Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00380

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00380

 

 

АФ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02930 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АФ ХХК-ийн хариуцагч Н.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8 113 733.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр АФ ХХК, Н.Б- нар харилцан тохиролцсоны дагуу 19/268 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5 500 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 14 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Н.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 19/268 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 41-77 УНГ улсын дугаартай КМFZCD7JP6U201919 арлын дугаартай Хьюндай портер /HYUNDAI PORTER/ маркийн цэнхэр өнгөтэй автомашин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500 000 төгрөгийг нэг удаа төлсөн. АФ ХХК нь иргэн Н.Б-д холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Н.Б- нь 181/ШЗ2020/03379 тоот захирамжаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Геологи 48 дугаар гудамж 8-1 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. АФ ХХК нь өөрийн харьяаллын дагуу иргэн Н.Болд-Эрдэнийг оршин суугаа хаяг нь тодорхойгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргаж 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01721 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс рүү шилжүүлсэн. Тус цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс нь шүүгчийн захирамж очсон өдрөөс хойш үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Н.Болд-Эрдэнийг эрэн сурвалжилж олоод, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 6-261б тоот хаягт оршин сууж байгааг нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн тодорхойлолтоор тогтоосон. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Н.Б- зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэж заасны дагуу үндсэн зээлийн 5 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 189 865.60 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 423 867.63 төгрөг, нийт 8 113 733.23 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгч талаас 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19/268 тоот зээлийн гэрээний 7.2.13-т зааснаар гэрээний заалтуудыг болон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээг нэг талын буюу ББСБ-ын санаачлагаар цуцална гэж заасны дагуу зээлдэгч Н.Б- нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул уг зээлийн гэрээг ББСБ-ын санаачлагаар цуцалж байгаа бөгөөд нийт 8 113 733.23 төгрөгийг хариуцагч Н.Б-эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: АФ ХХК-аас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Төлбөрийг төлөх ёстой буруутай хүнээр төлүүлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б-эс нийт 8 113 733.23 /найман сая нэг зуун арван гурван мянга долоон зуун гучин гурав төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АФ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 770 /нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун дал/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-эс улсын тэмдэгтийн хураамж 144 770 /нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АФ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Н.Б- давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч байгууллагаас олгосон зээлийг би өөртөө авч захиран зарцуулаагүй, тухайн зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг төлбөрт суутган тооцож, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж болох атал зээл олгосон байгууллагад нь ашигтайгаар шүүхээс шийдвэрлэсэн байна. Хариуцагч миний хувьд зээлийг төлөх ёстой буруутай этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байсан боловч цар тахал гарсан, хөл хорио тогтоосон учир шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Мөн зээл олгох эрх бүхий байгууллагад олгосон зээлд хяналт тавих, барьцааны зүйлд мөн хяналт тавих, цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны үүргийг хэрэгжүүлэх хуулиар олгосон эрх, үүрэг нь байдаг. Гэтэл төлбөрийн мөнгөн дүнгээр асуудалд хандаж буйд гомдолтой байна. Одоо миний хувьд барьцааны хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт суутган тооцох, эсхүл чөлөөлж авах, энэ зээлийг хариуцан төлөх ёстой буруутай этгээдээс нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, би өөрөө үндсэн зээлсэн төлбөрийг төлөх хүсэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч АФ ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 500 000 төгрөг, зээлийн хүү 2 189 865.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 423 867.63 төгрөг, нийт 8 113 733.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 19/268 тоот Зээлийн гэрээ-гээр зээлдүүлэгч АФ ХХК нь 5 500 000 төгрөгийг сарын 4 /жилийн 48/ хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Н.Б- нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. Мөн өдрийн 19/268 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, зээлдэгч Н.Б-ийн өмчлөлийн Хьюндай портер /HYUNDIA PORTER/ маркийн, 41-77 УНГ улсын дугаартай, ачааны зориулалттай, 2006 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн автомашиныг АФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх, эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн ашиглалт, хамгаалалтад байлгахаар талууд харилцан тохиролцжээ. /хх10-12, 18-19/

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар үүссэн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зөрчиж, зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөөгүй нь нэхэмжлэгчээс гаргасан тооцоолол, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. /хх 28/

 

Зээлдүүлэгч нь гэрээний үүргийн зөрчлийн талаар зээлдэгчид мэдэгдэж, зөрчлөө арилгахыг шаардсан ч үр дүнд хүрээгүй тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар олгосон зээл төлөгдөх найдваргүй гэж үзэж, зээл олголтыг зогсоож, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

 

Хариуцагч Н.Б- нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, төлбөрийг төлөх ёстой буруутай этгээдээр төлүүлэх тухай тайлбар татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгджээ. /хх 46,48,62/

 

Мөн тэрээр зээлийн төлбөрийн үлдэгдэл 8 113 733.23 төгрөг гэсэн нэхэмжлэгчээс гаргасан баримтыг үгүйсгэж, өөрөөр тооцоолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Зээлдэгч Н.Б- нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээний тал байх бөгөөд зээлийн хөрөнгө болох 5 500 000 төгрөгийг н.Нарангэрэлд шилжүүлэхийг зөвшөөрсөн бичгийн баримт хэрэгт авагдсан. Энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр зээлдүүлэгч тал үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх тул гэрээний үүргээс зээлдэгч чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба зээлдүүлэгч гэрээний нөхцлийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

 

Иймд шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хариуцагч Н.Б-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Талууд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, Н.Б-ийн өмчлөлийн Хьюндай портер /HYUNDIA PORTER/ маркийн, 41-77 УНГ улсын дугаартай, ачааны зориулалттай, 2006 онд үйлдвэрлэсэн, цэнхэр өнгийн автомашиныг АФ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн боловч гэрээнд заасны дагуу үүрэг хүлээн авагч ББСБ нь автомашиныг бодитоор актаар хүлээн аваагүй, зээлдэгчийн эзэмшилд байгааг нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба нэгэнт төлөгдөх найдваргүй гэж үзэж зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхээр шаардаж гэрээ цуцалсан үед уг үүргийн баталгаа болгон байгуулсан гэрээ нэгэн адил цуцлагдах үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсаны дараа хариу тайлбар татгалзал гаргахдаа энэ талаар дурдаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй асуудлаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Харин барьцааны хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт суутган тооцох нь шийдвэр гүйцэтгэлийн явцад хэрэгжих боломжтойгоос гадна зээлийг бусдад ашиглуулснаа шаардаж авах эрх нь нээлттэй болно.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.ОТГОНЦЭЦЭГ