| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04048/И |
| Дугаар | 192/ШШ2025/00258 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/00258
2025 оны 01 сарын 15 өдөр Дугаар 192/ШШ2025/00258 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хүннү 2222, 223 байр, 17 давхар 04 тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлс болон ээлжийн амралтын олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэнгаваа, Э., Хариуцагчийн өмгөөлөгч О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор гаргуулж, татвар, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч 2015 онд 11 сард ******* ******* ******* ХХК-д тогоочоор орсон. Туршилтын хугацаанд ажиллаж байгаад үндсэн ажилтан болж, нэг сарын 1 500 000 төгрөгийн цалин авч, нийгмийн даатгал төлөөд 900 000 төгрөг авдаг байсан. ******* хилсс ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024.05.08-ны өдрийн 423 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т дэх хэсэгт тайлбарлахдаа: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлыг давтан гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргахыг ойлгоно.Зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай, тус бүрт сахилгын шийтгэл заавал ноогдуулсан байхыг шаардахгүй. Давтан гарсан зөрчлүүдийн хугацаа өмнө сахилгын зөрчил хүлээлгэсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байхаар тайлбарласан. Сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, ажил дээр зүй бус авирладаг гэх үндэслэлээр хариуцагч компани ажлаас чөлөөлсөн байдаг. Ноцтой зөрчлийг мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн тогтоолд тайлбарлахдаа ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, түүний эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Гэрээний талууд ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалласан арга хэмжээг аваагүй. Амраад ажилдаа орохоор очиход нь шууд гэрээг цуцалж ажлаас халсан. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гурван талт хороонд хандсан боловч ажил олгогчтой эвлэрээгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговорыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Талууд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 6 дугаар зүйлд ноцтой зөрчлийн талаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч 6.11.8, 6.11.12, 6.11.16 дугаар заалтуудыг зөрчсөн. Ажилтан Н.*******ийн биеэ авч явах байдалтай холбоотой ажилтнуудаас гомдол удаа дараа ирж байсан. Компанийн нэр хүндэд нөлөөлөх зохисгүй үйлдэл гаргасан талаар 2024 оны 4 сарын 29,30-ны өдрүүдэд зөрчлийн талаар илтгэх хуудас ирүүлсэн. Уг зөрчлийг 4 сарын 26-ны өдөр гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.Үүнтэй холбоотой нэхэмжлэгчид тайлбар өгөх талаар мэдэгдэхэд ...ХАБ-ын мэргэжилтэн болон талбайн мэргэжилтэнд уурлаад 2 п..да чинь гэж хэлсэн, тэгээд өөр хэрэлдсэн зүйл байхгүй гэсэн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг ирүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийнхөө оронд байгууллагад хамааралгүй гадны хүнийг ажиллуулсан. Компанид мэдэгдэлгүй, би амарлаа, миний оронд ажиллах хүн гэж хэлсэн.Тухайн ажилтныг ажиллуулахтай холбоотой маргаан үүсэхэд наад хүүхэн чинь гааз ажиллуулж мэднэ, ажилласан цагийг миний цаг дээр бүртгэнэ гэж хэлсэн. Тогоочоор ажиллуулахаар авчирсан хүн нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй эсэх нь тодорхойгүй, ХАБ-ын зааварчилгаа, байгууллагын хүний нөөцөөс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар нэхэмжлэгчид шаардлага тавьсан байдаг. Түүнчлэн боомт дээр хөрөнгө оруулагч Өвөр Монголын -Говь ХХК 2024 оны 4 дүгээр сарын 10-26-ны өдрийн хооронд ажиллаж байх үед талбай дээр бусадтай хэрүүл маргаан үүсгэж, тухайн төлөөлөгчийн хажууд зүй бус үйлдэл үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор арга хэмжээ авах талаар хөрөнгө оруулагч байгууллага манайд мэдэгдсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь тогтоогдоно. Байгууллагы зүгээс сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр биш, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэмж хэлэхэд манай компани нь улсын онцгой обьект, хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэвтэрч байгаа ажилтан бүр тусгай зөвшөөрлийн дагуу нэвтэрдэг тул өөрийнхөө оронд зөвшөөрөлгүй хүн ажиллуулах нь ноцтой зөрчил бөгөөд их хэмжээний эрсдэл дагуулах аюултай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
3. Нэхэмжлэгчээс: 2024.06.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 24/30 дугаар тэмдэглэл, /хх 3-2024.05.08-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 423 дугаар тушаал, Н.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.10.08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх 3-7, 102-104 тал/
4. Хариуцагчаас: ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.06.25-ны өдрийн итгэмжлэл, 2024.05.03-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 420 дугаар мэдэгдэл, 2024.05.07-ны өдрийн Н.*******ийн тайлбар, 2024.05.08-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 423 дугаар тушаал, 2023.02.01-ний өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023.02.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024.04.30-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан Ө.Амармэндийн илтгэх хуудас, 2024.04.29-ний ******* хилсс ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэнгаваагийн илтгэх хуудас, хөдөлмөрийн дотоод журам, 2024.06.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 24/30 дугаар тэмдэглэл, 2024.07.31-ний өдрийн 504 дүгээр мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.01.09-ний өдрийн Н.*******ийн хүсэлт, 2024.05.08-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 423 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал, 2024.05.03-ны өдрийн 420 дугаар мэдэгдэл, 2024.01.01-ний өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 208 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал, 2023.07.20-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 231 дүгээр тушаал, 2023.02.01-ний өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023.12.02-ний өдрийн ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 18 дугаар тушаал, ******* ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2022.12.01-ний ******* ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, 2024.10.04-ний өдрийн 63, 64 дугаар итгэмжлэл, 2024.11.06-ны өдрийн 65 дугаар итгэмжлэл, 2024.05.03-ны өдрийн 420 дугаар мэдэгдэл, 2024.05.07-ны өдрийн Н.*******ийн гараар бичсэн тайлбар, 2024.11.27-ны өдрийн итгэмжлэл, /хх 10-12, 19-77, 105-106, 110-112, 118-125 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.******* нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024.05.08-ны өдрийн 423 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч тус компанийн тогоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ өмгөөлөгчийн хамт дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа сахилгын болон ноцтой зөрчлийн алийг нь ч гаргаж байгаагүй. Ажил олгогч сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан арга хэмжээг шат дараалласан хэлбэрээр оногдуулах байтал шууд ажлаас халах шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн ажлаас халахдаа 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх хуульд заасан журмын зөрчсөн тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ажилтан Н.******* нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11.8, 6.11.12, 6.11.16 дахь хэсэгт заасан ажилтны харилцааны ёс зүйг зөрчсөн, удирдах ажилтны даалгавар, шийдвэрийг эсэргүүцсэн, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зохисгүй үйлдлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.12.01-ний өдрийн 18 дугаар тушаалаар Н.*******ийг 2022.12.01-ний өдрөөс эхлэн талбайн тогоочийн албан тушаалд 2 сар туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, /хх 62 тал/
4.2 2022.12.01-ний өдөр ******* ******* ******* ХХК, Н.******* нарын хооронд 4 дугаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Н.*******ийг тогоочоор нэг сарын 1 200 000 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллуулахаар тохиролцсон, /хх 81-84 тал/
4.3 ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2023.02.01-ний өдрийн тушаалаар Н.*******ийг 2023.02.01-ний өдрөөс талбайн тогтоочийн албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн, /хх 61 тал/
4.4 2023.02.01-ний өдөр ******* ******* ******* ХХК, Н.******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Н.*******ийг тогоочоор нэг сарын 1 200 000 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллуулахаар тохиролцсон, /хх 85-92 тал/
4.5 ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024.05.08-ны өдрийн 423 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.0.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, дотоод журмын 20 дугаар зүйлийн 20.7.8, 20.7.10, Н.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11.8, 6.11.12, 6.11.16, ажилтнаас 2024.05.07-ны өдөр гаргасан тайлбар зэргийг үндэслэх ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, /хх 57 тал/
4.6 ******* ******* ******* ХХК-ний 2024.05.03-ны өдрийн 420 дугаар албан бичгээр Н.*******т гаргасан зөрчилтэй холбогдуулан тайлбар ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн, /хх 58 тал/
4.7 ******* ******* ******* ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022.10.24-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн дотоод журмыг баталсан, /хх 63-76 тал/
4.8 2024.04.30-ны өдөр менежер ээс, 2024.04.29-ний өдөр менежер оос гүйцэтгэх захиралд тус тус илтгэх хуудас хүргүүлсэн, /хх78-80тал/
4.9 Өвөр Монголын говь трейд ХХК-иас 2024.04.29-ний өдөр ******* *******с ХХК-д ажилчдынхаа ёс зүйд анхаарч ажиллах агуулгатай албан тоот хүргүүлсэн, /хх 125 тал/
4.10 2024.06.11-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж, талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх журмаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх боломжгүй талаар 24/30 дугаар тэмдэглэл үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 93-95 тал/
5. Зохигч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхэд маргаантай.
6. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.05.08-ны өдрийн 423 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, дотоод журмын 20 дугаар зүйлийн 20.7.8, 20.7.10, Н.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.11.8, 6.11.12, 6.11.16, ажилтнаас 2024.05.07-ны өдөр гаргасан тайлбар зэргийг үндэслэн цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан байна.
Хэрэгт авагдсан 2023.02.01-ний өдөр ******* ******* ******* ХХК, Н.******* нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.11.8-д үйлчлүүлэгч, хамтран ажиллагч нараас ажилтны харилцааны ёс зүй, биеэ авч явах байдалтай холбоотой гомдол 2 ба түүнээс дээш ирсэн, 6.11.12-т удирдах ажилтны даалгавар, шийдвэрийг эсэргүүцэх, худал цуурхал тараах, бусдыг турхирах, өдөөн хатгах, мушгин гуйвуулах, буруу биелүүлэх, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтанд орох нөхцлийг санаатайгаар бий болгох, 6.11.16-д албан тушаалаа урвуулан ашигласан, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан, аливаа мэдээллийг компанийн нэр хүнд, ажиллагсдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэлбэрээр ашигласан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгажээ.
Хуульд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг гаргасан байхаас гадна хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ойлгох бөгөөд ажил олгогч энэ үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байх шаардлагатай.
Хэрэгт авагдсан ******* ******* ******* ХХК-ийн ХАБ хариуцсан менежер Ө.Амармэнд нь 2024.04.30-ны өдөр Н.******* нь өөрийнхөө ажлын байранд гадны хүн ажиллуулсан тухай болон гадны хүнийг хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн шаардлагыг утсаар тавихад хэл амаар доромжилсон гэх агуулга бүхий илтгэх хуудсыг, талбайн менежер 2024.04.29-ний өдөр гэвч тогооч Н.******* миний фэйсбүүк чат руу өөрийнхөө ажлын байранд түр ажиллаж байсан тогоочоос элдвийн зүйл шалгаалаа гэсэн шалтгаанаар уурлаж ундуйцан ХАБ-ын ажилтан бид хоёрт хандан хараалын үг хэллэг хэлж, зүй бус хандлаа гэх агуулга бүхий илтгэх хуудсыг тус тус хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд зүй бус үг хэллэг хэрэглэсэн талаар үгүйсгээгүй.
Түүнчлэн, Өвөр Монголын говь трейд ХХК-иас 2024.04.29-ний өдөр тус хугацаанд талбайд ажиллаж буй тогооч Н.******* нь компанийн төлөөлөгчийг хажууд зүй бус үг хэллэг хэлж ёс зүйгүй үйлдэл гаргасан тул ажилчдынхаа ёс зүйд онцгой анхаарах арга хэмжээ авна уу гэх албан бичгийг ирүүлсэн байна.
Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч Н.******* нь хөдөлмөрийн гэрээний 6.11.8-д заасан үйлчлүүлэгч хамтран ажиллагч нараас ажилтны харилцааны ёс зүй, биеэ авч явах байдалтай холбоотой гомдол 2 ба түүнээс дээш ирсэн гэх заалтад тусгасан зөрчлийг гаргасан, зөрчил гаргасан болох нь илтгэх хуудас болон говь трейд ХХК-ний албан бичгээр нотлогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчийн, ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг ногдуулах зарчмыг зөрчсөн гэх тайлбар нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй гэх үндэслэлээр, шат дараалласан арга хэмжээ аваагүй гэх тайлбарыг энэ талаар хуульд үүрэг болгосон зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр, ажлаас халах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгөөгүй гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтад хамаарахгүй гэж дүгнэсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус нэхэмжлэгч Н.*******ийн ******* ******* ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговорыг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ