Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00349

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00349

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02334 дугаар шийдвэртэй

Б.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Н ХХК, М.Уд холбогдох

Гэм хорын хохиролд 15 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч М.Уын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, хариуцагч Нг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, хариуцагч М.У, түүний өмгөөлөгч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жамбалсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн харьяат Б.Бийн эзэмшлийн Т.Лексус маркийн 10-10 ТӨҮ машиныг иргэн Д.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Приус маркийн 13-71 УББ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуурын зүүн талын уулзварын замд араас мөргөж миний машинд 19 300 000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Бийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тогтоолгоход 19 300 000 төгрөг болсон. Д.Тын эх М.У нь хохирлоос 4 000 000 төгрөг барагдуулсан ба одоо 15 300 000 төгрөгийн хохирол үлдээд байна. Иргэн Д.Тын унаж явсан Т.Приус маркийн 13-71 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Н ХХК бүртгэлтэй учраас, мөн М.У нь тухайн автомашиныг лизингээр худалдаж авсан учраас хамтад нь хариуцагчаар татаж гэм хорын хохирол 15 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч М.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н ХХК-тай 405200950 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж TOYOTA PRIUS 20 /2008, 2017/ маркын 13-71 УББ улсын бүртгэлийн дугаартай, автомашиныг барьцаалан лизингийн зээл авсан. Тус зээлдэгчтэй үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд 405200950 шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж М.Уын өмчлөлд байсан автомашиныг Н ХХК-ийн өмчлөлд түр хугацаагаар шилжүүлж авсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хүртэлх хугацаанд зээлдэгч автомашинаа өөрөө эзэмшиж ашигладаг байхаар гэрээгээр тохиролцсон. Фидуцийн гэрээний 5.1.9 болон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь үүрэг гүйцэтгэгч мөн тул тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн болон тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд манай байгууллагад хамааралгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцахыг баталсан заалт байдаг бөгөөд үүнийг зээлдэгч М.Уд танилцуулж, тэрээр уг заалтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Дээрх үндэслэлүүдээр зээлдэгч М.У болон түүний хүү зээлийн барьцаа хөрөнгийг унаж яваад зам тээврийн осол гаргаж иргэн Б.Бид учруулсан хэргийн хор хохирлын төлбөрийг манай байгууллага хариуцах хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүй болно. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Аав Б нь машин жолоодож явсан. Аав Бтэй нь 2018 оны сүүлээр уулзаж 4 000 000 төгрөг өгсөн. 5 000 000 төгрөг өгвөл тохиролцож эвлэрч болно гэж хэлсэн. Тухайн үед Н ХХК-д зээлтэй байсан мөнгө төгрөгний боломж байхгүй байсан. Би өөрөө цэргийн ангид ажилладаг давхар цалингийн зээлтэй, нөхөр ходоодны өвчтэй ажил хийддэггүй, хүү маань оюутан байсан. Энэ авто ослын хэргээс болж хүү маань жилийн чөлөө авч цэрэгт явсан. Энэ байдлаасаа болоод Бтэй уулзаж чадахгүй байсан. Намайг хариуцагчаар татаж оруулж ирээгүй нэхэмжлэл надад гардуулсан байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч М.У /РД:ПК73052409/-аас 8 225 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлээс 7 075 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Уаас 146 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хууль тогтоомжийг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг боловч анхан шатны шүүх хариуцагч М.У намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр түүнчлэн миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Мядагбадам нь шүүх хуралдаан давхцсан тухай хүсэлтээ шүүхэд хүргүүлж оролцох боломжгүй талаараа урьдчилан мэдэгдсэн байх атал хэргийг эзгүйд шийдвэрлэж талуудын мэтгэлцэх тайлбар гаргах боломжийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т зааснаар зохигч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан боловч анхан шатны шүүх Намайг Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байх хугацаанд хэргийг шийдвэрлэж хууль бус шийдвэр гаргасан. Намайг онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа болохыг мэдсээр байж хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч М.У, Н ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 15 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөннуур төвийн уулзварт Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 06:20 цагийн үед Тоёота приүс маркийн 13-71 УББ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлийн Тоёота Лексус маркийн 10-10 ТӨҮ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ. /хх.4/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дугаартай шийтгэврээр Д.Тыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. /хх.23/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс автомашины засварын үнэлгээг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2019/07672 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, Итгэлт-истемейт ХХК-ийн шинжээчээр томилсон. Уг шинжээчийн дүгнэлтээр автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 12 225 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх.73-79/

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх уг автомашиныг ашиглах боломж олгосон хариуцагч М.У нь иргэн Д.Тын гаргасан ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсны хариуцлагыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Н ХХК, М.У нар 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 405200950 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч автомашин худалдаж авах зориулалтаар 8 820 000 төгрөгийн зээл авсан, худалдан авсан Тоёота приүс маркийн 13-71 УББ улсын дугаартай суудлын автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр хариуцагч Н ХХК-ийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлжээ. Талууд тус гэрээний 5.1.4, 5.1.9-д зааснаар автомашиныг удирдах эрхийг шилжүүлж, уг автомашинтай холбоотой үр дагаврыг зээлдэгч хариуцагчаар тохиролцжээ. Иймд хариуцагч Н ХХК уг автомашины ашиглалтаас үүссэн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч М.Уын нэхэмжлэгчид өмнө төлсөн 4 000 000 төгрөгийг хасч 8 225 000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Уаас гаргуулан нэхэмжлэгч Б.Бид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 075 000 төгрөг, хариуцагч Н ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Хариуцагчийн ...намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр түүнчлэн миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Мядагбадам нь шүүх хуралдаан давхцсан тухай хүсэлтээ шүүхэд хүргүүлж оролцох боломжгүй талаараа урьдчилан мэдэгдсэн байх атал хэргийг эзгүйд шийдвэрлэж талуудын мэтгэлцэх тайлбар гаргах боломжийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/00303 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н ХХК-ийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан. /хх.105/

Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны товыг өмнө нь мэдэгдсэн, хуралдаанд хүрэлцэх ирэх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/02334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО