Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/45

 

2023 оны 10 сарын 09 өдөр                                            Дугаар 2023/ДШМ/45                                                         ******* сум

Н.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.*******дөл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******д холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

...............овогт ...........*******, 1968 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, ******* сум, .......баг, ............... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар .............../

          Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ............. баг ................. хорооллын ............... тоот хашааны гадна иргэн С.*******тэй маргалдан шороо цацаж баруун нүдийг нь гэмтээж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******дөл нь шүүгдэгч Н.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 6 /зургаа/ сарын хугацаагаар “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Шүүгдэгч Н.*******д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Н.******* хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******т 1080000 /нэг сая наян мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж,

Шүүгдэгч Н.*******гаас 10000000 /арван сая/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.******* цаашид гарах эмчилгээний зардал буюу нүдний хараанд өөрчлөлт орж харааны хувь өөрчлөлтөд орсон тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Н.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад хохирол төлбөрт 10000000 төгрөгийг надаас гаргуулан С.*******т олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нь би хууль үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь С.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөртэй холбоотой “..Би сард 1500000 төгрөгний цалин авдаг байсан. Мөн цалин дээрээс нэмж хоол хүнсний мөнгө 1000000 төгрөг авдаг байсан. Нийт би сард 2500000 төгрөг авдаг байсан. Би нэг сар амрахдаа ямаа самнаад 4800000 төгрөг олох байсан” гэсэн мэдүүлгийг, шүүхийн хэлэлцүүлэгт “...Би улирлын чанартай ажил хийдэг байсан. Сард ямаа самнаад олох байсан орлого 5000000 орчим төгрөгийг олох байсан. Эмчилгээнд хүнээс 2000000 төгрөгийг зээлээд явсан. 3000000 төгрөгийг бас нэхэмжилж байна. Ингээд 10000000 төгрөгийг нэхэмжилсэн. Н.******* надад 1080000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгдөг бөгөөд дээрх нэхэмжлэлтэйгээ холбоотой баримтуудыг хохирогч нь хэрэгт болон шүүхэд огт гаргаж өгөөгүй байхад шүүх тус 10000000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжилж буй мөнгө нь үнэхээр тус гэмт хэрэгтэй холбоотой гарах эсэх, гарсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтуудыг нягтлан шалгалгүйгээр шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.*******т хохирол төлбөрт 1080000 төгрөгийг төлсөн байхад дээрх төлсөн төлбөрийг маань нэхэмжилж буй хохирол төлбөрөөс нь хасалгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын 6 дахь заалт буюу хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

          Прокурор Б.*******дөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

           Хохирогч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний баруун талын нүд харах боломжгүй. Тийм учраас хохирлынхоо мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Миний нүд өвдөөд, харах боломжгүй байгаа учраас хэцүү байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

       Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

           Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын .... баг....... хорооллын........тоот хашааны гадна иргэн С.*******тэй маргалдан шороо цацсаны улмаас баруун нүдийг нь гэмтээж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

         Хохирогч С.*******ийн “2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* хамт ямаа самнаж байсан *******, ******* болон ******* гэж хүний хүүхэд *******, ******* нэг танихгүй эмэгтэй нартай аймаг руу гараад 22 цагийн үед ирсэн.

       Аймагт ирээд дэлгүүр рүү *******, танихгүй эмэгтэй бид 3 ороод өөрийнхөө мөнгөөр 1 ширхэг цэнхэр Саss нэртэй лаазтай пиво, 4 ширхэг нийслэл нэртэй лаазтай пиво авсан.

       Тэгээд тэр хэд за бүгдээрээ нэг юм авъя гэсэн. Тэгэхээр нь би уухгүй та хэдэд нэг юм авч өгье гэж хэлсэн. Тэгээд тэр хэд 3 шил 0.75 литрийн ELIX нэртэй архи аваад замдаа тэр танихгүй эмэгтэйг буулгачихаад *******гийн гэр гэх .............. байсан санагдаж байна тэнд очиж уусан.

       Би тухайн үед өөрийнхөө авсан 5 лааз пивоны нэгийг нь хамт Хүрмэн сумаас ирсэн танихгүй хүүхэнд өгөөд буулгасан. Мөн 2 ширхгийг нь *******, ******* нарт өгөөд өөрөө үлдсэн хоёрыг нь уусан.

       Тэгээд надад архи хийж өгөхөөр нь би уулгүй асгачихаад буцаагаад өгсөн. Тэгээд би за би одоо уухгүй гэртээ харьлаа гэсэн чинь ******* намайг хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би та нар уучихаад машин барьж болохгүй би өөрөө унаа дуудаад явлаа гээд 23 цагийн үед манай салсан нөхөр г дуудсан чинь ******* унаа дуудаад явах гэж байна гээд уурлаад байсан.

       Тэгэхээр нь би гэрээс нь гараад гүйсэн. Удалгүй ирээд гадаа зогссон чинь тэр хэд татаж чирээд гэр рүү оруулсан. Тэгэхээр нь би ардаас нь ороод очтол д архи хийж өгч байсан. тэр архийг нь уулгүй буцаагаад өгөхөөр нь би за гараад юмаа ачиж байя гэж хэлээд гаргасан.

       ******* намайг сууна гэж хэлчихээд авирлалаа суусангүй явлаа гээд загинаад байсан. Тэгээд би явъя гэж бодоод гарч ирээд гээс машинд байсан сам гялгар авсан эсэхийг асуучихаад эргээд харсан чинь ******* миний нүд рүү хайрга цацчихсан.

        Тэгсэн чинь миний нүд харанхуйлаад шингэн юм гоожоод ирсэн. Би тэгээд миний нүднээс цус гараад байна гэж *******д хэлэхэд тийм байна гэж хэлж байсан. Тэгээд би гээр хүргүүлээд ...............хорооллын ........... тоотод гэртээ харьсан.

         Тэр шөнө олигтой унтаж чадахгүй байсаар байгаад өглөө нь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явахдаа ******* эгчтэй уулзаад хамт явсан.

       Миний баруун нүдний эвэрлэг цоорч, хүүхэн хараа цувж гарсан байна гэж эмч нар хэлсэн. Би аймгийн эмнэлэгт гэж эмчид үзүүлээд намайг хот яв гэхээр нь би хотод 2023 оны 05 дугаар сарын 12-ны шөнө .... эмнэлэгт яаралтайгаар хүргэгдэж очоод шууд хэвтэж эмчлүүлээд 05 дугаар сарын 13-ны өглөө 09 цагт хагалгаанд орсон. Тэгээд 05 дугаар сарын 19-нийг хүртэл хэвтэж эмчлүүлээд аймагт ирсэн. Одоо миний баруун нүд харахгүй байгаа.” /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ гэх мэдүүлэг

         Гэрч Х.ын ... ******* эгч ******* эгч хоёр жаахан ууж байгаад тарцгаая манайд очиж ууя бүгд нэг нэг шил архи авъя гээд тэр хоёр дэлгүүр ороод 2 шил ЕLIХ нэртэй 0.75 литрийн архи аваад гараад ирсэн.

       ******* бид хоёр яаж зүгээр байх вэ гээд 1 шил 0.75 литрийн ЕLIХ нэртэй архи авсан. Тэгээд бид 4 ......... тэнд хаягийг нь санахгүй байна ******* эгчийн гэрт очсон.

        Тухайн үед 22 цаг болж байсан. Бид 4 авсан архиа уугаад дэлгүүрээс авсан бэлэн идэх юмаа идсэн. Тэгээд эхний шил архийг уучихаад 2 дахь нь талдаа орж байхад ******* эгч ******* бид хоёрыг би харьлаа намайг хүргээд өг гээд байсан.

       Тэгэхээр нь бид хоёр архи уучихсан хүргэж өгч чадахгүй гэж хэлсэн чинь ******* эгч уурлаж байгаад нөхрөө дуудсан. Тэгээд ******* эгч ******* эгчийг өдөөд пизда гөлөг гээд дуудаад байсан. Удалгүй нөхөр нь ирсэн.

         Тэр үед ******* эгч гадаа орилоод яваад байсан. Нөхөр нь удалгүй явлаа хувцсыг нь гаргаад өг гэсэн. Тэгээд ******* тэр хоёр хувцсыг нь гаргаж өгөхөөр машин руугаа гарсан. Тэгсэн гаднаас ******* эгч орж ирээд *******г ядуу пязда гэх зэргээр доромжилж байгаад пязда минь гараад ир гэж хэлчихээд гараад явсан.

         Араас нь ******* эгч гарсан. Би гэрт байж байсан. Тэгсэн гэнэт ******* эгч нүд сохолчихлоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гараад очсон чинь баруун нүдний доод хэсгээс жоохон цус гарч байсан. “ /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэх мэдүүлэг,

        Гэрч Э.*******ын “.. эгч 5 ширхэг лаазтай пиво авч ирээд уух уу гэж асуухаар нь үгүй гэж хэлээд явсан. эгч ******* эгч хоёр бүгдээрээ ******* эгчийнд очиж сууя гэсэн. Тэгээд бид хэд хойшоо .......... руу ******* эгчийн гэр рүү явсан.

       ******* эгчийн гэрт очихоос өмнө .............. байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр дээр зогсоод бид хэд хамт ороод ******* эгч ******* эгч 2 нэг нэг шил 0,75 литрийн ELIX нэртэй архи авсан.

          бид хоёр дундаа нэг 0.75 литрийн ELIX нэртэй архи авсан. Тэгээд ******* эгчийнд 21 цагийн үед очоод ууж эхэлсэн. Эхний шил архийг уучихаэд 2 дахь архийг задлаад ууж эхэлж байхад би эгчийг хүргэж өгөх үү гайгүй эсэхийг нь асуухад зүгээр зүгээр би унаа дуудаад явчихна гэж хэлсэн.

           Тэгээд удалгүй ******* эгч ******* эгч рүү агсраад байсан. бид хоёр та боль хүргээд өгье гэсэн чинь би унаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* эгчийн нөхөр нь ирсэн. Би ******* эгчийн хувцсыг гаргаж өгөхөөр гэрээс нөхөртэй нь хамт гараад машин дээр очсон.

            Тэгсэн чинь араас ******* эгч ******* эгч нар гэрээс гэрч ирсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байсан чинь ******* эгч хайрга газраас аваад цацчихсан. Тэгсэн тэр хайрга нь ******* эгчийн нүд рүү оночихсон. Би эгч дээр очоод харсан чинь баруун талын нүднээс нь цус гарч байсан.” /хавтаст хэргийн 30-32 дахь тал/ гэх мэдүүлэг,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэс 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .....дугаартай шинжээчийн “С.******* биед баруун нүдэнд шарх, эвэрлэгийн урагдал, баруун нүдний хараа бууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        С.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30% нөлөөлнө. С.*******ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3,2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 30% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

        Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

          Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцсон  оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

               Шүүгдэгч Н.*******д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Н.******* нь “хохирогч нь хэрэгт болон шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх 10000000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн нь ойлгомжгүй. Хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

              Анхан шатны шүүх нь “хохирогч, иргэний нэхэмжлэгч С.******* хохирол төлбөрт 10000000 төгрөгийг шүүгдэгч Н.*******гаас нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзсэн болно. Шүүгдэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд 1080000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******т төлсөн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч уг төлбөрийг шүүх хуралдаанд нэхэмжилж байгаа 10000000 төгрөгөөс тусдаа эмчилгээний зардал гэж тооцох саналыг гаргасан.

            Шүүгдэгчийн зүгээс хохирогчоос нэхэмжилсэн 10000000 төгрөг болон хохирол төлсөн 1080000 төгрөгтэй холбоотой саналыг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан. Иймд шүүгдэгч Н.*******гаас 10000000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.” гэх дүгнэлт нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан шүүгдэгч Н.*******гийн мэдүүлгээр нотлогдсон, хууль зүйн үндэслэлтэй. 

          Иймд шүүгдэгч Н.*******гийн “хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.*******гийнхохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                          Л.УГТАХБАЯР

                                                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ