Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 365

 

 

 

О.Цэрэндоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Мөнгөнсүх,

Ялтан О.Цэрэндорж,

Нарийн бичгийн дарга А.Анх-Үжин нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Цэрэндоржийн давж заалдах гомдлоор эрүүгийн 201625020649 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овогт Оюумаагийн Цэрэндорж, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт  Булган аймгийн 2 дугаар багийн Хужиртын 2в-10 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 27 дугаар гудамжны 1014 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, /РД:ГВ92112211/,

О.Цэрэндорж нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Меник дизайн” ХХК-иас өөрт нь итгэмжлэн хүлээлгэн өгсөн компьютерийг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар  дүүргийн Прокурорын газраас О.Цэрэндоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Цэрэндоржийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар О.Цэрэндоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэндорж нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Цэрэндоржид бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ялтан О.Цэрэндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогчийн хохирлыг барагдуулсан ба хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс оногдуулсан торгох ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Отгонмөнх гаргасан хүсэлтдээ: “...миний бие О.Цэрэндоржоос нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар ялтан О.Цэрэндорж нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна. ” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангажээ.

О.Цэрэндорж нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Меник дизайн” ХХК-иас ажлын хэрэгцээнд итгэмжлэн өгсөн 450.000 төгрөгийн үнэтэй, “Dell I7” загварын  компьютерийг худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Т.Ганзоригийн “...2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ажилдаа ирэхэд Цэрэндоржийн ашиглаж байсан процессор байхгүй байсан. Тэгээд Цэрэндоржтой утсаар холбогдож асуухад “би процессорыг гэртээ авч ирсэн, гэрээрээ халтуур хийх гэсэн юм” гэсэн. Тухайн үед би Цэрэндоржийн үгэнд итгээд түүнийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирэхдээ аваад ирээрэй гэж хэлсэн. Гэтэл энэ өдөр ажил цуглахад Цэрэндорж ажилдаа ирээгүй. Тэгээд 15, 16-ны өдрүүдэд түүнийг ажилдаа ирэхийг хүлээсэн боловч түүнтэй холбогдох гэхэд гар утас нь холбогдохгүй байсан. Цэрэндоржийн авч явсан процессорт манай ажлын чухал мэдээлэл хадгалагдаж байсан. Өөрөөр хэлбэл манай ажлын мэдээлэл түүнд байсан. Иймээс Цэрэндоржийн хувийн анкетыг үзэж эгч Мядагбадамтай утсаар нь холбогдож асуусан. Гэвч эгч нь хаана амьдардаг талаар нь мэдэхгүй гэсэн. Хаягаар нь хайсан боловч олдоогүй, 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр түүнийг Баянзүрх захын хажууд байх байрнаас олсон...” /хх-15/,

Гэрч О.Ганбатын: “…2016 оны 2 дугаар сард цагаан сар болохоос хэд хоногийн өмнө миний гар утас руу нэг үл таних дугаараас дуудлага ирсэн. Тэгтэл нэг эрэгтэй “Dell I7 загварын компьютер авах уу” гэсэн. Түүнд “300.000-400.000 төгрөгөөр авна, гэхдээ компьютерийг чинь үзэж байж болно” гэсэн. Энэ үед ажил тарж орой болсон байсан. Гэтэл энэ залуу хаана очих вэ гэж асуусан. Тэгээд би гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Удалгүй 21 цагийн үед нөгөө дугаараас дахин залгасан. Гэтэл нөгөө залуу гэрийн үүдэнд компьютерээ аваад ирсэн. Түүнийг гэртээ оруулж компьютерийг нь үзэж шалгасан. Энэ комьпютер нь “Dell I7” загварын компьютер байсан бөгөөд хэвийн ажиллаж байсан. Тэгээд би түүнээс 350.000 төгрөгөөр худалдаж аваад, мөнгийг нь бэлнээр өгсөн...” /хх-18/,

О.Цэрэндоржийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 6-ны 19 цагийн үед ажил тарсан. Манай байгууллагын байранд надаас өөр хүн байгаагүй. Тэгээд би ажилдаа ашигладаг “Dell I7” загварын компьютерийн процессорыг ажлын байрнаас авч гарсан. Компьютер авна гэсэн зарын дагуу Халдвартын эмнэлгийн орчим байрлах Натур төвийн ойролцоо байх айлд очсон. Комьпютерийг Ганбат гэх залуу үзээд 350.000 төгрөгөөр худалдаж авсан. ...манай ажил тогтсон хугацаандаа цалингаа өгөхгүй байсан. Тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учир процессорыг нь авч зарсан...” /хх-28-29/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-9/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс О.Цэрэндоржид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, хэрэг бүртгэлтийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “...шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь ...шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Ялтан О.Цэрэндорж нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Д.Отгонмөнхөд учруулсан гэх 450.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, сайн дураараа эвлэрч байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож илэрхийлсэн төдийгүй хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг” хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь Эрүүгийн хуульд нийцэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар О.Цэрэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан О.Цэрэндоржийн гаргасан “...эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг...” хүссэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Цаашид энэ төрлийн гэмт хэргийн тухайд эд зүйлийн үнэлгээ тогтоохдоо эд хөрөнгийн үндсэн үнэлгээг тогтоохоос гадна биет бус хохирол болох оюуны өмчийн эрх зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдлуудыг шалган тогтоож байхыг анхаарвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 414 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн О.Цэрэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар О.Цэрэндоржийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

2. О.Цэрэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ДАВААСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                           Т.ӨСӨХБАЯР

                                                                                    Н.БАТСАЙХАН