг шалтгаантай гэж үзэж байгаа. Учир нь өмнөх нэхэмжлэгч нар өмнө нь шүүхээс гарсан хүчин төгөлдөр шийдвэртэй этгээдүүд байгаа. Мөн шүүхийн шийдвэртэй этгээдүүд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуваарилагдах хөрөнгө байхгүй тохиолдолд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхгүй зарчим байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан болон 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзэж нэхэмжлэлээ гаргаагүй байх гэж хэрэг гүйцэтгэгчийн зүгээс үзэж байна. Дүгнэлтийн 9 дүгээр хэсэгт дампуурлын шинжилгээтэй холбоотой дүгнэлт байгаа. Монгол улсын сангийн сайдын 343 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан аргачлалаар 2015 оноос 2023 онуудын санхүүгийн тайланд дампуурлын шинжилгээний загваруудаар уг байгууллагат шинжилгээ хийсэн. 5 замын шинжилгээгээр дампуурах магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж үзэж байгаа. Дүгнэлтийн 10 дугаар хэсэгт уг байгууллагыг дахин хөрөнгөжүүлэх эсхүл татан буулгах талаар санал хүсэлтээ гаргасан. Дампуурлын тухайн хуулийн 23 дугаар зүйлд заасан этгээд болох хэрэг гүйцэтгэгч, хариуцагч, нэхэмжлэгч нар шүүхэд дахин хөрөнгөжүүлэх саналыг гаргах ёстой байдаг. Ингэхдээ түүнийг төлбөрийн чадваргүй болсноос 60 хоногийн тодор гаргах ёстой байдаг. Уг хугацаанд хэрэг гүйцэтгэгч миний бие болон хүсэлт гаргагчаас дахин хөрөнгөжүүлэх санал ирүүлээгүй тул Дампуурлын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж байна. Дүгнэлтээрээ уг саналыг 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан ба өнөөдрийн шүүх хуралдаанд уг хүсэлтээ дэмжиж оролцож байна гэжээ.
3. Хүсэлт гаргагч хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.08.30-ны өдрийн 04990 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Иргэнй хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.04-ний өдрийн 01033 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.18-ны өдрийн 1171 дүгээр магадлал, Баянгол дүүргиийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.04-ний өдрийн 02936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.24-ний өдрийн 00029 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019.06.11-ний өдрийн 00879 дүгээр тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 00426 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 798 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.02.24-ний өдрийн 00192 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхйн 2022.04.26-ны өдрийн 01534 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2022.10.03-ны өдрийн 00991 дүгээр тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, компаний шинэчилсэн гэрээ, Б******* ХХК-ийн 2022.06.20-ны өдрийн 2022/01 дүгээр хурлын тэмдэглэл, орчуулгын хамт, 2022.06.20-ны өдрийн 02 дугаар хурлын тогтоол орчуулгын хамт, өдрийн сонин, Монголын татварын албаны 2023.12.12-ны өдрийн 01 дүгээр татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, 2023.12.08-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт, Үндэсний татварын албаны ТБ-05 дугаар маягт, 2023.12 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2022 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, дансны хуулга, Гамшиг судлалын хүрээлэнгийн 2015.04.06-ны өдрийн 9/62 дугаар шинжээчийн дүгнэлт, Б******* ХХК-ийн санхүүгийн байдлын тайлан зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 4-169, 2-хх-ийн 52-191/
5. Шүүхээс хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтны албаны 2024.09.18-ны өдрийн 936 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 024.09.20-ны өдрийн 21325 дугаар нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн 00902 дугаар гүйцэтгэх хуудас, 2023.05.08-ны өдрийн 08470 дугаар захирамж, 2022.04.26-ны өдрийн 01534 дүгээр шийдвэр, 2022.06.24-ний өдрийн 01201 дүгээр магадлал, 2022.10.03-ны өдрийн 00991 дүгээр тогтоол, 2022.06.03-ны өдрийн 00949 дүгээр гүйцэтгэх хуудас, 2022.06.03-ны өдрийн 09979 дүгээр захирамж, 2020.02.04-ний өдрийн 00426 дүгээр шийдвэр, 2020.04.08-ны өдрийн 798 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.02.24-ний өдрийн 00192 дугаар тогтоол, 2017.08.11-ний өдрийн 01030 дугаар гүйцэтгэх хуудас, 2016.08.30-ны өдрийн 049900 дүгээр захирамж, 2017.08.11-ний өдрийн 10754 дүгээр захирамж, Банкны төлбөр барагдуулах газрын 2024.09.23-ны өдрийн 4678 дугаар албан бичиг, Тээвэр хөгжлийн банкны 2024.09.20-ны өдрийн 778 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024.09.23-ны өдрийн 18/2208 дугаар албан бичиг, Ариг банк ХК-ийн 1647 дугаар албан бичиг, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024.09.23-ны өдрийн 13/263 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.09.23-ны өдрийн 9/21668 дугаар албан бичиг болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024.09.20-ны өдрийн 865 дугаар албан бичиг, Богд банкны 2024.09.23-ны өдрийн 8727 дугаар албан бичиг, Чингис хаан банкны 2024.09.24-ний өдрийн 1472 дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2024.09.23-ны өдрийн 10951 дүгээр албан бичиг, Хас банк ХК-ийн 2024.09.24-ний өдрийн 4470 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 724 дүгээр албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2024.09.24-ний өдрийн 132 дугаар лавлагаа, Гаалийн Ерөнхий газрын 2024.09.24-ний өдрийн 3904 дүгээр албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024.09.20-ны өдрийн 1405 дугаар албан бичиг, Монголын гаалийн 2024.09.23-ны өдрийн тодорхойлолт, Капитрон банкны 2024.09.23-ны өдрийн 2487 дугаар албан бичиг, Гны 2024.09.27-ны өдрийн 1640 дүгээр албан бичиг, дансны хуулга, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2024.09.24-ний өдрийн 2126 дугаар албан бичиг, 2023.12.08-ны өдрийн 23230000136 дугаар нөхөн ногдуулалтын акт, татвар төлсөн тооцоолол, Ашигт малтмалын газрын тосны газрын 2024.09.26-ны өдрийн 4035 дугаар албан бичиг, Төрийн банк ХК-ийн 2024.10.04-ний өдрийн 5037 дугаар албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2024.10.03-ны өдрийн 988 дугаар албан бичиг, Монголбанкны 2024.10.08-ны өдрийн 727 дугаар албан бичиг, Монгол улсын хөгжлийн банкны 2024.10.03-ны өдрийн 5/1027 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны 2024.09.23-ны өдрийн 6376 дугаар албан бичиг, Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024.09.20-ны өдрийн 15/225 дугаар албан бичиг, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024.09.23-ны өдрийн 14/735 дугаар албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 207-250, 2-хх-ийн 1-47, 49-51/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч Б******* ХХК нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд: Манай компани анх 2008 онд байгуулагдаад хаягдал хуванцар хагас боловсруулан экспортлох үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжих шөнө түрээсэлж байсан байранд гал гарч шатсантай холбоотой өнөөдрийг хүртэл нийт 10 гаран жил үйл ажиллагаа огт явуулахгүй байж байгаад дахин санхүүжүүлэх талаар бодсон боловч цар тахал гарч цааш үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Эцсийн шийдвэр нь компанийг татан буулгаж, дампуурсанд тооцох хүсэлттийг гаргаж байна гэжээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
3.1 Б******* ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдын хурлаар компаний дүрмийг шинэчлэн баталж, 2 хүний бүрэлдэхүүнтэй, гадаад худалдаа, хаягдал хуванцар түүхй эд бэлтгэн, хагас боловсруулах үйлдвэрлэл, даацын болон хэрэглээний шуудай шйлдвэрлэх оёдлын цех эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон байна.
3.2 Тухайн компани нь Г ХК-д 65 832 642.63 төгрөг, П******* ХХК-д 90 957 000 төгрөг, иргэн Д.А*******д 214 070 000 төгрөг, Г ХК-д 32 259 801 төгрөг, нийт 403 119 443.63 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4990 дүгээр захирамжаар Б******* ХХК-иас 65 832 642.63 төгрөгийг гаргуулж, Г ХК-д олгож,
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 426 дугаар шийдвэрээр Б******* ХХК-иас 214 070 000 төгрөгийг гаргуулж Д.А*******д, 90 957 000 төгрөгийг гаргуулж П******* ХХК-д олгож,
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1534 дүгээр захирамжаар Б******* ХХК-иас 32 259 801 төгрөгийг гаргуулж Г ХК-д олгож, шийдвэрлэсэн төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21325 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
4. Б******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өдрийн сонин-ы 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 223 дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
5. Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28018 дугаар шүүгчийн захирамжаар А.Э*******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон болно.
5.1 Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлж, хүсэлт гаргагч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцжээ.
5.2 Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд Б******* ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтэндээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтанд хийсэн дүгнэлтэнд үндэслэн тус Б******* ХХК нь хууль буюу гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх боломжгүй төлбөрийн чадваргүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Б******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
5.3 Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу Б******* ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Б******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч Б******* ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц Б******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э*******од шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* ХХК нь татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор бусдад төлөх өр, төлбөргүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Б******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ