| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06581/И |
| Дугаар | 192/ШШ2025/00832 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/00832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 85,585,199 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф.Б нь зээлийн гэрээний үүрэгт 85,585,199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б******* холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Зээлдэгч Ц.Б нь Ф.Б-тай 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр FX/2021/501, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр FX/2021/890, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр FX/2022/999 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ тус тус байгуулан манай байгууллагаас зээл авсан. 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр FX/2021/501 дугаартай зээлийн гэрээгээр 13,500,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр FX/2021/890 дугаартай зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр FX/2022/999 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ төлөхөө больсон. Манай байгууллагаас удаа дараа холбогдож зээлээ төлөхийг анхааруулж сануулсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй. FX/2021/501 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,066,623 төгрөг, зээлийн хүүнд 5,587,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 283,342 төгрөг, нийт 9,937,282 төгрөг төлсөн, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгээгүй байна. FX/2021/890 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 4,058,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 341,931 төгрөг, нийт 4,400,364 төгрөг төлсөн, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ямар нэг төлөлт хийгээгүй байна. FX/2022/999 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 2,059,398 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 248,547 төгрөг, нийт 2,307,945 төгрөг төлсөн, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Мөн фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авахаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэл байдаггүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна. Иймд хариуцагчаас FX/2021/501, FX/2021/890, FX/2022/999 дугаартай Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 85,459,999 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, 52,500 нотариатын зардал нийт 85,585,199 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн төлбөрийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн FX/2021/501 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн FX/2021/501 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн FX/2022/999 дугаар Тээврийн хэрэгслийн зээлийн гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн FX/2022/999 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн FX/2021/890 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн FX/2021/890 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 8882 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлдэгчийн бүртгэл, зээлийн гэрээний мэдээлэл, депозит дансны хуулга, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф.Б нь зээлийн гэрээний үүрэгт 85,585,199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б******* холбогдуулан гаргажээ.
Хариуцагч Ц.Б 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч Ц.Б******* 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний 98089990 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 501 дугаартай зээлийн гэрээгээр 13,500,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 890 дугаартай зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 999 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож тус тус гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 7-30 тал/
Хариуцагч Ц.Б, нэхэмжлэгч Ф.Б нар 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 501 дугаартай зээлийн гэрээгээр 13,500,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 890 дугаартай зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 999 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж, гэрээний зүйлийг хариуцагч Ц.Б нь тус тус хүлээн авсан талаар маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт шаардсан .
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суух хаяг тогтоохтой холбоотой гарсан зардал, шүүхэд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангахтай холбогдуулан гарсан нотариатын зардал нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэр, дугаартай нотариатчид төлсөн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч зардлаа шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Ц.Баас зээлийн гэрээний үүрэг, зардалд нийт 85,585,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 585,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Баас нийт 85,585,199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф.Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 585,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ