Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

 

 

Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэдэнпэлжээ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Дын давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Дт холбогдох 2320000500051 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Барга овогт Мгийн Д, Монгол Улсын иргэн, урьд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Д нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 180 дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограммын цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Сэс шүүгдэгч Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Барга овогт Мгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Барга овогт Мгийн Дыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Дт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 32 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 32 /гучин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Дын зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсээр тогтоож, 1 /нэг/ жил, 32 /гучин хоёр/ хоногийн хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүгдэгч Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Замын-Үүд дэх Гаалийн газрын агуулахад хадгалагдаж байгаа 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограмм цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Дт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

5. Шүүгдэгч Д давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн хэрнээ хуульд заасан хамгийн хүнд ялыг хамгийн урт хугацаагаар ногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна, анхан шатны шүүхэд улсын яллагч Б.С нь ...800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ... санал илэрхийлсэн, Анхан шатны шүүхийн шийдвэрт ч шүүгдэгч Д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн хэрнээ оногдуулсан уг дүгнэлтээсээ илт зөрж хүндрүүлсэн, торгох ялыг өмнөх шүүхийн шийтгэх тогтоолд заасан ялтай нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэхээр заах боломжтой, миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход өөрийн зүгээс дэмжлэг үзүүлсэн мөн Хөвсгөл аймагт амьдран суудаг миний эх С.Цэрэндиваа элэгний хатуурлаас үүдэлтэй хортой хавдартай болсон нь оношлогдож, хавдраа авхуулах хагалгаанд орсон, хэдийгээр тус хагалгаа амжилттай болсон ч түүний элгэнд дахиад хавдар бий болсон, нөхцөл байдлыг буруугаар бодож андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон миний ар гэр, хамаарал бүхий хүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан ялын төрөл, хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарна гэж хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн мөртлөө ял нь уг дүгнэлтээс зөрсөн байна. Мөн түүний төрсөн эх Ц элэгний хатуурлын үүдэлтэй хортой хавдартай оноштой хавдар авхуулах хагалгаанд орсон байгаа. Дахин хавдар бий болсон гэж эмнэлгийн бичиг дээр байгаа, Дт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял нь ээжийгээ асарч тойлоход нь хүндрэлтэй байдал учирч байна. Үүнийг торгох ял болгож өгөөч гэсэн гомдол гаргасан байгаа. Мөн Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэргээ нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ... ялыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч Дын хувьд гэм буруу дээрээ маргаагүй. ... тиймээс ийм байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгөөч” гэв.

 

7. Прокурор Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд шүүдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж байгаа гомдол нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Хөвсгөл аймагт байгаа хүнд өвчтэй ээжийгээ эргэж, асарч чадахгүй нөхцөл байдал бий болсон байна. 2 жилийн туршид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээд, давж заалдах шатны шүүхэд хэрэг очсоны дараа эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгож шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эрх хязгаарлах ял  эдлээд дууссан байна гэдэг үндэслэл тогтоогдож байна. Одоогийн энэ хэрэг дээрээ дахин зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас торгох ялаар сольж оногдуулж өгнө үү гэдэг гомдлыг харгалзан үзэх боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Дт торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж оролцож байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Дын давж заалдсан гомдлыг  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

1. Прокуророос шүүгдэгч Дыг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 180 дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.020 мм зузаантай 11 шуудай, 365 килограммын цэнхэр өнгийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах, өмгөөлөх талуудыг оролцуулан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Дыг, хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

 Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч Д, гэрч А.А, гэрч Х.Г нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон  эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн  буюу Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хориглосон барааг  Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  үйл баримт тогтоогдож байна.

 

3. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тогтоосон байх ба мөрдөн шалгах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

4.  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д “...миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход өөрийн зүгээс дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан үзэж, торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, өгнө үү, миний эх С.Цэрэндиваа элэгний хатуурлаас үүдэлтэй, элгэнд дахин хавдар бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна” гэсэн гомдол гаргаж, холбогдох баримтын хамт  ирүүлжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс гомдолд үндэслэн, шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, “***” ХХК-нд Д засвар мужаан хариуцсан ажилтнаар ажилладаг талаарх тодорхойлолт, С.Ц-гийн эрүүл мэндтэй холбоотой оношилгоо, эмчилгээ, шинжилгээний илгээлт зэрэг нотлох баримтад дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзээд шийтгэх тогтоолд заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын төлөх хугацааг 6 сар гэж тогтоож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дыг  1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 32 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж,

 

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

 

5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Дын давж заалдсан гомдлыг  хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА