Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00371

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00371

 

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03527 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХК-ийн хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 8 808 465 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х, хариуцагч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.М нь Г ХК-д санхүү бүртгэлийн хэлтэст ажиллаж байх хугацаандаа 2019 оны 4 дүгээр сарын 12-27-ны өдрийн хооронд Архангай аймгийн Цэцэрлэг суманд ноолуур бэлтгэх зорилгоор албан томилолтоор явсан байдаг. Тус аймагт албан томилолтоор ажиллах хугацаандаа нийт 3 913 757 200 төгрөгөөр ноолуур бэлтгэсэн. Албан томилолтоор явахаас өмнө Г ХК-аас Ч.Мын ХААН банкин дах хувийн данс руу нийт 4 250 000 000 төгрөгийг шилжүүлснээс Ч.Мын бэлтгэсэн үнийн дүн болох 3 913 757 200 төгрөгийг хасч, мөн бэлтгэн нийлүүлэгч н.Оын ажлын хөлс болох 23 595 280 төгрөгийг уг зардалд нэмж нийт 3 937 352 480 төгрөгийн томилолтын зардал гаргасан. Ингээд уг хэмжээний ноолуурыг 2019 оны 4 дүгээр сарын 18- 26-ны өдрийн хооронд Г ХК-ийн агуулахад нийлүүлсэн байдаг. Үүнээс 3 хоногийн дараа үлдэгдэл төлбөрүүдийг шилжүүлсэн. Буцаан шилжүүлж тооцоо нийлэхэд 5 882 800 төгрөг дутаж байсан. Тухайн мөнгийг малчдад ноолуурын төлбөр мөнгө тушаахдаа хаясан гэх тайлбарыг өгсөн. Томилолтын тушаалын дагуу эд хөрөнгө хариуцагч Ч.М нь тухайн төлбөрийг төлөх хүсэлтээ 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Энэ өдрөөс хойш ажлаас гарах өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй. Ажлаас өөрийн хүсэлтээр гарсан байдаг. Өөрийн хүсэлтээр ажлаас гарахаар тойрох хуудас үйлдэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг Г ХК-тай байгуулсан байдаг. Төлбөр барагдуулах гэрээгээр төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулахаар мөн алданги тооцсон байдаг. Уг гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги, торгууль тооцох зохицуулалт байсан. Нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч огт төлбөр хийгээгүй. 30 хоногийн 30 хувьтай тэнцэх торгууль болох 1 761 693 төгрөг, алданги 3 376 578 төгрөг, хуульд заасны дагуу 50 хувь болох 2 935 955 төгрөгийг үндсэн төлбөрт нэмж Ч.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би анх 2017 оны 02 дугаар сард Г ХК-ийн оёдлын үйлдвэрт туслах материалын тооцоо гаргагч гэх албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тухайн алба тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хариуцагчийн гэрээг давхар байгуулсан. Үүнээс хойш жилийн дараа дэвшин санхүү бүртгэлийн хэлтэст хяналтын тооллогын нягтлан бодогч гэх шинэ албан тушаалд ажиллаж эхэлсэн. Шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хариуцагчийн гэрээг байгуулаагүй. Хяналтын тооллогын нягтлан бодогч гэх албан тушаалд байхад 2019 оны 4 дүгээр сард Архангай аймаг руу албан томилолтоор ноолуурын санхүү хариуцах үүрэгтэйгээр явуулсан байдаг. Үүнд чанар шалгагч, бэлтгэн нийлүүлэгч, санхүү гэх 3 хэсгээс бүрдсэн хүмүүс явсан. Тухайн үед ноолуур авахаар албан томилолтоор явуулахад хяналтаар яваад ир гэж аман байдлаар хэлсэн байдаг. Тус газар ноолуур бэлдэж байхад орчин нөхцөл маш муу, агуулах нь задгай бөгөөд олон хүн цугласан эрсдэл гаргах өндөртэй байдалд ноолуур бэлдсэн. Ноолуур бэлдэж байх хугацаанд ноолуурын ченж хүмүүс согтуу ирж дайрч, хүнд нөхцөлд байсан. Тэр үед 1 шуудай ноолуур алдсан гэдгийг дараа нь ноолуур ачилт хийж байхдаа мэдсэн. Г ХК-д ирж тооцоо нийлэхэд 1 шуудай ноолуур алдсан гэдгээ тухайн үед хэлсэн. Тэр үед компанийн удирдлагууд намайг төлөх ёстой гэж шахаж шаардсан учраас би тухайн өргөдлийг бичиж өгсөн байдаг. Түүнээс хойш өөр албан газраас таатай ажлын санал ирж Г ХК-аас гарах хүсэлтээ өгсөн. Тэр үед түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ байдаг гэдгийг олж мэдсэн. Тус гэрээний 4.1-т тээвэрлэлт, хадгалалт зэргийг бүх эрсдэлийг бэлтгэн нийлүүлэгч бүрэн хариуцна гэж заасан байсан ба үүнийг би мэдээгүй. Би нэг ч төгрөг хэрэглээгүй, ноолуур аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад ноцтой төөрөгдсний улмаас байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээний дагуу 6 572 310 төгрөгийг төлөх үүрэггүй байхад Г ХК-ийн зүгээс өөрсдийн давуу байдлыг ашиглаж бусдын төлөх ёстой байсан үүргийг Ч.Мд ногдуулсан. Ч.Мын хувьд төөрөгдсөн, ач холбогдол бүхий байдлыг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан гол үндэслэл нь тухайн этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа байгаа юм. Энэ хэлцлийг байгуулахдаа ажил олгогч нь өөрийн давуу байдлаа ашиглан, энэ гэрээ байгуулсны дагуу тойрох хуудсыг өгнө гэсэн байдаг. Ч.М уг мөнгийг төлөх үүрэггүй гэдгийг мэдсэн даруй Г ХК-ийн хуулийн хэлтэст хандсан боловч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд мөнгө барагдуулах тухай бичсэн учраас мөнгийг төлөх ёстой гэж хандсан байдаг. Ч.Мын хувьд тухайн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг мэдэхгүй байсан. Ноолуур бэлтгэн нийлүүлэх явцад хэн хэрхэн хүлээх ёстой байсан гэдгийг мэдээгүй. Нэхэмжлэгч талаас өгсөн мэдээллийн хүрээнд би төлөх ёстой юм байна гэж үзэн хэлцэл байгуулсан байдаг. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3-т заасан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ноолуур алдсан гэж байгаа боловч мөнгө л алга болсон. Ноолуур бэлтгэсэн хэмжээгээр агуулахад ачсан. Тэрээр хэрвээ зөвшөөрөхгүй байсан бол хуулийн хэлтэст мэдэгдэж болох байсан. Гэтэл өөрөө хүсэлтээ гаргаад мөнгө алга болгосон гэх тайлбар өгсөн. Тоологчийг эд хөрөнгө хариуцагчаар тогтоосон зүйл байна. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээнд ажил олгогчоос ажилтны хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгө эсхүл ажлын шаардлагаар ажилтанд олгож, ажилтан өөрөө олж авсан зүйлийг хариуцахаар тодорхой заасан байна. Мөн дутагдал гаргах юм бол ажилтан өөрөө хариуцна гэсэн байдаг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 232 дугаар зүйлийн 232.6, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д зааснаар хариуцагч Ч.Маас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 8 808 465 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, хариуцагчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/429 дугаар Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 886 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 707 төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155 886 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ...Тус томилолтоор ажиллах явцад 1 шуудай ноолуур алга болсон, энэ талаар тухайн үед бэлтгэн нийлүүлэгчээр явсан н.О гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн Г ХК нь бэлтгэн нийлүүлэгчтэй Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулдаг бөгөөд тус гэрээний зохицуулалтаар тээвэрлэлт, хадгалалтын явцад гарч болох бүх эрсдэлийг бэлтгэн нийлүүлэгч хариуцна гэсэн зохицуулалттай байдгийг мэдсэн бөгөөд энэ гэрээг хариуцагч өөрөө олж авах боломжгүй байсан тул Г ХК-иас гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх хэрэгт ач холбогдолтой эдгээр хүсэлтүүдийг хангахаас татгалзсан атлаа хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн.

Хариуцагчийн зүгээс дээрх мэдээллүүдийг Г ХК-д ажиллаж байх хугацаанд мэдэж байсан бол төлбөр барагдуулах хэлцлийг Г ХК-тай байгуулахгүй байсан.

Шүүх хуралдаанд өгсөн хариуцагчийн тайлбар нь хуульд заасан журмын дагуу өгсөн үнэн зөв тайлбар. Тус тайлбар нь нотлох баримтаар үнэлэгдэх ёстой гэж үзэж байна.

Ч.Мыг төлбөр барагдуулах хэлцлийг байгуулахгүй бол тойрох хуудсыг нь зурж өгөхгүй гэсэн шахалт Г ХК-ийн зүгээс байсан тул хэлцлийг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл төлбөр барагдуулах хэлцэл хийх болсон үндэслэл нь агуулгаараа талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаанаас үүсэлтэй бөгөөд хариуцагч нь Г ХК-тай тоологчоор ажиллаж байхдаа байгуулсан хөдөлмөрийн гэрээ, албан томилолтоор явсан захирлын тушаал зэргийн алинд нь ч тус томилолтын үед түүхий эд дутахад бүрэн хариуцлага хүлээх үүрэг түүнд байгаагүй. Албан томилолтоор 4 хүн явж ажилласан, бэлтгэн нийлүүлэгчийн гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч эрсдэлийг хариуцахаар зохицуулсан байхад Ч.Мд дээрх хариуцлагыг тулгасан нь өөрөө хуульд нийцэхгүй байна.

Шүүх хуралдааны явцад гэрч н.Адъяа нь Архангай руу томилолтоор явахад нэг шуудай ноолуур алга болсон гэж н.О, Ч.М 2 ярьж байсан" гэж мэдүүлсэн. Г ХК нь бэлтгэн нийлүүлэгч н.Отай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулж, үүрэг хүлээж тус томилолтын үед Архангай аймагт ажилласан, ажлын хөлсөндөө 23 000 000 төгрөгийг н.О авсан байдаг нь хэрэгт авагдсан байдаг. Алга болсон түүхий эдийн бүх эрсдэлийг бэлтгэн нийлүүлэгч хариуцахаар зохицуулсан гэрээ Г ХК, бэлтгэн нийлүүлэгч нарын хооронд байжээ.

Гэтэл дээрх Г ХК нь бодит нөхцөл байдлыг нууж, Ч.Мыг төөрөгдүүлж, ажил олгогчийн давуу байдлаа ашиглан бүх үүргийг хүлээх ёстой гэж ойлгуулсан учраас Ч.М нь 2 удаа хүсэлт бичиж өгсөн байдаг. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ч.Мд холбогдуулан мөнгөн төлбөр төлөх гэрээний үүрэгт 8 808 465 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Ч.М нь Г ХК-д ажиллаж байхдаа албан томилолтоор Архангай аймгийн Цэцэрлэг суманд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд үйлдвэрлэлийн хэрэгцээт ноолуур түүхий эд бэлтгэхээр явсан байна. Тэрээр компаниас түүний данс руу бараа, бүтээгдэхүүн худалдан авах үнэд 4 250 000 000 төгрөг шилжүүлснээс 3 913 757 200 төгрөгт 29,494.1 кг ноолуур бэлтгэн компанид хүлээлгэж өгсөн, Ч.М хүлээн авсан мөнгөн дүнгийн үлдэгдлийг буцаан шилжүүлэхэд 5 882 800 төгрөгийн зөрүү гарсан болох нь Архангай аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн тооцоо нийлсэн баримт, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-104, 148-149/ Дээрх үйл баримтад зохигчид маргаангүй.

Хариуцагч буцаан шилжүүлсэн мөнгөний зөрүүг эд хариуцагчийн гэрээ байгуулаагүй учир алдсан 1 шуудай ноолуурын үнийг хариуцахгүй, Г ХК нь бэлтгэн нийлүүлэгч Отай Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг тул тээвэрлэлт, хадгалалтын явцад гарч болох бүх эрсдэлийг бэлтгэн нийлүүлэгч хариуцана гэж тайлбарлан, маргасан байна.

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Г ХК-ийн санхүү бүртгэлийн хэлтэст Хяналтын тоологч-нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, мөн Архангай аймагт ноолуур бэлтгэн нийлүүлэх томилолтоор явахдаа компанийн түүхий эд худалдан авах мөнгөн хөрөнгийг хариуцан, багийн ахлагчаар ажилласан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-7, 16, 148,154/

Хэргийн 97-103 дах талд авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрөөр огноолсон хариуцагч Ч.Мын гар бичмэлд малчид, иргэдээс ноолуур худалдан авсан жин, төлсөн үнийг бичиж гарын үсэг зуруулсан байх ба барааны нийт үнэ 3 913 757 200 төгрөг гэж тэмдэглэсэн байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид 3 913 757 200 төгрөгийн үнийн дүн бүхий 29 494,1 тн ноолуур хүлээлгэн өгснийг нотолсон 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын баримт хэргийн 104 дэх талд авагджээ. Мөн гэрч О.Адъяасүрэнгийн мэдүүлэг нь бэлтгэсэн түүхий эдээс 1 шуудай ноолуур алдагдсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. /хх-152/

Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, Архангай аймгийн малчид, иргэдээс ноолуур худалдан авч, төлсөн үнэ, нэхэмжлэгч компанид тушаасан ноолуурын хэмжээ нь хоорондоо зөрүүгүй, таарч байх тул 1 шуудай ноолуур дутагдсан гэж үзэх үндэслэлгүй. Тэрээр томилолтоор явахдаа түүхий эд худалдан авах мөнгөн хөрөнгийг хариуцаж байсан тул бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгч Н.О хариуцана гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Талууд Архангай аймгийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажлыг дүгнэн, 3 913 757 200 төгрөгийн төгрөгийн үнийн дүн бүхий 29 494,1 тн ноолуур нийлүүлж, 5 882 800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлж баталгаажуулжээ.

Мөн хариуцагч Ч.М 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Г ХК-д түүхий эд бэлтгэн нийлүүлэхэд дутсан 5 900 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, төлбөр барагдуулах хуваарь гарган, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд хариуцагчийг нэхэмжлэгч компаниас хариуцуулан шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг дутагдуулсан, тэрээр уг хохирлыг нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй юм. /хх22/

Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ нэрээ гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 6 672 310 төгрөгийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 22-ноос 2020 оны 02 дугаар сарын 22-ны хооронд 3 удаа хувааж төлөх үүрэг хүлээжээ. /хх-13/

Энэ гэрээг хариуцагч Ч.М ... намайг төөрөгдүүлсэн, ... ажил олгогч давуу байдлаа ашиглан гэрээ байгуулсан ... гэж марган, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар тухайн хэлцлийг байгуулахдаа хэлцлээр хүлээсэн эрх, үүрэг түүний үр дагаврын талаар талуудын хэн аль буруу төсөөлсөн байхыг ойлгодог. Хариуцагч нь хэлцлээр хүлээсэн үүрэг, түүний үр дагаврын талаар буруу төсөөлөлтэй байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Уг гэрээг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хариуцагч Ч.Мын хүсэлтийг үндэслэн талууд байгуулсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон. Мөн гэрээний дүнг хариуцагчаас авах авлага /ноолууран хувцас худалдан авсан үнэ/, буцаан шилжүүлэх мөнгөн төлбөрийн зөрүүгийн нийлбэрийг цалингаас суутган тооцон дүнгээс хасч тогтоосон нь бодит хохирлын хэмжээтэй таарч байх тул гэрээний зүйл дээр төөрөгдсөн гэх агуулга нотлогдоогүй гэж үзнэ.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн болно.

Дээрх гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дах хэсгийн заасныг тайлбарлан хэрэглэснийг буруутгахгүй , мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь түүний тайлбараар нотлогдсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 5 872 310 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заасанд нийцэж байна.

Харин гэрээний 5.1-д заасан нийт төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох үндэслэлд нийцээгүй тул алданги шаардах эрхгүй. Анхан шатны хуулийн энэ зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагч тал хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх, иргэн Н.Оаас гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хаяг нь тодорхойгүй улмаас шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх-140/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргахдаа тухайн этгээдийн оршин суугаа газрын хаягийг тодорхой тусгаагүй тохиолдолд түүнийг шүүх дуудах боломжгүй юм. Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ч.Маас гэрээний үүрэгт 5 872 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 296 155 төгрөгт холбогдох хэсгийг, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр бус тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 155 886 гэснийг 61 928 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 121 707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД