Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

 

 

Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Д,

Шүүгдэгч: Х,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х,

Хохирогч: С,

Хохирогчийн өмгөөлөгч: А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн өмгөөлөгч Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Хд холбогдох 2319000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 гийн Х, урьд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж уг ялыг мөн хугацаагаар тэнссэн.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Х нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Санюунг Муссо маркийн *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож иргэн Сыг шалтгаангүйгээр 2 удаа мөргөж түүний эрүүл мэндэд “...баруун дунд чөмөг, зүүн шагай, 3, 4, 5 дугаар хурууны өлмий ясны далд хугарал бүхий...” хүндэвтэр хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

                                                                 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч  гийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хд 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байх, мөн хохирогч Стай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Хд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хгаас  22,556,234  төгрөгийг гаргуулан хохирогч Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хохирогч  С нөхөн төлбөрийн зөрүү болон  сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Хохирогчийн өмгөөлөгч А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ... Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой, Х хохирогчийг өөрийн унаж явсан автомашинаараа дайрч унагаан гэмтэл бэртэл учруулсан, Хгийн үйлдэл нь хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн боловч гэмт хэргийг төгсгөөгүй учир хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад “Хүнийг алахаар үйлдэл хийгдээгүй, Х өөрийн хүсэл зорилгоор гэмт үйлдлээ зогсоосон” гэж үзэх үгүйсгэсэн баримт байхгүй байхад Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Х автомашинаар хүнийг мөргөж унаган дайрсан үйлдэл нь хүний амь насыг хохироох зорилгоор гэмт үйлдэл хийж, улмаар дахин дайрч хохирогчийн хоёр хөл хугарч, хохирогч өөрийнхөө биеийг хамгаалахаар босч зугтаж чадахгүй болсон байдаг. Энэ үед Х машинаасаа бууж ирэн хохирогчийг өшиглөж худлаа баашиллаа, үхээгүй байна, гүйцээчихье гээд дахин дайрахаар ирэхэд нь гэрч Д хашхирч Хг зогсоон, машиныг нь унтрааж түлхүүрийг нь авснаар хохирогчийн амь нас аврагдсан байдал харагддаг. Хгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл хэрэг шүүхэд шилжихээс өмнө өөрийнх нь нэр дээр шилжсэн байдаг ба уг тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой, хохирогчийн хохирол төлбөрийг хэзээ хэрхэн яаж төлж барагдуулах ч тодорхойгүй байна, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хохирогч С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэргийг хялбараар шийдсэнд нь гомдолтой, Х автомашинаа өгье тохиролцъё гэж байсан. ... үүнд үнэхээр гомдолтой байна. Би одоо залуу хүн гэтэл миний хөдөлгөөн хязгаарлагдмал болсон. Удаан суухаар нуруу өвдөөд, алхаж явахаар хоёр хөл хавагнаад хэцүү байна. Намайг амьдаар минь тамлаж байна, би үнэхээр их гомдолтой” гэв.

 

7. Шүүгдэгч Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний ээж хүнд өвчтэй ээжийгээ асарч байдаг. Ээжийгээ хэдэн сар амьд байлгах гээд байдаг бүхнээ шавхаад дууссан. Одоо надад байгаа нь автомашин. Тэгээд би энэ автомашиныг зарж борлуулаад төлбөртөө авч байх уу гэж хэлсэн юм. Одоо надад 40 гаруй мал үлдсэн, би анхан шатны шүүх хурал дээр хохирол төлбөрийг боломжоороо төлнө гэж хэлсэн” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүх хурлаас өмнө миний үйлчлүүлэгчийн ээж хавдар гэсэн оноштой эцсийн шатандаа орсон гэсэн оноштой эмнэлэгт хэвтэж зайлшгүй сахиур шаардлагатай учир анхан шатны шүүх  хурлаас өмнө болон өнөөдрийг хүртэл сахиад явж байгаа. Үүнийг хувийн байдалтай холбож ярьж байгаа юм. ...Хохирогчийн мэдүүлгээр хохирогч намайг алах гэж байсан гэж мэдүүлээд байгаа учраас алах санаа зорилготой дайрсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлээр зүйчилсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Автомашиныг хурааж аваагүй гэж байна. ... Автомашиныг анхан шатны шүүх яагаад хурааж аваагүй гэхээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээгүй гэхээр анхнаасаа энэ хүнийг алах санаа зорилго тогтоогдоогүй байгаа учраас хүнийг алах гэмтээх сонгосон арга нь автомашин биш байна гэж үзсэн. Цаашлаад үзвэл болгоомжгүй хэлбэрийн шинж ч харагддаг. ...Хохирол төлбөрийн хувьд хүндэтгэлтэй хандсан. ... 22,000,000 төгрөгийн малчны цалин гаргуулна гэхээр Х гуай үнэхээр хүн хохироосон юм чинь үүнд хүндэтгэлтэй хандъя, ямар нэгэн байдлаар төлнө. Шийтгэх тогтоолоор гарсан төлбөр учраас үүнээс зайлах арга байхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс ирээд төлүүлнэ. ... Төлж чадахгүй байгаа нөхцөл нь ээжийгээ харж байгаа гэсэн баримтаар ийм нөхцөл байдал үүсээд төлж чадахгүй байгаа. ... Гэхдээ өнөөдөр давж заалдах шатанд гомдол гаргаад энэ хэргийг бүхэлд нь хянаж байгаа учир давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд цалин гаргадаг нь зөв үү, буруу юу гэдгийг хянаж үзээсэй. Яагаад гэхээр С гэдэг хүн 02 сарын чөлөө авсан. Миний ойлгож байгаагаар 02 сарын цалин олгох боломжтой гэж харж байгаа. Гэрээ хийгээд мал малласан. Одоо ажиллаж байгаа нь тодорхойгүй байхад шүүх цалин олгож байгаа нь үндэслэлгүй гэж бодож байсан учир үүнийг бас давж заалдах шатны шүүх хянаж үзээсэй гэж хүсэж байна. ... Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

9. Прокурор Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Алах санаа сэдэлтэй байсан гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хгийн хувьд тухайн үйлдлээ сайн дураар татгалзсан шинжтэй байдаг. Үйлдлээ гүйцээх боломж байсан уу гэвэл байсан. Тухайн үед Д орилсон гэдэг орилсноос өөрөөр Хгийн үйлдлийг таслан зогсоох бодитой үйлдлийг хийж Хд нөлөөлсөн зүйл тогтоогддоггүй. Х өөрөө гэнэт зогссон гэдэг. Энэ үйлдлээрээ сайн дураараа татгалзах шинжийг хангаж байгаа юм. Мөн санаа сэдэл тогтоогдохгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Тийм учраас тухайн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүний хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгслийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тухайн үед тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Хгийн өмчлөлд байгаагүй сүүлд шүүх хуралдааны шатанд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан гэж хэлсэн, тухайн тээврийн хэрэгслийг битүүмжлэх болон хураан авах, улсын орлого болгох, хохирол төлбөр болгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгоогүй шалтгаанаа тайлбарласан байдаг. Гэмт хэрэг үйлдэх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг унаж яваагүй буюу гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл байгаагүй учраас тухайн эд зүйлийг гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн өмгөөлөгч Аийн гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг шийдвэрлэлээ.

 

            1. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Аөөс шүүгдэгч Хг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Санюунг Муссо маркийн *** ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн Сыг шалтгаангүйгээр 2 удаа мөргөсний улмаас түүний биед “...баруун дунд чөмөг, зүүн шагай, 3, 4, 5 дугаар хурууны өлмий ясны далд хугарал бүхий...” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан нотлох баримтаар  шүүгдэгч Хгийн үйлдлийг  “хүнийг санаатай алахыг завдсан” гэмт хэргийн шинжгүй  харин “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинж, үйл баримт бүрэн тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

3. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд нотолжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Хгийн үйлдлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Хгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, зөрчил тогтоогдсонгүй.

 

5.  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Хүнийг санаатай алах”-ыг завдсан гэм хэргээс ялгаж, зүйлчлэхэд хэргийн үйл баримт, гэмт этгээдийн үйлдэл болон гэмт үйлдлийнхээ хор уршигт хандсан санаа зорилго, чиглэл, агуулгыг анхаарах учиртай.

 

Өөрөөр хэлбэл хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг нь зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэгдэх буюу гэм буруутай этгээд хүний амь насанд аюултай үйлдээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж, хүсэж, хохирол, хор уршигт зориудаар хүргэх үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х, хохирогч С, гэрч Ш.Д нар тухайн өдөр хамт архи уусан байх ба хохирогч С, гэрч Ш.Д нарыг хамт алхаж байхад нь араас нь шүүгдэгч өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээр хохирогчийг  2 удаа мөргөсөн, гэрч Ш.Дг хашхирахад хажууд нь очоод зогссон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Хгийн үйлдэл нь  хохирогчийн амь насыг хөнөөх, санаатай алахыг завдсан гэмт хэргийн шинжгүй харин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

 

6. Тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х тухайн өдөр отор нүүдлээр явах зорилгоор жолоодож явсан үйл баримт тогтоогдсон байх тул энэ тээврийн хэрэгслийг  гэмт хэргийг үйлдэх зорилгоор жолоодож явсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй.  

 

7. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба энэхүү гэмтэлтэй холбоотой анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын зарим нь түүний эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой зайлшгүй зардал эсэх нь эргэлзээтэй байх боловч шүүгдэгчээс өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байна.  

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд шүүгдэгчийг “эрэгтэй” гэж бичсэнийг техникийн шинжтэй гарсан алдаа гэж үзсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу залруулахыг магадлалд тэмдэглэж,  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Аийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА