| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 153/2024/00019/И |
| Дугаар | 192/ШШ2025/00487 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/00487
2025 оны 01 сарын 21 өдөр Дугаар 192/ШШ2025/00487 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ***** багийн ***** тоотод оршин
суух, Э***** овогт Т*******гийн Б******* /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, *** дугаар хороо, Х****** цамхаг өөрийн
байрланд байрлах Х******* ХК /РД:2693321/-д холбогдох,
Ипотекийн зээлийн 1 хувь болох 735,000 төгрөг гаргуулах тухай */иргэний
хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б******* нь хариуцагч Х******* ХК-д холбогдуулан Ипортекийн зээлийн нэг хувь 735 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х******* ХК-иас ипотекийн зээлийн 1 хувь болох 735 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Т.Б******* нь Х******* ХК-тай 2013 оны 08 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ипотекийн зээл авсан. Зээл авахдаа тухайн үед зээлийн шимтгэл 1 хувь буюу зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчилгээний шимтгэлд 735 000 төгрөгийг төлсөн. 2023 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаар ипотекийн зээл олгодог нэр бүхий 9 банкыг зээл олгохдоо 1 хувийн шимтгэл хурааж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гарсанаар нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөнөө мэдээд 2013 онд Х******* ХК-д үндэслэлгүй төлсөн 735 000 төгрөгийг эргүүлэн шаардаж байна. Зээлийн шимтгэлтэй холбоотой харилцаа нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан зээлийн үйл ажиллагааны журам, сүүлд 2023 онд өөрчлөлт орсон. Монгол банкны өөрийн сайт дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийтэд нээлттэй юм. Уг журмын 9.1-т тухайн ипотекийн зээлийн үйл ажиллагаанд шаардагдах шимтгэлийг 10 төрлийн шимтгэлд хурааж болно гэж заасан. 1 хувиар тогтоох биш 1 хувь хүртэл авч болно гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй, 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар заасан. Гэтэл Х******* ХК-иас зээл олгохдоо 1 хувиар тогтооно гэж зээлийн гэрээ дээр тусгасан үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн зээлийн 1 хувь болох 735 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Хариуцагч Х******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд: Х******* ХК-ийн Ховд салбар ******** тооцооны төвтэй иргэн Т.Б******* нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ****** тоот Зээлийн гэрээ болон ****** тоот Барьцааны гэрээ байгуулан 73 500 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэг буюу Х******* нь зээлдэгч Т.Б*******д 75 500 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр түүний ******* тоот дугаартай дансанд олгосон байдаг.
Тодруулбал, Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл болох 735 000 төгрөгийг ямар хууль зүйн үндэслэлээр банкнаас буцаан шаардаж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Зээлийн гэрээний ямар зохицуулалт, иргэний хуулийн ямар зохицуулалтаар банкнаас тухайн 735 000 төгрөгийг шаардаж байгаа нь тодорхойгүй.
Мөн тухайн зээлийн гэрээ нь 2013 онд талуудын хооронд байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолж үзэхэд уг зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2016 онд дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2024.01.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2013.08.28-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, 2013.08.28-ны өдрийн Барьцааны гэрээ, 2021.12.17-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ. 2024.09.04-ний өдрийн 1071 дүгээр албан бичиг зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна /хх 2-7, 39/
4. Хариуцагчаас: 2024.04.24-ний өдрийн 29/2252 дугаар итгэмжлэл, 2013.09.02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013.08.28-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2013.08.28-ны өдрийн Барьцааны гэрээ, 2024.11.20-ны өдрийн 01/7117 дугаар итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 24, 49-56 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.Б******* нь хариуцагч Х******* ХК-д холбогдуулан Ипортекийн зээлийн нэг хувь 735 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.Б******* нь Х******* ХК-тай 2013.08.28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж ипотекийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу зээлийн шимтгэлийн 1 хувиар тооцож, 735 000 төгрөгийг банкинд төлсөн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008.10.17-ны өдрийн 446 дугаар тушаалын хавсралт, 2023 оны өөрчлөлтийн 9.1- ипотекийн зээлийн үйл ажиллагаанд 10 төрлийн шимтгэл болохоор зохицуулахдаа 1 хүртэлх хувийн шимтгэл авч болохоор, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй, 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох, үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар заасан. Гэтэл хариуцагч зээлийн шимтгэлийн хэмжээг үндэслэлгүйгээр 1 хувиар тогтоож байгаа нь дээр дурдсан хууль болон журамд нийцэхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2023 онд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн нэр бүхий 9 банкыг зээл олгохдоо 1 хувийн шимтгэл хурааж байгаа нь үндэслэлгүй гэх агуулга бүхий магадлал гарсан. Ийнхүү шүүхийн магадлал гарснаар нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 735 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Х******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна. Үүнд:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байхаас гадна талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлийн гэрээ нь 2013 онд байгуулагдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигч 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн ******* дугаар гэрээг байгуулж, 73 500 000 төгрөгийг амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах зориулалттай, 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус харилцан тохиролцож, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 50-53 тал/
4.2 Зохигч 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн ******* дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор ******* дугаар Барьцааны гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 73 500 000 төгрөгөөг үнэлж, барьцаалсан, /хх 54-55 тал/
4.3 Нэхэмжлэгч Т.Б******* нь 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Х******* ХК руу 73 500 000 төгрөгийг Б******* ОС зээл 1 хувь гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 49 тал/
5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.
Зохигч шимтгэл тохирсон гэрээний нөхцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин шимтгэлийн хэмжээг 1 хувь байхаар тогтоосон нь үндэслэлтэй эсэх талаар маргасан.
Дээрхээс үзэхэд шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй учраас буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна.
Хэргийн баримтаас үзэхэд зохигч 2013.08.28-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн ***** дугаар гэрээг байгуулсан байх ба үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг хуульд нийцүүлэх тоолвол 2016.08.28-ны өдөр шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн 2023.06.13-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магалдал гарснаар эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх тайлбарыг тухайн магадлал нь энэ хэрэгт хамааралгүй, тус тусдаа эрх зүйн маргаан байх тул үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Х******* ХК-иас ипотекийн зээлийн 1 хувьтай 735 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ