| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07491/И |
| Дугаар | 192/ШШ2025/00488 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/00488
2025 оны 01 сарын 21 өдөр Дугаар 192/ШШ2025/00488 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, 8 дугаар хороо, 5-10 тоот хаягт оршин суух Галдан бошигт овогт С*******ын Г******* /РД:УС52042607/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г******* нь 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын волейболын нэгдүгээр шигшээ багт үндсэн тамирчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
2. Нэхэмжлэгчээс: 2024.11.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, С.Г*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны 0 дугаар тодорхойлолт, МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн дарга нарын зөвлөгөөний **** дүгээр тогтоол, 2024.11.18-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрч Х.Х*******гийн тодорхойлолт, Х.Х*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч А.Б*******гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, С.Г*******ын олон улсын хэмжээний мастер цол авсан үнэмлэх, Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн медалийн үнэмлэх, С.Г*******ын спортын мастер цол олгосон үнэмлэх, С.Г*******ын Улсын шүүгч цол олгосон үнэмлэх, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан үнэмлэх, хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгал-90 медаль зэргийн үнэмлэхүүд, С.Г*******ын 52 жил үзүүлсэн бүтээлийн жагсаалт, фото зургууд, нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-24 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын волейболын нэгдүгээр шигшээ багт үндсэн тамирчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны 01/1155 дугаар тодорхойлолт, 1970.03.03-ны өдрийн МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн дарга нарын зөвлөгөөний шигшээ багт тамирчид авах тухай **** дүгээр тогтоол, 2024.11.18-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, гэрч Х.Х*******гийн тодорхойлолт, Х.Х*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч А.Б*******гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, С.Г*******ын олон улсын хэмжээний мастер цол авсан үнэмлэх, Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн медалийн үнэмлэх, С.Г*******ын спортын мастер цол олгосон үнэмлэх, С.Г*******ын Улсын шүүгч цол олгосон үнэмлэх, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан үнэмлэх, хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгал-90 медаль зэргийн үнэмлэхүүд, С.Г*******ын 52 жил үзүүлсэн бүтээлийн жагсаалт, фото зургууд, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар С.Г******* нь 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын волейболын шигшээ багт үндсэн тамирчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд, С*******ын Г******* /РД:*********/-ыг Монгол Улсын волейболын шигшээ багт үндсэн тамирчнаар 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С*******ын Г******* /РД:**********/-ыг 1970 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монголын волейболын улсын нэгдүгээр шигшээ багт үндсэн тамирчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ