Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/46 

 

2023 оны 10 сарын 09 өдөр                                            Дугаар 2023/ДШМ/46                                                         ******* сум

Ш.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ц.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Болор-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч Ш.*******,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Баасандорж,

Нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.*******т холбогдох........дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

............ ургийн ........ *******, Өмнөговь аймгийн ******* суманд 1979 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* сумын ......... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, ............ баг, ................. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар ........./

          Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ...... багийн нутаг ..............хорооллын дундуур урдаас хойш чиглэлтэй хатуу хучилттай авто замд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Toyota land 80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3, 3.7а-д 12.2-т заасан заалтуудыг  зөрчиж, зам тээврийн осол гаргаж, С.*******ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь шүүгдэгч Ш.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

         Шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож,

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ш.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Ш.*******т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ш.*******т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дугаар зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 100.000.000 нэг зуун сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ид олгож, шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ид 40.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж,

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Оуma гэх бичиглэл бүхий эвдэрсэн унадаг дугуй 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж,

         Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хурааж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээний хугацааг тоолж эхлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо:

            Ш.******* нь хэрэгт холбогдсон цагаасаа зам тээврийн осол гарахад өөрийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ талаар үнэн зөвөөр, тууштайгаар мэдүүлсээр ирсэн бөгөөд өөрөө олон хүүхэдтэй, өр ширтэй ч гэсэн хохирогчийн ар гэрт учирсан бодит хохирлыг бүрэн төлж, сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг өгөх санаачилга гарган эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг.

            Нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд хэдийгээр “амь хохирогчийн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна." гэсэн байдаг ч Ш.******* гэм буруу, хохирол төлбөр дээрээ маргалгүй, өөрийн буруу үйлдлийг шударгаар хүлээн зөвшөөрч буй байдал нь түүнийг гаргасан алдаа, холбогдсон хэрэгтээ ямар их гэмшиж буйг харуулж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс Ш.*******т оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр буюу түүний ар гэр, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг нь харгалзан хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

         Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ш.*******т оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар тусгайлан гаргах санал хүсэлтгүй гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жилийн хорих ялаас доош татаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн буруутай үйлдлээс болж эрдэнэт хүний амь насыг хохироосондоо туйлын их харамсаж байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих суудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

                 Шүүгдэгч Ш.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын ....багийн нутаг ........... хорооллын дундуур урдаас хойш чиглэлтэй хатуу хучилттай авто замд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Toyota land 80 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...”, 3.7а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...эсвэл согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 12.2-т “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг  зөрчиж, зам тээврийн осол гаргаж С.*******ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

                   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн “...Хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотод байсан. Тэгтэл над руу манай эгч ******* утсаар ярьж энэ хэргийн талаар ярьж *******ийг нас барсан талаар хэлсэн. Талийгаач сүүлийн арав гаруй жил унадаг дугуй унаж хэрэглэж байгаа. Тухайн үедээ унаж явсан унадаг дугуй болохоор талийгаачийн өөрийнх нь унадаг дугуй байсан.” /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ гэх мэдүүлэг,

             Гэрч Б.*******ын  “...Би талийгаачаас 40-50 см орчим зайтай явж байсан.Тухайн үед талийгаач засмал замд орчихсон явж байсан. Би яг засмал зам руу орж байсан. Тэгсэн гэнэт хойд талаас буюу замын баруун талын урсгалаас хойноос урагш чиглэлтэй явж байгаа тээврийн хэрэгслийн шар гэрэл ороод ирсэн.

              Би машин ирж байна гэж хэлж амжилгүй байтал уг машин их хурдтай ирээд манай найзыг мөргөсөн. Тэгээд уг машин замаас баруун тийшээ гараад зогссон. Манай найзын унаж явсан дугуй нь хоёр хуваагдаад замын хажууд хэвтэж байсан. Талийгаач мөргүүлсэн газраасаа нэлээд зайтай ертөнцийн зүгээр урагш шидэгдсэн байдалтай хэвтэж байсан. Би шууд найз дээрээ гүйгээд очтол найзын маань толгой хэсгээс их хэмжээний цус гарч байсан.” /хавтас хэргийн 64-65 дахь тал/ гэх мэдүүлэг,

              Гэрч Б........ийн “... 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд манай хүргэн утсаар залгаж осол болсон талаар хэлсэн. Осол болсон газарт хоёр дүүгийн хамт очсон. Тэгэхэд эмнэлгийн ажилтан ирж үзээд талийгаачийг нас барсан талаар хэлээд явчихсан.” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэх мэдүүлэг,

           Гэрч С.*******ын “...Над руу 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой 21 цаг өнгөрч байхад миний ээжийн дүү ******* эгч утсаар залгаж талийгаачийг автомашинтай хүн мөргөсөн талаар хэлсэн. Тэгээд ослын газарт очиход Цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагч нар ирчихсэн үзлэг хийж байсан. Талийгаач болохоор асфальтан замын ертөнцийн зүгээр баруун хэсэгт нүүр хэсэг нь дээш харчихсан, толгой нь баруун тийш, хөл зүүн тийшээ зам хөндлөн байрлалтай газар хэвтэж байсан.” /хавтас хэргийн 80-81 дэх тал/ гэх мэдүүлгүүд,

                Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн “....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3.” Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.

         Мөн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтыг зөрчсөнөөс осол гарсан.” /хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэх дүгнэлт,

               Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн .... дугаартай шинжээчийн “...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “...эсвэл согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 12.2. “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтуудыг зөрсөн. Яллагдагч Ш.*******ийн өөрийнх нь мэдүүлснээр хэрэг болох үед гэрлийн гялбаанд орсон гэж байгаа нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь хэсэгт заасан “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” /2 дугаар хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэх дүгнэлт,

                 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08- ны өдрийн ....... дугаартай шинжээчийн “...С.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, бяцрал, баруун шилбэний 2 ясны ил хугарал, өвчүүний хугарал, уушги, элэгний урагдал, язрал, цээжний хөндийн хий-цус хуралдалт, хэвлийн хөндийн цус хуралдалт, хурц цус багадалт, дух, дээд уруул, эрүүний язарсан шарх, дух, хамар, зүүн хацар, эрүү, баруун сарвуу, өвдөг, шилбэ, зүүн бугуй. сарвуу. ташаа, гуя, өвдөг, 2 талын өгзөг дэх зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

                 Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүссэн. Үхэлд хүргэсэн гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох ач холбогдолгүй болно. С.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. С.******* нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.” /хавтас хэргийн 89-91 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

          Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ш.*******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

              Шүүгдэгч Ш.*******т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь давж заалдах шатны шүүхэд “...анхан шатны шүүхээс 100000000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасныг Ш.******* нь төлж хохиролгүй болгосон. ...түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг ирүүлжээ. 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 100000000 төгрөгийг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн болно.

           Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан  хохирлыг төлсөн, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн тайлбарыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3” гэж, “3 /гурван/” гэснийг “1 /нэг/” гэж, 3 дахь заалтын “3 жил” гэснийг “1 жил” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ид гэм хорын хохиролд 100000000 /нэг зуун сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жаран/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                       Л.УГТАХБАЯР

                                                                                          Ц.ОТГОНЦЭЦЭГ